| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/02082/И |
| Дугаар | 1938 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ц-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигдэлгэр, Д.Эрдэнэбаяр, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
“Д.Х” ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн яанал дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар” Холбооны улсын үйлдвэрийн газартай 2016.07.01-ний өдрийн №04 тоот үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу ОХУ-ын өмч болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол Ж.Лхагвасүрэнгийн гудамж 8 дугаар байрыг түрээсээр эзэмшиж ашиглаж байна. Гэрээ байгуулсан өдрөөс хойш компаниас тавьсан шаардлагыг үл биелүүлэн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхгүй дураараа аашилж өдийг хүрсэн болно. Тус 8 дугаар байрны 57 тоот нь 2 өрөө байр бөгөөд сарын түрээсийн /цахилгаан эрчим хүчнээс бусад ашиглалтын зардал ороод/ төлбөр нь 500,000 төгрөг байдаг. Манай компани тус байрыг эзэмшсэнээс хойш одоог хүртэл 8 сарын түрээсийн төлбөр, мөн 8 сарын цахилгааны төлбөр 160,000 төгрөг төлөөгүй болно. Энэ хугацааны цахилгаан, ус, дулаан болон холбогдох төлбөр хураамжуудыг “Д.Х” ХХК нь өөрийн санхүүгээс эрх бүхий байгууллагуудад нь төлж барагдуулсаар ирсэн. Үүнээс болж “Д.Х” ХХК-нд үлэмж их хэмжээний хохирол учраад байна. Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 8 дугаар байрны 57 тоотод түрээсээр амьдрах Ц.Ц-ээс 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01 хүртэлх түрээсийн төлбөр 4,140,000 төгрөг, мөн цахилгааны төлбөр 160,000 төгрөг, нийт 4,300,000 төгрөг төлөхөөс үлдэгдэл 3,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 8 дугаар байрны 57 тоотод оршин суудаг байсан Ц.Ц-д холбогдуулан тус шүүхэд “Д.Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие энэхүү орон сууцанд амьдарч байхдаа “Д.Х” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр орон сууц хөлслөх тухай нэг сарын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу сарын төлбөрийг төлсний дараа дахин 8 дугаар сард мөнгө нэхэмжилж гэрээг үргэлжлүүлж байна гэж хэлсний дагуу төлбөрөө төлсөн. Тус байранд амьдарч байгаад хаягийн шилжүүлэг хийлгэх гэсэн боловч шилжүүлэг хийгдээгүй тул одоо өөр газар амьдарч байна. Дамжуулан түрээслэгч байгууллага “Д.Х” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Д.Х” ХХК нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчид 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 8 дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан уг гэрээгээр тогтоогдож байх ба гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 48 дахь талд/
Орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлслүүлэгч “Д.Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот хаягт байрлах хоёр өрөө орон сууцыг Ц.Ц-д хөлслүүлэхээр тохиролцсон бөгөөд уг үйл баримтын талаар хариуцагч маргахгүй байна.
Уг орон сууцыг нэхэмжлэгч “Д.Х” ХХК нь Оросын Холбооны улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар” Холбооны Улсын Үйлдвэрийн газартай байгуулсан “Байршуулах гэрээ”-ний үндсэн дээр түрээсээр эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна. /х.х-ийн 8-26 дахь талд/
“Байршуулах гэрээ”-ний 1 дэх хэсэгт “... захилагч “Д.Х” ХХК-ийн төлөөлөгчдийг 1068 м.кв талбай бүхий ... Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Лхагвасүрэнгийн гудамжны №08 дугаар орон сууцны байранд байршуулах ... үүргийг тус тус хүлээнэ” гэж тохиролцсноос үзэхэд нэхэмжлэгч “Д.Х” ХХК нь түрээсээр эзэмшдэг орон сууцыг бусдад хөлслүүлэх эрхтэй байна.
Хариуцагч Ц.Ц-тэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээгээр талууд орон сууцны нэг сарын хөлсийг 500,000 төгрөг гэж, хугацааг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 3 сар гэж тохиролцон байгуулжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ “... гэрээ байгуулсан өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хөлс төлөхөөс төлсөн 900,000 төгрөгийг хасаад 3,730,000 төгрөг дээр 9 сарын цахилгааны төлбөр 180,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзалын үндэслэлээ “...анх нэг сараар хөлслөх гэрээ байгуулсан боловч сунгасан гэсэн тул 3 сарын хөлс 1,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж, мөн хуулийн 293 дугаар зүйлийн 293.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно” гэж зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3 дахь хэсэгт орон сууц хөлслөх гэрээний хугацааг гурван сар байхаар талууд тохиролцсон байх ба уг хугацаа өнгөрснөөс хойш гэрээг сунгасан, гэрээний хугацаа дууснаас хойш уг орон сууцыг хариуцагч үргэлжлүүлэн ашигласан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь 3 сарын хөлс нийт 1,500,000 төгрөг болон цахилгааны төлбөрийг төлсөн гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Мөн гэрээний 2.1-т “... түрээсийн төлбөрт сарын цахилгаан, телевизийн кабелийн үйлчилгээ, дундын хуримтлал, ус дулааны төлбөр ороогүй болно”, 4.2-т “хөлслөгч орон сууцны сар бүрийн төлбөр, цахилгаан, сансар кабелийн үйлчилгээ, дундын хуримтлал, ус дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон уг тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг болон 189 дүгээр зүйлийн 189.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Иймд орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 сарын хөлс 1,500,000 төгрөгийг төлөх үүргээс хариуцагчийн төлсөн 900,000 төгрөгийг хасч, үлдэх 600,000 төгрөг болон 3 сарын цахилгааны төлбөр 60,000 төгрөг, нийт 660,000 төгрөгийг хариуцагч Ц.Ц-ээс гаргуулж, нэхэмжлэгч “Д.Х” ХХК-нд олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ц-ээс 660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.Х” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.Х” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ