| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00855/И |
| Дугаар | 155/ШШ2018/01106 |
| Огноо | 2018-06-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2018/01106
| 2018 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2018/01106 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 155/2018/00855/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагч Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Н нь Э.Гтай 2009 онд танилцаж үерхээд хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2016 онд гэрлэлтээ батлуулан хууль ёсны гэр бүл болсон. Хамтын амьдралын эхний жилүүдэд амьдрал хэвийн сайхан үргэлжилж байсан. Харин 2015 оноос миний нөхөр Э.Г нь хоногоор алга болж эхэлсэн бөгөөд архи ууж, агсам тавьж, намайг элдэв зүй бусаар гутаан доромжилж, өөр хүүхэнтэй мессежээр харилцан уулзаж байсныг нь би мэдсэн. Тухайн үед би жирэмсэн байсан бөгөөд намайг хуурч мэхлэн, агсам тавьж дарамталж байсанд нь уурлан цөхөрч амиа хорлоно шүү гэж хүртэл айлгахыг оролдож байсан. Энэ үед би гэр бүлээ аварч үлдэхийн тулд хүүхдээ эцэггүй өсгөхгүйн төлөө эмэгтэй хүний асар их тэсвэр тэвчээр гаргаж байсан. Гэтэл Э.Г нь намайг өөрөө амиа хорлохыг завддаг, гэрийн эд хогшил эвддэг, өөр хүнтэй болж явсан гэх мэтээр худал хуурмаг зүйл бусдад ярьж миний нэр төрийг гутааж байна. Ингээд би 2016 оны 11 сард хүүхдээ төрүүлсэн боловч 2 хоноод эндэж, эмэгтэй хүний хувьд асар их уй зовлонт өдрүүд үргэлжилж байсан энэ цаг хугацаанд Э.Г нь намайг хүүхдээ алсан, төрж чадаагүй гэж өдөр бүр согтуу ирж намайг дарамталж агсам тавьж зайл гэдэг болсон бөгөөд 4-5 хоногоор гэртээ ирэхгүй гадуур хонож зөвхөн хувцсаа солих гэж ирдэг болсон, сүүлдээ бүр гэртээ ирэхгүй чи хэзээ зайлах гэж байна, хурдан зайлаач гэдэг болсон. Энэ бол үнэхээр хүний үнэргүй, увайгүй үйлдэл юм. Э.Г ийнхүү явсаар 2017 оны 12 сараас гэрээсээ явж Б гэгч хүүхэнтэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд намайг гэртээ байхгүй, ажилдаа явсны дараа гэрийнхээ бүх цоожийг сольж, намайг очих газаргүй болгосон. Миний бие Орхон аймагт төрж өссөн бөгөөд Хөвсгөл аймагт ах дүү, төрөл садангүй, хамтран амьдарч амьдралаа өдий хүртэл зохиосон гэтэл надад бие мах бодийн бус боловч сэтгэл санааны гүн шаналал учруулан хүчирхийлэл үйлдэж байгаад гомдолтой байна. Намайг байнгын гутаан доромжилж, хамтын хөдөлмөрөөр одоогийн амьдралаа босгосон атлаа “...Чи муу янхан юутай ирсэн юм бэ, одоо Эрдэнэт рүүгээ зайл” гэж үргэлж хөөж туудаг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргээсээ зайлсхийж, өөр хүүхэнтэй эр эмийн харилцаа тогтоож, үүнийгээ надад ил тодоор зарлаж, одоо тэр хүүхэнтэйгээ хамт амьдарч, намайг сэтгэлийн гүн шаналалд оруулж байгаад би туйлын гомдолтой байна. Одоо энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй. ...Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хамтын амьдралын хугацаанд бий болсон хөрөнгө болох 4-20-06 тоот хаягт байрлах хашаа байшин 30.000.000, автомашин 8.000.000, нийт 38.000.000 төгрөгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч машиныг зарж үрсэн, одоо байхгүй тул машины үнээс ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Э.Гын эд хөрөнгөөсөө надад ногдох хэсэг болох 6.000.000 төгрөгийг өгье гэх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Э.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Энхтайваны Э.Г нь эхнэр болох С.Нтэй 2016 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Хамтран амьдарч байх хугацаанд залуу гэр бүлүүдийн адилаар сайндах, муудах юм хааяадаа гарч л байсан. Харин сүүлийн жилийн хугацаанд бид зан харьцааны тохиромжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний бие ажлын онцлогоор хөдөө орон нутгаар явах болон бусад ажилтай үед хий хоосон хардаж байнгын хэрүүл өдөж, амиа хорлоод чамайг шоронд явуулна гэж сүрдүүлдэг, маргалдах болгондоо удаа дараа амиа хорлохыг завдаж намайг хэрэгт оруулахыг оролддог ... би сүүлийн хугацаанд гэр орондоо тайван амгалан байж чадахгүй, хэрүүл маргаанаас аль болох зайлсхийх болсон. С.Нийн олон удаагийн амиа хорлох үйлдлүүдээс гай болж нэг нь таарвал хэрэгт орж магадгүй гэж бодоод амьдрах урам зориг муутай, сэтгэл санаа тогтворгүй болсон ... Хамтын амьдралын хугацаанд би С.Нийг өмсөж зүүх, идэж уух юмаар дутаахгүй өдий зэрэгтэй сайн сайхан явуулахын тулд ажлынхаа хажуугаар хамаатныхаа цонхны үйлдвэр дээр хагас бүтэн сайн өдөр ажиллаж мөн Т банкнаас удаа дараагийн цалингийн зээл авч /тодорхойлолт хавсаргав/ амьдрал ахуйгаа дээш нь татах гэж хичээж байсан. Одоогийн цалингийн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 3.000.000 төгрөг байгаа. Мөн одоогийн амьдарч байгаа газар болох 4-20-06 тоот хашаа байшин нь миний өвөө Р.П, миний төрсөн ээж Т.Ж нар нь насан өөд болтлоо амьдарч байгаад миний төрсөн дүү Э.Г бид хоёрт өвлүүлсэн. Манай гэр бүлийн 3 дахь үеэрээ амьдарч байгаа хашаа байшин болно... Мөн С.Н нь гэрээс явахдаа гэрийн цахилгаан бараа болон 800.000 төгрөгөөр авсан Acer i3 суурин компьютер зэрэг гэрийн эд зүйлийг авч явсан. С.Н бид хоёрын хамтын амьдралын хугацаанд шинээр бий болсон барьсан буюу худалдаж авсан хашаа байшин байхгүй бөгөөд хамтын хөдөлмөр эрхэлж аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлогын мөнгөн хуримтлал хадгаламж хувьцаа зэрэг гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байхгүй юм. Нэхэмжилж байгаа энэ автомашин одоо байхгүй худалдаж борлуулсан ба худалдсан үнээрээ бид хоёр амьдарч байх хугацаандаа тавьсан өрөө дарсан. Үүнийг С.Н мэдэж байгаа. Хэдийгээр нэхэмжилж байгаа хашаа байшин миний хуваарьт хөрөнгө боловч багагүй хугацаанд хамт амьдарч байсан тул түүнд би 6.000.000 төгрөгийг гаргаж өгч болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Э.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2009 онд гэр бүл болж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Нийн гэрлэлт цуцлуулахыг хүссэн шаардлагыг хариуцагч Э.Г хүлээн зөвшөөрч байх бөгөөд талууд цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй учир эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.
Нэгэнт гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй болсон гэх тайлбар, нэхэмжлэгч хариуцагч нар нь 2018 оны 2 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа байдал, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл зэргийг үндэслэн шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй байна гэж үзэж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр С.Н, Э.Г нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах 116 квадрат метр талбайтай хувийн сууц болон 705.3 квадрат метр талбай бүхий өмчилсөн газрыг 30.000.000 төгрөгөөр, prius 20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай автомашины 8.000.000 төгрөгөөр тус тус үнэлж дээрх хөрөнгөөс өөрт ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч С.Н нь 8.000.000 төгрөгийн үнэ бүхий prius 20 маркийн 0000 ХӨҮ улсын дугаартай автомашинаас өөрт ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 6.000.000 төгрөг авахаар хариуцагч Э.Гтай харилцан тохиролцож зохигч эвлэрч байх бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Нээс 6.000.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Э.Гаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөх 70.200 төгрөг, 6.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110.950 төгрөг, нийт 181.150 гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С.Н, Э.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч С.Нт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг өгөхөөр зохигч эвлэрснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Э.Гаас 181.150 /нэг зуун наян нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Нт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН