Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 115

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Б.Батбаяр,

Хохирогч Д.Занданбал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа, Э.Батбаяр,

Шүүгдэгч Л.Баярхүү, О.Дагвадэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лхагважавын Баярхүү, Харваач овогт Оюунбаатарын Дагвадэмбэрэл нарт холбогдох эрүүгийн 201510010180 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 1-3 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхагважавын Баярхүү /EO96091016/,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ам бүл 6, аав, ээж, эмээ дүүгийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Жаргалант 13-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харваач овогт Оюунбаатарын Дагвадэмбэрэл /СИ96090811/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Баярхүү нь 2015 оны 10 дугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан-Жолоо" хүнсний дэлгүүрээс хүнсний бараа, бэлэн мөнгө, үүрэн телефоны ярианы нэгжийн картууд зэрэг эд зүйлсийг хулгайлж 1,245,100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан улмаар давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед яллагдагч О.Дагвадэмбэрэлтэй бүлэглэн Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 15 тоот хашаанд байх “Сэлэнгэ” найман нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, архи, тамхи, гар утас, шар айраг, школад зэрэг эд зүйлсийг хулгайлж 1,450,250 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Дагвадэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед яллагдагч Л.Баярхүүтэй бүлэглэн Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 15 тоот хашаанд байх “Сэлэнгэ” найман нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, архи, тамхи, гар утас, шар айраг, шоколад зэрэг эд зүйлсийг хулгайлж 1,450,250 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Баярхүү мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр архи уусан нилээн согтуу гэр лүүгээ харих гэж яваад замдаа Алтан жолоо дэлгүүрийн вакум цонхийг эвдэж дотор нь ороод архи, тамхи шпрот, талхи, хаим бэлэн мөнгө зэрэг зүйлийг хулгайлаад гэр байрны хойшоо эзэнгүй газар нуугаад маргааш өдөр нь талыг нь олоод Улаанбаатар хотруу авч явсан хотод хулгай хийж олсон мөнгөө үрж дуусгаад авсан зүйлээ идэж уусан. Шуудай дүүрэн зүйл авсан, нэгж картууд авсан яг хэд байсныг мэдэхгүй байна. Тэгээд хөдөө ажлаар яваад Багануурт ирсэн барилгын туслах хийж байгаад О.Дагвадэмбэрэлтэй танилцсан. Бид хоёр 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэг шил архи хувааж уугаад би О.Дагвадэмбэрэлийг гаръя гээд гарсан. Тэгээд Сэлэнгэ нэртэй дэлгүүрийн вакум цонхоор дотогш орж цүнхэнд байсан бэлэн мөнгө, архи, пиво, шоколад, самар зэрэг зүйлсийг хулгайлж авсан. Би дэлгүүр лүү ороод О.Дагвадэмбэрэлд 2 шил архи, нэг пиво, тортой зүйлсийг өгсөн. О.Дагвадэмбэрэл 2 шил архи, нэг пивыг авч яваад тортой зүйлсийг аваагүй явсан байсан. Би О.Дагвадэмбэрэлийг аваад явж бай гэж хэлсэн. Намайг дэлгүүрээс гарч ирэхэд О.Дагвадэмбэрэл явчихсан байсан би дуудаад байхгүй болохоор нь утасдаад хот явах ажил гарлаа гэж хэлээд Улаанбаатар хот явсан. Тэгээд мөнгөө үрж дуусгаад Багануурт ирээд цагдаа нарт баригдсан. Хохирлоо ажил хийж төлнө...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142/,

- Шүүгдэгч О.Дагвадэмбэрэл мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би Багануур дүүргээс урагш гахайн ферм гэх нэртэй газар ажил дээрээ байж байтал цуг ажилладаг Баярхүү гэх залуу надад хоёулаа төв оръё гэсэн тэгэхээр нь яах гэж байгаа юм гэхэд Баярхүү надад ажил байна гэсэн тэгэхээр нь ямар ажил гэхэд очоод хэлье гэсэн тэгээд бид хоёр хорооны урд явж байсан чинь Л.Баярхүү надад хоёулаа Сэлэнгэ дэлгүүр лүү орж хулгай хийё би энэ дэлгүүрийг мэднэ чи надад цонхны гадна талын төмрийн таталцаад өг гэсэн тэгэхээр нь цонхны гадна талын төмөр рамыг таталцсан. Тэгсэн Л.Баярхүү нөгөө дэлгүүрийн цонхоор орсон би 5 дугаар хорооны буланд хүн хараад зогсож байсан Л.Баярхүү дэлгүүр лүү ороод удсан гарч ирэхдээ 2 шил архи 1 ширхэг пиво авч гарч ирээд намайг гудамжаар зүүн тийшээ яваад ажил руугаа явж бай урд улаан худаг байгаа тэнд уулзъя гэсэн тэгэхээр нь би гудамжаар чигээрээ явж байтал Л.Баярхүү араас утсаар залгаад манай эгчийн бие муудчихлаа би хот орох ажилтай боллоо гэсэн тэгэхдээ чамд мөнгө өгнөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад өгсөн архийг нь ажлынхаа хашаанд нуусан юм. Дахин ийм хэрэг хийхгүй. Би  2 шил архи, нэг 2,5 литрийн пиво аваад нуусан байсан тэрийгээ цагдаа нарт нуусан газраасаа гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134/,

- Хохирогч Д.Занданбал мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манайх Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын 15 тоотод оршин суудаг бөгөөд манайх хашаанд энэ хаяган дээр 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой дэлгүүрээ хаагаад гэртээ орсон тэгээд өглөө дэлгүүрийн арын хаалгаар ороод урд талынхаа хаалгыг нээтэл дэлгүүрийн сараалжин төмрийг хайсан дотор хаясан цонх нь онгорхой байхаар нь хулгай орсон гэдгийг мэдээд хяналтынхаа камерийг шүүж үзэхэд амандаа маск зүүсэн гартаа бээлийтэй саравчтай малгай өмссөн хоёр хүн хашаа руу ороод дэлгүүрийн цонхоор нэг нь орж байгаа бичлэг байсан манай дэлгүүрээс 750 граммтай Чингис архи, 750 граммтай Соёрхол архи, макс шоколад 2 ширхэг, лаазтай самар 2 ширхэг, гоё ундаа 1 ширхэг, хөөсөн чихэр 1 уут, 2.5 литр Сэрүүн пиво 1 ширхэг, өндөгөн шоколад 5 ширхэг, контик 5 ширхэг, хайрцагтай мапаса 1 ширхэг, талх 1 ширхэг, салиям 1 ширхэг, хуушуур 8 ширхэг, таваг 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 1,321,000 төгрөг нийтдээ 1,450,250 төгрөгийн эд зүйл алдагдсан байна. Хохирлоо барагдуулаад авчихвал надад гомдол санал гэх зүйл байхгүй. 2 шил архи, 1 пиво буцааж авсан. Энд ирж байцаалт өгсөн зардал, хоол ундны зардал 173,100 төгрөгийг нэмээд нийт 1,581,950 нэхэмжилсэн. О.Дагвадэмбэрэлийн ар гэрийнхэн миний ирж очих унааны зардал гэж 300,000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/,

- Хохирогч Н.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд: "... 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд 8 цагийн үед манай худалдагч орж ирээд дэлгүүрт хулгайч орсон байна гэж хэлсэн.  ... дэлгүүр лүүгээ орж үзэхэд нэгжний мөнгө, карт хийдэг сав онгорхой байсан. Нийтдээ 580,500 төгрөгийн нэгж болон орлогын мөнгө Юнителийн 132,500 төгрөгний нэгжний карт орлогын мөнгө, мобиком 98,000 төгрөгний орлогын мөнгө, Жи-Мобайль 100,000 төгрөгний орлогын мөнгө нэгжний карт, Скайтелийн 250,000 төгрөгний нэгж болон орлогын мөнгө алдагдсан үүнээс гадна Соёмбо архи 2 ширхэг, жимстэй Болор архи 2 ширхэг, 0.75 литрийн хар Чингис архи 1 ширхэг, 0.75 литрийн цагаан Чингис архи 1 ширхэг, 0.75 литрийн Альфа архи 1 ширхэг, 0.75 литрийн Экс архи 1 ширхэг, Нийслэл пиво 2.5 литр 4 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, парламент тамхи 1 блок, улаан шонхор тамхи 1 блок, улаан вест 6 ширхэг, винстэн 6 ширхэг, ЛД саарал тамхи 6 ширхэг, ЛД нарийн тамхи 6 ширхэг, цэнхэр эссэ тамхи 8 ширхэг, чэнж эссэ 10 ширхэг, вест нарийн тамхи 8 ширхэг, улаан шонхор тамхи 10 ширхэг, парламент тамхи 8 ширхэг, майелд тамхи 6 ширхэг, бяслагт хиам 1 кг, талх 1 ширхэг, шпрот 1 ширхэг, Соёрхол архи 2 ширхэг, касс дотор тарвас зарсан 26,000 төгрөг, орлогын мөнгө 142,500 төгрөг бэлнээр алдагдсан нийт манай дэлгүүрээс 534,100 төгрөгний бараа бэлнээр 168,500 төгрөг, 580,500 төгрөгний нэгж нийт 1,283,100 төгрөгний хохирол учирсан... учирсан хохиролоо нэхэмжилнэ“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58/,  

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учрал болсон гэх газар нь Замын-Үүд сумын 3 дугаар багт байрлах Модны гудамжны 4-9 тоотод байх ертөнцийн зүгээр баруун талаасаа орох хаалгатай улаан өнгийн тоосгон “Алтан-Жолоо” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр байлаа...дэлгүүрийн баруун талын хананы 2 зэргэлдээ вакум цонхны урд талын цонхны хамгаалалт төмөрний 1 сетэкийг хугалж вакум цонхны порчикийг гаднаас түлхэн онгойлгосон байдалтай ... үзлэгийн явцад баруун талын хананд бай, урд талын вакум цонх, цонхны доод талд байх шилэн хаалгатай хөргөгчин дээрээс криминалистикийн шинжээчээр 6 хэсэг гарын мөр бэхжүүлж авч ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар 24 кадр зураг авч бэхжүүлэв” гэсэн /хх-ийн 20-24/,

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 5 дугаар хорооны зүүн талд байрлах 1 давхар ертөнцийн зүгээр баруун тийш харсан дээрээ “Сэлэнгэ” гэх нэртэй дэлгүүр байв. Уг дэлгүүрийн хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хаалганаас урагш 60 см зайд байрлах цагаан модон рамтай 4 тасалгаатай цонх байх бауг цонхны дээд талын жижиг цонх нь онгорхой байдалтай байв. Цонхны доод талд 248”-124 см харьцаатай цонхны төмөр рамыг газар унасан байдалтай түүний дээд талд цагаан өнгийн таваг дээш харсан байдалтай байна... Шинжээч Өнөрбуян 21 кадр зураг баримтжуулж авсан “ гэсэн /хх-ийн 29-35/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 099 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ...4 дугаартай гарын мөр Лхагважав овогтой Баярхүүгийн баруун гарын алганы дардастай тохирч байна...Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүтэй тохирохгүй“ гэсэн /хх-ийн 73-75/,

            - Шүүгдэгч О.Дагвадэмбэрэлийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 193-194/,

     - Шүүгдэгч Л.Баярхүүгийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 195/,

-  Шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 281 дугаартай дүгнэлт, хохирлын баримтууд /хх-ийн 77-91/,

 - Эд хөрөнгийн хохирлын үнэлгээ, хохирлын баримтууд /хх-ийн 93, 237/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн куртик, бээлий, сди зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 Зам-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Баярхүүг согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан-Жолоо" хүнсний дэлгүүрт нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан авч, бага бус хэмжээний буюу 1,245,100 төгрөгний, давтан үйлдлээр О.Дагвадэмбэрэлтэй бүлэглэн, согтуугаар Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 15 тоот хашаанд байх “Сэлэнгэ” найман нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан авч, бага бус хэмжээний буюу 1,450,250 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч О.Дагвадэмбэрэлийг Л.Баярхүүтэй бүлэглэн, согтуугаар Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 15 тоот хашаанд байх “Сэлэнгэ” найман нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйлийг нь хулгайлан авч, бага бус хэмжээний буюу 1,450,250 төгрөгний хохирол учруулсан  хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба тэдний үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан, үйлдэл холбогдол нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх тогтоолдоо үндэслэв.

Шүүгдэгч Л.Баярхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтан-Жолоо" хүнсний дэлгүүрээс хүнсний бараа, бэлэн мөнгө, үүрэн телефоны ярианы нэгжийн картууд зэрэг эд зүйлсийг хулгайлсан, шүүгдэгч Л.Баярхүү, О.Дагвадэмбэрэл нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуусын задгайн 15 тоот хашаанд байх “Сэлэнгэ” найман нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө, архи, тамхи, гар утас, шар айраг, шоколад зэрэг эд зүйлсийг хулгайлсан нь хохирогч Н.Нарантуяагийн “...хүүхдээ сургуульд хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд 8 цагийн үед манай худалдагч орж ирээд дэлгүүрт хулгайч орсон байна гэж хэлсэн... Нийтдээ 580,500 төгрөгийн нэгж болон орлогын мөнгө Юнителийн 132,500 төгрөгний нэгжний карт орлогын мөнгө, мобиком 98,000 төгрөгний орлогын мөнгө, Жи-Мобайль 100,000 төгрөгний орлогын мөнгө нэгжний карт, Скайтелийн 250,000 төгрөгний нэгж болон орлогын мөнгө алдагдсан үүнээс гадна Соёмбо архи 2 ширхэг, жимстэй Болор архи 2 ширхэг, 0.75 литрийн хар Чингис архи 1 ширхэг, 0.75 литрийн цагаан Чингис архи 1 ширхэг, 0.75 литрийн Альфа архи 1 ширхэг, 0.75 литрийн Экс архи 1 ширхэг, Нийслэл пиво 2.5 литр 4 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, парламент тамхи 1 блок, улаан шонхор тамхи 1 блок, улаан вест 6 ширхэг, винстэн 6 ширхэг, ЛД саарал тамхи 6 ширхэг, ЛД нарийн тамхи 6 ширхэг, цэнхэр эссэ тамхи 8 ширхэг, чэнж эссэ 10 ширхэг, вест нарийн тамхи 8 ширхэг, улаан шонхор тамхи 10 ширхэг, парламент тамхи 8 ширхэг, майелд тамхи 6 ширхэг, бяслагт хиам 1 кг, талх 1 ширхэг, шпрот 1 ширхэг, Соёрхол архи 2 ширхэг, касс дотор тарвас зарсан 26,000 төгрөг, орлогын мөнгө 142,500 төгрөг бэлнээр алдагдсан нийт манай дэлгүүрээс 534,100 төгрөгний бараа бэлнээр 168,500 төгрөг, 580,500 төгрөгний нэгж нийт 1,283,100 төгрөгний хохирол учирсан...” гэсэн, хохирогч Д.Занданбалын “...өглөө дэлгүүрийн арын хаалгаар ороод урд талынхаа хаалгыг нээтэл дэлгүүрийн сараалжин төмрийг хайсан дотор хаясан цонх нь онгорхой байхаар нь хулгай орсон гэдгийг мэдээд хяналтынхаа камерийг шүүж үзэхэд амандаа маск зүүсэн гартаа бээлийтэй саравчтай малгай өмссөн хоёр хүн хашаа руу ороод дэлгүүрийн цонхоор нэг нь орж байгаа бичлэг байсан… Манай дэлгүүрээс 750 граммтай Чингис архи, 750 граммтай Соёрхол архи, макс шоколад 2 ширхэг, лаазтай самар 2 ширхэг, гоё ундаа 1 ширхэг, хөөсөн чихэр 1 уут, 2.5 литр Сэрүүн пиво 1 ширхэг, өндөгөн шоколад 5 ширхэг, контик 5 ширхэг, хайрцагтай мапаса 1 ширхэг, талх 1 ширхэг, салиям 1 ширхэг, хуушуур 8 ширхэг, таваг 1 ширхэг, самсунг маркийн гар утас 1 ширхэг, бэлнээр 1,321,000 төгрөг нийтдээ 1,450,250 төгрөгийн эд зүйл алдагдсан байна” гэсэн болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, түүнчлэн энэ хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь тэдний амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой шууд холбоотой байна.

        Шүүх Л.Баярхүү, О.Дагвадэмбэрэл нарыг гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

   Шүүгдэгч Л.Баярхүү, О.Дагвадэмбэрэл нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрт оногдох хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, ялыг ялгамжтай оногдуулсан болно.

 

    Шүүгдэгч Л.Баярхүүгийн цагдан хоригдсон 135 хоног, шүүгдэгч О.Дагвадэмбэрэлийн цагдан хоригдсон 3 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

         Шүүгдэгч Л.Баярхүү нь хохирогч нарт эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн дагуу гаргуулах үндэслэлтэй. Шүүгдэгч О.Дагвадэмбэрэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ. Учир нь: О.Дагвадэмбэрэл нь Сэлэнгэ дэлгүүрээс /Д.Занданбал/ соёрхол архи 1ширхэг, голд чингис архи 1 ширхэг, сэрүүн пиво 1 ширхэгийг авч явсан ба уг зүйлсийг буцааж өгсөн, бэлэн мөнгө болон бусад алдагдсан зүйлсийг авч хэрэглээгүй, Л.Баярхүүг авсан талаар мэдээгүй нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдож байх тул хохирогч Д.Занданбалд учирсан хохирлыг шүүгдэгч нараар хувааж төлүүлэх үндэслэлгүй байна. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Д.Занданбал нь “... хулгайд алдсан эд зүйлсийн үнэ 1,450,250 төгрөгөөс буцааж авсан зүйлийн үнэ 41,400 төгрөгийг хасаад 1,408,850 төгрөг, Улаанбаатарын хотын Багануур дүүргээс Замын-Үүд сум руу ирж буцах зардал, хоолны унд авсан 173,100 төгрөг, нийт 1,581,950 төгрөг...” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас хоолны зардал 36,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хасч тооцох мөн шүүхийн шатанд шүүгдэгч О.Дагвадэмбэрэлийн өгсөн 300,000 төгрөгийг тус тус хасч шүүгдэгч Л.Баярхүүгээс  хохирогч Д.Занданбалд 1,245,950 төгрөгийг, хохирогч Н.Нарантуяад 1,245,100 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лхагважавын Баярхүүг давтан үйлдлээр Харваач овогт Оюунбаатарын Дагвадэмбэрэлтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах,

Харваач овогт Оюунбаатарын Дагвадэмбэрэлыг  Боржигон овогт Лхагважавын Баярхүүтэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Лхагважавын Баярхүүд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сар 15 /арван тав/  хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Оюунбаатарын Дагвадэмбэрэлд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Лхагважавын Баярхүүд оногдуулсан 4 /дөрөв/ сар 15 /арван тав/  хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Оюунбаатарын Дагвадэмбэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1,           59.2-т зааснаар шүүгдэгч Л.Баярхүүгийн цагдан хоригдсон 135 хоногийг, шүүгдэгч О.Дагвадэмбэрэлийн цагдан хоригдсон 3 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 6. Шүүгдэгч О.Дагвадэмбэрэл нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урдуураа цахилгаантай нимгэн Wand гэсэн бичигтэй хар куртик, цагаан өнгийн урдуураа улаан өнгийн резинэн оруулгатай хос бээл зэргийг тогтоол хүчинтөгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт утсгах комисст даалгаж, камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Л.Баярхүүгээс 1,245,950 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот Багануур дүүргийн 5-р хороо Залуус Задгай 15 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Дашдоржийн Занданбал /МЬ-62082403, Сэлэнгэ дэлгүүр/-д 1,245,100 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Модны 4-9 тоотод оршин суух Мянгад овогт Наранхүүгийн Нарантуяа /РЭ-82031409, Алтан жолоо хүнсний дэлгүүр/-д тус тус олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Дагвадэмбэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газарт даалгасугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дагвадэмбэрэлд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Л.Баярхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ