Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Ш.Г холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ернхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Сайнхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Прокурор Н.Мөнхбатын бичсэн эсэргүүцлээр, Ш.Г холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 23-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хэсгийн байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн, Есөнбулаг сумын Оргил багийн 1-1-4 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДЭ81022815 регистрийн дугаартай, Алтайн харуул овогтой Ш. Г нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Ф.Пассат загварын 51-99 ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн С.П жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч С.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Алтайнхаруул овогт Ш. Г холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгчийг цагаатгаж. Шүүгдэгч Ш.Г урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг болохыг тайлбарлаж. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 51-99 ГАА улсын дугаартай хар хөх өнгийн Ф Пассат/Passat/ маркын автомашиныг шүүгдэгч Ш.Г, улсын дугааргүй хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хохирогч С.П тус тус буцаан олгож. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц №01634944 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг шүүгдэгч Ш.Г буцаан олгож. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих  журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Уг хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдлаар бусад гэмт хэргээс ялгагддаг. Шинжээч томилсон тогтоол шинжээчийн мэдүүлэгт яллагдагч Ш.Г, хохирогч С.П нар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн гаргасан захиргааны хэм хэмжээний актууд болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, зөрчсөн бол ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн, энэ осол гархад нөлөөлсөн эсэх, тээврийн хэрэгслүүд аль хэсгээр мөргөлдсөн, ямар хурдтай явсан, тээврийн хэрэгслүүд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх зэргээр асуулт тавьж шинжээчийн дүгнэлт гаргасан байхад анхан шатны шүүхээс хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл хэсэг заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилсон гэж үзсэн нь үндэслэлгүй, шинжээч томилсон тогтоолд хуулийн заалтыг тайлбарлуулахаар нэг ч асуулт тавигдаагүй, хууль зөрчиж шинжээч томилоогүй байхад шүүхээс ямар нотлох баримтыг үндэслэж дээрх байдлаар үзсэн нь ойлгомжгүй. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч С.Пү, гэрч Ж.О нарын өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газрын үзлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шинжээч Б.М дүгнэлт, замын цагдаагийн албаны шинжээч В.Б, Д.А, Н.Э, Н.Ш, Ш.Б нарын дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээч В.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэргээр Ш.Г үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байхад дээрх байдлаар хэргийг цагаатгаж байгаа нь үндэслэлгүй байна.  Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 83 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Сайнхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжийг хэрэглэх түүний зүйл хэсэг заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглосон. Шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэг байхгүй боловч баримтлахгүй бол үндэслэлээ тодорхой заасан байх ёстой. Ганзоригт холбогдох хэрэг нь авто тээвийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Энэ төрлийн гэмт хэргүүд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдлаараа бусад гэмт хэргүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний ямар дүрэм хуулийг зөрчиж байгаа гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр уг гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжийг хангаж байдаг гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шижээч томилсон тогтоол болон шинжээчийн мэдүүлэг дотор замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний акт, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх зөрчсөн бол ямар хуулийн ямар зүйл заалтыг нь хэрхэн зөрчсөн уг осол гарахад нөлөөлсөн эсэх тээврийн хэрэгсэлд аль хэсгээрээ мөргөгдсөн ямар хурдтай явсан, тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх хөдөлгөөнд оролцож болох эсэх зэргээр асуулт тавигдсан байгаа. Үүн дотроос аль нь хуулийг тайлбарлах зорилгоор тавигдсан асуулт гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй харагдаж байна. Аль ч газар энэ асуултуудыг тавьж байгаа. Анхан шатын шүүхээс хууль тайлбарлуулах зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ш.Г нь гарцаар орж ирэхдээ зам тавьж өгөх ёстой гэсэн үүргийг биелүүлээгүй байна гэдэг байдлаар буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзсэн. Замын хөдөлгөөний дүрэм дээр гарц гэдэг нь ойролцоох зогсоол, шатхуун түгээх газар, үйлдвэр албан байгууллага хашаа хороолол зэрэг рүү орох тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон билчрийг хэлнэ гэж заасан байна. Хэрэг болсон газар нь Жаргалант хорооллоос төв зам руу нийлсэн замын билчир байна энэ нь гарц гэсэн ойлголтод таарч байна. Энэ газарт зам тээврийн осол гарсан байгаа нь хэргийн газар хийсэн үзлэгийн тэмдэглэл өөрсдийнх нь мэдүүлэг гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхээс гол зам туслах зам гэж үзэх тэмдэглэгээ тэр уулзвар дээр байхгүй гэж үзээд Пүрэвсүрэнг гол замаар явж байгаа гэж андуурч ойлгосноос болж уг осол гарсан гэсэн утга бүхий дүгнэлт хийсэн байдаг. Шүүх олон янзын байдлаар үгүйсгэж бичсэн байдаг. Энэ талаарх тэмдэг тэмдэглэгээ нь байгаагүй гэж шүүх үзэж байгаа. Замын хөдөлгөөний дүрэм дээр уулзварт нийлсэн шороон болон хучилттай замын хучилттай зам нь гол замд хамаарна гэж байгаа. Хаана ч ингэж явж байгаа. Түүнээс гадан хэрэг болсон уулзварын наад талд нь гол замын тэмдэг байгаа хохирогч С.П гол замаар явж байгаад тэр тэмдгийг хараад гол замаар явж байгаа гэж өөрөө ойлгосон шүүх үүнийг хохирогч өөрийгөө гол замаар явж байсан гэж андуурсан гэсэн дүгнэлт хйисэн харагдаж байна. Замын хөдөлгөөний дүрэм дээр гол замын тэмдэг дараагийн уулзвар хүртэл байхаар зохицуулсан байдаг дараагийн уулзвар дээр тэмдэг байхгүй бол эхний уулзварийн тэмдгээр явдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль дээр уулзвар бүр дээр тэмдэг тэмдэглэгээ байх ёстой гэсэн заалт байхгүй. Улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулахаар шинжээчийг оролцуулах хүсэлт тавьсан боловч шүүхээс шинжээчийг оролцуулах шаардлага байхгүй гэж тайлбарласан боловч яагаад оролцуулахгүй байгаа талаар дурдаагүй байгааг анхаарах нь зүтэй. Мэргэшсэн шинжээчийг оролцуулаад гарсан дүгнэлтийг тайлбарлаад явсан бол өнөөдөр ийм асуудалд хүрэхгүй байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн зам тээврийн осол үйлдэгдсэн нь хангалттай тогтоогдож байхад шүүх үндэслэлгүйгээр шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх өөр бусад байдлаар гуйвуулж байж хэргийг цагаатгаж  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Цагаатгаж байгаа үндэслэл нь тодорхой бус яллах талын нотлох баримтыг яагаад үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан энэ дүгнэлт бүрт Ш.Г буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн. Үүний аль нэгийг үнэлээд шүүх шийдэж болох байтал ямар нэгэн байдлаар үнэлээгүй тул прокурор эсэргүүцэл бичсэн гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Прокурорын тайлбарлаж байгааг харахаар хавтаст хэрэгт байхгүй  зүйлийг ярьж байна. Энэ зам нь гол зам.Гол замын тэмдэг байдаг гэж байна шүүх таамаглалд үндэслэж, хэрэгт байхгүй зүйлд үндэслэж шийдвэр гаргахгүй нь ойлгомжтой. Энэ зам гол мөн эсэхийг нотлох ёстой байсан. Орон нутагт амьдардаг тул энэ зам гол зам гэж мэддэгээрээ хэрэг шийдвэрлэх үндэслэл болохгүй. Хүнийг яллах гэж байгаа бол тухайн тэмдэг тэмдэглэгээг нотлох баримтын хэмжээнд бэхжүүлж хэний буруутай эсэхийг тогтоох ёстой байсан тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг 2 удаа анхан шатны шүүхээс цагаатгагдсан байдаг. Хууль тогтоомж зөрчсөн байна уу зөрчигдөөгүй байна уу гэдгийг мөрдөн байцаагч прокурор нотлох баримтаар тогтоох ёстой. Түүн дээр үндэслэн шүүх дүгнэлт хийж шийдвэр гаргах ёстой. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хүнийг буруутай болгох гэж үздэг захиргааны хэм хэмжээний акт болоод хууль зөрчигдсан гэдгийг техникийн шинжээчээр тогтоолгож байна. Энэ шинжээч нь замын хөдөлгөөний дүрэм буюу холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн зөрчигдөөгүй гэдэг дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, хууль зөрчсөн асуудал гэж үзэж шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах гэсэн боловч үнэлэх үнэлэхгүй талаар шүүх шийдвэрлэнэ гэж үзсэн. Тухайн хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан боловч эхнийх нь хэрэгт байхгүй зүйл дээр дүгнэлт гарсан. 2 дахь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг зэрэгт үндэслэж дүгнэлт гарсан түүн дээр Ш.Г буруутай үйлдэл алга эсрэг урсгалд явж байсан гэдэг яагаад энэ дүгнэлт өөр өөр гаргаад байсан гэхээр  3 удаагийн үзлэгээр хэргийн газрын гол цэг болох яг мөргөлсөн газрыг тогтоож чаддаггүй. Хамгийн сүүлд шинжээч нь А цэгийг буруу авсан гэсэн дүгнэлт хийсэн. А цэгийг буруу аваад явж байгаа хэргийг тэр чигт нь шилжүүлсэн. Тэр хэсэг нь гарц мөн юм уу гэдгийг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс тэр хэсгийг гарц биш гэж үзэж байна. Хороолол руу орж байгаа замыг гарц гэж ойлгож дүгнэлт гарсан боловч 3 удаагийн шинжээчийн дүгнэлт нь хоорондоо эсрэг байдаг. Шинжээч нар нь шүүхийн эрх хэмжээний асуудлыг хийж байна. Шинжээч нарын эрх хэмжээ өөр. С.П тээврийн хэрэгсэлд техникийн шинжээч үзлэг хийгээгүй тухайн мотоциклоос салж унасан зүйл хэргийн газарт байхгүй тээврийн хэрэгслийн үзлэг хийсэн тэмдэгллээс бүрэн бус тормозийн систем нь ажиллахгүй мотоцикл унаж явсан болох нь тодорхой харагддаг. Хэргийн бодит байдлыг хавтаст хэргээр тогтоогдоогүй, гэмт хэрэг гарсан байдлыг тогтоож чадаагүй. Үүнээс болоод шүүхийн шийдвэр гаргах хүртэл эргэлзээтэй байна. Хавтас хэргийг үзээд шүүгч дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийн “Гол зам” гэдэгт уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттайг нь гол зам гэж үзэхээр тусгайлан зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх хатуу хучилттай болон шороон замын алийг нь гол зам гэж үзэх талаарх уг тусгай зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр замын хучилтаас үл хамааран гол замын тэмдэг бүхий замыг гол зам гэж ойлгохоор байна хэмээн уг зохицуулалтыг буруу тайлбарлаж хохирогч С.П зорчиж байсан хатуу хучилттай замд гол замын тэмдэг тавигдсан эсэх нь хэрэгт авагдаагүй тул хохирогч бусад замын хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй байсан гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй бол өөрийгөө туслах замаар яваад тооцоно гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх уг зохицуулалтын “жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй бол” гэсэн гол нөхцөл заасан хэсгийг нь орхигдуулж хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч өөрийгөө туслах замаар яваад тооцох ёстой гэж тухайн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хохирогч С.П тухайн үед мотоцикл жолоодож явахдаа өөрөө хатуу хучилттай замаар явж байгаа учраас давуу эрхтэй гэж бодож байсан талаараа тодорхой мэдүүлсэн байна. 

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл байдаг.

Анхан шатны шүүх эрүүгийн хуульд иш татсан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэргийн талаарх шүүхийн дүгнэлтүүд, цаашлаад шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарахад сөргөөр нөлөөлсөн байна.  

Тухайлбал анхан шатны шүүх нэвтрэх дараалал тогтоосон тэмдэг, тэмдэглэгээ байхгүй замын уулзвар буюу замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир хэсэг дээр тухайн зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Уг дүгнэлтээс уламжлан тухайн тохиолдолд шүүгдэгч хохирогч нар өөрсдийгөө туслах замаар явж байна гэж тооцон адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дарааллын дагуу уулзварт нэвтрэх байсан учраас С.П нь бусад замын хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөнөө урьтан хийх давуу эрхтэй байсан гэж үзэх боломжгүй, тиймээс Ш.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас уг зам, тээврийн ослыг гаргаагүй гэж  дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Г зорчиж явсан зам дээр гарц гэдгийг заасан тэмдэг, тэмдэглэгээ тавигдаагүй, замыг тодорхойлохуйц нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй, Ш.Г хөдөлгөөнд оролцож байсан зам нь гэр хорооллоос гарч ирсэн байгаа боловч тэндээс гарч ирсэн бүх замыг “гарц” гэж хийсвэр байдлаар тодорхойлох боломжгүй тул шүүгдэгч Ш.Г гарцаар зам руу нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй гэж таамаглалд үндэслэн түүнийг зам тээврийн осолд буруутгах үндэслэлгүй гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.О, хохирогч С.П нарын мэдүүлэг зэргээр тухайн үед зорчих хэсгийн гадаргуу хуурай, цаг агаар цэлмэг, жолооч нар зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг өөрсдөө тодорхойлоход саад болох ямар нэгэн хүндрэлгүй, өдрийн 17 цаг болж байсан бөгөөд шүүгдэгч Ш.Г нь 51-99 ГАА улсын дугаартай авто машин жолоодож Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн гэр хорооллын уулзварт нийлсэн шороон замаар, явж байгаад тухайн гэр хороолол руу орох, гарахад зориулагдсан зорчих хэсэг хатуу хучилттай замтай огтлолцсон бэлчир буюу гарцаар хатуу хучилттай зам руу орох үед уг осол болсон нь тогтоогдсон байна.         

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг ойлгох бөгөөд жолооч гарцгүй, буюу замгүй газраар уулзварт нэвтэрсэн бол тэр нь түүнд ямар нэгэн давуу байдал бий болгох үндэслэл болохгүй.  

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч өөрийгөө гол зам дээр яваа давуу эрхтэй хэмээн андуурсан байж болох ч энэ нь зөвхөн бусад оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх агуулгаар тайлбарлагдах бөгөөд зам дээр нэгэнт аюул саад бий болсон тохиолдолд тээврийн хэрэгслээ зогсоох, хурдаа хасах, урьдчилан сэргийлэх үүргээс жолоочийг чөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх С.П, Ш.Г нарын хэн нь Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон ямар зөрчил гаргасан нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалт, эсхүл жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний аль нь осол гарах үндсэн шалтгаан болсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, улсын яллагчийн яллах үндэслэл болж байгаа нотлох баримт үгүйсгэгдээгүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь уг цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, бүхэлд нь үнэлж осол гарсан үндсэн шалтгааныг тогтоолгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх шийдвэр гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд  буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг,  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2018/шцт/83 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ш.Г холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурорын  эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ш.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ                             Ш.БАТТОГТОХ

                         ШҮҮГЧИД                             Т.ЖАРГАЛСАЙХАН

                                                                      Ч.ЭНХТӨР