Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/651

 

 

 

 

 

 

 

       2022         05          19                                        2022/ШЦТ/651

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүү нарын хамт ...  тоотод оршин суух, урьд

- ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

... овогт Н.Э- /рд:вэ8705.../.

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Н.Э- нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 42 дугаар сургуулийн орчимд Б.Б-той “бензиний мөнгө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар Б.Б-ын дагз руу нь 2 удаа алгадаж, мөн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж биед нь “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 сарын 25-ны өдрийн 478 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Н.Э- нь Б.Б-ын дагз руу нь 2 удаа алгадаж, мөн нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон үйлдлийн улмаас түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч Б.Б-оос цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зүс таних хүнд зодуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар тал),

- Хохирогч Б.Б-ын “...Би 2022 оны 3 дугаар сарын 03-ны өглөө Н.О, Н.Л бид 3 хамт Ө.С-ын гэрт очоод... Ө.С-ын гэрийн гадаа зүс таних Н.Э- машинтайгаа ирээд хүлээж байсан юм. Тэгэхээр нь би хороололд байдаг найз руугаа утсаар залгаад 20,000-30,000 төгрөг өгөөч гэсэн чинь хүрээд ир гэхээр нь Ө.С-аар машин бариулаад бид 5 хамтдаа хорооллын эцэст очсон чинь манай найз надад бэлэн 10,000 байна гээд дээр нь нэмээд 1 шил 0,75-тай экс нэртэй архи өгөөд, араас чинь дансанд чинь бензиний мөнгө хийе гээд салсан. Тэгээд бид 5 эргээд 42 дугаар сургуулийн гадаа очиж зогсоод бензиний мөнгө орж ирэхийг хүлээж байхдаа 0,75-тай экс архиа хувааж уугаад байж байтал Н.Э- “нөгөө мөнгө чинь яасан бэ, бензин дууслаа” гэхээр нь сая ярьсан, удахгүй хийх байх гэх үед арын суудал дээрээс Н.Э- мөнгө ороогүйд уурлаад миний дагз руу 2 удаа алгадаад, намайг эргэж харахад миний нүүр рүү 2 цохисон...2022 оны 3 сарын 10-ны өдөр Н.Э- надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 600,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн гадна шилжүүлсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-р тал),

- 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3885 дугаартай “...Б.Б-ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

- Гэрч Ө.С-ын “...би Н.Э-ын машиныг барих гээд сууж байтал Б.Б-, Н.Э-, Н.О нар хамт машин дотор 1 шил 0,75-тай хараа архи хувааж уугаад дуусах үед Б.Б- хороолол орж хүнээс мөнгө авна гээд хорооллын эцэст очоод хүнтэй уулзсан чинь данс руу чинь 10,000 төгрөг хийчихье, мөнгөгүй байна гээд очсон хүн нь Б.Б-од 0,75-тай экс гэдэг архи өгөөд...манай гэрийн гадаа ирэх үед Н.Э- согтоод Б.Б-од чи бензиний мөнгө өгнө гэсэн яасан бэ гээд уурлаад... Б.Б-ын хамар луу 1 удаа цохиод хамраас нь цус гараад тогтохгүй байхаар нь Б.Б- цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

- Н.Э-ын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад сонсгож буй ялыг би хүлээн зөвшөөрч байна...би Б.Б-од чи бензин хийнэ гэсэн яасан бэ, шар гэрэл асаад 50 километр явсан байна гэсэн чинь дансаа өгчих гээд авсан, тэгээд хэсэг хугацааны дараа дансанд чинь хийсэн гэхээр нь шалгаж үзэхэд мөнгө ороогүй болохоор нь уурлаад, бид 2 маргалдаад би Б.Б-ын дагз руу нь 2 удаа алгадаад эргээд харахаар нь нүүр рүү нь 2 удаа гараараа цохиод хамраас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Б.Б- нь “нийт 600,000 төгрөг өгсөн” гомдол саналгүй  талаар мэдүүл (хавтаст хэргийн 9 хуудас)-ээр шүүгдэгч Н.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э- урьд ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн энэ ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх мөн хуралдаанаар гэмт буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Н.Э- нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Н.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            Харин шүүгдэгч Н.Э- нь ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн боловч ял биелэгдээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/8778 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Иймд Н.Э-ын дээрх гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдэж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул түүнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Н.Э-т үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Э-т мэдэгдсүгэй.

 

5. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Н.Э-т ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

 

 6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 600,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ