Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/719

 

 

 

 

 

 

 

     2022             6            03                                     2022/ШЦТ/719

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Б............аа нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0117 30911 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг  2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарнууд овогт Б............рын Б............аа, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1979 оны 10 дугаар сарын 14-ний төрсөн, 42 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...............................ажилтай,  одо..........................аа, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонг.........................х,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б............аа нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагч Б.Г...............нэ, Н.Т.................лд нарыг дуудлага мэдээллийн дагуу очиж шалгах явцад нь тэднийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б............аа нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. амьдарч байсан байна. Энэ үед түүний оршин суух хаягийн дагуу түүний төрсөн эгч Б.Т.................лын охин Т.Т.................лаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, алба хаагч нар дээрх хаягт 22 цагийн орчим очин шалгахад Б.Б..............а нь алба хаагч Б.Г...............нийг “чи Т.Т.................лын таньдаг цагдаа нь юм уу” гэж хэлээд түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэн биед нь халдсан, мөн Б.Г...............нэтэй хамт дуудлагаар очсон алба хаагч Н.Т.................лдыг хууль ёсны шаардлага тавихад нь эсэргүүцсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-3, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCNC11554329 дугаартай хуудсанд: “...Дуудлага өгсөн:887.....10...дуудлага өгсөн огноо: ...2022.03.24, 22:35:43 секундэд...дуудлага хүлээн авсан...2022.03.24, 22:40:44 секундэд...дуудлагын утга...Манай 4 настай эмэгтэй дүүг өргөж авсан айл нь ирж авахгүй бол гудамжинд гаргалаа ирж ав гээд байна гэх...” дуудлага мэдээллийн баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг камерын бичлэг нь 0000000_00000020220324231721_0142B гэх хаяг тэмдэглэгээтэй 02 минут 37 секунд үргэлжлэх Т34 форматтай бичлэг байв. Дүрс бичлэгийг эхлүүлэх үед дүрс доод хэсэгт голлоод DSJ_0000000_000000 2022/03/24. 23:17:21 гэх тэмдэглэгээтэй, дүрс бичлэг дуусах үед DSJ_0000000_000000 2022/03/24. 23:20:00 гэх тэмдэгтээр дуусаж байна.

Цагдаагийн ахлагч Б.Г...............нэ 2022:03:24 23:17:27-аас 2022:03:24, 23:17:57 цаг хүртэл хүрэн бор өнгийн төмөр хаалгыг гадна талаас зүүн гарын дунд хуруугаар тогшиж байна....” гэх үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

- Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Гэрч Т.Ц............яагаас хуулбарлан авсан гар утасны бичлэг хийлээ.

Уг гар утасны бичлэг нь VID_20220324_233150_x264 гэх тэмдэглэгээтэй цагаан өнгийн гадаргуутай СД-нд хуулсан байна. Үзлэгээр бичлэгийн зүүн доод буланд VID_20220324_233150_x264 гэх тэмдэглэгээтэй 29 минут 17 секунд үргэлжлэх бичлэг байна.

Бичлэгийн 0:00:13 цагт иргэн Б.Б............аа гэрч Т.Т..................Гтэй маргалдана, Иргэн Б.Б............аа, Т.Т..................Г нарын голд ЦАХ д/ч Н.Т.................лд зогсох үед иргэн Т.Т..................Г рүү дайрч давшлах үйлдэл гаргана. Энэ үед ЦАХ д/ч Н.Т.................лд займчиж баруун болон зүүн гарыг өргөж иргэн Б.Б............аагийн хөдөлгөөнийг хорьж холдуулав.

Бичлэгийн 0:01:09-нд иргэн Б.Б............аа нь 3 тоотын хаалганы үүдэнд зогсож байсан ЦАХ цагдаагийн ахлагч Б.Г...............нийн бие эрх чөлөөнд халдаж баруун гарын нударгаараа нүүрэн тус газарт зүүн шанаанд 2-3 удаа цохино.

Бичлэгийн 0:01:13 болон 0:01:16 цагт иргэн Б.Б............аа нь 3 тоот хаалганы үүдэнд зогсож байгаа ЦАХ цагдаагийн ахлагч Б.Г...............нийн бие эрх чөлөөнд халдаж 2 хөлийн салтаа биеийн төмсөг хэсэгт зүүн хөлөөрөө 2-3 удаа өшиглөнө. 3 тоотод хаалганы дотор талд зогсох иргэн О.Тү.......дэнэ зүүн гар барьсан гар утсаараа бичлэг хийж байгаа нь харагдана.

Бичлэгийн 0:01:16 болон 0:01:17 цагт иргэн Б.Б............аа нь 3 тоот хаалганы үүдэнд зогсож байгаа ЦАХ цагдаагийн ахлагч Б.Г...............нийг баруун гар талд зогсох ЦАХ цагдаагийн дэслэгч Н.Т.................лдын нүүр хэсэг баруун хацарт зүүн гараар 1 удаа алдагдаж баруун болон зүүн гараар хар өнгийн ноосон малгайг доош дарж нүүрэн хэсэгт гарын нударгаар нударч дарна.

Бичлэгийн 0:01:27 цагт иргэн Б.Б............аа нь 3 тоот хаалганы гадна коридорт зогсож байгаа гэрч Т.Т..................Гийн бие эрх чөлөөнд халдаж баруун гараар нуруу хэсэгт цохино.

Бичлэгийн 0:01:37 цагт иргэн Б.Б............аа нь 3 тоот хаалганы гадна коридорт зогсож байгаа ЦАХ цагдаагийн дэслэгч Н.Т.................лдын нүүр хэсэг баруун хацарт зүүн гараараа 1 удаа алгадаж, ноосон малгайнаас зуурна. ЦАХ цагдаагийн дэслэгч Н.Т.................лд иргэн Б.Б............ааг хойш түлхэн газар унагаан гарыг хойно гавлан. Иргэн Б.Б............аагийн гарт тусгай хэрэгсэл гав зүүж байгаа үйл явдал бичлэгийн 0:01:38 цагаас 0:02:32 цагт нийт 55 секундэд үргэлжилнэ...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-20 дахь тал)

- Хохирогч Б.Г...............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр...офицер Н.Т.................лдын хамтаар Бүргэд-113 чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байтал хэлтсийн жижүүрээс 22 цаг 35 минутад “...4 настай дүүг өргөж авсан айл нь дүүгээ ирж авахгүй бол гудамжинд гаргалаа гээд байна. Дуудлага өгсөн хүн нь Цамбагаравын автобусны буудал пицца хатын хажууд хүлээж байя...” гэх дуудлага мэдээллийг хүлээн авсан...тэгээд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Москва 44-3 тоотод дуудлага өгсөн эмэгтэйн хамтаар очиж гэрийнх нь хаалгыг тогшсон боловч онгойлгож өгөөгүй учраас тухайн байрны орцноос гарсан...ингээд уг айлын хаалгыг тогшиход гэрийн эзэн нь гэх эрэгтэй хаалга тайлж өгөхөөр нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс ирж байна, танайд юу болсон бэ орж шалгая гэж хэлтэл цаанаас 40 орчим настай хүрэн цагаан өнгийн тавчиг, бор өнгийн гэрийн хувцастай эмэгтэй гарч ирээд дуудлага мэдээлэл ирүүлсэн иргэн 2 охин руу цохих гээд дайрсан тул би урдуур нь орсон. Гэтэл нөгөө эмэгтэй над руу дайрч “чи таньдаг цагдаа нь юм уу гэж хэлээд миний зүүн талын хацар руу 3 удаа алгадсан. Мөн гэрийн гутлын тавиур дээрээс түрийтэй гутал авч миний нуруу, гар руу 3-4 удаа далайж цохиж нүдээд байхаар нь би гаднаас Т.................лд дэслэгчийг дуудуулсан.... Б............аа гэх эмэгтэй уурлаж миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, мөн хоёр хөлийн салтаа давсаг руу хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед дэслэгч Н.Т.................лдын нүүрэнд алгадаж малгайг нь доош дарж түлхсэн...би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

- Хохирогч Н.Т.................лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц............яа гэдэг эмэгтэйтэй тухайн айл руу хамт орсон эмэгтэй гүйж гарч ирээд танай цагдааг Б............аа гэдэг эгч зодоод байна. Таныг ороод ирээч гэж байна гэж хэлсэн. Ингээд би яваад ортол Б............аа гэгч 40 орчим насны эмэгтэй гэрийнхээ хаалганы үүдэнд орцонд Ц............яа гэдэг эмэгтэйг цохиж зодох гээд дайраад байхаар нь би голоор нь ороод болиоч гэж хэлсэн. Тэгтэл Б............аа гэдэг ч эргүүлийн цагдаа жолооч Г...............нийн нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж аваад хэл амаар доромжлоод дайраад байхаар нь та одоо болиоч ээ гэж хэлээд салгасан чинь Б............аа гэгч эмэгтэй шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж, хувцаснаас зулгааж зүүн мөрдсийг тайлж газар авч шидсэн, мөн миний өмсөж байсан малгайн дээр дараад дийлдэхгүй орилж хашхираад байхаар нь би Б............аа гэгчийг газар хэвтүүлж байгаад гавласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал),

- Гэрч Т.Ц............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг өнгөрч байх үед би нагац эгч Б............аатай би мөнгөний асуудлаас болж чатаар маргалдсан ба Б............аа нь надад гоо сайхны зүйл зарчхаад мөнгө хурдан өг гээд нэхээд сүүлдээ хэрүүл болсон бөгөөд энэ хэрүүлийн явцад Б............аа эгч “чи тэгвэл манайд хүрээд ир, ирэхгүй бол дүүг чинь гадаа гаргаж тавилаа шүү” гэж хэлсэн. тэгэхээр нь би 23 цаг өнгөрч байх үед цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 44 дүгээр байранд Б............аа эгчийн гэрт очсон юм...Тэгтэл Б............аа эгч хаалга руу ойртож ирээд үгийн зөрүүгүй намайг ална шүү гэж хэлээд зодох гээд дайрахад дундуур цагдаа ороход Б............аа эгч Г...............нэ гэх цагдаагийн нүүр рүү болон хоолойг нь гараараа самардаад малгайг нь авч газар шидээд гэрийн үүдэн дээр байсан гутлыг аваад гутлаараа Г...............нэ гэх цагдаагийн нуруу, цээж, толгой, нүүр зэрэг газрууд руу нь олон удаа цохиод энэ үед Г...............нэ гэх цагдаатай хамт явсан цагдаа нь буюу Н.Т.................лд гэгч цагдаа гаднаас орж ирэхэд Т.................лд гэх цагдааг Б............аа эгч цээж болон нүүр рүү нь гараараа олон удаа цохиод, мөрдсийг нь гараараа зуурч татаж тасалж газар шидсэн. Тэгтэл Т.................лд цагдаа Б............аа эгчийн танхайрсан үйлдлийг зогсоох гэж гарыг нь мушгиж хоёр гарыг нь хойно нь гавласан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал)

- Гэрч Т.Т..................Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц............яа та миний төрсөн дүүг битгий зовоогоод байгаарай мэднэ шүү гэж чат бичсэн чинь Б............аа эгч ирж энэ дүүгээ ав ирэхгүй бол гадаа гаргаад тавьчихна шүү гэж хариу ирүүлсэн. Тэгэхээр нь Ц............яа болон Ц............яагийн найз О...........н бид 3 гэрээсээ гараад энэ тухай цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгчхөөд Б............аа эгчийн...гэрийн гараад очиход...цагдаагийн 2 алба хаагчийн нэг цагдаагийнх нь хамт Б............аа эгчийн гэрийнх нь орц руу ороод хаалгыг нь тогшсон чинь Б............аа эгч хаалгаа тайлж өгөхгүй байсан...Ингээд би цагдаагийн алба хаагчтай Б............аа эгчийн гэр рүү гүйгээд ортол гэрийнхээ хаалганы гадан үүдэнд Б............аа эгч Г...............нэ гэдэг цагдааг гараараа нүүр болон хаа хамаагүй цохиж, хөлөөрөө хаа хамаагүй газар руу нь өшиглөөд зогсож байсан. Энэ үед надтай хамт орсон цагдаагийн алба хаагч дундуур нь ороод болиоч ээ гэж хэлтэл Б............аа эгч тухайн цагдаагийн мөрдсийг нь татаж газар авч шидээд нүүрний хэсэгт нь гараараа алгадаж, цохиод өмсөж байсан малгайг нь доош нь дараад түлхсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал)

- Гэрч С.О...........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ..............................н орчимд очоод байрных нь гадаа зогсож байтал алаг машинтай 2 цагдаа ирсэн. Тухайн 2 цагдаагийн хамтаар Б............аа гэдэг эгчийнх нь байрны орц руу ороод гэрийнх нь хаалгыг тогшсон чинь хаалга тайлж өгөхгүй байсан учраас бид нар буцаад орцноос гарсан....Б............аа гэдэг эгч нь Ц............яа руу утсаар залгаад чи яг одоо ороод ир гээд орилоод байсан. Энэ үед дуудлагаар ирсэн 2 цагдаагийн нэг Г...............нэ гэдэг цагдаагийн хамтаар Ц............яа бид хоёр Б............аа гэдэг эгчийн гэр рүү орж үлдсэн нэг цагдаатай нь Т..................Г эгч гадаа үлдсэн. Тэгээд Ц............яа бид хоёр Б............аа гэдэг эгчийн хаалгыг тогшсон чинь Б............аа гэдэг эгч гарч ирээд Ц............яаг цохих гэж дайраад байсан тэгтэл Г...............нэ гэдэг цагдаа голоор нь ороод болиоч ээ гэж хэлсэн чинь таньдаг цагдаа нь юм уу гэж хэлээд нүүр рүү нь гараараа алгадаад, хөл гар руу нь өшиглөөд гэрийнхээ үүдэнд байсан гутлын тавиур дээрээс нэг гутал барьж аваад уг гутлаараа мөн цагдаагийн алба хаагчийн бие хаа руу нь цохиод байсан....гадаа үлдсэн Т.................лд гэдэг цагдаад болсон асуудлыг хэлж дуудсан. Гаднаас буцаад орох үед гэрийнхээ үүдэнд орцонд Б............аа гэдэг эгч Г...............нэ цагдаагийн хаа хамаагүй өшиглөж цохиод зогсож байсан. Энэ үед Т.................лд гэдэг цагдаа Б............аа гэдэг эгчид хандаж та болиоч ээ та яагаад шаардлага биелүүлэхгүй, цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгаа юм бэ гэж хэлтэл тухайн цагдаагийн мөрдсийг нь татаж газарт авч шидээд, нүүрэн тус газарт нь гараараа цохиж алгадаад дийлдэхгүй байсан учир Т.................лд гэдэг цагдаагийн алба хаагч Б............аа гэдэг эгчийг газар хэвтүүлж байгаад 2 гарыг нь гавлаж гадаа гаргаж машиндаа суулгаад аваад явсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Б............аагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр өөрийн төрсөн эгч Т.................лын охин болох Ц............яатай фейсбүүк чатаар авах ёстой мөнгөө нэхсэн. Үүнээс болж бид хоёр фейсбүүк чатаар маргалдсан. Би Т.................л эгчийнхээ гэр бүлийг өдийгөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ хүмүүст хоол хүнс, өмсөх хувцас зэргийг нь авч өгч яваа хүн байгаа юм. Ийм байхад Ц............яа миний тусыг мэдэхгүй, надтай цагдаагийн алба хаагч дагуулж ирсэн. Энэ үед манай нөхөр гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн тэгтэл энгэр дээрээ Г...............нэ гэдэг нэртэй цагдаагийн алба хаагч танай гэрт ямар хүчирхийлэл болоод байгаа юм шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ үед манай нөхөр хүүхдүүд унтаж байна ш дээ орцонд үүдэнд ярилцъя гэж хэлсэн юм. Ц............яа цагдаа дагуулаад манай гэрт ирсэн байгааг би хараад маш их уур хүрсэн учраас Ц............яаг алгадаад авъя гэж болоод алгадах гэсэн чинь Г...............нэ гэдэг цагдаа болон манай нөхөр 2 голоор орж намайг түлхэж холдуулсан. Тэгтэл манай нөхөр намайг гэрт оруулаад хаалгаа хаачихаар нь би буцаж орцонд гарч ирээд Ц............яа болон цагдаагийн алба хаагч Г...............нэ бид нар хоорондоо маргалдаж хоорондоо зууралдаж нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өөрөөр би цохиж гар хүрээгүй. Удаагүй гаднаас Т.................лд гэсэн нэртэй цагдаа Ц............яагийн төрсөн эгч Т..................Гийн хамтаар орж ирсэн. Би Т.................лд гэдэг цагдаагийн биед гар хүрч халдсан эсэхээ санахгүй байна. Яагаад гэхээр тухайн үед би маш их бухимдалтай үнэхээр миний уур хүрсэн байсан юм...Би хохирогчдоо эмчилгээний зардал мөнгөнд 2.500.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-93 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б............аа нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б............аа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, дуулга мэдээллийн дагуу очсон нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Г...............нэ, дэслэгч Н.Т.................лд нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэн буюу хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Г...............нэ нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Б.Б............аа нь 2.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Харин хохирогч Н.Т.................лд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б............ааг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б............ааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Б.Б............аа нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч......................э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид уруулсан хохирлыг төлсөн...” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 103, 104, 105 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 115 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 116 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69, 71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 30 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 70, 72 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 106-107 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б............аа, хохирогч Б.Г...............нэ, Н.Т.................лд нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б............ааг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б............аад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0117 30911 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Б............рын Б............ааг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б............ааг 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............аа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.МӨНХЗУЛ