| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0753/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/744 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/744
2022 06 08 2022/ШЦТ/744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Отгончимэг,
шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн ашиглалт шуурхай үйлчилгээний албанд диспетчер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
... овогт Б.Д- /РД:ОЖ8805.../.
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Б.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баруун салаанд Бумбатын аман дахь зуслангийн байшинд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.З-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээжин тус газар нь өшиглөж биед зүүн чамархайн хуйх, зүүн чих, баруун зүүн нүдний зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 сарын 02-ны өдрийн 687 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Б.Д-гийн үйлдлийн улмаас О.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:
- Хохирогч О.З-ы “...2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо баруун салаанд Бумбатын аманд ажлын хүмүүс болох Д, Г, А, Г, Э, С бид нар өдөр 12 цагийн орчим очицгоосон юм. Бид нар хорхог хийж идээд мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Д бид хоёр халамцуу байхад Д надад хандаж ахархаж нэгнийгээ хүндлэх ёстой гэх мэтээр дайраад байхаар нь бид 2 хоорондоо маргалдсан. Бид хоёрыг хамт байсан хүмүүс салгаад Д явах гэж байтал О эгч битгий муудалц хоорондоо учраа ол гээд намайг Д дээр дагуулаад очсон. Тэгтэл Д миний нүүрэн тус газар 1 удаа цохиод унаад өгсөн. Тэгээд тэр үедээ манараад юм харж чадахгүй байхад дээрээс бас өшиглөөд байсан... надад гомдол санал байхгүй, надад эмчилгээний төлбөр гэх 250.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 хуудас)
- Гэрч Т.Г-ийн “...Д О.З-д хандаж чи намайг хүндэлсэнгүй аливаа мэргэжил гэдэг ах захтай нэгний хүндлэх ёстой байдаг гэж хэлтэл О.З- нь Д би өөртэй чинь чи гэж харьцана гэснээр тухайн хоёр хоорондоо маргалдах болсон бөгөөд Д О.З-ыг түлхэхэд О.З- уурласан Д-г цохиж байх шиг харагдсан бөгөөд тэр үед би Д-г тухайн байшингаас авч гарсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 хуудас)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн №6538 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: О.З-ы биед зүүн чамархайн хуйх, зүүн чих, баруун зүүн нүдний зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, шарх зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 хуудас)
- Б.Д-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Бумбатын амны зуслангийн задгайд зугаалсан ба тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед хамт ажилладаг О.З- гэх залуутай маргалдаж улмаар би гараараа хэд хэдэн удаа цохиж газар унаад өнхөрч дээр доороо орж хөнгөн гэмтэл учруулсан би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж О.З-аас уучлал гуйгаад эмчилгээний зардалд 250,000 төгрөг өгсөн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж О.З- хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.
2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Хохирогч О.З- гомдол саналгүй болох нь түүний Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт (хавтаст хэргийн 72 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
6. Шүүгдэгч Б.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч О.З-гийн хохиролд 250,000 төгрөг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн ашиглалт шуурхай үйлчилгээний албанд диспетчер ажилтай, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, хялбаршуулсан журмаар ирүүлсэн хэрэгт ял оногдуулахдаа прокурорын саналын хүрээнд, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр гэж хуульчилсан тул шүүгдэгчид ял оногдуулахдаа улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Д-д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Д-д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч О.З-д 250,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ