Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1703

 

МАГАДЛАЛ

 

2017.7.26                                                    Дугаар 1703                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Жаст Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01534 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Жаст Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Уян ган” ХХК-д холбогдох  шатахууны үнийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, алданги болох 60,401,000 төгрөг, хоног тутмын хүү 40 589,472 төгрөг нийт 221,792,472 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохиролд 221 792 472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Энхжавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: "Уян ган"    ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61/13 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, түүний алданги болох 60,401,000 төгрөг, хоног тутмын хүү 40,589,472 төгрөг нийт 221,792,472 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу худалдан авагч нь тухайн худалдан авсан барааны төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, хугацаа хэтэрснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрмөгц, холбогдох баримтыг шүүхэд шилжүүлэн төлбөрийг хүү, алдангийн хамт нэхэмжлэн төлүүлнэ гэсэн байдаг. Гэтэл худалдан авагч нь гэрээний үүргээ зохих ёсоор төлөөгүй байснаас өнөөдрийн байдлаар төлбөл зохих 120,802,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа нь "Уян-Ган" XXК нь гэрээний үүргээ зөрчиж байгааг харуулж байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг хүртэл хүргүүлж байсан боловч ямар ч үр дүн гараагүй юм. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу нийт 4 удаагийн тээвэрлэлтээр 140,802,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн. Үүнээс 20,000,000 төгрөгийг урьдчилж төлөөд авсан ба үлдэгдэл 120,802,000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан. Шатахууны сүүлийн нийлүүлэлт 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийлүүлсэн. Гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан. Нийт 140,802,000 төгрөгийн шатахуун нийлүүлснээс урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 120,802,000 төгрөгөөс нэг ч төгрөг өнөөдрийг болтол төлөөгүй юм. Гэрээнд зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхээр байгаа тул алдангид 60,401,000 төгрөг нэхэмжилсэн. Хүүгийн хувьд хнонг тутамд 0,08 хувийн хүү төлөхөөр заасан тул хүүг 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тооцож 40,589,472 төгрөг нэхэмжилсэн. Иймд "Уян-Ган" ХХК-иас "Жаст-Ойл" ХХК-иас авсан шатахууны үнийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, алданги болох 60,401,000 төгрөг, хоног тутмын хүү 40 589,472 төгрөг нийт 221,792,472 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн хавсаргасан нотлох баримтуудын жагсаалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.6-д заасан шаардлагуудыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжилж байгаа үнийн дүн нь тогтоогдох ямар ч боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч "Жаст Ойл" ХХК-ийн "Уян ган" ХХК-иас 221,792,472 төгрөг гаргуулах тухэй шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр "Жаст Ойл" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:     ОХУ-ын компаниудтай хийгддэг худалдааны гэрээнүүд нь 100 хувь урьдчилсан төлбөрөөр хийгддэг байхад харин хоёр улсын компаниудын хооронд байгуулагдсан энэхүү худалдааны гэрээний төлбөрийн нөхцөл нь бараг анх удаагийнх гэж хэлж болохоор төлбөрийн маш таатай орчинтой маш хямд үнийн саналтай гэрээ байснаараа онцлог ашигтай гэрээ байсан. Харин нефть боловсруулах үйлдвэрээс авах барааны квот хэмжээ үйлдвэрийн ачилтын график, түүний хэмжээ, цистерн вагоны урьдчилсан захиалга, төмөр замын гадаад ачааны график гэх мэт дахин давтагдашгүй цаг хугацаатай захиалгуудын урьдчилсан төлбөрт шаардагдсан 125,000 ам.долларыг захиалагч тал "Уян ган" ХХК нь ОХУ-ын талд төлж гэрээ хэрэгжиж эхэлсэн боловч "Жаст ойл" ХХК-ийн хариуцлаггүй байдлаас 100 хувь шалтгаалж гэрээ хэрэгжээгүйгээс болж "Уян ган" XXК нь 125,000 ам.долларын хохирол хүлээсэн. Зуучлагч "Уян ган" XXК-ийн ОХУ-ын талд төлсөн     төлбөр нь эргэн төлөгдөх нөхцөлгүй, харин зөвхөн гэрээг хэрэгжүүлэхэд эхний нөхцөл бололцоог бүрэн хангасан төлбөр байсан бөгөөд гэрээ байгуулагч тал болох "Жаст ойл" ХХК ч ялгаагүй энэхүү төлбөрийг өөрсдөө төлсөн бол өөрсдөөс нь болж бас л хохироод үлдэх байсан. Энэхүү гэрээг бүгд хэрэгжинэ гэж бодож байсан тул бүх төлбөр тооцоо гэрээний дагуу цаг хугацааны дарааллаар хийгдсэн боловч "Жаст ойл" ХХК-иас болж гэрээг хийгдээгүйгээс гадна зуучлагч "Уян ган" ХХК нь дахин ОХУ-ын талтай дизелийн түлшний гэрээ хийх эрхгүй болж бизнесийн нэр хүндээ бусдаас болж алдсан юм. Гэрээг хэрэгжүүлж чадаагүй "Жаст ойл" ХХК-ийн удирдлагууд зуучлагчийн хохиролд 2013 оны 7 дугаар сард 2 машин дизелийн түлшийг "Уян ган" ХХК-д 120,802,000 төгрөгөөр өгснөөр энэхүү гэрээний маргааныг талууд дуусгавар болгоод байтал "Жаст ойл" ХХК-ийн шинэ удирдлагууд "Уян ган" ХХК-иас 221,792,472 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн гэрээний хохирол болгож "Жаст ойл" ХХК-иас шатахуунаар бодож, "Уян ган" ХХК-д өгсөн 120,802,000 төгрөгт хүү, алданги нь тооцох нь бүр ч хууль бус юм. Иймд "Жаст ойл" ХХК-ийн ОХУ-ын "Стандарт ойл" ХХК-тай 2013 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээнд зуучлагч "Уян ган" ХХК-ийн бодит хохирол болох 221,792,472 төгрөгийг "Жаст ойл" ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн утга нь гэрээний зуучлагч тал "Жаст Ойл" ХХК-ийн худалдааны гэрээ бүхэн хэрэгжихийг баталгаажуулан 75,000 ам.долларыг ОХУ-н талд бэлнээр төлсөн боловч гэрээ хэрэгжээгүйн улмаас "Зуучлагч" тал алдагдалд орсон гэж мэдүүлж байсан. Тус шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 102\Ш32015\22457 дугаар бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай захирамж гарсан байдаг.

2013 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн утгатай байсан бол 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч "Жаст Ойл" ХХК-иас 221,792,472 төгрөгийг гаргуулж өгнө үү утгатайгаар манай компаниас төлбөр нэхсэн нь хууль зүйн үндзслэлгүй юм. Учир нь "Уян ган" ХХК нь "Жаст Ойл" ХХК-д гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх нь доорхи баримтаар нотлогдож байна. 2013 оны 7 дугаар сарын     04-ний өдрийн ЖО/БХ-61/13 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээ болон, "Уян ган" ХХК-ийн захирал Х.Олонболдын 2014 оны 5 дугаар сарын   27-ний өдөр "Жаст" ХХК-д хүргүүлсэн төлбөр төлөх график юм. "Жаст ойл" ХХК нь "Уян ган" ХХК-иар зуучлуулаад ОХУ-ын "Стандарт ойл" ХХК-тай гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй. Хариуцагчийн зүгээс гаргасан Сөрөг нэхэмжлэлийг нотолсон "Жаст ойл" ХХК нь зуучлалын гэрээг "Уян ган" ХХК-тай байгуулсан гэх баримт болон зуучлалаар дамжуулж ОХУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан баримт хэрэгт байхгүй. Мөн "Уян ган" ХХК нь ОХУ-ын "Стандарт ойл" ХХК-д 75,000 ам.доллар төлсөн гэх ч баримт хэрэгт байхгүй. Иймээс "Уян ган" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч "Уян ган" ХХК-иас зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 120,802,000 төгрөг, алданги 60,401,000 төгрөг, хүү 2,651,260 төгрөг, нийт 183,854,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Жаст ойл" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 37,938,212 төгрөгийн шаардлагыг хзрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч "Уян ган" ХХК-ийн нэхэмжлэгч "Жаст ойл" ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол 221,792.472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Жаст ойл" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 26003030349 тоот дансанд төлсөн 1,266,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Уян ган" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,077,221 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Жаст ойл" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч "Уян ган" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 8 дугаар сарын 06-ын өдөр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 26003030349 тоот дансанд төлсөн 1,266,912 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хурлын товуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн утсаар хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт тодорхой байдаг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг хувийн хэргээр    АНУ-д зорчих болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтийг хуулийн дагуу шүүхэд гаргаж өгсөн байдаг. Шүүх болон нэхэмжлэгч тал "Уян ган" ХХК-ийн захирал Х.Олонболдыг өвчтэй байгаа гэдгийг мэдсээр байж, хариуцагчийг эрэн сурвалжилж, олж тогтоолгүйгээр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр "Сөрөг" нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шатахууны компаниуд шатахууныг зээлээр олгохдоо заавал барьцааны зүйл авдаг, хэрвээ барьцаа байхгүй бол олон сая төгрөгийн шатахууныг зээлээр өгдөггүй бичигдээгүй хуультай. Өөрөөр хэлбэл: /Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө болох бульдозер, гинжит эксковатор, ковш эсвэл банкны баталгаа гэх мэт/. Гэтэл "Жаст-Ойл" ХХК нь "Уян ган" ХХК-нд шатахуун олгохдоо ямар ч барьцаа аваагүй нь өөрсдийн өр төлбөрийг шатахуунаар төлсөн байна гэдэг нь тодорхой харагддаг. Гэвч тухайн үеийн "Жаст-Ойл" ХХК-ийн удирдлагууд бүрэн солигдсоны дараа энэхүү болсон үйл явдлыг үл мэдэх "Магнай трейд" ХХК нь гарч ирээд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд хэргийг заавал талуудын оролцоотой шийдвэрлэх шаардлагатай байсан гэж үзэж байна.

Мөн "Уян ган" ХХК нь энэхүү иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасаар байхад шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөлийг биечлэн оролцуулж, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцүүлээгүйд гомдож байна.

"Уян ган" ХХК-ийн захирал Х.Олонболдын биеийн байдал 2013 оноос эрс муудаж, нойр булчирхайн тал нь идэгдсэн учир байнгын эмнэлгийн хяналтад орж, хөдөлмөрийн чадвар алдагдсан тул тэр үеэс эхлэн өнөөдрийг хүртэл Тайланд, Өмнөд солонгос, Монголд эмчлүүлж байгаа бөгөөд "Уян ган" ХХК-ийн захирал байсан Х.Олонболд нь гэр, эмнэлэг хоёрын аль нэгэнд өнөөдрийг хүртэл байгааг нэхэмжлэгч тал мэдэж байсан ч түүнийгээ шүүхэд хэлээгүйд гомдож байна. Учир нь нэхэмжлэгч "Магнай трейд",        "Жаст-Ойл" ХХК-ийг төлөөж шүүх хуралд нэг баг орсноос гадна "Уян ган" ХХК нь шүүхийн шийдвэрээр "Магнай трейд" ХХК-ийн 80 гаруй сая төгрөгийг 2016 оны намар төлж барагдуулж байсан баримтууд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр байгаа болно.

Х.Олонболд нь "Уян ган" ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд "Уян ган"     ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Я.Ихбаярыг томилж, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Жаст Ойл” ХХК нь хариуцагч “Уян ган” ХХК-д холбогдуулан шатахууны үнийн үлдэгдэл төлбөр болох 120,802,000 төгрөг, алданги 60,401,000 төгрөг, хүү 40,589,472 төгрөг нийт 221,792,472 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, хохирол 221 792 472 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг хариуцагч нь уг гэрээний 4.1-д заасан хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч нь уг гэрээний зүйлийн үнийг хүү, алдангийн хамт 4.2, 4.3-т зааснаар шаардсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...“Жаст Ойл” ХХК нь “Уян ган” ХХК-ийн зөвлөх Л.Батбилэгээр зуучлуулан ОХУ-ын “Стандарт-Ойл” ХХК-тай байгуулсан худалдааны гэрээ нэхэмжлэгч талын буруугаас хэрэгжээгүй, гэрээний баталгаанд захирал Х.Олонболдоос төлсөн 75 000 ам.долларт дизелийн түлш авсныг нэхэмжлэгч компанийн шинэ удирдлагууд мэдэхгүйгээс гэрээний зүйлийн үнийн үлдэгдлийг шаардаж байгаа нь үндэслэлгүй...” гэж тайлбарласан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг талууд харилцан шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нь нотлох баримтад үндэслэгджээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх хуудсыг хариуцагчаас шүүхэд өгсөн хаягаар удаа дараа хүргүүлсэн байх ба хаяг өөрчлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэл гаргах замаар сөрөг нэхэмжлэлтэй холбогдох маргаанаа шийдвэрлүүлэх      эрх нь нээлттэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 165.1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2017/01534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 077 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

       

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

                                   

                       ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД                                             

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ