Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар  2022/ШЦТ/720

 

 

 

 

 

 

 

     2022             6            03                                        2022/ШЦТ/720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч Р.Ц...........гээ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0074 20776 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Р.........рын Ц...........гээ, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 1963 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .............................тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ....................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.Ц...........гээ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... тоот гэртээ Т.А............аатай маргалдаж, хөл рүү нь өшиглөж, нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, маажих зэргээр зодон эрүүл мэндэд нь “баруун хацар, хамар, зүүн хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Р.Ц...........гээ нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ............. тоот гэртээ хамтран амьдарч байсан Т.А............аатай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү хэрэглэж байхдаа хамтран амьдарч байсан Т.А............ааг гэрээсээ хөөн түүнтэй маргалдаж, биед нь халдаж хөл рүү нь өшиглөж, нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, маажин эрүүл мэндэд нь “баруун хацар, хамар, зүүн хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Т.А............аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц...........гээтэй хамт 0.75 литрийн “Их Монгол” нэртэй архи ууж байгаад бид хоёр хоорондоо маргалдсан улмаар Ц...........гээ миний нүүр рүү гараараа цохиж нүүр маажаад хөл рүү өшиглөхөөр нь би ямар нэгэн тэмцэл үзүүлэлгүйгээр гэрээс нь гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал)

-“...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ц...........гээ бид хоёр хоорондоо эвлэрсэн...би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

- Гэрч Б.Б............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Т.А............аа над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ............. тоотод буюу Ц...........гээгийн гэрт хүрээд ирээч гэж орой дуудахаар нь би 23 цаг өнгөрч байхад очиход Т.А............аа, Ц...........гээ нар хамт байсан ба Т.А............аагийн нүүр ам нь хавдаад, маажигдсан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд Ц...........гээд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2232 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун хацарт 3х1см, 2.5х1см, зэрэгцээ байрласан, хамрын нуруунд 0.3х0.2см, зүүн хацарт 1х0.2см, 0.7х0.2см, зүүн хөмсөгт 0.7х0.3см зүүн чихний ард 1х1см, 1х0.5см хүрэн улаан өнгийн хонхор зулгаралттай, зүүн шилбэний урд 10х9см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, бага зэрэг хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Т.А............аагийн биед баруун хацар, хамар, зүүн хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Р.Ц...........гээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 24-ий өдөр манай гэрт миний хуучин хамтран амьдрагч байсан Т.А............аа ирээд бид хоёр хамт архи хувааж уусан ба архи ууж байгаад хоорондоо маргалдаад би гэрээсээ хөөхөд явахгүй болохоор нь би Т.А............ааг гараараа цохисон мөн чулуу барьж хөөсөн чулуугаар цохиогүй. Би Т.А............аатай уулзаж уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Ц...........гээ нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2232 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Р.Ц...........гээ нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “гэрээс явсангүй” гэх сэдэлтээр хохирогч Т.А............аагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Р.Ц...........гээ нь хохирогч Т.А............аагийн биед баруун хацар, хамар, зүүн хөмсөг, зүүн чихний ард зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд тэдний архидан согтуурсан үйлдлийн улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.Ц...........гээг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.А............аа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Ц...........гээг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Р.Ц...........гээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Р.Ц...........гээ нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Р.Ц...........гээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх х эсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 26, 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 28 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Р.Ц...........гээг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр өндөр насны тэтгэвэрт байдаг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Р.Ц...........гээд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0074 20776 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Раднаабазарын Ц...........гээг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Ц...........гээг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц...........гээ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХЗУЛ