Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/685

 

 

 

 

 

 

 

      2022           5             30                                      2022/ШЦТ/685

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч А.О...........л, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн

шүүгдэгч Б.А...........т нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Харчин овогт Б........аагийн А...........тад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2203 0000 00199 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчин овогт Б........аагийн А...........т, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1984 оны 2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо хувиараа жолооч хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Алтай ............................. тоотод түр оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А...........т нь Толгойтын гудамж хуучин эцсийн “Төвшин” хүнсний дэлгүүрийн урд талын замд “Toyota Prius” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1д заасан заалтыг зөрчиж, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч явсан явган зорчигч А.О...........лийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.А...........т нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Toyota Prius маркийн ............ улсын дугаартай Г.И............лийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг түүний эцэг Пүрэвсүрэнгийн зөвшөөрлийн дагуу жолоодон Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын гудамж буюу Толгойтын хуучин эцсийн орчим ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй гэр хорооллын дундах замаар явж байсан байна. Ийнхүү явж байгаад төв зам зорчих хэсэг рүү нийлэхээр баруун гар тийш эргэхдээ буюу “Төвшин” хүнсний дэлгүүрийн урд талын замд 10 цаг 52 минутын орчим ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй явган хүний зохицуулдаггүй гарцаар гарж явсан А.О...........лийг тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөж биед нь баруун бугалга ясны далд хугарал, зүүн сарвуунд зулгаралт, баруун өгзөгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг осол гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын гудамж Төвшин хүнсний дэлгүүрийн урд замд үйлдэгдсэн байв... Toyota Prius маркийн ........ улсын дугаартай автомашин хүн мөргөсөн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-08 дахь тал)

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСNC11493769 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 99664742, ...Дуудлага хүлээн авсан: 2022-3-18 11:16:42, ...Дуудлагын утга: ............ улсын дугаартай Toyota Prius маркийн машин хүн мөргөчихсөн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 11 дэх тал),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Төвшин дэлгүүр” нэртэй бичлэг эхлэхэд гадаа цаг агаар тогтуун зогсоолын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа нь харагдаж байна. Бичлэг эхлэхэд өдөр харагдахгүй, 10:52:40 цаг зааж Байна.

1. 10:52:42 цагт явган зорчигч хойноосоо урагш чиглэлд явган хүний гарц руу орж 2 дугаар эгнээнд алхаад орох үед зорчих хэсэг рүү баруун гар тийш эргэж орсон автомашин шууд ирээд мөргөж байна...10:52:57 цагт явган зорчигч газарт унаад автомашин урагш яваад зогсож байгаа нь харагдаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь),

 

- Хохирогч А.О...........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад Хархорин зах дээр түрээсэлдэг лангуун дээрээ очих зорилгоор ганцаараа гараад толгойтын хуучин эцсээс автобусанд суух гээд явж байсан. Зам гарахын өмнө нэлээн урд талд Нарангийн гол гэсэн автобус ирж байгаа харагдахаар нь би хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар гарч байсан. Хойноосоо 1 дүгээр эгнээг дуусаад 2 дугаар эгнээ рүү ороод явж байтал гэнэт араас автомашин мөргөөд би газарт ар дагзаараа унасан. Гар мөр л эргээд явчих шиг болсон. Машин нь зогсоод жолооч нь бууж ирээд хоёулаа эмнэлэг явъя эгчээ гээд байсан. би өөрийнхөө зүүн гараараа баруун гараа өргөж сойсон. Би цүнхэнд утсаа хийсэн байсан бөгөөд тэр хавьд байсан хүмүүс миний утсаар хүүхэд рүү залгаж дуудсан. Удалгүй түргэн ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Гэмтэл дээр очиход зураг аваад баруун гарын эгэм, мөр хэсгийг гипстэйд эмнэлэгт хэвтүүлсэн...Гэмтэлд 4 хоног хэвтээд гараад Цамбын хойно байх Нандин ухаан гэх хувийн эмнэлэгт 9 хоног хэвтсэн. Одоо баруун гар, мөр гипстэй байсан. Толгой их өвдөж байна. Сүүж түнхний хувиар цагийн тарианаас болоод маш их өвчтэй байн. ...одоогоор 2.600.000 төгрөг зарцуулаад байна. Цаашид хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна...Эрүүл мэнд болон эдийн засгаараа маш их хохирогч байна...миний зах дээр ажилладаг орлого зэргийг нэхэмжилж байна. Хархорин зах дээр би сарын 460.000 төгрөгөөр лангуу түрээслэн гадуур хувцас зардаг юм. Намайг гэмтсэн өдрөөс хойш зогсох хүнгүй учир хаалттай байна. Би 6 дугаар сар хүртэл ажиллаж чадахгүй гэж бодож байна. Тэгэхээр 3 сарын түрээс 1.380.000 төгрөг, би өдрийн орлого багадаа 150.000-200.000 төгрөг байсан одоогоор 9.000.000 төгрөг нэхэмжилж авах хүсэлттэй байна. Энэ мөнгийг бүрэн өгсөн тохиолдолд гомдол саналгүй болон гэж бодож байна. 45 хоногийн дараа гипсээ авхуулаад зураг авхуулах байх. Мөн манай өвгөн сарын 900.000 төгрөгийн цалинтайгаар хурд группэд ажилладаг байсан. Осол гарсан өдрөөс хойш ажлаа хийгээгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүүгийн эхнэр болох А.О...........лийг автомашин мөргөсөн гэж тэр хавьд явж байсан хүн утсаараа залгаж надад хэлсэн. Би осол гарсан талаар сонсоод ослын газарт очиход А.О...........л нь замын голд хэвтчихсэн хамар, амнаас нь цус гарчихсан, баруун талын гартаа хүргүүлэхгүй орилоод хэвтэж байсан... Гэмтэл дээр очоод үзүүлэхэд мөрний яс хугарсан гэсэн. А.О...........л нь хархорин зах дээр лангуу ажиллуулж, бэлэн хувцас зардаг байсан. сарын орлого нь хэдэн байсныг би мэдэхгүй. Одоо ажлаа хийж чадахгүй маш хэцүү байгаа. Одоо гурвуулаа амьдардаг бөгөөд нөхөр нь ямар ажил хийж байгаа талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дахь тал),

- Иргэний хариуцагч Г.И............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ автомашин нь би 2013 онд орж ирсэн тэрэг худалдан аваад өөрөө унаж байгаад 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөө ажлаар явахдаа төрсөн эх болох Баясгаланд унаж ашиглаж бай гээд үлдээсэн. Б.А...........т яагаад унаж явсныг мэдэхгүй байна...тухай үед миний машиныг Б.А...........т унаж явсан учир өөрөө хариуцна гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэрийн 51 дэх тал),  

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4537 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун өгзөгний дээд хэсэгт 22х13см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн сарвууны долоовор хурууны 3-р үений хэсэгт 1х1см хэмжээтэй бор хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай. Баруун бугалганы дээд хэсгээс үзүүр хүрсэн гөлтгөнөн боолттой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ГССҮТ-ны ГСНСБМЗТ-н 3530 дугаартай өвчний түүхэнд: өвчний түүх нээсэн. 2022 оны 3 дугаар сарын 16-ны 16:44 цаг. Хэвтэх үеийн зориур: Баруун мөрөөр хүчтэй өвдөнө, мөрөө хөдөлгөж чадахгүй гэнэ. Ерөнхий үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, арьс салст хэвийн...үндсэн онош: Бугалганы дээд үзүүрийн хугарал: Битүү.

2022.03.18-ны өдрийн эмчийн үзлэгт: хэсэг газрын үзлэгт: Баруун мөр бугалга хэсгээр зөөлөн эдэд хавдартай, ясны хавиралдах чимээ мэдрэгдэнэ, үе хэсгээр хөдөлнө, мөчний хэлбэр дүрс алдагдсан.

2022.03.21-ний өдрийн эмчийн тэмдэглэлд:...зүүн гар сарвуунаас мөр давсан аравч гипс тавигдсан...statuslocalis; баруун мөр бугалга хэсгээр зөөлөн эдэд хавдартай, ясны хавиралдах чимээ мэдрэгдэнэ, үе хэсгээр хөдөлнө, мөчний хэлбэр дүрс алдагдсан, гөлтгөнөн боолттой.

2022.03.18-ны өдрийн ГССҮТ-н толгойн КТГ-н шинжилгээнд: Гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй. ...ДҮГНЭЛТ

1. А.О...........лийн биед баруун бугалга ясны далд хугарал, зүүн сарвуунд зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэлт тогтоогдлоо.

2. 3. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу авто ослын үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал),

 

- Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн 357 дугаар магадалгаад:

1. Жолооч Б.Ариунболд нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч, хохирогч А.О...........л нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-89 дэх тал),

 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудаст: “............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б........аа овогтой А...........тыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо гэх баримт (хавтаст хэргийн 10 дахь тал)

- Шүүгдэгч Б.А...........тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өглөө гэртээ байх үед найз Пүрэвсүрэн, Мөнхжаргал нар ирээд Тахилт хүргээд өг гэсэн. Пүрэвсүрэнгийн хүү Г.И............лтийн автомашин болох Т.Приус маркийн ............ улсын дугаартай автомашиныг жолоодон хажууд манай хүү 4 настай Азбаяр, арын суудал дээр нөгөө хоёр суугаад явж байсан. Гэхдээ тасраад унтчихсан байсан. Юу болсныг огт мэдээгүй байсан. Толгойтын эцсийн хойд талаас эцэс рүү засмал замаар орж ирээд баруун гар тийш эргэх үед замын хойд талаас эцэс рүү засмал замаар орж ирээд баруун гар тийш эргэх үед замын хойд талаас 1 эмэгтэй хүн гэнэт явган хүний гарцаар гүйж гарч ирээд машины урдуур орох үед би тоормос гишгэсэн боловч хүнийг мөргөөд зогссон. Би буугаад очтол эмэгтэй хүн өрөөсөн гар хөдлөхгүй байна, мэдээгүй болчихлоо гээд байхаар нь би цагдаа түргэн дуудлага өгсөн...одоогоор мөнгө төгрөг өгөөгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж бодож байна. Өмнө нь гарсан зардлыг төлье гэхээр 9.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа бөгөөд бүгдийг нь нэг дор бүтнээр нь авна гээд байгаа надад бүгдийг нь өгөх мөнгө байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А...........т нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.А...........т нь анхаарал болгоомжгүйгээр замын хөдөлгөөнд оролцон зорчих хэсэг рүү эргэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа яган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч А.О...........лийг тээврийн хэрэгслээр мөргөсөн,

Явган зорчигч нь тээврийн хэрэгсэлд мөргөгдсөний улмаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4537 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.О...........л нь шүүгдэгчээс нийт 8.000.000 төгрөг нэхэмжилж, цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх хүсэлтийг илэрхийлсэн байна.

Үүнээс хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт нийт 4.517.785 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч нь дээрх зардлаас 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс 1.517.785 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогчийн нэхэмжилсэн бусад нэхэмжлэлээс нөхрийн ажилгүй байсан хугацааны цалин, зээл, пос машины зээл, олох ёстой байсан орлого, түрээс гэх зэргээр нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, тодорхой тооцоо гаргахад холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шатахуун, хоол хүнс, номын айлтгал гэх зэрэг 1.825.861 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой цаашид гарах хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.А...........тыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгчээс 1.517.587 төгрөгийг хохирогчид олгуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Б.А...........т нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А...........т нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Б.А...........тыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.А...........тад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс бусад газар бусад газар зорчихыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас тэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр арилгаагүй байгааг харгалзан түүнд оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг 6 сарын хугацаанд тогтоож шийдвэрлэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаар эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. 

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2203 0000 00199 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Б........аагийн А...........тыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А...........тыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А...........тад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэг, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрүүдээс бусад газар очихыг хориглохоор тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.А...........тад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах” үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А...........т нь зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Б.А...........таас 1.517.785 (нэг сая таван зуун арван долоон мянга долоон зуун наян тав) төгрөгийг 3 (гурав) сарын хугацаанд гаргуулж хохирогч А.О...........лд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.МӨНХЗУЛ