Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/718

 

                             

 

 

 

 

 

   2022             6             03                                         2022/ШЦТ/718

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч М.Э............д нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00773 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт М..........рын Э............д, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..............................................., урьд

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Э............д нь согтуурсан үедээ иргэн М.М..........лтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч М.Э............д нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 67 дугаар гудамжны 3А тоотод хамтаан Д.М..........гийн гэрт очиж түүнтэй болон түүний найз М.М..........л нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа М.М..........лтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд халдаж биед нь зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.  

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNС11593413 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....99970295, Дуудлага хүлээн авсан...2022.03.29, 15:36:47 минут...Дуудлагын утга...Би гэртээ танихгүй хүнтэй хамт архи ууж байгаад хамт архи уусан хүндээ зодуулчихлаа гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал)

- Хохирогч М.М..........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 67-3а тоотод өөрийн танил М..........гийн гэрт хоносон юм. Тэгээд өглөө босоод ирсэн чинь Э............д гэх залуу гаднаас 2.5 литрийн “Нийслэл” пиво авч орж ирээд М..........г бид нар хамт пиво уусан. Харин дахин гаднаас архи согтууруулах ундааны зүйл авчраад бид нар ууж байх үед Э............д гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нүүр хэсэгт ууж байсан архинаасаа над руу цацаад байхаар нь би архи уусан болохоор 13 цагийн үед унтсан. Тэгээд Э............д гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад над руу дайраад байхаар нь түлхэх үед миний уруул болон зүүн нүд хэсэгт гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

- Гэрч Д.М..........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э............д нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаднаас архи согтууруулах ундааны зүйл барьж орж ирсэн юм. Би ямар пиво авч орж ирсэн талаар нь санахгүй байна. Тэгээд М..........л болон Э............д бид гурав пиво ууж байх үед би согтоод унтсан. Тэгсэн чинь эмэгтэй хүний дуу гарахаар нь өндийгөөд босоод ирсэн чинь Э............д гэх залуу М..........л гэх эмэгтэйн нүүр хэсэгт нэг удаа цохиж байхыг харсан. Тэгээд би Э............доос юу болоод байгаа талаар асуусан чинь чамд ямар хамаатай юм бэ гээд агсам согтуу тавиад байхаар нь дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5206 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд 4.0х2.0см хэмжээтэй захаараа ногоон шаргал туяа бүхий хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Дээд уруулын зүүн дээд талд 0.7х0.5см дотор салстад 2.0х2.0см хөхөлбөр хүрэн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Эрүүний зүүн буланд 4.0х3.0см хэмжээтэй захаараа ногоон шаргал туяа бүхий хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Биед ил харагдах өөр гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. М.М..........лийн биед зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч М.Э............дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 67-3а тоотод М..........лийн биед халдаж зүүн нүдэнд нь гараараа 2 удаа цохиж уг гэмтлийг учруулсан...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, барилгын чиглэлээр хувь хүмүүстэй нийлж барилгын шавар, засал, чимэглэл, гагнуурын ажил хийдэг. Би сарын 1-1.5 сая төгрөгийн орлоготой ажлын хөлсийг бэлнээр болон дансаар авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Э............д нь бага боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг, уншдаг байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5206 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцогддог

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.Э............д нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн хохирогч М.М..........лийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч М.Э............д нь хохирогч М.М..........лийн нүүрэн тус газар гараараа цохиж зүүн нүдний доод зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал  бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд тэдний архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Э............дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.М..........л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Э............дыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч М.Э............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч М.Э............д нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Э............дыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 72, 73 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 74 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 75 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47, 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 49, 51, 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Э............д, хохирогч М.М..........л нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч М.Э............дыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Э............дыг торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00773 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт М..........рын Э............дыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э............дыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э............дод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э............д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ