Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/715

 

 

 

 

 

 

 

       2022           06          03                                        2022/ШЦТ/715

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух хаягтай, урьд

- ... шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгэж, тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

- ... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

... овогт Н.Б- /рд:уш9103.../.

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” худалдааны төвөөс фейсбүүк ашиглан 32 инчийн зурагт зарна гэх хуурамч зараар зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.Б-ийн 320,000 төгрөгийг Хаан банкны 5005152340 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 сарын 04-ний өдрийн 547 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  өөрийн фейсбүүк хаягаар “32 инчийн зурагт” зарна гэх хуурамч зарын дагуу холбогдсон иргэн Н.Б-ийн 320,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

- 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар тал),

- Хохирогч Н.Б-ийн “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед фейсбүүкээр 32 инчийн зурагт зарна гэсэн пост нийтлэгдсэн байхаар нь тухайн зар дээр байсан ... гэх дугаар руу зарын дагуу холбогдоход үл таних эрэгтэй хүн авч 32 инчийн хар өнгийн хуучин зурагт байна, 320,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн тэгээд би тухайн зурагтыг авахаар болж одоо автобусанд тавьж амжих уу гэхэд Хархорин сум руу ирэх унаа олдоогүй ба маргаашийн 11 цагийн автобусанд тавихаар болсон тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед ... дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан тэгээд 12 цагийн үед над руу ... дугаарын утаснаас залгаад би унтчихсан байна одоо унаа байгаа юу гэж асууж залгачхаад “...” гэх фейсбүүк хаягаас чат бичээд 14 цагийн Архангай аймгийн автобусанд тавих гэж байгаа талаараа чатлаад тэгээд удалгүй Завхан аймгийн автобусанд тавьчихлаа гэж ярьсан тэгээд би Хаан банкны ... дугаарын Бямба гэх хүний данс руу төгрөгийг шилжүүлсэн тэгээд 14 цаг өнгөрч байхад ... дугаарын утас руу залгахад болохгүй байсан ба “...” гэх фейсбүүк хаягаа устгасан байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Хархорин суманд байх гэрээсээ өөрийн хаан банкны ... дугаарын данснаас хаан банкны ... дугаарын данс руу 1 удаагийн үйлдлээр 320,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 6 дугаар тал),

- Гэрч Б.Б-ын “...Би Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо шилэн Драгоны АТМ-ын хажуу талын бэлэн хоолны газар түргэн хоол зардаг. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байхад 12 цагийн үед 30 орчим насны туранхай хар өнгийн куртиктай, хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн нүдний шил зүүсэн залуу ирээд эгч та дансаа хэрэглүүлээч тань руу мөнгө шилжүүлж бэлнээр та аваад өгөөч гэж гуйсан. Тухайн үед тэр залуу надаас гуйгаад байхаар нь зөвшөөрөхөд тэр залуу гар утсаа оролдож байгаад хүн рүү миний дансыг явуулсан. Удалгүй миний дансанд 320,000 төгрөгийг “zuragt awsan” гэх гүйлгээний утгатай орлого орж ирсэн. Тэгээд би өөрийнхөө виза картыг аваад бубетнийхээ хажуу талын АТМ-ны хамгийн баруун хойд талын АТМ дээр очоод өөрийн данснаас 320,000 төгрөгийг аваад үл таних 30 орчим насны залууд мөнгийг өгсөн. Тухайн үед тэр үл таних залуу баярлалаа эгч гээд явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),

- Н.Б-ийн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү. Гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Н.Б- тухайн үед зурагт худалдан борлуулдаг болон зарах зурагт байсан талаарх үйл баримт тогтоогдоогүй, “32 инчийн зурагт зарна” гэх хуурамч зар интернетэд тавин түүний 320,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх аргаар үйлдсэн залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

            Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокурорын шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

   3. Хохирогч Н.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5057404808  тоот дансанд 320,000 төгрөгийг шилжүүлсэн (хавтаст хэргийн 88 хуудас) байх тул шүүгдэгч Н.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-т ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэх мөн хуралдаанаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн.

 

            5. Шүүгдэгч Н.Б- нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Н.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлыг болон хувийн байдлын хувьд урьд мөн залилах гэмт хэрэгт 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд зэрэгт үндэслэн прокурорын ялын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж зааснаас үзэхэд дээрх зүйл ангиар хорих ял шийтгүүлсэн ялтны ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуульчилсан.Харин дээрх зүйл ангиар хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтны ял уг хуулиар өршөөлд хамрагдах хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаарх прокурорын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Б-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 320,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ