| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0690/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/686 |
| Огноо | 2022-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/686
2022 5 30 2022/ШЦТ/686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Ундрах,
өсвөр насны шүүгдэгч Б.Б.......а, түүний хууль ёсны төлөөлөгч Х.У.......а, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00724 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Галзуут овогт Буянбат-Эрдэнийн Б.......а, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын 2005 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 16 настай, эмэгтэй, суурь боловсролтой, , ...........................аг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б.......а нь үргэлжилсэн үйлдлээр “Ариутгалын ажилтан авна” гэсэн зар байршуулж улмаар хохирогч нарыг “...бүртгэлийн хураамж өгөх шаардлагатай...” гэж хуурч
- 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух хохирогч Б.З......раас 20.000 төгрөгийг А.О.......лийн “ХААН хаан банкны ............... тоот данс руу шилжүүлж авсан,
- 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо .......... тоотод оршин суух М.Д.........нгээс 60.000 төгрөгийг А.О.......лийн “ХААН хаан банкны ............... тоот данс руу шилжүүлж авсан буюу нийт бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Б.......а нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ............... тоотод амьдарч байхдаа олон нийтийн цахим сүлжээ буюу Фейсбүүкт “Ochgerel Gerel” нэртэй хаяг үүсгэн улмаар тухайн хаягаараа дамжуулан цахим сүлжээнд “Ариутгалын ажилтан авна” гэсэн зар байршуулан, зарын дагуу холбогдсон Б.З......р, М.Д.........н нараас “...бүртгэлийн хураамж....” нэрээр 20.000 төгрөг болон 60.000 төгрөг төлөх шаардлагатай гэж итгэл төрүүлсэн. Улмаар тэдний итгэлийг батжуулах үүднээс өөрийн фейсбүүкт нээсэн цахим хаягийн нэртэй ижил буюу гэрийнхээ ойролцоо хүнсний дэлгүүр ажиллуулдаг А.О.......лийн дансны дугаарыг өгч Б.З......р нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 20.000 төгрөг, М.Д.........н нь 2022 оны 3 дугаар 29-ний өдөр 60.000 төгрөгийг тус тус түүний өгсөн 5303..2989 дугаарын данс луу шилжүүлүүлэн авсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Адъяагийн О.......лийн ХААН банкны 5622...1994 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 03/27/2022..., харьцсан данс 5303...289..., цаг: 09:41..., хуулгын агуулга: АТМ1266.., орлого: 20.000...” гэх баримт (хавтаст хэргийн 36 дахь тал),
- Адъяагийн О.......лийн ХААН банкны 5622...1994 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 03/29/2022..., харьцсан данс 5735...2869..., цаг: 09:04, 09:22..., хуулгын агуулга: 95966273..., орлого: 20.000, ...40.000...” гэх баримт (хавтаст хэргийн 39 дэх тал)
- Мөнхдалай овогт Д.........нгийн ХААН банкны 5735...869 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 03/29/2022..., харьцсан данс 5622...1994..., цаг: 09:04, 09:22..., хуулгын агуулга: 95966273..., зарлага: 20.000, ...40.000...” гэх баримт (хавтаст хэргийн 42 дахь тал),
- Гэрч А.О.......лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 9 цаг 41 минутад манай ойролцоо амьдрах Б.Б.......а гэх эмэгтэй хүүхэд дэлгүүрээр үйлчлүүлэхдээ би танайхаас хүнсний зүйл авчихъя харин би таны тооцоог хийхдээ данснаас шилжүүлчихье гэж хэлээд миний өөрийн эзэмшлийн ХААН банкны 5622371994 дугаартай данс руу Б.З......р эзэмшигчтэй хаан банкны 5303422989 дугаартай данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн байсан ба 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 9 цагийн үед мөн манай дэлгүүрээр дээрх нэр дурдсан эмэгтэй хүүхэд үйлчлүүлэхдээ миний өөрийн эзэмшлийн тус дансаар өдөр М.Д.........н эзэмшигчтэй банкны 5735202869 дугаартай данснаас 20.000 төгрөгөөр нэг удаа, 40.000 төгрөгөөр нэг удаа гүйлгээ хийгдэж нийт 60.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн юм. Надад тухайн үед Б.Б.......а гүйлгээ хийхдээ би эгчээ онлайн шоп ажиллуулж байгаа юм таны дансаар гүйлгээ хийгдэж байгаа мөнгөнүүд надаас худалдан авалт хийж байгаа хүмүүсээс ирж байгаа мөнгө юм шүү надад карт байхгүй учраас таны дансыг ашиглах шаардлагатай гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
- Хохирогч Б.З......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр... Ochgerel Gerel нэртэй фейсбүүк хаягд “Ариутгалын ажилтан авна” гэсэн зар байршуулсан байхаар нь дүүгээ ажилд оруулах санаатай тухайн хүнтэй чатаар холбоо тогтоогоод ахдаа хэлчих гэж байсан юм. Тэгтэл манай дүү нөгөө хүнтэй чатаар холбогдоод ахаа би ажилд орохоор болсон та бүртгэлийн хураамж 20.000 төгрөгийг явуулах шаардлагатай байна гээд надад ХААН банкны 5622371994 дугаартай А.О.......л эзэмшигчтэй дансыг хэлэхээр нь за тэгвэл ах нь ажилдаа явах замдаа ойрхон АТМ-с дээрх мөнгөн дүнгээр наад хүн рүү чинь шилжүүлчихье гэж хэлээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний зах” сүлжээ дэлгүүрийн дэргэд байрлах ХААН банкны АТМ-с шилжүүлсэн юм. Тэгээд удалгүй дүү над руу ярьж нөгөө хүн чинь миний хаягийг блоклоод холбоо барихгүй чат бичихгүй болчихлоо гэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),
- Буджавын З......рын ХААН банкны 5303...989 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...гүйлгээний огноо: 03/27/2022..., харьцсан данс 5622...1994..., цаг: 09:41..., хуулгын агуулга: 77676..., зарлага: 20.000...” гэх баримт (хавтаст хэргийн 75 дахь тал),
- Хохирогч М.Д.........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 9 цагийн үед...Д.Мамба нэртэй фейсбүүк цахим хаягаасаа ажлын зар хайж байтал “Ochgerel Gerel” нэртэй фейсбүүк хаягд “Ариутгалын компанид ажилд авна” гэсэн зар байршуулсан байхаар нь чатаар холбогдож асууж тодруулахад надад хэлэхдээ тухайн ажлын хөлс нь 2 цаг ажиллахад 200.000 төгрөг өгөх боломжтой ба хураамж 20.000 төгрөгийг төлөх шаардлагатай гэхээр нь эхний ээлжид тус мөнгийг шилжүүлсэн ба дахин 40.000 төгрөгийг 10-16 цагийн хооронд ажиллах юм бол 600.000 төгрөгийг өгнө гэж хэлээд авсан юм. Ингээд миний нийт хохирол 60.000 төгрөг болж байгаа ба тухайн үед надтай чаталж байсан хүн ХААН банкны 5622371994 дугаартай Адьяагийн О.......лийн эзэмшлийн дансыг явуулахаар нь би өөрийн интернэт банкаар нийт дээрх мөнгөн дүнгээр шилжүүлсэн юм...Тэгтэл удалгүй над руу чатаар 88673487 гар утасны дугаартай Энх-Од гэх хүн байгаа гэж хэлээд миний фейсбүүкийг блок хийсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
- Өсвөр насны шүүгдэгч Б.Баянзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 41 минутад Одбаяр Одко нэртэй фейсбүүк хаягаас над руу ажилд оръё гэсэн чат бичсэн байхаар нь эргээд чатаар холбогдож ариутгалын ажил байна 2 цагийн 200.000 төгрөгийн цалинтай тул хувцасны хураамж 20.000 төгрөгийг ХААН банкны 5622...1994 дугаартай А.О.......л эзэмшигчтэй данс руу шилжүүлнэ үү гэж хэлээд гүйлгээг хийлгэсэн. Мөн үүнтэй адилхан аргаар буюу 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 04 минутад М.Дамба нэртэй хаягаас над руу ажилд оръё гэсэн чат бичсэн байхаар нь би чатад хариуд нь бичихдээ ариутгалын ажил байна тухайн ажил нь 2 цагийн 200.000 төгрөгийн цалинтай тул та эхлээд хувцасны мөнгө 20.000 төгрөгийг ХААН банкны 5622371994 дугаартай А.О.......л эзэмшигчтэй данс руу шилжүүлнэ үү гэж хэлээд гүйлгээг хийлгэсэн. Тэгээд тухайн хүнд дахиад та 4 цаг ажиллахаар бол дээрх данс руу 40.000 төгрөгийг шилжүүлнэ үү гэхэд мөн адил гүйлгээ хийгдэж данс руу нийт 60.000 төгрөг залилсан юм би нийт хоёр хүнээс 80.000 төгрөгийг залилсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-87 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл өсвөр насны шүүгдэгч Б.Б.......а нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Б.Б.......аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Өсвөр насны шүүгдэгч нь хохирогч М.Д.........нд учруулсан 60.000 төгрөг, Б.З......рт учруулсан 20.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Өсвөр насны шүүгдэгч Б.Б.......аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Өсвөр насны шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Өсвөр насны шүүгдэгч Б.Б.......аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Өсвөр насны шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22, 25 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 16 дахь тал), нас тоолсон тэмдэглэлд (хавтаст хэргийн 17 дахь тал), Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б.......ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, түүнчлэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан, улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялаас чөлөөлөх нь түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00724 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Галзуут овогт Буянбат-Эрдэнийн Б.......аг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б.......аг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б.......аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ