Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/937

 

 

 

 

 

 

 

       2022         07          19                                        2022/ШЦТ/937

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Л.О-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.О-т холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах эгч нарын хамт ... оршин суух бүртгэлтэй, одоогоор ... тоотод түр оршин сууж байгаа,

- урьд ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх  хэсэг, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт  тус тус зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.

... овогт Л.О (рд:на9408...).

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Л.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сайхан хангай” зочид буудалд М.Ш-той хамт архидаж байгаад унтсан хойгуур нь халаасанд байсан түүний автомашины түлхүүрийг авч гаран ... УБЯ улсын дугаартай Prius-10 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр /Төв аймаг руу хүүхэдтэйгээ уулзах/ өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 703 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.О- нь хохирогч М.Ш-ийн эзэмшлийн  Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

- Иргэн М.Ш-оос 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “...Дөрвөн бэрх” дэлгүүрийн үүднээс бусдад машинаа алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 хуудас), 

- Эрүүгийн мөрдөгчийн “...Сайхан хангай зочид буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01 цаг 18 минутын орчимд хамт архи ууж байсан гэх Баяраа гэх залуу нь буудлын 203 тоот өрөөнөөс ганцаараа гараад 01 цаг 21 минутын орчимд машин байсан гэх газар луу явж байгаа дүрс бичлэг байх ба уг дүрс бичлэгийг хуулж авах гэсэн боловч уг хяналтын камерын төхөөрөмж хуулбарлаж болохгүй байсан. Мөн машин байсан гэх газар руу туссан хяналтын камер байхгүй байсан болно...” гэсэн тэмдэглэл,

- Хохирогч М.Ш-ийн өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо дүүргийн автобусны буудлын ард талд байх Сайхан хангай нэртэй зочид буудалд орж хоносон ба өөрийн эзэмшлийн ... УБЯ улсын дугаартай саарал өнгийн Prius-10 маркийн автомашиныг Дөрвөн бэрх нэртэй дэлгүүрийн урд талын шороон зогсоол дээр байрлуулж үлдээсэн. ... эсрэг талын өрөөнд нэг хүүхэн залуу хоёр байхаар нь залуутай нь уулзаад хамт архи хувааж уухаар болоод танилцахад нэрийг Л.О- гэж хэлсэн ба хамт явж байсан эмэгтэйг нь Оюунтуяа гэж хэлж байсан. Би согтоод унтчихсан ба өрөөний хаалга хүн тогшоод байхаар нь сэрээд хартал Л.О- өрөөнд байхгүй Оюунтуяа миний хажууд унтаж байсан. Тэгтэл буудлын үйлчлэгч орж ирээд нөгөө залуу чинь гараад явчихсан шүү гэж хэлэхээр нь өмдөө үзтэл өмдөнд байсан түлхүүрүүд алга болсон байхаар нь буудлаас гараад иртэл миний машин алга болчихсон байхаар нь Оюунтуяагаас Л.О-ыг хаачсан талаар асуухад мэдэхгүй гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийгээд явсан. Тэгээд тэрнээс хойш Л.О-тай холбогдож чадахгүй машинаа олохгүй байж байтал өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 19 цагийн үед Л.О-ын ах нь над руу залгаад чиний машиныг Төв аймгийн Баянцогт сумаас цааш Уушгийн даваа гэх газар бензингүй болгоод үлдээсэн гэж дугаараа нууцалсан утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд би ажлын дүү Баагий, Л.О-ын ахын хамт очиж үзэхэд миний машиныг хотоос 67 км зайтай төв замын хажуу талд гаргаад тавьчихсан жолооч талын хаалга цоожтой бусад хаалга нь цоожгүй байсан. Тэгээд би машин доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний цүнхтэй хувцас, хөнжил гудас, 2 ширхэг 165/65/15-тай өвлийн дугуй, машины гэрчилгээ алга болсон байсан ба түлхүүрээ хайж үзэхэд байхгүй байхаар нь машинаа асаах гээд машины кундакторыг эвдэлсэн боловч аккумлятор цэнэггүй, бензин дууссан байсан. Тэгээд би хүүхдээ дуудаад машинаа чирүүлээд цагдаагийн хэлтэс дээр авчирч тавьсан. ... Намайг унтаж байхад өмднөөс түлхүүр аваад машин унаад явчихсан байсан ба надтай машинаа өгч явуулаач гэж яриагүй. ...Миний машин нь 1998 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монголд орж ирсэн машин байгаа юм. Би машинаа 2016 онд ломбардаас 5,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо 5,000,000 төгрөгөөр үнэлнэ. ...Би алга болсон 2 ширхэг дугуйг 100,000 төгрөгөөр худалдаж авсан ба одоо авсан үнээрээ, цүнхийг 35,000 төгрөгөөр, шинэ тамирын хослолыг 120,000 төгрөгөөр, эрэгтэй хүний тамирын өмдийг 60,000 төгрөгөөр, хөнжил гудсыг үнэлж мэдэхгүй байна. Мөн машинаа асаах гэж эвдсэн кундакторыг 100,000 төгрөгөөр, мөн банк дүүрэн бензинийг 90,000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийт 495,000 төгрөгийн хохирол учраад байгаа...” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 25-27, 73 хуудас), 

- Гэрч Б.Оюунтуяагийн өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайхан хангай зочид буудалд ороод 2 хоног архи ууж хоносон. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өрөөндөө байж байтал эсрэг талын өрөөнд байсан ах орж ирээд хамт архи уух уу гэхээр нь Л.О- бид хоёр зөвшөөрөөд хамтдаа уусан юм. Архи ууж байгаад нэлээд согтоод Шараваа ах унтах гээд орон дээр хэвтэхээр нь би хажуугаар нь ороод унтчихсан. Тэгтэл өрөөний хаалга хүн тогшоод байхаар нь сэрээд хаалгаа онгойлгосон чинь буудлын эгч орж ирээд хамт байсан залуу чинь гараад явчихсан шүү гэж хэлсэн ба Шараваа ах босоод түлхүүрээ хайж байгаад алга байна гэхээр нь гарч хамт буудлаас гарч ирэхэд машин алга байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 хуудас), 

- Гэрч С.Л.О-ын өгсөн “...би Баянгол дэлгүүрээ ажиллуулж байхад манайхаар байнга үйлчлүүлдэг, Баяраа гэдэг залуу ганцаараа орж ирсэн. Гэрт хүн ирчихлээ мөнгөний боломж байдаггүй, зээл өгөөч гэхээр нь зөвшөөрөхөд тамхи, ундаа зэргийг аваад 22.900 төгрөг болсон бөгөөд машиныхаа бичиг баримт гээд ... УБЯ улсын дугаартай Prius-10 маркийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг үлдээгээд, маргааш авна гээд гараад явсан. Тэрнээс хойш 3 хоногийн дараа 22.900 төгрөг өгсөн ба машины бичиг баримтаа аваагүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 хуудас),

- Хохирогч М.Ш-ид ... УБЯ улсын дугаартай саарал өнгийн приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 35-36 хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 1563 дугаартай хөрөнгийн үнэлгээний “4,850,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 42-43 хуудас),

- Л.О-ын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 101 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Л.О- нь хохирогчийн Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг Төв аймаг орох зорилгоор буюу түр хугацаанд хэрэглэхээр шунахай сэдэлтгүй, завших зорилгогүйгээр авч явсан болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

3. Хохирогчийн өмгөөлөгч Ч:Даваасүрэн нь үнэлгээгээр тогтоогдсон хохирлын зөрүүг гаргуулах саналтай гэсэн.

Хохирогчид учирсан нийт хохирлын хэмжээ “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 1563 дугаартай хөрөнгийн үнэлгээний “4,850,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 42-43 хуудас)-аар тогтоогдсон. Хохирогч М.Ш-ид ... УБЯ улсын дугаартай саарал өнгийн Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 35-36 дугаар хуудаст авагдсан автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байгаа, харин автомашинд байсан болон түлхүүр зэрэг зарим эд зүйлийн үнэ болох 350,000 төгрөгийг шүүгдэгч Л.О-аас гаргуулж, хохирогч М.Ш-ид олгуулахаар шийдвэрлэв.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 504 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргасан.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хувийн байдлын хувьд урьд шүүхээр ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгч Л.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ... овогт Л.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.О-ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.О-т мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-ын 2022.05.16-07.18-ны өдрийг дуустал урьдчилан цагдан хоригдсон 63 хоног буюу 504 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар Л.О-аас 350,000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ш- “... тоотод оршин суух, РД:ИГ77703..., утас ...”-д олгосугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Prius-10 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Л.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ