Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1980

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И.Ц-эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,222,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч И.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

И.Ц нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай байгууллагатай ЗГ1200143455 тоот дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай:

Эхний 6 сард бодогдох сарын хүү 3.55 хувь,

Дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4,55 хувь,

Сүүлийн нэг сард бодогдох хүү 8,5 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 423,176 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 440,111 төгрөгийг төлж байсан ба нээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж, удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар И.Ц нь:

Үндсэн зээлийн үлдэгдэл 576,823 төгрөг,

Үндсэн хүүгийн үлдэгдэл 1,371,205 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 274,241 төгрөг, нийт 2,222,270 төгрөг төлөөгүй байна. Дээрх дүнг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.Ц миний бие “СШИ ББСБ” ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай авч 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл зээлээ банкин дээр биеэр очиж тушаан өр хааж, тооцоогүй болох тухай албан тоот банкнаас авсан. Тухайн үед “Амгалан макс”-д үйлчлэгчээр ажиллаж байсан ба сар бүрийн цалингаас суутгаж өр барагдуулж дуусгасан болно. Одоо өндөр настны тэтгэвэртээ гарсан боловч амьдралын хүнд нөхцөлөөс болж “Жавхлант” супермаркетад үйлчлэгчээр ажиллаж байна. Гэтэл ажиллаж байх хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний шүүхээс 2,222,270 төгрөгийн зээл төлөөгүй, банкинд очоогүй, утсаар ч яриагүй гэсэн зарлан ирж, ямар ч банктай хамааралгүй, 2 жил нижгээд сарын дараа дээрх асуудал үүслээ. Тухайн үеийн банкны ажилтан, эдийн засагч н.Мөнхсайхантай өөрийн биеэр очиж уулзаж, төлбөр тооцоог дуусган тус банкнаас тооцоогүй гэсэн албан тоот гаргуулан авч явсаар байтал өөрсдийн байгууллагын дотоод ажлын зохион байгуулалт муу, ажлын хариуцлага алдсан албан хаагчиддаа арга хэмжээ авч тооцоо хийхгүй, иргэнийг буруутгаж шүүхэд хүртэл дуудсанд цочирдож байна. Иймд өндөр настан И.Ц миний бие нь тус банкны удирдлагаас сэтгэл санааны хохирол, нэр төрд халдсан үйлдэл, удаа дараалан банк хооронд явуулж, удаа дараалан ажлаас чөлөө авахад хүргэсэн гээд шинэ иргэний хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Сэтгэл санаагаар хямарч маш их гомдолтой  байгаа тул учир явдлыг нягтлан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хариуцагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК нь хариуцагч И.Ц-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,222,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зээлээ бүрэн барагдуулж дууссан учир бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1200143455 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу “СШИ ББСБ” ХХК нь зээлдэгч И.Ц-эд 1,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, зээлийн хүүгийн шаталсан нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 4-5 дугаар тал/

Гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч И.Ц нь 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээл 576,823 төгрөг, зээлийн хүү 78,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,689 төгрөг нийт 670,961 төгрөгийг төлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, орлогын мэдүүлэг, “СШИ ББСБ” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 03, 2 дугаар сарын 29-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 18-22 дахь талд/

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол үүрэг дуусгавар болно гэж зохицуулснаар хариуцагч И.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй, удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна хариуцагчийн төлбөр төлсөн баримтыг няцааж мэтгэлцээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-ийн И.Ц-эд холбогдуулан гаргасан 2,222,270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Цээс зээлийн гэрээний үүрэгт 2,222,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,506 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ