Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/763

 

 

 

 

 

 

 

       2022         06          15                                        2022/ШЦТ/763

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Ш.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.З-од холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 сарын 20-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр ачийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд

... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

... овогт Ш.З- /РД:ЗЮ6502.../.

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Ш.З- нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уул 10 дугаар гудамжны 8 тоотод иргэн Д.О-г над руу салаавч гаргасан гэж марган гараараа нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 сарын 13-ны өдрийн 596 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ш.З-ын үйлдлийн улмаас Д.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч Д.О-гийн “... 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ... тоотод гэртээ байж байтал найз Мөнхдэлгэр 08 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд нөхөр Ж болон найз М нарын хамт 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байгаад би гадагшаа нойл ороод бие засаад сууж байтал нэг хашаанд амьдардаг Золбоот ах нойлын гадаа ирээд Жаргалсайхан мөн үү гэхээр нь би бишээ Ж гэрт байна байна гэж хэлсэн.  Тэгээд бие  засчхаад нойлоос гараад иртэл нөхөр Ж, З хоёр гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд намайг З ах чи над руу салаавч гаргасан гээд дайраад байхаар нь би хэрэлдмээргүй байна гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгсэн З ах араас орж ирээд надтай хэрүүл маргаан үүсгэж байснаа намайг зогсож байхад З ах хүрч ирээд миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Намайг цохисон гарынх нь хуруунд 2 том бөгж байсан. Би цохиулаад хойшоо саваад унахад дахиж ирж цохих гэхэд нь Ж ирээд болиулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 хуудас)

- Гэрч Д.Ж-ны “... эхнэр О-ийн найз болох М манайд ирээд бид гурав 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд эхнэр О маань архи ууж байхдаа гадаа гарч нойл орсон. Тэгсэн нэг хашаанд байдаг З ах эхнэр О-д хандаж чи над руу салаавч гаргадаг хэн бэ гэж хэлээд эхнэр О гэр рүүгээ яваад орсон. Би З ахад хандаж та гэр рүүгээ ор ор гэж хэлчхээд эхнэр О-тай хэрүүл маргаан хийж байтал Золбоот ах эхнэрийн маань нүүрэн тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5783 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... Д.О-гийн биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхи, хацар хамрын нуруу эрүү, дээд уруулд цус хуралт, дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 хуудас)

- Ш.З- мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Ж-ны араас гэрт нь ороод Д.О-гийн зүүн талын шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Д.О- нь хохирлын талаар баримт хэрэгт хавсаргаагүй байх тул  хохирогчийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ш.З-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан торгож өгнө үү гэсэн.

 

            5. Шүүгдэгч Ш.З-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.Үүнд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З-ын архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгчийн урьд нэг удаа ял шийтгүүлсэн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

           

            6. Шүүгдэгч Ш.З- нь торгох ял оногдуулж өгнө үү, ажил хөдөлмөр хийх боломжгүй өвчтэй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч түүний эрүүл мэндийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгч Ш.З- нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэвэр тэтгэмж авдаггүй энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг үндэслэлгүй гэж үзсэн. Нөгөөтэйгөөр шүүгдэгч нь 57 настайг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийцэж байгаа болно.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ш.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ш.З-од мэдэгдсүгэй.  

 

   4. Хохирогч Д.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ