Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/714

 

 

 

 

 

 

 

       2022           06          03                                        2022/ШЦТ/714

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Ю.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.С-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

... овогт Ю.С- (РД:ОП8908...)

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Ю.С- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 2-3-11 тоотод согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ агсан тавьж, Х.Г-тай маргалдаж нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж, зодон, улмаар эрүүл мэндэд нь хамрын нуруу, дээд уруул, оочид шарх, баруун доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 сарын 05-ны өдрийн 439/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ю.С- нь Х.Г-ын нүүрэн тус газар нь шаазан аягаар цохисон үйлдлийн улмаас түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Иргэн Х.Г-ас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “найз агсан тавиад байна” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дугаар хуудас)

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас)

- Хохирогч Х.Г-ын “...Би ... тоотод эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. 2021 оны 11 дүгээр сараас эхлэн манай гэрт миний найз Ю.С- нь хамт амьдарсан юм. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө найз С-той хамт 2 шил архи хувааж уугаад би унтах гэсэн чинь ширээн дээрх шилэн аяга аваад миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би Содномгомбыг дарж аваад болиулах гэсэн чинь над руу агсраад байсан. Тэгээд шилний хагархайнд өөрийнхөө гарыг С зүссэн байсан. Гараас нь цус гарсан байсан. Тэгээд би 102 дугаар луу залгаад цагдаа дуудсан юм. ...С-ын биед учирсан баруун гарын эрхий хуруунд шарх гэмтлийг С өөрөө өөртөө учруулсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17  дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2229 дугаартай “...Х.Гантулгын биед хамрын нуруу, дээд уруул, оочид шарх, баруун доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цус хуралт, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

- Ю.С-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Х.Г-ын “300,000 төгрөг хохиролд авсан гомдол саналгүй”   талаарх гар бичвэр (хавтаст хэргийн 105 хуудас)-ээр гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо авсан болох нь тогтоогдож байна.

Хохирогч Х.Г-ын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 259,000 төгрөг зарцуулсан талаарх тус сангийн зарлагын баримт хэрэгт хавсаргасан, ЭМДЕГазрын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар иргэний нэхэмжлэгчээр төлөөлж оролцож, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас тус сангаас гарсан зардал болох 259,000 төгрөгийг Ю.С-ос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулах хууль зүйн үндэслэлтэй.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ю.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Ю.С-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг мөнгөөр нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ю.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Ю.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.С-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ю.С-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ю.С-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ю.С-ос 259,000 (хоёр зуун тавин есөн мянган) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгосугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Х.Г-д хохирлын 300,000 төгрөг төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ