Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1009

 

 

 

 

 

 

 

 

 

        2022            08              09                                                           2022/ШЦТ/1009

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Б.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б.М-д холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

А х овогт Б-ийн М /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын***-ны өдөр ***** аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо Мик 0-р гудамж 0 байр 0 тоотод оршин суух, урьд:

- 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь заалтуудад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 3 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

            - 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 242 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

            - 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 04 сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 26 дугаартай шүүгчийн захирамжаар 6 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

   Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай зах"-ын замын эсрэг талд гудамжинд иргэн С.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор боож унаган, гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, хүч хэрэглэн довтолж, түүний эзэмшлийн “самсунг эс-8” загварын гар утас 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг эд зүйлсийг дээрэмдэж, бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хангай зах"-ын замын эсрэг талд гудамжинд хохирогч С.Б-ийн эд хөрөнгийг авах зорилгоор боож унаган, гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж буюу хүч хэрэглэн довтолж, хохирогчийн “самсунг эс-8” загварын гар утас 1 ширхэг, хаан банкны виза карт 1 ширхэг эд зүйлсийг өөртөө илээр авч буюу дээрэмдэн 200,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч С.Б-ийн цагдаагийн байгууллагад “...Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, “Содмонгол” ШТС-ын хойд талд бусдад дээрэмдүүлсэн...” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р хуудас/,

- Хохирогч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг "Хангай зах"-н замын эсрэг талд байрлалтай "Sweet land" нэртэй шенийн клубд ганцаараа орж үйлчлүүлсэн... 2022 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 03-04 цагийн хооронд гэр рүүгээ явах гэж гарсан...Манай гэр 21-р хороололд байдаг болохоор шөнийн клубээс гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү "С" нэртэй шатахуун түгээх станцын наад талд явж байхад 25 орчим насны нэг залуу над дээр ирээд юм яриад байсан. Би тэр залууд чамайг танихгүй ээ, цаашаа яв гэхэд намайг хоёр гараараа боогоод газар унагаасан. Намайг газар унасан хойно баруун гараар нэг удаа зүүн нүд орчим цохиод, өмдний баруун халаасанд байсан самсунг загварын эс-8 нэртэй гар утсыг маань аваад ертөнцийн зүгээр хойд зүгт алхаж байгаад гүйгээд алга болчихсон...Миний гар утас цэнхэр өнгөтэй, дэлгэцийн ард, урд талд хагарсан байгаа. Мөн хар өнгийн энгийн ар талдаа банкны карт ордог нүхтэй гэр байсан. Би гар утсаа 2022 оны 03 дугаар сард "Теди" худалдааны төвөөс 250,000 мянган төгрөгөөр, харин гар утасныхаа гэрийг 10,000 мянган төгрөгөөр тус тус худалдан авч байсан...Миний зүүн нүд маань бага зэрэг хөхөрсөн байгаа...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...Миний гар утасны гэрний ард талд нь Хаан банкны 1 ширхэг карт байсан, тухайн картыг 10,000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/,

 -Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..М-д Д бид гурав...тус караокеноос 23:00 цаг өнгөрч байхад гараад ертөнцийн зүгээр хойд зүгт Хангай зах"-н замын эсрэг талд байрлалтай шөнийн клуб орсон. Шөнийн клубд ороод бид гурав 0,5 граммын Сэрүүн нэртэй пиво тус тус 3 шилийг ууж хэрэглэсэн. Бид гурав 04:00 цагийн орчимд орж үйлчлүүлсэн шөнийн клубээс гарахаар болоод...Би төлбөр тооцоо төлчихөөд М-д Долгорсүрэн нарын араас гадагшаа гарахад явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/,

 

 

-Гэрч Ш.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн орчим гарсан санагдаж байна. Би хамтран амьдрагч М ын хамтаар түрүүлж гараад буцаж ариун цэврийн өрөө ганцаараа орсон. Тэр хооронд М  нэг үл таних залуутай маргалдсан байсан. Тэгээд Дашбямба гэх залуу түрүүлээд гэртээ харилаа гэж хэлээд... явсны дараагаар М  намайг хардаад Миний баруун нүд орчим баруун гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохичихсон. Тэгээд би М од гомдоод түрүүлээд ганцаараа гэр рүүгээ явсан. М  тус шөнийн клубийн гадаа ганцаараа үлдсэн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, өглөөний 06:00 цагийн орчим гэртээ орж ирээд халааснаасаа самсунг загварын цэнхэр өнгөтэй гар утас гаргаж ирээд өөрийн чемодандаа хийж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 971 дугаартай хөрөнгийн үнэлгээний ...нийт 200,000 төгрөг... гэх тайлан /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,  

-Шүүгдэгч Б.М ын яллагдагчаар өгсөн: “...би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 60-р хуудас/ мэдүүлж байсан.

Хувийн байдлын хувьд оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 37-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 38-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 39-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /41-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.М нь ил аргаар, шууд санаатай үйлдлээр “Самсунг эс-8” загварын гар утсыг С.Б-оос хүч хэрэглэн довтолж, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.М ын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу гар утсыг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэж довтолж ил аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.М ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Батдориг нь эд зүйл болох гар утсаа буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахлуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй: “...Миний үйлчлүүлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгондоо хэрэгт холбогдож байгаа тул согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ болиод одоо ажлаа хийгээд явж байгаа тул гэм буруугаа ухамсарлаад хүмүүжээд явж байна. Миний үйлчлүүлэгч тухайн үед учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас залуу хүний ирээдүйг бодож хорих ялын доод хэмжээнээс харгалзан үзэж хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Иймд миний ялыг багасгаж өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан бөгөөд бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй харьцуулахад хүч хэрэглэн довтлох аргаар, илээр үйлдэгддэг шинж чанар нь нийгэмд илүү хохирол уршиг ихтэй, аюултай гэмт хэрэг тул хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэнд /нүд нь хөхөрсөн тухай хохирогч мэдүүлсэн/, эд хөрөнгийн хохирол учруулсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утсыг хохирогчид буцаан өгсөн ч хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй, эрүүл мэндийн хор уршиг бий болсон зэрэг нөхцөл байдлаас нь дүгнэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Харин шүүгдэгч Б.М ын хувийн байдлын хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол  төлбөргүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Энэ нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцнэ хэмээн шүүх дүгнэсэн болно.  

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч А х овогт Б-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-д 02 жил 01 сарын хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

  

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.УРАНГУА