Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00583

 
 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00701 дүгээр шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00065 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

 

нэхэмжлэл: ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч С.Нургайып нарын хяналтын журмаар 2020.10.22-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, С.Нургайып, нарийн бичгийн даргад Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Сахиулаар ажиллаж байхад төсөвгүй гэж ажлаас халсан. Төсөв дутсан асуудалд миний буруу байхгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019.06.26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сахиулын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Төсөв дутсан асуудалд дарга, ажилтнуудын аль нь ч буруугүй. Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын яамнаас 2019 оны төсөвт 22 орон тоо баталсан. *******ыг 2019.06.24-г хүртэл ажиллуулж цалинг олгосон ба үүнээс хамаарч төсөвт 3,778,904 төгрөгийн хохирол учраад байна. Байгууллагын үндсэн 25 хүнээс гадна аймгийн ИТХ-н хуралдааны 2017 оны 30 дугаар тогтоолоор баталсан Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх, Бага боловсрол, эх хэл, монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Бага боловсрол, бага боловсролын аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр З.Маруза, Монгол хэл, уран зохиолын боловсрол, аймгийн дэд хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр С.Гаура, 2016 оны аймгийн Засаг даргын А/556 дугаар захирамжийн дагуу Соёлын өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр Т.Ермек нарыг тус тус шинээр 2018 оноос авч ажиллуулж , цалингийн санг 2018 онд аймгаас нэмж өгсөн. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 130/ШШ2020/00701 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019.06.26-ны өдрийн Б/22 дугаар тушаалыг хүчингүй болгох, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох тухай *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдсан байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00065 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

 

Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч С.Нургайып хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, хамааралтай талаас нь үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгож, нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөж ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн нь маргаан шийдвэрлэхэд нөлөөлсөн. 1. Шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн. ******* би Аймгийн Боловсролын газарт 2008.10 сараас сахиулаар тасралтгүй 11 жил ажиллахдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ажлын онцлогоос шалтгаалж амралтын цаг өдрүүдэд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явж байгаа нэгэн. 2019.06 сард БСУГазраас үйлчилгээний ажилтан 5 хүнийг нэг доор цомхтголд оруулсан. 3 манаач, 1 архивч, 1 мэдээлэл технологийн мэргэжилтэн 5 хүнийг аймгийн Засаг даргаар захирамж гаргуулан, түүнийг үндэслэн халсан. Бодит байдалд орон тоо хасагдаагүй, харин ч нэмэгдсэн байгаа. Манаачийн орон тоо нэг мөсөн хасагдаагүй, зөвхөн нэр нь өөрчлөгдөж өдрийн жижүүр гэсэн нэртэй болсон. Гэхдээ урьд нь 3 манаачтай байсан бол тухайн орон тоог нь цөөрүүлж, нэрийг өөрчилснөөр 1 хүн 8 цагаар ажиллах болсон. 3 орон тоог цөөрүүлж 1 болгохдоо тухайн байгууллагад манаачаар ажиллаж байсан 3 манаачийг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, урьд нь түр хугацаагаар манаачийн орон тоонд нөхөөсөөр ажиллаж байсан Т.Мадет гэгчийг бидний орон тоонд авч ажиллуулсан. Түүнээс биш тухайн ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, манаачийн хийж гүйцэтгэх ажил үүрэг хэвээр байсан. Ганц өөрчлөгдсөн зүйл нь гэвэл урьд нь гурван хүн ажилладаг тул ээлжээр 24 цагаар ажилладаг байсан бол албан тушаалын нэрийг өөрчилж 1 орон тоо болгож өөрчилсний дараа 8 цагаар ажиллахаар болж зохицуулсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс орон тоо цөөрөөгүй, хасагдсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т нийцээгүй. Орон тоо хасагдсан гэдгийг тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох ёстой. Манай байгууллагын манаачийн ажлын байр үгүй болоогүй, зөвхөн нэр нь өөрчлөгдөж, ажилтны орон тоог цөөрүүлсэн байсан тул шүүх орон тоо хасагдсан байна гэж дүгнэлт хийж, хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосон. 2. Шинээр батлагдсан бүтэц орон тоонд байгаа манаач /өдрийн жижүүр/-ийн 1 орон тоонд хамгийн олон жил тогтвор суурьшилтай ажилласан намайг үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр шинээр хүн авч ажиллуулж байгаа нь хууль бус юм. Надаас өөр 2 манаач тус байгууллагад үргэлжлүүлэн ажиллахыг хүсээгүй бөгөөд тэтгэмжээ аваад ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг үндэслэлгүйгээр цомхтголд оруулж миний гэр бүлийг маш их хүнд байдалд оруулсан. Эхнэр маань ажилгүй, том хүү 2-р курсын оюутан. 2 хүүхэд маань дунд сургуулийн сурагч. Ажлаас гэнэт халагдсан бөгөөд 36 сарын цалингийн зээлтэй байсан тул банкны өрнөөс болж гэр бүлээрээ сэтгэл санааны дарамтад орсон. 3. Олон жил ажилласан надад урьдчилж мэдэгдэхгүйгээр гэнэт ажлаас халж, ганцхан сарын тэтгэмж өгч амьдралын эх үүсвэрээс салгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байсан юм. Надад орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй. Би шуудангаас мэдэгдлийг ажлаас чөлөөлөхөөс өмнө хэдхэн хоногийн өмнө авсан. Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан надад ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар 45 хоногийн өмнө мэдэгдсэн зүйл огт байхгүй, би гарын үсэг зурахаас татгалзсан зүйл ч байхгүй. Бүгд худлаа. Р.Серикбол, Н.Мухтар, Е.Марат, Уранцэцэг нар намайг гарын үсэг зурахаас татгалзсан хэмээн шүүхэд баримт бичиж өгсний учрыг огт ойлгохгүй байна. Тэд нар надтай ямар ч холбоогүй. Намайг ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар тэд нар ч урьд өмнө нь дуугарч байгаагүй мөртлөө шүүхэд ямар учраас тийм зүйл бичиж өгч байгааг нь ойлгохгүй. Тэдгээр хүмүүс даргын нөлөөнд орж, хуурамч зүйл бичиж өгсөн байх гэж бодож байна. Шүүх нь тэдний бичиж өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлэн, нэхэмжлэгч надад түүнийг няцаах баримт байхгүй хэмээн дүгнэсэн нь хууль бус байна. Би түүнийг няцаах баримтыг амаар хэлж байгаа, надад мэдэгдээгүй, зөвхөн хэдхэн хоногийн өмнө шуудангаар мэдэгдэх хуудас авсан гэдгээ нуухгүй байгаа. Харин ч тэдгээр баримт бичиж өгч байгаа хүмүүс өөрсдийнхөө гэрчилж байгаа зүйлийнхээ эх сурвалжийг нотлох зааж өгөх ёстой. Тэгснийхээ дараа л тэдний бичгийг нотлох баримтаар тооцох ёстой байсан. Шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлан үнэлээгүйд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5.-д заасан сарын өмнө мэдэгдэх тухай заалтуудыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулсан байх ёстой. Надад бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулах байтугай хэн нэг нь амаар хэлээгүй. Манаачийн орон тоог цөөрүүлж 1 орон тоо болгох гэж байгаа гэхээр нь олон жил ажилласан намайг тэр орон тоонд авч ажиллуулах байх гэж бодож явсан билээ. Гэнэт ажлаас чөлөөлж цомхтголд оруулснаас болж сэтгэл санааны хүнд цохилтод орсон. Би ямар ч ажил үүргийг голохгүйгээр хийх бөгөөд цаашид ямар ч ажилд авч ажиллуулахад татгалзах зүйл байхгүй. 4. Хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийг хэрэглэн хөдөлмөрийн гэрээтэй ажилтныг ажлаас чөлөөлөх ёстой байхад намайг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-г баримтлаагүй нь тушаал шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болох ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тушаал шийдвэрээр миний хөдөлмөрлөх эрхэд халдсанд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг маань ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.07.01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох, сахиулын ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга 2019.06.26-ны өдөр Б/22 дугаартай тушаал гаргаж, Төсвийн тухай хуулийн 16.5.3.,Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4,40.1.1, 42.1., Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын орлон гүйцэтгэгчийн 2019 оны 11/2974 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны А/120 дугаартай захирамж, байгууллагын 2019 оны орон тоо, цалингийн санд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт., удирдлагын нэгжийн зөвлөл болон хамт олны хурлын тэмдэглэлийг үндэслэн ...бүтэц шинэчлэгдэн батлагдаж тус байгууллагын манаачийн орон тоо хасагдсан... гэж *******ыг 2019.06.27-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн бөгөөд энэ нь маргааны зүйл болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газар нь төрийн захиргааны албан хаагч 19, төрийн үйлчилгээний бусад албан хаагч 3, нийт 22 орон тоотой байхаар тогтоож, үүний дагуу хариуцагч төрийн үйлчилгээний 7 орон тоо хасахдаа архивч, дотоод сүлжээ-хүний нөөцийн чиг үүрэг бусад ажилтнуудын ажлын чиг үүрэгтэй давхардсан, манаачийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэх боломжтой гэж үзсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2019.03.05-ны өдөр А/120 дугаар захирамж гаргаж, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрыг хоёр буюу мэргэжил-арга зүйн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн хэлтэстэй, төрийн захиргааны 20, төрийн үйлчилгээний 5, гэрээт 1 нийт 26 орон тоотой байхаар баталжээ. Засаг даргын 2019 оны А/120 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан /хх1-н 45-62/ тул Засаг даргын 2019 оны А/120 дугаар захирамж /хх1-н 87-89/ -р батлагдсан Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоонд гэрээт өдрийн жижүүрийн орон тоо нэг болсон үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т нийцнэ.

 

Хариуцагч байгууллагын бүтэц орон тоонд ээлжийн 3 манаачийн ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон, ажил олгогч орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэл бүхий болсон байх тул энэ тухай нэхэмжлэгчийн гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т нийцэхгүй байна.

 

2. Манаачийн орон тоо хасагдаж буй талаар *******д мэдэгдэх хуудас -р 2019 оны 05 дугаар сард мэдэгдсэн /хх 1-н 172,215-216/ тухай шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх баримтгүй байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэх гомдол баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Түүнчлэн, ******* нь гэрээгээр өдрийн жижүүрээр ажиллах хүсэлт гаргаж байсан эсэх нь хяналтын гомдлыг хангах нөхцөл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 -т нийцэхгүй байна.

 

3. Манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэлэлцсэн, ээлжээр ажилдаг 3 манаачийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийг манаачийн ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчинө. Харин нэхэмжлэгчийг ажилд авах эсэх нь ажил олгогчийн бүрэн эрх бөгөөд үүнд манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00701 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212/МА2020/00065 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД, С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ