Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1296

 

 

 

 

 

 

                         

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У К  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:, Э Ж П Э  ХХК

 

Хариуцагч: Б Э  ХХК -д тус тус холбогдох

 

Э Ж П Э  ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан Нийслэлийн  Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаартай барилгын 7, 8 давхарын гэрээнд заасан талбайн зөрүүд ногдох төлбөр болох  423.935.711, 97 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч Э Ж П Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхүү, хариуцагч Б Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай У К  ХХК нь Э Ж П Э  ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр Блюскай-ийн 7, 8 дугаар давхарыг  худалдаж авсан. Худалдаж авсан зүйлийн биет байдлын доголдолтой холбоотойгоор 923.935.711, 97 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь Э Ж П Э  ХХК-тай гэрээ байгуулахдаа тухайн үед 7, 8 дугаар давхарт тавигдсан хэмжээг үндэслэл болгосон.

Өөрөөр хэлбэл 7 давхар 1453.6, 8 давхар 1455.75 мкв-уудыг гэрээнд тавьж худалдаж авсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр манай компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Талууд худалдах худалдан авах гэрээний 1.1 дэх хэсэгт гэрчилгээнд тавигдсан хэмжээг үндэслэсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн доголдлыг илрүүлэх боломж бүрдсэний дараа манай компани тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэсэн.

7 давхар нь 1430.78, 8 давхар нь 1194.64 мкв. Норм дүрмийн хэмжилт хийгээд нийт 283.93 мкв дутуу байна гэдэг нь тодорхой болсон. Талбайн хэмжээ м.кв дутуу байгаа талаар Б Э  ХХК-д мэдэгдэхэд Э Ж П Э  ХХК-д ханд гэж хэлсэн. Үүний дагуу Б Э  ХХК, Э Ж П Э  ХХК-ний төлөөлөгч нар байлцаж тухайн дүгнэлтийг тайлбарлуулсан. Гэтэл тухайн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хариу ирүүлсэн тул энэхүү маргаан эхэлсэн.

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд манай У К  ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхтэй, энэхүү эрхээ алдаагүй байгаа. Бид хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө эзэмшиж, олж авсан.

Нэхэмжлэгч компанитай байгуулсан худалдан авах гэрээ нь У К  ХХК, Б Э  ХХК, Т.Энхболдсодном нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ 2017 оны 08 дугаар сарын 31-нд байгуулагдахаас өмнө 2017 оны 08 дугаар сарын 25-нд баталгааны гэрээ байгуулагдсан. Тухайн баталгааны гэрээнд Б Э  ХХК нь баталгаа гаргагчаар оролцсон.

Баталгааны гэрээний заалтаар Э Ж П Э   ХХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд гэж баталгаажуулсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар өөрийнх балансад 4,3 тэрбум төгрөгөөр бүртгэгдсэн 7, 8 давхрыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалттай Э Ж П Э   ХХК руу хөрөнгө оруулалт байдлаар хувьцаанд хөрвүүлэн шилжүүлж, Э Ж П Э   ХХК-д бүртгэгдсэний дараа тухайн компанийн хувьцааг Т.Энхболдсодномд худалдаж, Т.Энхболдсодномын эзэмшилтэй, 7, 8 давхар гэх өмчтэй, Э Ж П Э   компани болсны дараа тухайн компанитай У К  ХХК 4,3 тэрбум гэж заасан мөнгөн дүнгээр тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгөд худалдах худалдан авах гэрээ байгуулна гэж тохиролцоод баталгааны гэрээг хийсэн.

Энэхүү баталгааны гэрээгээр Б Э  ХХК нь манайх өөрийн балансад байгаа 7, 8 давхрыг энэ үнээр нь худалдана гэхдээ манайх шууд гэрээний тал болохгүй, Э Ж П Э   ХХК гэрээний тал болно гэж тохирсон.

Хариуцагч талууд нь баталгааны гэрээнд нэгдмэл сонирхолтой нэг тал болоод орж ирсэн байдаг. Тухайн баталгааны гэрээгээр тохирсон тохиролцоо нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гол үндэслэл болсон.

Тиймээс У К  ХХК нь хуульд нийцсэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан тул Иргэний хуулийн 243.1, 254.1-т заасны дагуу гэрээгээр хүлээж авсан зүйлийн доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэл гаргасан.

Биет байдлын доголдолтой холбоотой маргаан үүсэх болсон шалтгаан нь худалдагчийн үүргийн зөрчлөөс үүссэн гэж үзэж байгаа. 7 давхраас 22.82 мкв, 8 давхраас 261.11 мкв, нийт 283.93 мкв дутчихсан.

Тухайн хэмжилт хийсэн компани нь олон нийт, иргэний барилгын БНБД310303 гэх норм дүрмийн дагуу бид нар дүгнэлтээ хийсэн гэдгийг баталгаажуулдаг. Хоёр компанийн төлөөлөх хүмүүстэй уулзаж, хэрхэн хэмжилт хийж, зөрүү гарсан талаар тайлбарласан. Энэхүү норм дүрэмд шаардлагатай 2 зохицуулалт нь заавал мөрдөх 4 дүгээр хавсралт гэж байгаа.

Олон нийт иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхарыг тооцох журам гэж байдаг. Энэхүү журмын 1-т барилгын давхарын талбай гадна хананы дотор талын гадаргууны хэмжээгээр тодорхойлогдоно.

Налуу ханатай барилгын давхарын талбайг шалны түвшингийн хүрээгээр тогтооно гэж заасан байдаг. Энэхүү заалтыг яагаад тодотгож хэлж байгаа юм бэ гэвэл хариуцагчид тайлбарлахдаа манай барилгын гадаргуу налуу, тэгш биш. Тиймээс энэхүү онцлогийг харгалзаж хэмжилт хийсэн.

Заавал мөрдөх дүрмийн 4 дүгээр хавсралтын 2-т барилгын ашигтай талбай нь тухайн барилгын өрөө тасалгаа, танхим, тагт, хөлийн өрөөний талбайн нийлбэр байна. Ашигтай талбай, шатны хонгил орохгүй, цахилгаан шат, дотор задгай шат, хонгил, пандусын талбай орохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдчихсан байгаа 7, 8 давхрын байгуулалтын зураг нь шатны хонгил орохгүй, цахилгаан шатны нүх орохгүй, дотор задгай шат орохгүй, хонгил орохгүй гэснийг оруулж тооцсон зураг байсан.

Хариуцагчид доголдолтой хөрөнгө авсан талаар мэдэгдсэн удаа дараагийн хүсэлтийн хариуд Б Э  ХХК-иас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 76 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Тус хариугаар бид нар 7 давхарын терасыг анхнаасаа зараагүй гэсэн байдаг. 7 давхарын терасыг анхнаасаа зараагүй гэх тайлбар нь ямар ч үндэслэлгүй байна.

Тухайлбал орон сууцны барилгын дотор талбайг тооцох аргачлал гэж MNS60582009 гэх аргачлал байдаг. Энэхүү аргачлалыг орон сууцны зориулалтыг үл харгалзан энэ аргачлалд байгаа итгэлцүүрийг хэрэглэдэг. Ингэж хэрэглэхдээ стандартын 3.7-д терас гэж барилга залгаж барьсан, эргэн тойрондоо хашлагатай, доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш 1 буюу хэд хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг ойлгоно.

Терасын нийт талбай нь тухайн итгэлцүүрийн 3.4-т заасны дагуу сууцны нийт талбай гэж ложын талбайг 0,5, тагт терасыг 0,3 гэсэн итгэлцүүрээр бууруулан тооцно гэж заасан байдаг. Тиймээс барилгын салшгүй нэг хэсэг болох терасыг барилгын ашигтай талбайд оруулж тооцохдоо 30 хувийн итгэлцүүрээр тооцож оруулдаг итгэлцүүр байгаа. Үүнээс өөр зохицуулалт байхгүй. Үүний дагуу 30 хувиар тооцож оруулсан гэж тухайн хэмжилт хийсэн компани тайлбарладаг.

Ингэж тодорхойлоод байхад манайх зараагүй гэж байгаа нь үндэслэлгүй. ИХ-ийн 251.1-т заасантай нийцэхгүй байгаа тул биет байдлын доголдолтой гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авах үед доголдлыг мэдэх боломжгүй байсан, өмчлөх эрхтэй болохдоо хөрөнгөө эзэмшиж, ашиглаад явах боломж байгаагүй.

7 давхарт 7 аж ахуй нэгж байсан. Түрээсийн гэрээг шилжүүлэх ажиллагаа явагдаагүй. Түрээслэгч нар сүүлдээ манайхаас боломжит хугацаа тогтоолгож, түрээслэхээ болиод явчихсан.

Манайх орон байрандаа орж чаддаггүй байсан. Худалдсан гэх мэдэгдэл өгөхөөр очиход эзгүй байдаг байсан. 2017 оны 9 дүгээр 19-ний өдөр гэрээ байгуулсан, 9 дүгээр сарын 23-ны өдөр хэмжилт хийлгэсэн, 09 дүгээр сарын 25-ны өдөр тайланг хүлээж авсан. Тиймээс мэдэх боломжгүй байсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн доголдол нь худалдан авагчийн ашиглалтаас үүсээгүй. Энэ нь 2 дүрмээр гарч ирж буй доголдол учир манайд хамааралгүй.

Нэхэмжилж буй үнийн дүнг тодорхойлохдоо худалдаж авсан м.кв-ыг, дутуу авсан м.кв-даа үржүүлж, 423.935.711, 97 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг ИХ-ийн 510.1, 261.1-ээр нэхэмжлэл гаргаж байгаа” гэв.

 

Хариуцагч Э Ж П Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт хавтаст хэрэгт авагдсан материал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт манай компани зөвхөн тухайн 7, 8 давхрыг шилжүүлэхэд татварын болон балансын зөрүүг шийдвэрлэхээр хэлцлийн дундуур орж ирээд гарсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Б Э  ХХК-ний хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор манай компани уг маргаан бүхий 7, 8 давхрыг хөрөнгө оруулалтын зорилгоор шилжүүлсэн. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор манай компани ямар нэгэн орлого олж, алдагдал хүлээсэн зүйл байхгүй.

Хоёрдугаарт шүүхээс гарах шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байдаг. Манай компанийн хувьд дансандаа ямар ч мөнгө байхгүй, цаасан дээр байдаг л компани. Зөвхөн шилжүүлэг хийх зорилгоор байгуулагдсан. Тиймээс уг маргаан нь У К  болон Б Э  ХХК нарын хоорондын маргаан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б Э  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Б Э  ХХК-ийн цамхагийн барилгыг 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр авсан.

Тухайн компанийн барьсан барилгыг ашиглалтад орох зөвшөөрлийг үндэслэн төлбөрийг бүрэн төлж, хүлээж авсан. Үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байгаа.

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч болон н.Энхболдсодномтой баталгааны гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 2.3, .2.3.1, 2.3.2-р Б Э  ХХК нь өөрийн өмчлөлийг 100 хувь Э Ж П Э   ХХК-ний нэр дээр 4,3 тэрбумын хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн. Түүний дараа хүлээсэн үүргийн дагуу Э Ж П Э   ХХК-ийн нэр дээр хөрөнгийг шилжүүлж, эрэлтэд гаргасан. Бүх хувьцааны өмчлөлийн нийт хувьцааны нэрлэсэн үнээр үүрэг гүйцэтгэгчээр орж ирсэн н.Энхболдсодномд шилжүүлэхээр тохиролцсон байсан энэхүү үүргээ бүрэн биелүүлсэн.

Энэ талаар баталгааны гэрээний 2.5-д тодорхой заачихсан байгаа. Баталгааны гэрээнд зөвхөн 7, 8 дугаар давхар бус 4 дүгээр давхрын тодорхой хэсгийг мөн худалдахаар тохиролцсон байдаг. Ингэхдээ тухайн гэрээнд байгаа тодорхой хэмжээний мөнгийг Б Э  ХХК-ийн дансанд хийсэн тохиолдолд 4 давхарыг  шилжүүлж өгнө гэж заасны дагуу тухайн үүргийг биелүүлсэн байдаг.

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлж, хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Иймд Б Э  ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан баталгааны гэрээг нэхэмжилж, үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулан, эд хөрөнгийн худалдах үүргийг аль нэг талд хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах боломжгүй байна.

Б Э  ХХК-нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан баталгааны гэрээний дагуу хувьцааг худалдаж, тухайн нэхэмжлэлийн 2 дугаар зүйлд дурдсан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдах үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй.

Иргэний хуулийн 243.1, 253.1-т заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хэмжилт хийсэн компаний 7, 8 дугаар давхарт хийсэн дүгнэлт авагдсан байна лээ.

Тухайн барилгын онцлог өөр, аль талаас нь хэмжилт хийсэн нь тодорхой бус, тухайн барилгын онцлог нь гүдгэр хэлбэртэй, тэгш биш юм. Барилгыг бэлэн болгож, хүлээлгэж өгөхөөс өмнө тухайн барилгад янз бүрийн зүйл байрлуулаагүй байсан учир ажил гүйцэтгэгчийн хийсэн хэмжилт өөр гарах боломжтой. Иймд барилгын хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5-д заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлсэн.

Терасын хувьд манай компанийн хувьцаа эзэмшигч нь Т.Энхболдсодномтой Э Ж П Э   ХХК хувьцааг шилжүүлэхэд амаар болон бичгээр терасын хэсгийг тусад нь шилжүүлэхээр тохироогүй. Энэ талаар тохиролцоогүй учир хүлээж авах боломжгүй. Зөвхөн 7, 8 дугаар давхарыг  бүхэлд нь шилжүүлэхээр тохирсон. Мөн нэхэмжлэгч нь олон нийт иргэний барилгын БМБ310303 нормд үндэслэн гаргасан гэх боловч, манай компанийн терасын хэсэгт орон сууцны барилгын норм, журмын баримталсан нь ойлгомжгүй байна. Тухайн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь орон сууцны зориулалттай бус, үйлчилгээний зориулалттай учир Иргэний хуульд зааснаар шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн доголдлын хувьд Иргэний хуулийн 254.6-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлснээс хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь Иргэний хуулийн 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй талаар хуульчилсан байдаг. Тиймээс шаардах эрхийн хугацаа өнгөрчихсөн байна.

Мөн нэхэмжлэгч нь Э Ж П Э   ХХК-иас шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор эзэмших боломж олгоогүй гэх гомдол гаргасан. Манай компани огт холбоогүй. Учир нь тус компанийн барилга анх баригдаж, ашиглалтад орсноос эхлэн Б Э  ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Т.Энхболдсодном, түүнтэй харилцан хамаарал бүхий компани нь тус барилгын 8 дугаар давхарыг бүхэлд нь ашиглаж байсан.

7 дугаар давхарын түрээслэгч нь гэрээний дагуух төлбөрийг Э Ж П Э   ХХК-д цаг тухайд нь шилжүүлж байсан.

Нэхэмжлэгч нь 8 дугаар давхарыг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр н.Энхцэцэгт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна лээ. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр н.Энхцэцэг нь хувьцааны хөрөнгө оруулалт болгож шилжүүлсэн байдаг.

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэх, төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

У К  ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь н.Мөнхбаатар гэж хүн байгаа. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь 2017 оны 09 сард шилжсэн хөрөнгийн хойноос 2018 оны 03 дугаар сарын 13-нд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Өмнөх шүүх хуралдаан дээр дурдсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шаардлага харилцан тооцох гэрээ байгаа гэх боловч байхгүй байна лээ. “Чоно групп” гэж байхгүй “Чоно” ХХК гэж л байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч У К  ХХК нь хариуцагч Э Ж П Э  ХХК, Б Э  ХХК –д тус тус холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайваны өргөн чөлөө, 17 дугаартай барилгын 7, 8 дугаар давхрын талбайн зөрүүд ногдох төлбөр 423.935.711,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э Ж П Э  ХХК нь худалдах, худалдан авах гэрээ хийх зорилгоор манай компанийг ашигласан, бид үүрэг хүлээхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч Б Э  ХХК нь худалдах, худалдан авах гэрээний тал биш тул гэрээний үүрэг, доголдол хариуцахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад хариуцагч Э Ж П Э  ХХК-иас шаардаж, хариуцагч Б Э  ХХК-иас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У К  ХХК болон Э Ж П Э  ХХК нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаар Блюскай товер барилгын 7 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036592 дугаарт бүртгэгдсэн, 1453,60 м.кв талбайтай, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036592 дугаарт бүртгэгдсэн, 1455,75 м.кв талбайтай, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 4.343.948.732,48 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч У К  ХХК, хариуцагч Э Ж П Э  ХХК, Б Э  ХХК болон Т.Энхболдцолмон нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 17/01 дугаартай “Баталгааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаар Блюскай товер барилгын 7 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036592 дугаарт бүртгэгдсэн, 1453,60 м.кв талбайтай, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036592 дугаарт бүртгэгдсэн, 1455,75 м.кв талбайтай, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэн У К  ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх талаар тохиролцсон бөгөөд уг гэрээний үүрэг бүрэн биелсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул уг гэрээг дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч оффиссын талбайг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч У К  ХХК болон Э Ж П Э  ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь Брайт Пойнт ХХК-иар 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр талбайн хэмжээг хэмжүүлэхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14240/, Энх тайваны өргөн чөлөө гудамж, 17 дугаар Блюскай товер барилгын 7 давхараас 22.82 м.кв талбай дутуу, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8 давхараас 261,11 м.кв талбай дутуу гэж, нэг м.кв-ыг 1.493.099,4 төгрөгөөр тооцож, нийт 423.935.711,97 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

 

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Түүнчлэн У К  ХХК нь 8 давхар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203036592 дугаарт бүртгэгдсэн, 1455,75 м.кв талбайтай, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр Э.Энхцэцэг шилжүүлсэн, Э.Энхцэцэг нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК-д арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /нэгдүгээр хх-ийн 155-166 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээний дагуу хариуцагч Э Ж П Э  ХХК-д илүү мөнгө төлсөн гэж тайлбарлах боловч худалдах, худалдан авах гэрээний доголдол шаардаж байгаа тохиолдолд тухай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө шаардаж буй этгээдэд бодитойгоор өмчлөлд нь байх бөгөөд өөр байхгүй эд хөрөнгийн доголдлыг өмчлөгч бус этгээд шаардлага гаргаж байгаа нь үндэслэл муутай байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн шаардах эрх эцсийн өмчлөгчид хөрөнгийн хамт шилжсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч У К  ХХК нь Э.Энхцэцэгт шилжүүлэхдээ дутуу 261.11 м.кв-ыг хасаж, 1194,64 м.кв үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн бол хохирлоо шаардах эрхтэй бөгөөд У К  ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Э.Энхцэцэгт шилжүүлэхдээ 1455,75 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Нэйшнл Ньюс Корпорэйшн ХХК байх тул нэхэмжлэгч У К  ХХК нь гэрээний дагуу доголдол шаардах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна

 

Иймд хариуцагч Э Ж П Э  ХХК-иас 423.935.711,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У К  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч хариуцагч Э Ж П Э  ХХК-иас 423.935.711,97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У К  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч У К  ХХК нь хариуцагч Б Э  ХХК-иас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.277.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР