Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1649

 

МАГАДЛАЛ

 

 

 

 

 

 

2017.7.21                                              Дугаар 1649                                        Улаанбаатар хот

И.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01008 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Уранзаяад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 9 002 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Орхон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Ц.Уранзаяа нь И.Оюунгэрэлээс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 7 000 000 төгрөгийг сарын 6 сарын хугацаатай зээлсэн. 7 000 000 төгрөгийг Ц.Уранзаяагийн эзэмшлийн 5079080401 тоот дансанд шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүд 3 360 000 төгрөгийг Ц.Уранзаяа төлсөн. Ц.Уранзаяа нь зээлийн гэрээг сунгах хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бичгээр гаргаснаар гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан. Ц.Уранзаяа нь үндсэн зээл         7 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлөгдөх байсан зээлийн хүү, мөн 11 дүгээр сарын 07-ны өдөр, 12 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын      07-ны өдөр төлөх байсан зээлийн хүү 2 002 000 төгрөг нийт 9 002 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзээд үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжилж байна. 7 000 000 төгрөг зээлсэн, зээлийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл авсан гэх баримт үйлдэж, мөнгө зээлж авсан тухайд маргахгүй байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Зээлдүүлэгч нь зээлдэгчид 7 000 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлдэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн дагуу шаардах эрх үүсч болох юм. Нэхэмжлэлд дурдаж байгаа хариу үүрэг болох зээлийн хүү шаардах эрх зээлдүүлэгчид үүсэхгүй байна. Зээлийн гэрээгээр талууд харилцан тохирч хүү тохирч болох бөгөөд, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр гэрээ байгуулах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-д тус тус заасан. Ц.Уранзаяагийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээл авсан баримт, зээлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг тус тус өгсөн байгаа. Зээлийн гэрээ нь бүх гэрээний адил зөвшилцөл дээр тулгуурлана. Харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан гэрээний тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Уранзаяагаас 8 680 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 322 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар И.Оюунгэрэлд холбогдох зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан Ц.Уранзаяагийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 982 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 158 982 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 153 830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: "Зээл авсан баримт" гэх хавтаст хэрэгт авагдсан баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 42 дугаар зүйлд зааснаар гэрээний стандарт шаардлагыг хангасан гэрээ биш. Хүү тооцсон зээлийн гэрээний шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл энэхүү "Зээл авсан баримт"-аар нэхэмжлэгчид хүү авах эрх үүсэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч И.Оюунгэрэл нь хариуцагч Ц.Уранзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 002 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн хугацаанд 3 360 000 төгрөг төлсөн ба 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 6 сараар сунгасан боловч хугацаандаа зээлийг төлөөгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбартаа “...зээлийн хүү шаардах эрхгүй...” гэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Иймд хариуцагчийн “...хүү төлөх ёсгүй...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 153 830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                                              ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

 

                                                                                М.НАРАНЦЭЦЭГ