Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг

Шүүгчийн туслах: Н.Бат-Эрдэнэ

Улсын яллагч: Д.Баянмөнх

Улсын өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Б.Эрдэнэбулган нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэбулганд холбогдох эрүүгийн 201612000051 тоот хэргийг 2016.10.03-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992.01.26-нд Дундговь аймгийн Луус суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэднэ гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Луус сум Наран баг “Дунд бууц”-анд оршин суудаг гэх, одоо Сайнцагаан сумын Шандын 4-2 тоотод түр оршин суух, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай /РД:ЗЗ92012611/ Тахилгат овогт Болдсайханы Эрдэнэбулган нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар

 

  1. Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь 2016.03.08-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Г.Наранцогтын 2 эр ямаа, 1 сувай эм хонь, мотоциклийн 1 ширхэг покрышка, 2 ширхэг обуд хулгайлж, 265000 төрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

-  Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Энд байж байгаад өөрийн бор шар өнгийн мотоцикльтой хөдөө явсан. Хүргэн ах Наранцогтынд очиход хүнгүй байсан. Хотолж байсан хониноос нь хоёр эр ямаа, нэг хонь авсан. Гадаа байшингаас нь хоёр ширхэг обуд, нэг покрышка  авсан гэж мэдүүлэв.

- Б.Эрдэнэбулганаас 2016.09.06-ны өдөр аймгийн Прокурорын газарт гаргасан өргөдөлд “2016.03.08-ны өдөр Г.Наранцогтынхоос 2 эр ямаа, 1 сувай эм ямаа, мотоциклийн 1 ширхэг покрышка, 2 ширхэг обуд авсан. Би сандарсандаа аваагүй гээд хэлчихсэн. Энэ хэрэгтэй нэгтгүүлж шалгуулмаар байна. Нэгтгэж шалгуулахгүй бол араас гарч ирж миний эрх зүйн байдал дордоно. Иймд нэмж нэгтгээд нэг мөр ялаа аваад явна гэж хүсэж байна” гэжээ.  /1-р хав.х-243/

- Хохирогч Г.Наранцогт мэдүүлэгтээ  “ Би 2016.03.08-ны өдөр Луус сумын 2-р баг Дунд бууц гэх газар хонио хотлуулчихаад аймгийн төв рүү эхнэрийн хамт явсан. Манай гэрт хүн үлдээгүй. Тэгээд маргааш  өглөө нь гэртээ иртэл мал бэлчээд явчихсан байхаар нь малаа цуглуулаад бүртгэхэд 2 эр ямаа, нэг сувай орсон эм хонь алга болсон байсан. Бас бууцан дээрхи байшингаас мотоциклийн шинэ покрышка 1 ширхэг, 2 обуд алга болсон байсан. Улаан халзан эр ямаа, сартай хар соёолон эр ямаа, хар нүдэн хонь, хятад мотоциклийн хар өнгийн шинэ покрышка, мөн хайлшин хуучин обуд байсан. Нэг эр ямааг 70000 төгрөг, сувай орсон эм хонийг 70000 төгрөг, покрышка 35000, хуучин обудыг нэг нь 10000 төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  /1-р хав.х-217-218/

- Гэрч С.Заанбаатар мэдүүлэгтээ “Эрдэнэбулган 2016.03.10-ны үеэр байх өдрийг сайн санахгүй байна. Хөдөө ахынхаасаа авчирлаа гээд 2 ямаа амийг нь хорлоод баглаад мотоцикль дээр тэгнээд аваад ирсэн. Бас нэг мотоциклийн шинэ покрышка авч ирсэн. Эрдэнэбулганы авчирсан 2 ямааг манай ээж Сүглэгмаа цуг явж махны Отгонцэцэг гэдэг ченжид өгнө гээд явсан. Удалгүй тэр 2 ямааны махыг өгчихлөө гээд ирсэн. Мотоциклийн покрышкийг өөрийнх нь унаж явсан мотоцикльд тавьсан гэх мэдүүлэг /1-р хав.х-219/

- Гэрч Н.Сүглэгмаа мэдүүлэгтээ “ Хар эр ямаа, улаан халзан эр ямаа, 2 ширхэг обуд, 1 ширхэг покрышк 2016.03.08-ны өдөр авчирсан. Хонь авчраагүй. Амийг нь хорлоод авчирсан. 2 ямаагаа надтай хамт явж ченж Отгонцэцэгт өгсөн. Ямаагаа зарсан мөнгөө Эрдэнэбулган өөрөө авсан. 2 ширхэг обуд, 1 ширхэг покрышкаа яасан эсэхийг мэдэхгүй. Хүргэн ахынхаасаа авсан гэж ярьж байсан гэжээ /1-р хав.х-223/

- Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн 2016.09.22-ны өдрийн дүгнэлт /1-р хав.х-226/

 

      2. Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь 2016 оны 3 сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр 4-р сургуулийн урд талд байх багш нарын байр хаягтай саарал тоосгон гадаргуутай 2 давхар хувийн орон сууцны гадна талд тавиатай байсан 18-55 ДУЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль хулгайлж, 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна . Үүнд:

 

- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: Шөнө орой 11 цаг өнгөрч байхад Балжир гэх хүний мотоциклийг хөдөө явах гээд унаа олдохгүй болохоор нь гэрийнх нь гаднаас авсан. Гэрийнх нь  гаднаас нь түрж холдуулаад Номгоны зүүн талд очоод асаасан. Маргааш нь баригдсан гэж мэдүүлэв.

- Хохирогч мэдүүлэгтээ: Би 2016.03.28-ны өдрийн орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ харихад гэрийн гадаа миний эзэмшлийн 18-55 ДУЗ улсын дугаартай мотоцикль байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016.03.29-ний өдөр ажилдаа явах гээд гэрээс гартал миний мотоцикль хулгайд алдагдсан байсан болохоор цагдаад хандсан. Алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан гэжээ. /1-р хав.х-15/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг /1-р х.х 4-7/

- Мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-13/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт эзэмшигч нь Ж.Отгонбаатар гэжээ /1-р х.х-65/

- Гэрч Ж.Отгонбаатарын: Миний нэр дээр байдаг 18-55 ДУЗ улсын дугаартай мотоциклийг би Балжирт зарсан. Одоо бид хоёрын дунд хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-20/      

- Даюун маркийн цэнхэр өнгийн 18-55 ДУЗ улсын дугаартай мотоциклийг Б.Эрдэнэбулганаас хураан авч, хохирогч Б.Балжирт 2016.04.02-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х 10-11/

- Гэрч Н.Сүглэгмаагийн: Эрдэнэбулган манай хүүтэй цуг бүжгэнд явна гээд гарсан тэгтэл бүжиг тараад манай хүү ганцаараа ирэхээр нь Булгаа ах нь хаачихсан юм бэ гэхэд бүжиг оролгүй айлд очно гээд явсан гэсэн. Тэр шөнө 4 цагийн үед байх нэг сэрсэн чинь Эрдэнэбулган дээлээ өмсөөд байсан. Тэгэхээр нь хаачих нь вэ гэхэд хөдөө явлаа маргааш ирнэ гэсэн. Юугаар явах гэж байгаа юм гэхэд мотоцикль олсон гээд гараад явсан. Төд удалгүй мотоцикль дуугараад хөдлөөд явсан. Өглөө босоод хүү ажилдаа явах гээд дүүгийнхээ мотоциклиос бензин авах гэтэл байхгүй болсон байсан. Би 10 литр бензиний мөнгө 15500 төгрөгөө Эрдэнэбулганаас гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /1-р х.х 17-18/

- Гэрч  С.Заанбаатарын: Би 2016.03.28-наас 29-нд шилжих шөнө Эрдэнэбулгантай уулзаагүй. Харин 2016.03.29-ний өглөө хүүхэд хүргэж өгөх гээд мотоцикль дээрээ очтол мотоциклийн банкны тагийг онгойлгоод бензинийг нь авсан байсан. Шөнө Эрдэнэбулганыг мотоцикльтой ирээд явсан гэж ээж Сүглэгмаа хэлсэн гэх мэдүүлэг /1-р х.х-19/

- Гэрч С.Хадбаатарын : Би 2016.03.28-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Хүүхэд залуучуудын төвд болсон бүжгэн дээр Эрдэнэбулгантай хамт очсон. Эрдэнэбулган дотогшоо ороод коридорт үлдсэн, тэгээд би бүжиглэж байгаад гарч ирэхэд Эрдэнэбулган коридорт зогсож байсан. Тэгээд Эрдэнэбулган айлд очлоо гээд явсан. Эрдэнэбулган надад мотоцикль тэрэгний талаар болон хөдөө явна гэж яриагүй гэх мэдүүлэг /1-р х.х-21/

- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комисс Даюун маркийн БНХАУ-д 2012 онд үйлдвэрлэгдсэн хуучин мотоцикль 350000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ  /1-р х.х 24-25/

- 2016.05.16-ны өдрийн шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол “Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комисс шинжээчийн дүгнэлт “А-80 бензин 10 литр 1550 төгрөг” гэжээ /1-р х.х-26-27/

 

       3. Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь 2016.05.23-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Дунд бууц” гэх газраас иргэн Г.Наранцогтын эзэмшлийн 69 тооны бог малыг  тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 3040000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Г.Наранцогтын: Би 2016.05.25-ны өдөр Луус сумын 2-р баг Дунд бууц гэх газар малаа бүртгэхэд ишиг, хурга, төлөг, ямаанууд нийлээд 64 тооны мал байхгүй байхаар тасраад явсан юм байх гэж бодоод тэр хавийн орчмоор хайсан юм. Тэгээд малаа эрж яваад 2016.06.01-ний өдөр Дундговь аймгийн төвөөс баруун тийш 3-4 км-т байх айлаас малаа суртал тэр айлын залуу цагаан цэнхэр өнгийн дээлтэй ногоон эрээн дугуй малгайтай, хар нүдний шилтэй шар царайтай залуу мал туугаад явж байсан гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбулганыг манай малнаас хулгай хийсэн байна гэж мэдсэн. Эрдэнэбулганы 2016.05.23-ны өдөр хулгайлж авсан мал дотор зөв тал нь онь, буруу тал нь урдаас эрхэс чихлээстэй 4 шүдлэн, 4 бүдүүн ямаа байсан юм. Ээжийн зарсан малыг авсан Үржинцэцэг  гэдэг хүн намар таргалуулж байж авна гээд манай маланд тавьсан байсан юм. Манай нэрний малнаас 2 тооны хязаалан эр ямаа, нэг шүдлэн, сувай орсон бүдүүн эм ямаа нэг алга болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй  гэх мэдүүлэг /1-р х.х-96-100/

- 2016.06.03-ны өдөр Сайнцагаан сумын 2-р баг Улаан худаг гэх газарт 51 тооны бог малыг иргэн Ю.Цэндсүхээс түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг  /1-р х.х 77-83/

- 2016.06.04-ний өдөр Сайнцагаан сумын 1-р баг Гүн шанд гэх газарт 7 тооны эм ямааг, ишигтэй нь хамт иргэн Г.Ганхуягаас түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /1-р х.х 84-85/

- 2016.06.04-ний өдөр Сайнцагаан сумын 2-р баг Улаанхудаг гэх газарт бүдүүн эм ямаа- 24, шүдлэн-15, ишиг-24, төлөг-1, хурга-1 нийт 65 тооны малыг С.Өсөхжаргалд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-86/

- Сайнцагаан сумын үнэлгээний комиссоос хулгайд алдагдсан 65 тооны бог малыг нийт 2820000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р х.х-129/

- Гэрч Ю.Цэндсүхийн: Эрдэнэбулган 2016.05.24-ний өдрийн үдээс хойш ирж 54 тооны мал авчирч тавьсан. Эрдэнэбулган манайд мал тууж ирэхдээ нэг туранхай хар залуутай ирсэн гэх мэдүүлэг /1-р х.х 107-108/ 

- Гэрч Г.Ганхуягийн: Би 2016.05.22-ны өдөр гэртээ байж байхад Эрдэнэбулган ирээд долоон ишигтэй ямаа зарах гэсэн юм урьдчилаад мөнгө өгчих, мотоциклио журамлуулчихсан авах хэрэгтэй байна гэж хэлсэн.  Тэгээд би урьдчилгаа мөнгө 200000 төгрөг өгсөн. Нөгөөдөр өдрийн үдээс хойш намайг Сайнцагаан сумын 1-р баг Гүн шанд гэх газар ахындаа байхад Эрдэнэбулган 7 ишигтэй ямааг тууж ирэхдээ Бямбасүх гэдэг залуутай хамт улаан өнгийн хятад мотоцикльтой явж байсан. Эрдэнэбулганд нийт 300000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /1-р х.х 109-110/

- Гэрч О.Баасангийн: Намайг 2016.05.31-ний өдөр Бямбасүхийнд байж байхад Эрдэнэбулган хөдөө явж ямаа дүүрч ирье гээд хамт явсан. Сайнцагаан сумын хойно байдаг антений хойш байх малнаас нэг тооны ямааг аваад мотоцикль дээр дүүрч ирээд Бямбасүхийнд ирсэн. Эрдэнэбулган Батхишиг рүү залгаад ямааг чинь авчирлаа, ирж ав гэхэд удалгүй Батхишигт машинтай ирээд аваад явсан гэх мэдүүлэг /1-р х.х 112-113/

- Гэрч Н.Батхишигтийн: Эрдэнэбулган над руу 2016.05.29-ний өдөр утсаар залгаад сувай орсон эм ямаа 50000 төгрөгөөр зарна авах уу гэхээр нь би тэгье гэж тохирсон юм. Тэгээд 2016.05.31-ний өдөр Эрдэнэбулган над руу залгаад ямаагаа Шандын 4-2 тоотоос ирж ав гэхээр нь би Уранбаатартай очиж ямааг авсан. Тэр эм ямааг би аваагүй найз Уранбаатар 50000 төгрөгөөр авсан гэх мэдүүлэг /1-р х.х-114/

- Гэрч Д.Уранбаатарын: Надтай хамт ажилладаг Батхишигт гэдэг залуу сувай орсон эм ямаа 50000 төгрөгөөр худалдаж авах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2016.05.31-ний өдөр Батхишигт ямаа зарах хүн ямаагаа авчирсан байна гэсэн . Би Шандын 4-2 тоотод очиж ямааг авсан гэх мэдүүлэг /1-р х.х-115/

- Гэрч Д.Батсугарын: Би 2016.05.23-ны өдөр Сайнцагаан сумын 1-р баг Хар дэл гэх газар малаа хариулаад явж байхад ишиг, шүдлэн ямаа, эм ямаа нийлсэн 60 орчим тооны мал туусан залуу таарсан. Тэр залуу малаа айлд тавих гээд явж байна  мал хаших хороо байна уу гэхээр нь Босго нэртэй хороог зааж өгсөн. Улаан өнгийн хятад мотоцикльтой, ганцаараа мал туугаад явж байсан гэх мэдүүлэг /1-р х.х 116-117/

- Гэрч Д.Адъяадоржийн: Би Эрдэнэбулгантай 2016.05.20-ны үеэр уулзаад мотоциклио хоёр эр ямаагаар солихоор болоод Сайнцагаан сумын антений ард байх Очирсүхийн гэрт нь Эрдэнэбулгантай хамт очиж нэг ямааг дүүрч ирсэн. Дараа нь хэд хоногийн дараа миний мотоциклийн авлага болох нэг ямааг авчирч өгсөн гэх мэдүүлэг /1-р х.х 126-127/

 

     Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь гурван удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал болон эд хөрөнгө хулгайлж, бусдад 3655000 төгрөгийн хохирол учруулсан, уг үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь “хүргэн ах Г.Наранцогтынд тавьсан байсан өөрийн эзэмшлийн малыг авсан” гэх тайлбар гаргаж байгаа нь түүний хүргэн ах Г.Наранцогт, нагац эгч Ц.Үржинцэцэг, төрсөн эх Ц.Сугир нарынх нь мэдүүлгээр /1-р х.х-100, 102, 118-119/ үгүйсгэгдэж байна. 

 

        2/ Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбулган өмнө нь шүүхээр гурван удаа шийтгүүлж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  1. 2009.01.23-нд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан. /1-р х.х 159-161/
  2. 2013.08.09-нд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2–т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, ЭБШХ-ийн 300 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны танхимаас сулласан. /1-р х.х 48-51/
  3. 2015.05.18-нд Б.Эрдэнэбулганыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүхийн шатнаас оргох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 4 жил 10 сарын хорих ял оногдуулсан /1-р х.х 39-41/  байна.

        Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдэлж байгаад эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 7 хоногийн хорих ялаас өршөөгдөн суллагдсан байна. /1-р х.х 42-45/

         Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь 2013 онд хүндэвтэр гэмт хэрэгт шийтгүүлээд ялаа эдэлсэнд тооцогдож, шүүх хурлын танхимаас суллагдсанны дараа 2015 онд хүндэвтэр гэмт хэрэг шинээр үйлдсэнээр ялгүй болох хугацаа нь тасарч, сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө өршөөгдсөний дараа буюу 2015 оны 11 сарын 5-наас Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох 5 жилийн хугацаа тоологдож байгаад 2016 оны 3 сарын 8-нд шинээр гэмт хэрэг үйлдсэнээр ялгүй болох хугацаа нь мөн тасарчээ. Иймд түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлээд байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацааг эхлэн тоолно. Иймд түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг шинээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

                 3/ Хохирол, төлбөр, бусад асуудлын талаар:

 

         Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь хохирогч Г.Наранцогтод нийт 3305000 төгрөгийн хохирол учруулснаас, 2820000 төгрөгийн үнэ бүхий 65 толгой малыг хураалган, буцааж өгсөн. Одоо хохирогч Г.наранцогтод 485000 төгрөгийн төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Г.Сүглэгмаад 15500 төгрөгийн төлбөртэй болох нь баримтаар тогтоогдож байх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “нэхэмжлэхгүй” гэсэн тул шүүх хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Г.Наранцогт, иргэний нэхэмжлэгч Г.Сүглэгмаа нар нь шаардлагатай гэж үзвэл Б.Эрдэнэбулганаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дээрх төлбөрийг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

          Хохирогч Г.Наранцогтын эзэмшлийн 69 тооны бог малыг хулгайлахдаа хэрэглэсэн Даюун маркийн 20-85 ДУЗ улсын дугаартай мотоцикль нь иргэн Ж.Маамын нэр дээр гэрчилгээтэй ба Ж.Маам нь өөрийн хүү М.Бямбасүхэд эзэмшүүлж байсан нь гэрч Ж.Маам, М.Бямбасүх нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр /1-р х.х 122-125/ тогтоогдож байна. Энэхүү мотоциклийн хууль ёсны эзэмшигч М.Бямбасүх нь уг мотоциклийг хулгайн гэмт хэрэгт хэрэглүүлснээ мэдээгүй болох нь өөрийнх нь болон шүүгдэгч Б.Эрдэнэбулганы мэдүүлгээр тогтоогдож байх тул мотоциклийг эгүүлэн олгохоор шийдвэрлэлээ.

           Харин хохирогч Г.Наранцогтынхоос мал хулгайлж олсон орлогоороо иргэн Г.Адъяадоржоос мотоцикль худалдаж авсан байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл…-ийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу уг мотоциклийг улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

                  4/ оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

             Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар санаачилга гаргаагүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлээд засрал хүмүүжил олоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, гэмт хэрэг үйлдэж олсон мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх байдлаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбулганд оногдуулах ялыг хөнгөрүүлөх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбулганы 2016 оны 6 сарын 4-нөөс 9 сарын 30-ны хооронд баривчлагдаж цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 292 дугаар зүйлийн 292.2, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Тахилгат овогт Болдсайханы Эрдэнэбулганыг бусдын олон тооны мал болон эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, мотоцикль ашиглан үйлдсэний улмаас бусдад 3675000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Тахилгат овогт Болдсайханы Эрдэнэбулганаас 250000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн мотоцикль 1 ширхэгийг хурааж, 2 /хоёр/ жил 3 /гурван / сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Эрдэнэбулганд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Эрдэнэбулганы цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Эрдэнэбулганаас 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Ганхуягт олгосугай.
  6. Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар М.Бямбасүхийн эзэмшлийн 20-85 ДУЗ улсын дугаартай мотоциклийг хураан авах тухай мөрдөн байцаагчийн 2016.06.07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар 20-85 ДУЗ улсын дугаартай мотоциклийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч М.Бямбасүхэд эгүүлэн олгосугай.
  7. Хохирогч Г.Наранцогтын 7 тооны мал, мотоциклийн покрышка, дугуйны обудны төлбөр, иргэний нэхэмжлэгч Н.Сүглэгмаагийн 10 литр бензиний төлбөртэй холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
  8. Хохирогч Ж.Балжирт мотоциклийг нь биетээр буцаан хүлээлгэж өгсөн ба 2 мотоцикль Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг тус тус дурьдсугай.
  9. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Б.Эрдэнэбулганд оногдуулсан эд хөрөнгө хураах ялд бичигдсэн гүйцэтгэх хуудас, 20-85 ДУЗ улсын дугаартай мотоциклийг биетээр нь, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар нь Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгч, баримтыг болон гэрчилгээний хуулбарыг 201612000051 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
  10.  Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэбулганд авсан гадагш явахгүй байх батлагаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ