Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/625

 

 

 

 

 

 

 

       2022         05          13                                        2022/ШЦТ/625

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч У.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.С-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 сарын 19-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын пум цэвэрлэдэг ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, урьд

... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

... овогт У.С- (Регистрийн дугаар:ЧЕ7906...).

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч У.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын 3 дугаар байрны орчим тодорхой шалтгаангүйгээр иргэн Ч.Т-ын биед нь халдан зодож, толгойн тус газар нь тоосгоор цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхи, зүүн чихэнд цус хуралт, зүүн хацар, чамархай, чих, доод эрүү, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, чамархай, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 сарын 15-ны өдрийн 446 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.С-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авсан “...согтуу хүмүүс нэгнийгээ тоосгоор цохиод ухаан алдуулчихлаа...” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 хуудас)

- Таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх “...У.Б-аас асуухад энэ 2 дугаартай улаан, хүрэн өнгийн куртиктэй эрэгтэй мөн байна. Би биеийн галбир болон царайны төрхөөр нь сайн таньж байна...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-23 хуудас)

- Хохирогч Ч.Т-ын “...2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10 цагт гэрээсээ гэрээд 5 шарын архи уудаг хүмүүстэй нийлж 2, 3 шил архи хувааж ууж явж байгаад 14 цагийн үед 5 шарын автобусны буудлаас гэр рүүгээ харих гээд 3, 4 дүгээр байрны тэнд алхаад явж байхад үл таних эрэгтэй өөдөөс ирээд юм ярьж байгаад гэнэт миний толгой руу тоосгоор цохисон. Тухайн үед яг юу ярьж байсныг санахгүй байна. Тэгээд би дагзаараа савж унах шиг болсон ба ухаан алдчихаад сэрсэн. Нэг мэдэхэд эмч, цагдаа ирчихсэн байсан,...Урьд нь би тэр эрэгтэйг харж байгаагүй бөгөөд маргааш өглөө нь цагдаа дээр ирэхэд надаас намхан жижигхэн биетэй, шардуу царайтай, хар хувцастай залуу ирээд "уучлаарай, чамайг цохичихжээ гээд нэг залуу уулзсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас)

- Гэрч У.Б-ны “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчимд эмнэлэг орчхоод 5 шарын автобусны буудал дээр буугаад хойшоо гэр рүүгээ алхаж явахад 3 дугаар байрны зүүн талд 2 үл таних согтуу эрэгтэй бие биеийнхээ дээр гараад ноцолдож, зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь “боль, салцгаа” гээд хэлж орилсон чинь намайг тоолгүйгээр үргэлжлүүлээд ноцолдоод байсан ба хоёулаа босож ирээд газраас чулуу аваад шидэлцээд байсан. Тэгээд хар куртиктэй, онигор нүдтэй, хөх царайтай /архи их уудаг шинжтэй/, намхан залуу нь хойшоо гүйж байрны булангаас тоосго авсан чинь нөгөө залуу зугтаасан бөгөөд хойноос нь гүйцэж очоод тоглоомын талбайн тэнд толгой руу нь нэг цохиод газар унагаачихсан. Тэгээд цохисон нь гүйгээд явчихсан ба би цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирэхэд нь би дээрх хувцас, шинж тэмдэг болон хаашаа гүйснийг нь хэлж өгч бариулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 хуудас)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4754 дугаартай “...Ч.Т-ын биед зүүн нүдний доод зовхи, зүүн чихэнд цус хуралт, зүүн хацар, чамархай, чих, доод эрүү, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, чамархай, доод эрүү, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 хуудас)

- У.С-гийн яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн асуудал дээр надад маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Ч.Т- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч У.С-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч У.С-гаас хохирогчид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч У.С- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр тоосгоор хүнийг цохиж хөнгөн хохирол учруулсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт У.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг У.С-д үүрэг болгосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.С-д мэдэгдсүгэй.

 

   5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

   8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ