МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Э.Эрдэнэцэцэг
Улсын яллагч: Ж.Очирбат
Хохирогч: О.Ууганбаатар
Хохирогчийн өмгөөлөгч: Ч.Сайнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар
Шүүгдэгч: С.Дугарбаатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дугарбаатарт холбогдох эрүүгийн 201612000096 тоот хэргийг 2016.08.03-ны өдөр хүлээн авсныг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1977.08.03-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн Засаг дарга ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р баг Нарлаг дэнжийн 8-1-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЕЙ77080310/ Рандал овогт Сүхбаатарын Дугарбаатар нь догшин авирлаж танхайрах буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Дугарбаатар нь 2016 оны 4 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд Сумын Тамгын газрын урд талд байрлах дэлгүүрийн үүдэнд хохирогч О.Ууганбаатарын нүүрэн тус газарт нь нэг удаа цохьсон, мөн сумын төвийн зүүн урд талд байрлах суварганы зүүн урд талд хохирогч О.Ууганбаатарыг зодож, улмаар хохирогч О.Ууганбаатарын бие махбодид “зүүн дээд үүдэн 1 дүгээр шүд унасан, баруун дээд 1-р шүд суларсан” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Ууганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: 2016 оны 4 сарын 28-ны өглөө би сум орсон. Түвдэндорж гэдэг найзтайгаа дэлгүүрийн үүдэнд зогсож байтал Дугараа ах ирсэн. “Чи хөдөө явдаггүй юм уу, хэзээ ирсэн юм” гэж надаас асуухад “Би өглөө ирсэн, одоо ингээд явлаа” гэсэн. Тэгтэл “Хонь мал чинь хэцүүдлээ, чи одоо яв” гэхээр нь би “явах явахгүйгээ таниар заалгах юм уу” гэтэл “чи өөдөөс ямар их юм ярьдаг юм, дагаад ир” гээд бид 2-ыг дагуулаад явсан. Сумын төвийн урд суварганы цаана очоод намайг буугаад ир гэсэн. Би буугаад очтол цохьсон. Цохиход миний шүд ойчсон. Миний шүд ойччихлоо гэхэд “би мэдэж байна. Нэг шүд 250000 төгрөг байдаг юм” гэж хэлээд 2, 3 цохьсон. Энэ хүн ялыг нь хөнгөрүүлж өгөөч. Учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Гомдол саналгүй гэв.
- Хохирогч Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-15, 77/
- Гэрч Н.Түвдэндоржийн: ... 2016.04.28-ны өдөр О.Ууганбаатартай сумын төвд тааралдаад бид 2 дэлгүүр орох гэж яваад дэлгүүрийн үүдэнд Дугарбаатартай тааралдсан. Дугарбаатар нь Ууганбаатарыг чи хэзээ ирсэн юм, малаа яасан гээд л цохиод авсан. Тэгээд чи намайг дагаад яв гээд машинтай хөдлөөд явсан, араас нь бид 2 дагаад явсан. Сумаас зүүн урагш суварганы зүүн урд очоод Дугарбаатар нь машинаасаа буугаад Ууганбаатарыг зодоод эхэлсэн. Дугарбаатарыг нилээн зодсон тэгээд сумруу орцгоосон. Тэгж муудалцаж байхад Ууганбаатарын нэг шүд унасан тэгсэн чинь Дугарбаатар нь чиний шүдийг би бэлэн төлөөд өгье гээд мөнгө гаргаж ирсэн. Тэрнийг нь Ууганбаатар аваагүй гэх мэдүүлэг, /хх-18/
- Гэрч Ж.Дашдондовын : ... Ууганбаатар нь сумын төв рүү алга болоод байхаар нь манай багийн дарга болох Дугарбаатарт Ууганбаатарыг нааш нь явуул гэж хэд хэдэн удаа утасдаж хэлсэн. Дугарбаатарт багийн дарга, бас хамаатан болохоор нь л хэлсэн юм. Би Дугарбаатарт Ууганбаатарыг нааш нь явуул л гэж хэлсэн, бусдаар бол зод гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх-19/
- Шинжээчийн 2015.11.10-ны өдрийн №16021 тоот дүгнэлтэд: О.Ууганбаатарын биед зүүн дээд 1-р шүд унасан, баруун дээд 1-р шүд суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувиар нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-24/
- Шинжээчийг байцаахад: 2016.05.26-ны өдөр О.Ууганбаатар нь өөрийн биеэр ирж үзлэг хийлгэсэн. Үзлэг хийхэд Ууганбаатар нь 2016.04.28-ны өдөр хүнд зодуулсан, одоо толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан, хэсэг газрын үзлэгээр Ууганбаатарын зүүн дээд 1-р шүд унасан буйл хонхор, баруун дээд 1-р шүд суларсан гэмтэл тогтоогдсон. Үүнийг үндэслэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэрэгт хамааруулсан.” гэж мэдүүлжээ. /хх-26/
Улсын яллагчаас шүүгдэгч С.Дугарбаатарыг 2016 оны 4 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвд болон Говь-Угтаал сумын зүүн урд талд Суваргын зүүн урд талд “хохирогч О.Ууганбаатарыг хөдөө явсангүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож улмаар зүүн дээд 1 дүгээр шүдийг нь унагаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж үзэж /хх 82-85/ Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Дугарбаатар нь хохирогч О.Ууганбаатарыг “мал, гэрээ харж хайхарсангүй, архи уулаа” гэх шалтгаанаар зодсон үйлдэл нь тодорхой сэдэлттэй байсан нь:
- гэрч Ж.Дашдондовын : ... Ууганбаатар нь сумын төв рүү алга болоод байхаар нь манай багийн дарга болох Дугарбаатарт Ууганбаатарыг нааш нь явуул гэж хэд хэдэн удаа утасдаж хэлсэн. Дугарбаатарт багийн дарга, бас хамаатан болохоор нь л хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-19/
- гэрч Б.Ганчимэгийн “Би 2016.04.27-ны өдөр Улаанбаатар хотруу өөрийн хүүгийн үсэглэлийн баярт явчихаад 2016.05.03-ны өдөр гэртээ ирэхэд манай нөхөр Ууганбаатарын нэг нүд хөхөрсөн, үүдэн шүдний нэг нь уначихсан, нэг нь хөдөлчихсөн, толгой нь хавдчихсан байсан тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Дугарбаатар ах намайг хөдөө гэррүү явсангүй гээд зодсон гэж хэлсэн. Ууганбаатар хааяа нэг л архи уудаг нэг их олон хоногоор алга болоод байдаггүй, ихдээ 2,3 хоног явдаг, энэ үйлдэл нь олон биш байдаг. Манай нөхөр 2016.04.27-ны өдөр намайг явуулж өгчихөөд гэртээ очиж хоночихоод өглөө нь сумын төв дээр ирээд байж байхад нь зодсон байсан. Дугарбаатар манай нөхөрт зүгээр л хэлээд явуулчихгүй хөдөө дагуулж гарч байгаад шүдийг нь унатал нь зодсон байсан.” гэх мэдүүлэг /хх-16/,
- хохирогч О.Ууганбаатарын “Дугарбаатар ах миний төлөө ийм зүйл хийсэн байх, миний буруу бас байгаа. Дугарбаатар намайг хөдөө гэрлүүгээ явсангүй, хөдөөнөөс 2 хөгшин над руу утасдаад байна гэж хэлээд ийм асуудал болсон. Анх над дээр ирээд хөдөө яв гэхэд нь би өөдөөс нь явах явахгүйгээ таниар заалгах юмуу гэж хэлэхэд чи яасан ухаангүй хүн бэ ахынхаа өөдөөс ингэж хэлж болдог юм уу гэж хэлээд энэ асуудал болсон. Надад мөнгө өгөөгүй, хэдэн төгрөг байсныг мэдээгүй, намайг зодсоныхоо дараа миний дүү одоо хөдөө яв, ахыгаа уучлаарай би шүдийг чинь хийлгэж өгнө гээд нэг сав пиво авч өгөөд, өөрөө дээрээс нь нэг аягыг уучихаад явсан” гэх мэдүүлэг /хх-15/,
- гэрч Л.Нарантуяагийн “Ууганбаатар сумын төв дээр архи уугаад мал дээрээ ирэхгүй байна гэж манай нөхөр лүү Ууганбаатартай хамт байдаг Дашдондов, түүний хөгшин нь болох Лутбат нар 2-3 удаа утасдаж Ууганбаатарт гэртээ харь гэж хэлээд өгөөч гэж гуйсан.Үүний үр дагаварт ийм зүйл боллоо.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ болон
- шүүгдэгчийн өөрийнх нь “Ууганбаатарыг сумын төв дээр архидаад байна, бидний үгэнд орохгүй байна гэж ар гэр нь болох Ж.Дашдондов, Б.Лутбат нар нь удаа дараа ярьж байсан. Над руу ярихдаа Ууганбаатар сумын төв дээр хичнээн хоног архи уугаад, мал төллөх үеэр, малаа эзэнгүй хаячихаад алга болоод байна гэж хэлсэн. Би Ууганбаатарын эхнэр Б.Ганчимэгтэй нь тааралдаад яагаад малаа хаяад суман дээр бөөн бөөнөөрөө яваад байгаа юм гэхэд, эхнэр нь Ууганбаатар суман дээр архи уугаад миний үгэнд орохгүй, хөдөө явж өгөхгүй байна, би өөрөө явж байна гэж хэлсэн. Тэрний дараа нь би сумын төв ороход Ууганбаатар нь айлд тасраад унасан байсан. Би тэр үеэр өөртэй нь уулзаж чадаагүй. Тэрнээс хэд хоногийн дараа сумын төв дээр Ууганбаатарыг согтуу явж байхаар нь чи яасан их архи уудаг юм бэ гэж хэлээд өнгөрч байсан. Тэрний дараа буюу 2016.04.28-ны өдөр Ууганбаатартай Оюунцэцэг худалдагчтай Батаагийн дэлгүүрийн гадаа тааралдахад Ууганбаатар нь ардаа Түвдэндоржийг сундалчихсан 2-улаа халамцуу явж байсан. Ууганбаатар их халуун өдөр болж байхад үстэй дээл өмсчихсөн байсан.Тэгэхээр нь Ууганбаатарт ийм халуун өдөр үстэй дээл өмсчихсөн архи уугаад, мал төллөж байхад малаа хаяад явж байдаг чам шиг арчаагүй амьтан байна уу, хөдөөнөөс өвгөн хөгшин чинь удаа дараа утасдаад байна хариач гэж загнахад миний яаж явах танд хамаагүй, хөдөө явах явахгүй нь танд хамаагүй гэж өөдөөс хэрэлдэхээр нь миний ахын хүүхэд болохоор нь сургамж өгөх зорилгоор, чи яасан их өөдөөс хэрэлддэг юм араас дагаад яв гэж хэлээд сумын төвөөс зүүн урагшаа суварганы зүүн дээр гарч Ууганбаатарыг нэг удаа цохиход үүдэн шүд нь унасан тэрнээс өөр зүйл болоогүй. Ж.Дашдондов нь манай аавын төрсөн дүү, харин Ууганбаатар нь Ж.Дашдондовын дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Ууганбаатар нь Ж.Дашдондов, Б.Лутбат нар дээр хар багаасаа өссөн. Ж.Дашдондов, Б.Лутбат нар нь удаа дараа надад Уууганбаатарыг багадаа их гайгүй хүүхэд байсан, одоо их архи уугаад үгэнд орохоо байсан чи ахын хувьд үг хэлж өгөөч гэж хэлэхээр нь сургамж өгөх зорилгоор нэг удаа цохиход шүд нь унасан. Бусдаар бол Ууганбаатар бид 2-ын дунд өс хонзон, өр авлага байхгүй” гэх /хх-39/ мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлыг шинжлэн судлаад шүүх шүүгдэгч С.Дугарбаатарыг хохирогч О.Ууганбаатарын удаа дараа архи ууж, малаа харж хандахгүй хаяж явдаг зүй бус үйлдлийг болиулах шаардлага тавьж, урдаас хэдэрлэлээ гэж О.Ууганбаатарыг зодож, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тодорхой сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч С.Дугарбаатарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Дугарбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, Говь-Угтаал сумын Засаг даргын 2016.06.03-ны өдрийн 1/106, 2016.06.23-ны өдрийн 1/118 тоот тодорхойлолтоор /хх- 42, 43/ тус тус тогтоогдож байна.
Хохирогч О.Ууганбаатар нь шүдний төлбөр 500000 төгрөгөөс гадна мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд ирсэн зардал, өмгөөлөгчийн хөлс 250000 төгрөгийг нэхэмжилж, “Хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгснийг шүүгдэгч С.Дугарбаатар төлж барагдуулсан болох нь Баянномгон шүдний эмнэлгийн 2016.06.12-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт” /хх-60/, 2016.06.13-ны өдрийн Хаан банкны зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-61,62/, өмгөөлөгч авсны хөлс 250000 төгрөг, унааны зардал 95250 төгрөг, нийт 345250 төгрөг О.Ууганбаатарт хүлээлгэн өгсөн баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Дугарбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй зан байдлаас /ах хүний өөдөөс хэдэрлэж, ярдагласан г.м/ гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Хэргээс үзэхэд О.Ууганбаатарын “...бид 2 харилцан тохиролцсоны үндсэн дээр бие биедээ гомдол саналгүй болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг мөрдөн байцаагч “уг хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа” үндэслэлээр хангахаас татгалзаж байсан /хх-66, 67/ ба хэргийн материалтай өмгөөлөгчийн хамт танилцаад “С.Дугарбаатараас нэхэмжлэх төлбөр байхгүй. Ямар нэг гомдол санал байхгүй. Иймд шүүх хуралд оролцохгүй” гэсэн тайлбар /хх-80/ гаргаж байжээ. Мөн шүүх хуралдааны явцад “С.Дугарбаатарт гомдол тэмцэл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 эвлэрч байгаа болно” гэсэн баримт гаргаж өглөө.
Дээрх хүсэлтүүдийг хохирогч О.Ууганбаатар нь өмгөөлөгчөө байлцуулан гаргаж байсан тул хохирогч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр С.Дугарбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөхөөр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хохирогч О.Ууганбаатар нь бичиг мэдэхгүй этгээд байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг зөрчиж өмгөөлөгчгүй байцаалт авсан нь буруу гэж үзэж прокурорын 2016.06.30-ны өдрийн 23 дугаартай яллах дүгнэлт, 2016.05.27-ны өдөр О.Ууганбаатарыг хохирогчоор байцаасан байцаалтыг прокурорын тогтоолоор /хх-73, 75/ хүчингүй болгосон нь хэргийн 73, 75 дугаар хуудсан дахь баримтаар тогтоогдож байна.
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасанд нийцэж байх тул хэргийн 13-14 дүгээр хуудсан дахь хохирогчийг байцаасан 2016.05.27-ны өдрийн тэмдэглэл, мөн хэргийн 6-7 дугаар хуудсан дахь О.Ууганбаатараас авсан тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлээгүйг энэхүү тогтоолын “Тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283- 285, 290 дүгээр зүйлийн 290.3, 297-299, 301, 304 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Дугарбаатарт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
- Шүүгдэгч Рандал овогт Сүхбаатарын Дугарбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг баримтлан шүүгдэгч С.Дугарбаатар нь хохирогч О.Ууганбаатартай эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ялаас чөлөөлж, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
- Хохирогч нь гомдолгүй, хохиролд 845200 төгрөг хүлээн авсан болохыг тус тус дурьдсугай.
- Шүүгдэгч С.Дугарбаатар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасныг журамлан шүүгдэгч С.Дугарбаатарт холбогдох 201612000096 тоот хэргийн 6-7, 13-14 дүгээр хуудсан дахь хохирогч О.Ууганбаатарын тайлбар мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурьдсугай.
- Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
- Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дугарбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ