Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0509/З |
Дугаар | 221/МА2024/0143 |
Огноо | 2024-02-29 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0143
2024 оны 02 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2024/0143 | Улаанбаатар хот |
“З*** р***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “З*** р***” ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/591 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0870 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*** нар.
Хэргийн индекс: 128/2023/0509/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З*** р***” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/591 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0870 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З*** р***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/591 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь маргаан бүхий тушаалын үндэслэл болоогүй хуулийн зүйл заалтыг иш татан дүгнэсэн буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй,
3.2 Мөн шүүх “нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ боловсруулсан, аялал жуулчлалын цогцолбор барих загвар зургийг боловсруулсан, гэрээ байгуулсан зэрэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлд хамаарахаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна,
3.3 Улсын Их Хурлын 2023 оны 8 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хамтран Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийн асуудлыг шийдвэрлэсэн. Үүний дагуу “З*** р***” ХХК-ийн ашиглаж байсан маргаан бүхий газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарахаар болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас шийдвэр гаргах боломжгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
3.1. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/591 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус үндэслэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/676 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн амны хязгаарлалтын бүсэд “З*** р***” ХХК-д олгосон 13 га газрын ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1521 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, ...”тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг чөлөөлөх үндэслэлээр хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэсэн.
3.2. Нэхэмжлэгч “З*** р***” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалыг эс зөвшөөрч “... “З*** р***” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2021/188 тоот гэрээг байгуулсан тул энэхүү хугацаа /2021.09.15-ны өдөр/-аас эхлэн 2 жилийн хугацааг тооцох /2021.09.15-2023.09.15/ ёстой бөгөөд уг хугацаа дууссан өдрөөс эхлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх төрийн захиргааны байгууллагад үүсэх байтал Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа дуусахаас өмнө зориулалтын дагуу 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзлалын үндэслэлээ “...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1521 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал нь хамгаалалтын захиргааны дээрх албан бичгээр тогтоогдохоос гадна газар ашиглах эрхийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар олгосон байхад түүнээс хойш 1 жил орчим хугацааны дараа газар ашиглах гэрээ байгуулж, түүнээс хойш 2 жилийн хугацааг тоолох боломжгүй, газар ашиглах гэрээ байгуулах нь сайдаас шалтгаалаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тулгуурт гүүрэн байгууламж” барих нөхцөл шаардлага бүрдсэн гэсэн төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргаас хамтарч ажиллах хүсэлтийг ирүүлснийг үндэслэн энэхүү тушаал гарсан” хэмээн тус тус тайлбарлан маргасан.
4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж,
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болно гэж,
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
5. Маргаан бүхий үйл баримтын хувьд, анхан шатны шүүх “... хариуцагчаас нөхцөл байдлыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргах ажиллагааг хийгээгүй, эрх нь хөндөж болзошгүй этгээдийг оролцуулан тайлбар, санал гаргах боломжийг олгох үүргээ биелүүлээгүй” хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч “З*** р***” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд байрлах “аялагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох, зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалт бүхий 13 га газрыг уг зориулалтын дагуу ашиглахаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулан, газраа хашаалж, цахилгаан тог татах, гүний худаг гаргах болон барилгын эскиз зураг боловсруулж батлуулах зэрэг үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлж явсан болох нь,
нэхэмжлэгчээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан журмын дагуу захиргааны байгууллагатай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан бөгөөд тухайн гэрээг байгуулснаас хойш хуульд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй байхад хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
7. Нэгэнт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацаа болоогүй байхад захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус. Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн болохыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хангалттай тодорхой тогтоосон хэдий ч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтласан нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0870 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “40.1.1” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА