Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Б.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 57,068,860.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Л.Нарантуяа, Э.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.А нь “Т.Б” ХХК-иас 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 62 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 369 тоот гэрээ байгуулан 31,448,360.82 төгрөгийг нэмэлтээр тус тус зээлэн авсан.

Зээлийн барьцаанд:

1. Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6 дугаар баг, Бага уулын 1а дугаар гудамж 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1105001719 дугаартай, 200 м.кв талбайтай, 5 өрөө хувийн сууц;

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6 дугаар баг, Бага уулын 1а дугаар гудамж 1 тоотод байрлах, нэгж талбарын 150501262 дугаартай, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар;

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Их Уул 23-7 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1105002732 дугаартай, 750 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар;

3. Lexus LX 470 маркийн автомашин /ӨМӨ 10-10/

4. Nord benz маркийн ачааны автомашин /ӨМӨ 35-28/

5. Nord benz маркийн ачааны автомашин /ӨМА 94-99/

6. Nord benz маркийн ачааны автомашин /ӨМА 55-59/ зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш 113,191,332.67 төгрөгийн үндсэн зээл, 61,982,980.94 төгрөгийн хүү, 632,467.70 төгрөгийн торгуулийн хүү, нийт 175,806,781.31 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Б.А нь 2015 оны 02-р сарын 18-ны өдрөөс эхлэх зээлийн хугацааг хэтрүүлж, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөр “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.4 дэхь заалтыг зөрчиж байна. Зээлдэгч Б.А нь 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 38,257,028.15 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 13,699,581.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,232,096.07 төгрөг, нийт 54,188,705.35 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Зээлдэгч Б.Аээс үндсэн зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 54,188,705.35 төгрөгийг гаргуулж, “Т.Б” ХХКинд олгуулах,

2. Зээлийн барьцаанд байгаа дараах хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Үүнд:

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 6 дугаар баг, Бага уулын 1 а дугаар гудамж 1 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1105001719 дугаартай, 200 мкв талбайтай, 5 өрөө хувийн сууц;

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Их Уул 23-7 тоотод байрлах, улсын бүртэглийн Г-1105002732 дугаартай, 750 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Т.Б” ХХК ХХК-ийн Б.Аээс нэхэмжилсэн 54,188,705.35 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан байдаг. Гэтэл “Т.Б” ХХК ХХК нь хариуцагч Б.Аийг зээл болон үндсэн зээлээ төлөх бүрт нь торгуулийн хүү гэх мөнгийг авсаар байдаг. Мөн зээлийн гэрээний 3.1 дэх заалтад “нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн хоног тутамд төлүүлнэ” гэжээ. Банк нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож гаргасан уу, Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-д зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас тооцож нэхэмжилж байгаа эсэхийг тодруулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Т.Б” ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,068,860.68 төгрөг гаргуулах, хариуцагч мөнгөн хэлбэрээр үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Г-1105002732 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их уул 23-7 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн Ү-1105001719 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Бага уул 1а-1 тоотод байршилтай 200 м.кв талбайтай хувийн сууцаар тус тус үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч “Т.Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаартай “Зээлийн гэрээ”, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 369 дугаартай  дугаартай  “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний үүргийг хангуулах гэж тодорхойлсон.

“Хадгаламж банк” ХХК нь Б.Атэй 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 62 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 120,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 1.1, жилийн 13.2 хувийн хүүтэй, хүнд даацын автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна энэхүү үйл баримтын талаар хариуцагч маргахгүй байна. /х.х-ийн 3-5, 16-21 дахь талд/

Мөн талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 118,551,639.18 төгрөг дээр нэмж 31,448,360.82 төгрөгийн нэмэлт зээл олгож, зээлийн нийт дүнг 150,000,000 төгрөг болгон зээлийн хүүг жилийн 13.2 хувийн хүүтэй, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 11 дахь талд/

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж зохицуулснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийн данс нээж 31,448,630.82 төгрөгийн зээл олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /х.х-ийн 152-162 дахь талд/

Хариуцагчийн өмгөөлөгч нь уг зээлийг бодитоор хүлээлгэн өгсөн нь эргэлзээтэй, өмнөх зээлийн хүүг тооцоод нэмсэн байх магадлалтай гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Дээрх гэрээнүүдэд зохигчдын хүсэл зориг илэрхийлсэн байдал, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Хэрэгт авагдсан 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх” тухай 62/21000009907 дугаартай гэрээгээр “Т.Б” ХХК нь Б.А “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот зээлийн гэрээ, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 369, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62-1 тоот нэмэлт зээлийн гэрээ, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан байна. /х.х-ийн 91 дэх талд/

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч Б.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргээр нотлогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар уг тооцооллыг илт өндөр гэж тайлбарлах боловч хэдэн төгрөгийг илүү тооцоолсон талаараа тайлбарлаж, мэтгэлцээгүй, түүнчлэн анз тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно. /х.х-ийн 152-165 дахь талд/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул дурдсан зээлийн гэрээнүүдийн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуулалт мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхтэй байна.

Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг бол нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд гэрээний 3.1-т талууд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зохицуулснаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ч тус гэрээний маргааныг шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмаас гадна хэрэглэгчийн эрхийг хангахтай холбоотойгоор ашгийн төлөө хуулийн этгээдийн хариуцлагын асуудлыг анхаарах ёстой байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш зөрчиж эхэлсэн, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан байхад гэрээний үүргийг 2017 оны 10 дугаар сарын 12-нд шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хугацаагаар зээлдэгчийн хариуцлага, төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгааг мэдсээр байж хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь “эрхээ шударгаар хэрэгжүүлэх” зарчимд нийцэхгүй байх тул нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр 38,257,028.15 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүнд 16,106,943.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,352,444 төгрөг нийт 55,716,415,71 төгрөгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгүүдээр хангуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулсан 62, 62-1 дугаартай барьцааны гэрээгээр, Б.Аийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-1105002732 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их уул 23-7 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн Ү-1105001719 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Бага уул 1а-1 тоотод байршилтай 200 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 8-9, 150 дахь талд/

Барьцааны болон ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах” эрхтэй гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 62 дугаартай барьцааны гэрээнд заасан бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Аээс 55,716,415,71  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т.Б” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,352,444 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Б.Аийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Г-1105002732 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Их уул 23-7 тоотод байрлах 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Улсын бүртгэлийн Ү-1105001719 дугаарт бүртгэгдсэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Бага уул 1а-1 тоотод байршилтай 200 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 560,127 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 506,732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                             Л.ЭНХЖАРГАЛ