Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 1344

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Т.О-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Б- д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.480.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Ж.Б ын хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эргүүлэн төлөх нөхцөлөөр 6 сарын хугацаанд хүүгүй зээлийн гэрээ байгуулж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, 6.000.000 төгрөгийг зээлүүлсэн.

Эхний зээлийн төлбөр болох 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөг төлөхөөр тохирсон боловч төлөөгүй.

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор үлдэгдэл болох 4.000.000  төгрөг төлж, үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд өгөхөөр тохиролцсон боловч дээрх хугацаанд төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

Тиймээс үндсэн зээл болох 6.000.000 төгрөг, алданги 2.480.000 төгрөг, нийт 8.480.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 10 сарын 16-ны өдөр Т.О гаас 6.000.000 төгрөг авсан нь үнэн. Энэ хугацаанд алданги болох 1.800.000 төгрөг дээр 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн өөр мөнгө өгөөгүй. Би 6.000.000 төгрөгийг зөвшөөрч байгаа, өгнө” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Ж.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.000.000 төгрөг, алданги 2.480.000 төгрөг, нийт 8.480.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 6.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин алданги төлөх үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 20 дугаар сарын 16-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг  6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн бөгөөд 2.000.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлөх, үлдэх 4.000.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2017 оны 20 дугаар сарын 16-ны өдөр “зээлийн гэрээ” нь хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, зээлийн хүү гэж сарын 10 хувиар тооцож 1.800.000 төгрөгийг буцааж өгсөн, тэрнээс хойш 500.000 төгрөг өгсөн, нийт 2.300.000 төгрөг төлсөн” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээл авсан өдөр 1.600.000 төгрөг хүүнд зориулж өгсөн, түүнээс хойш 500.000 төгрөг төлсөн. Гэхдээ хариуцагч үндсэн үүрэгт хамаарахгүй гэж тайлбарлаж байх тул үндсэн зээл, алдингиас хасч тооцох үндэслэлгүй... ” гэж тус тус тайлбарласан бөгөөд хариуцагч 1.800.000 төгрөг шилжүүлсэн болохыг баримтаар нотлоогүй тул талуудын маргаагүй дүн болох 1.600.000 төгрөг шилжүүлсэн гэж үзэв.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж, талуудын хоорондын зээлийн гэрээний 3-д “Зээлийн хүү: хүүгүй” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хүүгүй байгуулахаар тохиролцсон тул хариуцагчийг хүүнд шилжүүлсэн гэх 1.600.000 төгрөг, болон 500.000 төгрөгийг зээлийн үндсэн үүрэг 6.000.000 төгрөгөөс хасаж тоооцох нь хуульд нийцэх тул зээлийн гэрээний үүрэг 3.900.000 төгрөг гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэсэн зээлийн төлбөр буюу 2.000.000 төгргөөс үндэслэлгүйгээр алданги тооцсон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2.000.000 төгрөгийн алдангид 900.000 төгрөг шаардсан, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 600.000 төгрөг шаардаж, нийт 1.500.000 төгрөгийн алдагид шаардсан байна.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш алданги тооцох эрх үүсэх бөгөөд 3.900.000 төгрөгийн алданги хоногийн 0.5 хувь буюу 19.500 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 56 хоногоор тооцоход 1.072.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээний үндсэн төлбөр 3.900.000 төгрөг, алданги 1.072.500 төгрөг, нийт 5.072.500 төгрөгийн үүрэг үүсэх боловч хариуцагч шүүх хуралдааны явцад 6.000.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул зөвшөөрсөн хэмжээгээр буюу 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн алдангийг нэмэгдүүлсэн нь нэхэмжлэлийн шаарлага, түүний үндэслэл өөрчлөгдөөгүй бөгөөд хариуцагчид гардуулах ажиллагаа хийж, хариуцагч нэмэлт хугацаа авах шаардлагагүй, хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хариу тайлбар гаргах хугацаа олгоогүй, мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, түүнийг гардуулан ажиллагаа хийх хугацааг тооцон дахин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул хугацаа өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д  заасныг баримтлан хариуцагч Ж.Б аас 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР