| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/01012/и |
| Дугаар | 155/ШШ2018/01012 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2018/01012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ***************** оршин суух, ********* дугаар регистртэй, С овогт Н.С-ын
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын **************** оршин суух, **************дугаар регистртэй, эрэгтэй, Ө овогт Б.Э-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2018/00811/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Н.С нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Э-тэй 2009 оны 12 дугаар сард гэрлэлтээ батлуулж, 2010 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Энг төрүүлсэн. Бид хоёр гэр бүлийн зөрчлийн улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2014 оны 6 дугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед Э-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлээгүй. Миний охин Э.Эн одоо 8 настай бөгөөд Дархан-Уул аймгийн Дархан суманд Герман Монголын хамтарсан 19 дүгээр дунд сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Жилийн сургалтын төлбөр 1.200.000 төгрөг төлдөг. Одоо би ажил эрхлээгүй, бага насны хүүхэдтэй. Охин Э.Энг сурч боловсрох, хүмүүжихэд түүний эцэг Э нь ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэггүй учир сургалтын төлбөрийн тал хувь 600.000 төгрөг нэхэмжилсэн. Гэвч хүүхдийн сургалтын төлбөртэй холбоотой баримтыг шүүхэд өгөөгүй болохоор одоо шийдвэрлүүлэхгүй. Зөвхөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Э нь 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр над руу залгаад би хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг 2020 он хүртэл жилд 800.000 төгрөгөөр тооцон намар, хавар хоёр хувааж өгье, 400.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлье гэсэн боловч өгөөгүй.
Иймд Б.Э-ээс охин Э.Энд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эт 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Б.Эт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, сургалтын төлбөр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд сургалтын төлбөр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахгүй гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.С, хариуцагч Б.Э нар 2009 онд гэр бүл болж, хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2010 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Эн төрж, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан 2010 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрөлтийн бүртгэлд бүртгэсэн, зохигч шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахдаа охин Э.Энг эх Н.Сын асрамжид үлдээж, эцэг Б.Э-ээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин Э.Энгийн №0402967 Г-387 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сум дундын 7 дугаар шүүхийн шийдвэрийн архивын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Эт 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.Э шүүхэд хуулинд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Иймд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Э.Э-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Э.Энг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Эн 7 нас 11 сар хүрч байгаа тул Дархан-Уул аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 175.600 төгрөгийн 50 хувь болох 87.800 төгрөгийг охин Э.Энд сар бүр эцэг Б.Э төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Э.Энд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.053.600 төгрөг болж байна.
Нэхэмжлэгч Н.С нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг 1.053.600 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 29.836 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.Эт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Энг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Э-ээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Сыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 29.836 төгрөгийг хариуцагч Б.Э-ээс гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА