Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 128/шш2020/0515

 

2020 оны 08 сарын 19 өдөр Дугаар 128/ШШ2020/0515 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т/РД:***********/,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.Т нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын харьяа Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажилладаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Тд сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хуулийн хэлтсээс нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан талаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн бөгөөд уг өдөр нэхэмжлэгч тушаалын хуулбарыг гардан авсан.

Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ зөрчлийн хэргийг хугацаанд нь шалгаагүй, прокуророос өгсөн чиглэлийн дагуу холбогдох ажиллагааг хийгээгүй гэж үзсэн. Удаасан, ажиллагаа хийгээгүй гэх зөрчлийн хэрэг нь нэхэмжлэгчтэй хамт нэг хэлтэст ажилладаг Г.Г гэх улсын байцаагчийн шалгаж байсан зөрчлийн хэрэг бөгөөд Г.Г нь ар гэрийн шалтгаанаар чөлөө авч гадаад руу түр хугацаагаар явсан. Зөрчлийн хэргийг албан ёсоор нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн зүйл /хүлээлгэн өгсөн зүйл/ байхгүй бөгөөд прокуророос өгсөн даалгаварт ч мөн байцаагч Г.Гт даалгавар өгсөн тогтоолууд байгаа. Зөрчлийн хэргийг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай тогтоолыг хэлтсийн дарга нь гаргасан гэх боловч тухайн үед уг тогтоолын дагуу хэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн зүйл огт байхгүй. Зөрчлийн хэргийг хариуцсан этгээд нь биш байхад хугацаа удаасан, ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн хэргийг шилжүүлэх нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрх бүхий этгээдийн хувьд албан ёсоор шилжүүлж өгөх ёстой. Г.Г гэх байцаагчийн шалгаж байсан зөрчлийн хэргийг Г.Тд шилжүүлсэн ба Г.Т нь уг зөрчлийн хэрэгт хуулийн хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй талаар прокуророос албан бичиг ирүүлсэн. Уг албан бичгийг үндэслэж дотоод аудитаас шалгаж сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нь хэргийг хуваарилахдаа акт үйлдэж, зөрчлийн материалыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Прокурорын даалгаварт Г.Гт гэж хаягласан тогтоол гаргасан атлаа Г.Тг уг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Зөрчлийн хэргийг хэлтсийн дарга нь хуулийн дагуу шилжүүлээгүй байгууллагын дотоод асуудалдаа зөвхөн Г.Тг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Г.Г нь тухайн зөрчлийн хэргийг Г.Тд шилжүүлж өгөх, шилжүүлж өгөх боломжгүй байсан бол хэлтсийн даргадаа мэдэгдэх ёстой байсан.

Зөрчлийн хэрэгт гомдол гаргагч нь хөдөлмөр, нийгэм хамгааллын талаар зөвхөн 1 асуудал үүссэн учраас төрийн байгууллагад хандсан байхад Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нь нийгэм хамгааллын байцаагч болон хөдөлмөрийн байцаагчид тус тус хэргийг хуваарилсан байдаг. Нийгэм хамгааллын асуудлаар зөрчлийн хэрэг үүсгэж хаасан байхад хөдөлмөрийн байцаагч нь арга хэмжээ авч гомдол гаргагчийн асуудлыг Зөрчлийн хуулийн дагуу шийдвэрлэсэн байдаг. Уг асуудлыг байгууллагын дотоод журмаар эсхүл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах ёстой байсан.

Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа хэтрэлтийн талаар Г.Тд хэлж байгаагүй, Г.Г зөрчлийн хэргийг хүлээлгэж өгсөн тухай акт үйлдээгүй. Прокурорын саналд Г.Т, Г.Г нар ажлаа хийгээгүй гэсэн байхад Г.Гт шийтгэл ногдуулахгүй Г.Тд сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д шүүхэд ирүүлсэн болон өмнө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ОСНААК-ын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байна гэх гомдлын дагуу анх асуудал үүсэж шалгагдаж явсан. Шалгагдаж яваад татгалзаж материалыг нь хаагаад эргээд прокурор хэргийг нь сэргээгээд даалгавар бичсэн. Энэ ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр захиргааны чөлөөгөөр Г.Г дүүгээ асрахаар Солонгос улс руу явах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай гэж хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар Г.Гт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1 сарын цалинтай чөлөө олгох шийдвэр гарсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан хэлтсийн дарга Б.А зөрчлийн хэргийг шилжүүлэх тогтоол гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь удирдах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Хан-Уул дүүрэгт Мэргэжлийн хяналтын хэлтэст нийгмийн хамгааллын чиглэлээр ажилладаг 2 байцаагч /Г.Г, Г.Т/ байдаг. Ингээд Г.Тд шилжүүлж тогтоол үйлдсэн. Хэлтсийн дарга Г.Тг дууд, хүлээлгэж өгье гэхэд тэрээр би ирэх боломжгүй байна гэсэн. Б.А дарга нь зөрчлийн хэргийн материалаа прокурорын даалгавартай хамт хүлээж аваад, Г.Тд өгөхөөр дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэж өгсөн. Гэтэл Г.Т би Г.Гын ажлыг хийхгүй, би ийм ажиллагаа хийхгүй гэсэн. Энэ нь удирдлагын шийдвэрийг зөвшөөрөөгүйн илрэл юм. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч Г.Т нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах эрхтэй. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.3 зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах эрхийг хэрэгжүүлнэ.

Зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулах эрх бүхий албан тушаалтан болох нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тд иргэн Ө.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жаас ирүүлсэн гомдолтой зөрчлийн ******* дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай 01 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох хэлтсийн дарга Б.А шилжүүлж, энэ тухай хяналтын прокурорт мэдэгдсэн байна.

Тогтоол гарснаас хойш улсын байцаагч Г.Т нь тухайн хэрэгт 45 хоног ямарч ажиллагаа явуулаагүй, прокурорын даалгаврын заалтыг хангаагүй, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/05 дугаартай албан бичгээр Г.Тд хариуцлага тооцож, хариуг 14 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн юм. Дээрх албан бичгийг үндэслэн Г.Тд холбогдох асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс шалгаад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Тд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д зааснаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно. Улсын байцаагч Г.Тгийн нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож буй үйл баримтуудыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтаар Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу зөрчлийн ******* дугаартай хэргийг шалгахдаа 45 хоногийн хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй, прокурорын даалгаврын заалтыг хангаагүй, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 37.1.18, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.3.1, 1.5.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.1, 10.1.2, 10.3, 10.5-д заасан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/05 тоотоор зөрчлийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тогтоолоор хүлээн авсан боловч 45 хоногийн хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй, прокурорын даалгаврын заалтыг хангаагүй, хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тд хариуцлага тооцож хариу ирүүлэх-ийг мэдэгдсэн, энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс дотоод хяналт шалгалт хийж, зөрчлийн хэргийг шалгах ямар ч ажиллагаа хийгээгүй, прокурорын даалгаврын заалтыг хангаагүй, хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжилтийг хангах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т заасан хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийх үүргээ зөрчсөн гэж үзээд нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г, Г.Т нарт сахилгын шийтгэл ногдуулах санал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргажээ.

Тодруулбал, иргэнӨ.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жаас Б ОСНААК-т холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 17-нд гаргасан ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэх гомдлын нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Х нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улсын байцаагч Г.Г нь 9 дүгээр сарын 20-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг прокурор хянаад 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авахаас татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээн шалгуулахаар буцаасан, улмаар нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Г 10 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн ******* дугаартай хэрэг нээсэн, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 10 дугаар сарын 18-ны өдрийн 478 дугаартай даалгавраар зөрчлийн хэрэгт тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр даалгасан, улсын байцаагч Г.Гт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/447 дугаар тушаалаар 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал, 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/499 дүгээр тушаалаар 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд захиргааны чөлөө олгосон, энэ хугацаанд зөрчлийн ******* дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчилсөн тогтоолыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга 10 дугаар сарын 29-ний өдөр гаргаж, зөрчлийн хэргийг нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тд шилжүүлсэн, улмаар 12 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийг шалгах хуульд заасан ямарваа ажиллагаа явуулаагүйгээс хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөрчлийн хэргийг шилжүүлэх тухай тогтоолыг хэлтсийн дарга нь гаргасан гэх боловч тухайн үед уг тогтоолын дагуу хэргийг хүлээлгэн өгөөгүй, зөрчлийн хэргийг хариуцсан этгээд биш байхад ажиллагаа хийгээгүй хугацаа алдсан гэж буруутгасан нь үндэслэлгүй гэж маргадаг боловч зөрчлийн хэргийг шилжүүлсэн тогтоолыг, зөрчлийн хэргийг хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар нь дараах үйл баримт, нотлох баримтаар няцаагдаж байна.

Тухайлбал, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.А 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай 01 дугаар тогтоолоор зөрчлийн ******* дугаартай хэргийг эрх бүхий албан тушаалтан нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Гаас эрх бүхий албан тушаалтан нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тд шилжүүлсэн, Г.Г нь тэмдэглэл үйлдэн Г.Т нь гадуур ажилтай гэх шалтгаанаар ажил дээр ирээгүй хэмээн хэлтсийн даргад хүлээлгэн үлдээсэн, хэлтсийн дарга Б.А нь шилжүүлсэн хэргийн бүртгэлд бүртгэж, дотоод ажил хариуцсан ажилтан Б.Ухэрэг материалыг тогтоолын хамт Г.Тд хүлээлгэн өгөх-ийг цохож, Б.У нь 10 дугаар сарын 29-ний өдөр тогтоолыг зөрчлийн хэргийн материалын хамт нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тд хүлээлгэн өгсөн талаар тодорхойлсон, ийнхүү зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай 01 дугаар тогтоол, зөрчлийн ******* дугаартай хэргийг эрх бүхий албан тушаалтан Г.Т нь хүлээн авсан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст дотоод хяналт шалгалт хийх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Тгаас гаргасан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Унь миний өрөөнд орж ирээд Г.Г байцаагч чөлөө авсан тул өөрт чинь дарга үүнийг өгч байна гээд ширээн дээр материал үлдээгээд гарсныг үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай 01 дугаар тогтоол, зөрчлийн ******* дугаартай хэргийн хамт байсан. Г.Г дүү нь өвдсөн гадагшаа эмчилгээнд авч явж магадгүй талаар ярихад нь би жилийн эцсийн тайланг чинь гаргаж өгнө, харин нээсэн зөрчлийн хэргийг чинь шийдэж чадахгүй гэдгийг өөрт нь албан ёсоор хэлсэн гэх тайлбар, мөн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч О.Хын Г.Т байцаагчтай хамт шалгая гэхэд Г.Т байцаагч Г.Г байцаагч өөрөө ирээд шалгаж дуусгах байх, хүний дутуу үлдээсэн хэргийг шалгахгүй гэсэн гэх тодорхойлолт, гэрч дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уын хэлтсийн дарга Б.А надад тэр хэргийг Г.Тд хүлээлгэж өг гэж надад өгсөн. 10 дугаар сарын 29-ний өдөр гэж санаж байна. Б.Т өрөөнд ороход байгаагүй. Г.Т нь 30 гаран минутын дараа ирсэн. Ирэхээр нь оруулж өгсөн. Өдөр ажлын цагаар байсан. Г.Т би хүний үлдээсэн хог шаар дээр ажилладаггүй гэсэн. Г.Т надад хэргийг буцааж өгөөгүй, ямартай ч авсан учраас би даргад тайлагнаагүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай 01 дугаар тогтоол гаргасан эрх бүхий удирдах албан тушаалтан хэлтсийн дарга Б.А нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст дотоод хяналт шалгалт хийх үед буюу 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх тухай 01 дугаар тогтоол гарган, улсын байцаагч Г.Тд үүрэг өгч, Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Д.Нд утсаар мэдэгдсэн. Тухайн үед Д.Н прокурор танай хэлтсийн Г.Т байцаагч хүний шийдвэрлэж байсан хэрэг дээр ажиллахгүй гэж орж ирж уулзлаа. Иймээс Прокурорын даалгавар хүргүүлж ажиллана гэж мэдэгдсэн хэмээн дурдсан байдаг.

Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүний эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулиар тодорхойлогдох ба энэ хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, тодруулбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар харьяалуулсан зөрчлийн хэрэгт мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т зааснаар хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх чиг үүргээ зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, хуулиар харьяалуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоосон хугацаанд явуулах үүргийг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хуулиар харьяалуулсан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоосон хугацаанд явуулах үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн байх тул энэ үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Гт сахилгын шийтгэл хүлээлгээгүй нь Г.Тд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, нөгөө талаас иргэнӨ.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жийн гомдлоор хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээн шалгаж ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан гэх зөрчлийг хяналтын чиглэлийн дагуу хянан шийдвэрлэсэн нь ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй гэх гомдлоор үүссэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйг зөвтгөхгүй, эрх бүхий албан тушаалтныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үүргээс чөлөөлөхгүй, хэд хэдэн зөрчлийн талаарх гомдлын үндэслэл тус бүрээр хяналтын чиглэлээр зөрчлийн хэрэг нээн шалгасан байх тул 1 зөрчилд хяналтыг давхардуулан шалгасан гэж үзэхгүй, мөн Г.Гт сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл байсан эсэх нь энэ шүүхийн шийдвэрээр дүгнэгдэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалтыг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай Г.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА