Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т” ХХК,

Хариуцагч: П.Б нарт холбогдох,

Гэм хорын хохирол болон худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунзул, хариуцагч П.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Алтанзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

А.О миний бие 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах “Да хүрээ” захаас 15.00-16.00 цагийн хооронд машины худалдаачин П.Б гэж хүнээс 9,200,000 төгрөгөөр тоёота приус машин худалдан авахаар тохиролцон “Худалдан авах гэрээ” хийн нотариатаар орж баримтжуулан Да хүрээ захын Хаан банкинд хамтдаа очиж мөнгөө дансаар шилжүүлж өгсөн. Машины бичиг баримт Сэлэнгэ гэж хүний нэр дээр байсан бөгөөд П.Б тэр хүнээс худалан аваад итгэмжлэлээр надад худалдсан. Дараа нь Авто тээврийн газар очиж гэрчилгээг нэр дээр шилжүүлэх гэтэл ажлын цаг дуусч хаасан байсан. Маргааш өдөр нь “Да хүрээ” захын авто тээврийн газар очиж жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаад дараа нь гэрчилгээг нэр дээр шилжүүлэхээр албан тушаалтантай уулзаж машины бичиг баримтыг өгтөл “Т” ХХК-ийн нэр дээр байна, таны нэр дээр шилжүүлэх боломжгүй” гэсэн. Энэ тухай П.Б рүү утасдаж хэлсэн. П.Б Сэлэнгэтэй ярилаа, компанид өрөө төлсөн, тэр тухай мэдээлэл нь сүлжээнд орж амжаагүй байх, санаа зоволтгүй баярын дараа гэхэд орно байх гэж хэлсэн. П.Б бол Зэвсэгт хүчний 065 дугаар ангид алба хаадаг, би өөрөө мөн цэргийн хүн учраас энэ хүнд итгэсэн, мөн баяраар бид гэр бүлээрээ Хэнтий аймаг явахаар төлөвлөсөн байсан учраас баярын дараа болохоор буцаад явсан. Улсын баяр наадам өнгөрч 2017 оны 7 дугаар сарын 17-ны ажлын өдөр ажлын зав чөлөөгөөр нөгөө Авто тээврийн газраа дахин ирж шалгуулахад мөн л нөгөө хариугаа сонсоод П.Б рүү дахин хэлж уулзсан.  П.Б хэлэхдээ “Мэдээлэл нь ирж амжаагүй байх, Сэлэнгээ найдвартай хүн би урьд нь 2, 3-н ч удаа машин тэрэг худалдаж авч байсан, найдвартай хүн, хурдан шийдэж өг гэж хэлье гээд явсан. Тухайн 7 сард асуудал шийдэгдээгүй, 8 дугаар сард би ээлжийн амралтаа аван дүүгийнхээ хамт авто тээврийн газар очтол Да хүрээ захын авто тээврийн газар засвартай байсан тул Амгалангийн авто тээврийн газарт очиж дахин бичиг баримтаа өгч шалгуулсан. Энэ удаа дахиад л компаний нэр дээд байна гэсэн тул П.Б-тэй уулзаж энэ асуудлаа шийдэж өг, болохоо байлаа гэж хэлсэн. П.Б “Сэлэнгэ хөдөө явсан юм шиг байна, утас нь холбогдохгүй байна, хүрээд ирэхээр нь учир нь олдох байх, санаа зоволтгүй найдвартай хүн” гэсэн. Нэгэнт Сэлэнгэ гэж хүн нь олдохгүй байсан тул миний асуудал шийдвэрлэгдэхгүй удааширч байсан, би энэ хугацаанд П.Б рүү хэд хэдэн удаа утсаар ярьж юу болсон, яасан, болохгүй бол наймаагаа буцаая гэж хүртэл хэлсэн. Харин П.Б Сэлэнгээг хөдөө ажлаар явсан гэнэ, утас нь холбогдохгүй байна, найдвартай янз бүрийн асуудал болохгүй, би зохицуулна, санаа зовох юмгүй, айлтгүй, адилхан цэргийн хүн байж юу гэж нэгийгээ хуурах юм хийх вэ дээ гэдэг байсан.

Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 02-ны амралтын өдөр 11 цагийн үед Замын цагдаагийн ерөнхий газрын жижүүрээс Түвшин гэж хүн утсаар “Таны машин хаана байна, өчигдөр зөрчил гаргасан гэсэн мэдээ ирсэн, та машинаа аваад ир, цайны цагаас өмнө” гэж яаруулсан. Би машин огт хөдлөөгүй тийм байх учиргүй гэхэд “ямар ч байсан машинаа авч ирж шалгуул” гэж дахин дахин залгасан. Би хотын төврүү машинтай орж байгаагүй тул нөхрийнхөө ажлын газрын Дамдинпүрэв гэж хүнийг дуудаж машинаа бариулан 13 цагийн үед очиж Түвшинтэй уулзсан. Түвшин байцаагч ирээд таньтай уулзана ямар учиртай машин гэдгийг мэдэхгүй байна гээд мшины түлхүүр, бичиг баримтыг хураан авсан. Байцаагч ахмад Батмөнх гэж хүн 2 цагийн дараа ирж өөрийн өрөөндөө дагуулан орж “Таны машин өчигдөр осол гаргаад зугтаасан гэсэн гомдол ирсэн “одоо тэр хүнийг дуудъя гээд” гээд утсаар залган хүн дуудсан. Гаднаас 2 хүн орж ирсэн Батмөнх за яасан гэнээ гэхэд орж ирсэн хүн “энэ машиныг манай компани эрэн сурвалжлаад олдохгүй байсан гээд, та яагаад манай машиныг унаад явж байгаа юм бэ” гэж над руу загнасан. Харин би энэ машиныг худалдаж авсан 7 дугаар сарын 8-нд баримт бичиг нь нэр дээр шилжихгүй байгаа нэг компаний нэр дээр байгаад байна гэдэг юм гэж үнэн учраа хэлэхэд цагдаа Батмөнх та 2 хоорондоо учраа ол гээд миний машины бичиг баримт, түлхүүрийг “Т” ХХК-ийн хүнд өгсөн. Компаний хүмүүс миний машины бичиг баримтыг түлхүүртэй нь аваад гарсан тул би дагаж гарахаас өөр арга байгаагүй, харин машин дээр очоод машинд суулгаагүй, та яахаараа компаний өмч хөрөнгийг унаад явж байдгын гээд загнан тайлбар сонсохгүй байсан. Би танай компанируу очъё гэтэл хамт явсан жолоочч маань ар гэрлүүгээ яарсан тул бид офицер лүү хүргүүлэхээр хөдөлсөн. Замдаа би машинаас бичиг баримтаа авъя гэж хэлж байж урд явсан өөрийнхөө машиныг зогсоон худалдан авах гэрээ бусад бичиг баримтаа авч, багажинд байсан эд зүйлийг “машиныг битүүмжлэнэ” гэсэн тул үлдээсэн. Жолооч бид 2-ыг Ганбаатар офицер хүргэж өгсөн. Энэ хугацаанд би П.Б-рүү маш олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Маргааш нь П.Б утсаа авсан, би учир байдлыг хэлээд чамаас болоод би хохирч байна гэдгээ хэлэхэд би учрыг олно гэсэн ч 2017 оны 12 дугаар сарын 08-нд Авто тээврийн газар очоод машины бичиг баримтыг шалгуулахад Компаний нэр дээрээс 06-ны өдөр Төмөрбаатар гэж хүний нэр дээр шилжсэн байна гэсэн. Ингээд би машин ч үгүй, мөнгө ч үгүй хохирогч болоод байна. Иймд П.Б гэж хүнд итгэсний төлөө өнөөдөр хохирогч болоод явж байгаадаа гомдолтой байн. Одоо өвөл болж байхад хүүхэд хөгшид зөөхөөс гадна баяр ёслолоор машингүй үнэхээр харамсалтай байна. Энэ машиныг нөхрийнхөө энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн мөнгөөр авсан болохоор их гомдолтой байна. Иймд худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй П.Б, хүний машиныг булаан дээрэмдэж авсан “Т” ХХК-иас миний машины үнэ 9,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

 Хариуцагч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би О.Сэлэнгийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлалтай Сайн ломбардаас авсан зээлийг нь өөрийнхөө мөнгөөр төлж хаалгаад уг зээлийн барьцаанд байсан 14-02 УБВ улсын дугаартай приус маркийн автомашиныг О.Сэлэнгийн олгосон итгэмжлэлийн дагуу А.О гэдэг хүнд 9,200,000 төгрөгөөр худалдсан юм. Учир нь О.Сэлэнгэ машиныг маань зээлийн барьцаанаас чөлөөлж өгч худалдаад мөнгийг нь зээл хаасан мөнгөндөө аваач гэж хүссэний дагуу О.Сэлэнгийн автомашиныг өөрөөс нь олгосон итгэмжлэлийн дагуу худалдаж итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу уг автомашины эзэмшлийг түүний худалдан авсан А.О т шилжүүлэх бүртгэлийн баримтад гарын үсэг зурах үүргийг гүйцэтгэсэн болно. Түүнээс дээрх 14-02 УБВ улсын дугаар бүхий приус маркийн автомашиныг би О.Сэлэнгээс худалдаж аваагүй юм. Зөвхөн О.Сэлэнгээс олгосон итгэмжлэлийн хүрээнд уг автомашиныг худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах, нэр шилжүүлж Авто тээврийн газарт бүртгүүлэх үйлдлийг л хийж О.Сэлэнгэтэй тохиролцсоны дагуу түүний зээлийг хаасан мөнгөө авсан. Энэ машин О.Сэлэнгийн эзэмшлийнх болох нь Сайн ломборданд барьцаалахдаа тэнд үлдээсэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр нотлогдож байсан тул түүний олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэлээр олгосон үйлдлийг хийсэн бөгөөд түүнээс цааших асуудлыг би мэдэхгүй бөгөөд мэдэх ч боломжгүй юм. Учир нь энэ машин миний өмч биш тул машиныг худалдан авсан үйлдлээс хохирол учирсан бол түүний эзэн, өмчлөгч нь болох хүн хариуцах ёстой гэж үзэж байна. Иргэний хуулийн 89 дугаар зүйлийн 89.2-т “өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч нь байна гэж заажээ. Миний хувьд энэ автомашиныг эзнийх нь олгосон итгэмжлэлийн хүрээнд тодорхой үйлдэл хийсэн болохоос өөр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй юм. О.Сэлэнгээс П.Б надад олгосон итгэмжлэлд ч улсын бүртгэлд өмчлөгчийн нэр өөрчлөгдөн бүртгэгдэх хүртэл өмчлөгч О.Сэлэнгийн эрх үүрэг хэвээр хадгалагдана гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч А.О-ын нэхэмжлэлээс харахад уг машиныг худалдан авсан түүний нэр дээр машины өмчлөл өөрчлөгдөн бүртгэгдээгүй байгаа нь тодорхой байна. Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд А.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь худалдан авсан 14-02 УБВ улсын дугаар бүхий приус маркийн автомашины өмчлөгч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 6 дугаар хэсэг Зайсан 44 дүгээр байрны 32 тоотод оршин суугч О.Сэлэнгэ тул А.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэв.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр О.Сэлэнгэ нь маргаан бүхий 1402 УБВ дугаартай приус-20 маркийн автомашиныг барьцаалан 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээл авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар уг машиныг манай компани өмчлөлд шилжүүлж 2017 оны 7 дугаар сарын 01 өдөр фидуцийн болон барьцааны гэрээг байгуулсан. Уг автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлэхэд О.Сэлэнгийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Тус гэрчилгээг үндэслээд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу О.Сэлэнгээг автомашины өмчлөгч нь мөн байна гэж үзэж зээл олгоод Авто тээврийн үндэсний төвд бүртгүүлсэн. О.Сэлэнгэ нь автомашиныг манай компанийн өмчлөлд шилжүүлсэн байхдаа хуучин гэрчилгээгээр давхар П.Б-д зарсан байна. Иргэн тухайн автомашин худалдаж авахдаа худалдаж байгаа хүний өмчлөл мөн эсэхийг нэхэмжлэгч шалгах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод үүсэх хариуцлагыг манай компани хүлээхгүй.

А.О болон П.Б-н нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байдаг. Хариуцагч П.Б болон түүний өмгөөлөгч нар нь итгэмжлэлээр О.Сэлэнгийн төлөөлж машиныг худалдсан гэх тайлбар гаргах боловч энэ нь ямарч үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт байгаа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дансны хуулга байгаа. Энэ хуулгаас харахад П.Б нь 7 дугаар сарын 8-ны өдөр О.Сэлэнгийн сайн ломбардад машинаа барьцаалан авсан зээл болох 6,075,800 төгрөгийг 11 цаг 15 минутад шилжүүлж зээлийг хаасан. Мөн П.Б нь О.Сэлэнгэ рүү 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 8,075,800 төгрөг болж байгаа. Орой 16 цаг 16 минутад 9,200,000 төгрөгөөр А.О т зараад 1,200,000 төгрөг П.Бд үлдсэн тул энэ нь итгэмжлэлээр төлөөлсөн харилцаа биш худалдах, худалдан авах харилцаа гэж үзнэ. П.Б нь машиныг зээлээс хямд үнээр чөлөөлж аваад буцаагаад үнэ хүргэж зарсан. Да хүрээгийн ченжүүд машиныг итгэмжлэлээр худалддаг болсон байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч П.Б  өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн боловч түүний өмгөөлөгч нь өөрөөр тайлбарлаад байна. Шүүхэд хэргийн оролцогчид үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Хариуцагч П.Б н А.О-т эрхийн зөрчилтэй автомашиныг худалдсан учир нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн. Хавтаст хэрэгт ийм үйл явдлууд байгааг нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар буруу зөрүү ойлголттой байна. “Т” ХХК-иас О.Сэлэнгэ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр машинаа “Т” ХХК нэр дээр шилжүүлээд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авсан байгаа. Фидуцийн гэрээний онцлог тухайн машины өмчлөх, захиран зарцуулах эрхийг нь авч үлдээд машиныг бодитойгоор зээлдэгчид өгч явуулдаг. 7 дугаар сарын 1-ний өдөр “Т” ХХК-иас зээл аваад О.Сэлэнгэ нь дахин машинаа 7 дугаар сарын 1-ний өдөр Сайн ломбард барьцаалж зээл авсан байгаа. Барьцааны гэрээ нь фидуцийн гэрээнээс автомашиныг авч үлдээд зээл олгодог онцлогтой. 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр О.Сэлэнгэ нь автомашинаа П.Бд 8,000,000 төгрөгөөр худалдсан байна. Дараа нь П.Бнь Сайн ломбардын зээлийг хаагаад А.От 9,200,000 төгрөгөөр худалдсан. Ийм үйл явдлууд болсон байна. Хариуцагчийн өмгөөлөгч нь фидуцийн гэрээ, барьцааны гэрээ тусдаа хоёр өөр гэрээ байгааг сайн ойлгохгүй байна. О.Сэлэнгэ нь”Т” ХХК-иас 5,000,000 төгрөг, Сайн ломбардаас 6,000,000 төгрөг, П.Бгөөс 2,000,000 төгрөгийг тус тус авсан. Харин Сайн ломбард л хохироогүй бусад нь хохирсон байна. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор хэдийд гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сонсохоор автомашины хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад мөнгөө П.Бгөөс нэхэмжлээд байна гэж ойлгож байна. Энэ нь гэм хорын маргаан биш худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой маргаан байна. Автомашины хувьд өмчлөх эрх шилжсэн нь онцлогтой байдаг. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Авто тээвэр бүртгэлд 3 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Хуулийн хугацаанд А.О нь өмчлөх эрхээ шилжүүлж аваагүй тул нэхэмжлэгч өөрөө хохироод байна. Авто тээврийн шилжилт хөдөлгөөний үнэн зөв эсэхийг Иргэний шүүх шийдвэрлэхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Авто тээвэрийн бүртгэлийн газар буруутай гэж ярьсан үүнтэй холбоотой шаардлагыг Иргэний шүүх хянахгүй. “Т” ХХК-ийн хувьд тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан эсэх нь хамаагүй. Улсын бүртгэл дээр О.Сэлэнгийн нэр дээр байсан учраас Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасны дагуу Улсын бүртгэл үнэн зөв байна гэсэн зарчмын дагуу өмчлөгч гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

         ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч А.О нь хариуцагч П.Б, “Т” ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг болон гэм хор учруулснаас үүссэн хохиролд 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад хариуцагч “Т” ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч П.Бгээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,200,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Энэ нь тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч П.Бд холбогдох шаардлага, үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах” гэрээний үүргийн дагуу гаргуулна гэжээ.

Зохигчдын хооронд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, нэг талаас 14-02 УБВ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг өмчлөлд нь шилжүүлэх үүрэг, нөгөө талаас тухайн тээврийн хэрэгслийн үнэ 9,200,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8 дахь талд/

Худалдан авагч А.Оын хувьд гэрээ байгуулах үед тээврийн хэрэгслийн үнэ 9,200,000 төгрөгийг худалдагч П.Бгийн Хаан банкны 5079001767 тоот дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх ба хариуцагч үүнд маргаагүй. /х.х-ийн 114 дахь талд/

Худалдагч П.Бгийн хувьд тээврийн хэрэгсэлийг өмчлөлд шилжүүлэх үүргийг гүйцэтгээгүй үндэслэлээ 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч О.Сэлэнгийн олгосон итгэмжлэлийн хүрээнд тээврийн хэрэгслийг бусдад худалдах үйлдлийг хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

О.Сэлэнгэ нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Д.Б-д олгосон итгэмжлэлээр 14-02 УБВ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, нэр шилжүүлэх, Авто тээврийн газарт бүртгүүлэх эрхийг гурван сарын хугацаатайгаар олгосон байна. /х.х-ийн 10 дахь талд/

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж зохицуулснаар хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээнээс үүссэн үр дагаврыг хариуцах үндэслэлгүй, уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд уг итгэмжлэл нь хэдийгээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан боловч хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П.Б нь тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.От худалдахаас цаг хугацааны хувьд өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгч О.Сэлэнгийн “Тайгын булаг” ХХК-нд төлөх үүрэг болох 6,075,600 төгрөг болон О.Сэлэнгэд 2,000,000 төгрөгийг тус тус өөрийн данснаас шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /х.х-ийн 114, 125 дахь талд/

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “өөрийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж тус тус зохицуулснаар хариуцагч П.Б нь худалдах-худалдан авах гэрээнийн харилцаанд оролцохдоо тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эрх, хүсэл зоригийн үүднээс эзэмшиж  байсан нь түүнийг уг тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй тул мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч О.О-ын хувьд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч П.Бг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

Дээрх үйл баримтаас үзэхэд 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээ” байгуулах жинхэнэ хүсэл зориг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар П.Б А.О нарын хооронд хийгдсэн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл нэг талаас тээврийн хэрэгслийг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг, нөгөө талаас үнэ төлөх үүргийг харилцан хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тодорхойлсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шудрагаар гүйцэтгэнэ” гэсэн зохицуулалтаар тайлбарлагдана.

Хууль болон гэрээнд зааснаар хариуцагч эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэгэнт үүргээ гүйцэтгэх боломжгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт хугацаа тогтоох шаардлаггүй байна. /х.х-ийн 52-108 дахь талд/

Иргэний хуульд гэрээнээс татгалзах үндэслэлийг 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохицуулсан бөгөөд 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээнд оролцогч талуудын үүрэг зөрчсөн эсэхээс үл хамаарч талуудад хэн алинд нь татгалзах боломжийг хуулиар олгосон.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээс хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгах хуулийн зохицуулалтын хүрээнд хамаарахаар байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар “учруулсан хохирлыг арилгуулах” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой байх тул нэхэмжлэгчийн эрхийг гэрээ байгуулахаас өмнөх байдалд нь сэргээж, 9,200,000 төгрөгийг хариуцагч П.Бгээс гаргуулж, нэхэмжлэгч А.От олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул тээврийн хэрэгслийг шилжүүлсэн этгээд болон тэдгээрийн хооронд үүссэн аливаа харилцаанд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Б-гээс 9,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О-т олгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч “Т” ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 162,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-гээс 162,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.О-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД                                                     З.БАЯРМАА

 

 

                                                                        Д.ЦЭРЭНДОЛГОР