Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/721

 

 

 

 

 

 

 

 2022               6              06                                      2022/ШЦТ/721

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.О..............лд, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0175 31334 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ноён хангай овогт Б.........рын О..............лд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........................... тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ...................... урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 337 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаатай хорих ял,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаатай хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1001 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай хорих ял тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О..............лд нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппоро үйлчилгээний төвийн ард талд байх “Монгол зоог” цайны газрын орчимд иргэн Ж.Ж...........................нгийн виза картыг хамт архи авч уух зорилгоор авч буцаан өгөлгүйгээр виз картаас нь 4 удаагийн зарлагаар нийт 394.620 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Иргэн Ж.Ж...........................нгийн зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа, нүүрний хамар хэсэг рүү хоёр удаа цохиж унаган улмаар түүний өмчлөлийн Самсунг-10 маркийн гар утсыг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 255.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.О..............лд нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн орчим Ж.Ж...........................нтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар тэр хоёр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр болж Ж.Ж...........................н нь түүнд өөрийн “ХААН” банкны виза картыг өгөхөд Б.О..............лд нь архинд явж ирээд дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Ж.Ж...........................нгээс түүний “Samsung А-20” маркийн гар утсыг нь гуйж, өгөхгүй болохоор нь түүнийг цохиж зодон гар утсыг нь авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн цаг хугацаанд Ж.Ж...........................нгийн өгсөн картыг өөрт нь өгөлгүй картаас нь 4 удаагийн гүйлгээгээр 394.620 төгрөгийг гарган авч хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Ж.Ж...........................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудлын урд талд машинаас буусан. Тэгээд би хойно дэнж дээр байдаг дүүгийнх рүүгээ очихоор Монгол зоогийн хажуугаар алхаж байтал өөрийгөө Б.О..............лд гэж танилцуулсан үл таних эрэгтэй хүн таараад “Сайн байна уу ах. Дүү нь ганц юм уух гэсэн юм та аваад өгчих” гэхээр нь би тухайн үед зөвшөөрөөд өөрийнхөө ХААН банкны картыг өгөөд, 0611 гэж кодыг нь хэлж өгөөд явуулсан. Тэгтэл удалгүй нөгөө залуу эргэж ирэхдээ нэг шилтэй архи авч ирээд өөрөө задалж нэг амсчхаад Ах утсаа өгч байгаач нэг яриадахъя” гэхээр нь би “Чи яах гээд байгаа юм” гэсэн чинь тэр залуу надад хандаж “Дуугай өгч бай” гэж хэлээд надаас миний гар утсыг аваад цаашаагаа утсаар яриад явсан. Тэгэхээр нь би тэр хавын хүмүүстэй нөгөө авчирсан ганц шил архийг нь хувааж уугаад сууж байтал нөгөө Б.О..............лд гэх эрэгтэй буцаад ирэхээр нь би “Хөөе чи миний карт, утсыг буцаагаад аваад ир” гэсэн чинь “Битгий хуц чи” гэснээ үгийн зөрөөгүй гар руу, нуруу руу нэг нэг удаа өшиглөж, нүүр рүү гараараа хоёр удаа цохихоор нь би дүүгийнх рүүгээ явсан. Тэгээд дүүгийндээ очоод хүмүүс дагуулаад буцаад Саппоро дээр ирж нөгөө Б.О..............лд гэх залууг барьж цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... Гэтэл миний данснаас шууд 400.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл миний гар утсанд ирсэн. Мөн миний гар утсыг утсаар яриадахъя гэж хэлж аваад эргүүлж өгөөгүй... ” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-29 дэх тал),

“...Тухайн үед надаас гар утас авсан гэх хүн архи ууж байхад би гар утсаа барьчихсан байж байсан ба тэгтэл тэр Б.О..............лд гэх залуу гар утсаа өгч бай гэж хэлсэн. Тэр үед би түүнд хандаж чи яах гээд байгаа юм гэж хэлэхэд Б.О..............лд гэх залуу надад хандаж дуугүй өгч бай гэж хэлээд зүүн талын шанааны хэсэгт хоёр удаа цохиод нуруу луу нэг удаа өшиглөөд миний гараас гар утас булааж аваад цаашаа утсаар ярьж байгаа нь мэдэгдэхгүй цаашаа явсан. ...Би хөдөөгөөс 14 цагийн үед ирсэн... 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Саппоро дээр ирэхэд 396.000 төгрөг байсан надаас Б.О..............лд миний виза карт аваад 6.600 төгрөгөөр архи авсан байсан бөгөөд надаас виза карт аваад буцааж өгөөгүй 376.000 төгрөгийн зарлага хийсэн байсан дэлгүүрээс болон АТМ-с 300.000 төгрөг авсан байсан би виза карт, гар утсаа буцааж аваагүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30 дахь тал),

“... Би Б.О..............лд гэж өөрийгөө танилцуулсан хүнд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд архи аваад өгчих гэхээр нь өөрийн хаан банкны виза картаа өгч явуулаад архи авч өгсөн. Тухайн үед миний гар утас байсан болохоор би хэдэн төгрөгөөр архи авсан бэ гэдгийг нь мэдэж байна...Б.О..............лд гэх хүн анх надаас карт авч яваад ирэхдээ картаа надад өгөлгүй тэр чигт нь авсан. Картаа авъя гэж хэлэхэд байж бай гэж хэлээд миний картыг өгөөгүй. ...Б.О..............лд гэх хүнийг явсан хойгуур миний гар утсанд 19,500 төгрөгөөр нэг удаа, 10,000 төгрөгөөр нэг удаа, 20,820 төгрөгөөр нэг удаа, 300,000 төгрөгөөр нэг удаагийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн тул картаа авах гээд би Б.О..............лд гэх хүнийг хүлээгээд байж байсан чинь 300,000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсний дараа удалгүй Б.О..............лд ирэхээр нь би картаа авъя гэж нэхсэн чинь миний картыг өгөөгүй ба та гар утсаа өгчих гэж хэлхээр нь “Чи яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь “Дуугүй өгч бай” гэж хэлээд Б.О..............лд гэх хүн миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа, нүүрний хамар хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгээд би цохисноос нь болж газар унахдаа баруун тохойгоороо унаж тохой шалбалсан байсан. Тэгж цохингуутаа миний гартаа барьсан байсан миний өөрийн Самсунг а-10 загварын гар утсыг булааж аваад явсан. Б.О..............лд гэх хүн миний гар утас, хаан банкны картыг буцааж өгөөгүй ба гар утас авч явсан байсан болохоор 300,000 төгрөгөөс хойш хэдэн төгрөгийн зарлага гарсныг мэдээгүй. ...Б.О..............лд гэх хүн миний картаас нийт 394,620 төгрөгийн зарлага гаргасан байсан. Б.О..............лд миний картыг болон гар утсыг минь авч явсан байсан болохоор надад картаасаа зарлага гаргах ямар нэгэн боломж байгаагүй... Би Б.О..............лдоос эхлээд өгч явуулсан картаа авъя гэж хэлсэн чинь миний картыг өгөөгүй ба гар утсаа өгчих гэхээр нь өгөхгүй байсан чинь намайг цохиж, зодоод гарт байсан гар утсыг булааж аваад явсан. Гар утас авснаасаа хойш намайг чулуу шидэж хөөсөн. ...Гар утас авахаасаа өмнө миний биед гэмтэл учруулсан... Б.О..............лд намайг зодож миний хаан банкны карт, гар утсыг авсан. Б.О..............лдоос өөр хүн намайг цохиж, зодож, гар утас, карт авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Samsung А-20 загварын гар утсаа бусдад дээрэмдүүлж өөрийн картаасаа 400.000 төгрөгөө алдсан... ХААН банкны АТМ749 байршил Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төв миний дэлгүүр дотор” гэсэн камерын бичлэгт үзлэг хийлээ.

Уг камерын бичлэг нь “2021-07-29 16-35-01_16-40-01.avi” гэсэн хаягтай, нийт 5 минутын үргэлжлэх хугацаатай камерын дүрс бичлэг байх ба уг бичлэгийг тоглуулж үзэхэд

Б.О..............лд нь дээрх бичлэг дээр цагаан өнгийн футболк өмссөн байх ба маскаа эрүүндээ зүүсэн, зүүн гартаа нэг шил “хараа” архи, нэг савтай ундаа барьсан байх ба хажуудаа зогсох саарал, ногоон өнгийн бомБ.........р куртиктэй, цагаан өнгийн масктай эрэгтэй хүний тусламжтайгаар АТМ-ээс хаан банкны картаар бэлэн мөнгө авч байгаа нь бичигдсэн байх ба бичлэгийн төгсгөл хавьд бэлэн мөнгө болон картаа аван гарч явж байгаа нь бичигдсэн байна. АТМ-ээс бэлэн мөнгө авч байгааг дараах байдлаар гэрэл зургаар харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 17 дахь тал)

 

- Хохирогч Ж.Ж...........................нгийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад: “...хохирогчийн мэдүүлсэн 6,600 төгрөгийн архи авчсан байсан гэх зарлага гараад 396,146.84 төгрөгийн үлдэгдэл үлдсэн жагсаалт нь хуулганы 5 дугаарт байх ба энэ гүйлгээ нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14:21 цагт хийгдсэн байв.

Түүнээс хойших зарлагуудыг үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15:31 цагт 10,000 төгрөгийн, ...16:33 цагт 20,820 төгрөгийн, 16:38 цагт 300,000 төгрөгийн, 17:55 цагт 2,200 төгрөгийн, 18:09 цагт 16,500 төгрөгийн, 18:32 цагт 17,000 төгрөгийн, 19:28 цагт 7,100 төгрөгийн, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 13:11 цагт 1,500 төгрөгийн зарлага тус тус гарсан мэдээллүүд бүртгэгдсэн байна...” гэх тэмдэглэл, дансны хуулга (1-р хавтаст хэргийн 19, 22 дахь тал),

 

- Гэрч Ж.Х...........................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай ах болох Ж.Ж...........................н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро орчимд үл таних залуу намайг явуулахгүй ганц шил архи аваад өгчих гээд байхаар нь нэг шил архи авч өгсөн тэгээд намайг дахин тухайн залуу зодоод миний гар утас болон хаан банкны виза картыг авчихлаа гэж амьсгаадаад гэрт ирсэн, тэгээд би ахыгаа дагуулаад дээрх хэрэг учрал болсон газар очиход манай ахыг зодож дээрэмдсэн гэх залуу Саппоро дээр зогсож байхаар очиж барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6968 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацарт тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй, 2x1 см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун тохойнд дотор хэсэгт 9х5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, баруун тохойнд 1x0.Зсм, О.6хО.Зсм, зүүн шанаанд 1.5х0.8см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралттай...ДҮГНЭЛТ

“...1. Ж.Ж...........................нгийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд цус хуралт, баруун тохой, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 56-57 дахь тал),

 

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Ц-564 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Samsung A-20 маркийн гар утас...250.000 төгрөг, ХААН банкны виза карт...5000 төгрөг, нийт 255.000 төгрөг...” гэх үнэлгээ (1-р хавтаст хэргийн 62-64 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

- Шүүгдэгч Б.О..............лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппоро үйлчилгээний төвийн хавиар архи уусан согтуу явж байсан чинь нэг танихгүй хүн өдөр 14 цагийн үед над дээр ирээд нэг шил архи авч хамт ууя гээд надад “Хаан” банкны виза картаа өгөөд архи аваад ир гэж хэлээд виза картынхаа пин кодыг хэлж өгөөд явуулсан. Тэгэхээр нь би картыг нь авч яваад дэлгүүрээс 0,33 литрийн нэг шил “Хараа” архийг 6,600 төгрөгөөр авч очоод карт өгсөн хүнтэй хамт архиа хувааж уусан. Тухайн үед би тэр картаа өгсөн хүнд картыг нь буцааж өгсөн байсан ба тэр танихгүй ах картаа аваад явсан. Тэгээд удалгүй ойролцоогоор нэг цагийн дараа нөгөө картаа надад өгч архи авч уудаг ах дахиж
надтай уулзаад дахин картаа өгч явуулаад архи аваад ир гэхээр нь би картыг нь авч
яваад Миний дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи, ундаа, тамхи зэрэг зүйлүүдийг
ойролцоогоор 20,000 орчим төгрөгт авчхаад дэлгүүрээс гарахдаа Миний
дэлгүүрийн үүдэнд байсан “Хаан" банкны АТМ-ээс тэнд байсан нэг танихгүй хүнээр
картаас мөнгө аваад өгөөч гэж гуйгаад картаас нь 300,000 төгрөг бэлнээр авсан.
Тэгээд авсан архи, тамхи, ундаагаа надад картаа өгсөн хүнд аваачиж өгчхөөд би
картыг нь өгөлгүй өөртөө үлдээсэн. Тэгээд Миний дэлгүүрийн арын нарийн гудамжинд очоод архиа хувааж ууж байсан чинь би согтоод тасарсан байсан. Түүнээс хойш юу болсныг би санахгүй байна. Би тэр хүнийг цохиж, гар утсыг нь авсан эсэхээ архи ууж тасарсан байсан болохоор сайн мэдэхгүй байна...би картаас нь авсан 300.000 төгрөгийг нь картынх нь эзэнд өгөлгүй өөртөө хэрэглэсэн. Мөн картыг нь буцааж өгөөгүй өөртөө байлгаж байгаад картад байгаа үлдэгдэл мөнгийг нь дэлгүүрүүдэд уншуулж үрж дуусгасан
...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...харин хохирогч Ж.Ж...........................нгийн гар утсыг хүч хэрэглэж түүнийг зодож аваагүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.О..............лд нь боловсролгүй, бичиг мэддэггүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “...Төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан...” тул түүний хүсэлтээр шүүх хуралдаанд хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчийг оролцуулан явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч Б.О..............лд, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн хохирогчийн картыг өгөлгүй 4 удаагийн зарлагаар нийт 394.620 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлсан нь

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон”, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Тиймээс улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.О..............лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдээгүй гэж мэтгэлцэх боловч хохирогч нь болсон хэргийн үйл баримтын талаар удаа дараа мэдүүлэг өгсөн, нөгөө талаар түүний мэдүүлэг гэрч Ж.Х...........................нгийн мэдүүлгээр дам байдлаар нотлогдон тогтоогдож байх тул тэдний дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн болно. 

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас Хохирогч Ж.Ж...........................нд 649.620 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Б.О..............лдоос 649.620 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.О..............лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар ял тус тус оногдуулж. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь амьдралын хувьд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс ихгүй ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

 2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.О..............лдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 88, 82 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн дахь 92 тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 84, 85 дахь тал), таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд (1-р хавтаст хэргийн 94-141 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Б.О..............лдод эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ тэрээр хулгайлах гэмт хэрэгт гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн хулгайлах гэмт хэргийн талаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, улсын яллагчийн дээрэмдэх гэмт хэрэгт гаргасан дүгнэлтийг хүлээж авч Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлт үндэслэлгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалт нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг төлсөн байх хуулийн зохицуулалтай болно.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх... эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0175 31334 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О..............лд нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс (1-р хавтаст хэргийн 155, 176-177, 202-203, 240-242 дахь тал) 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 210 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тиймээс шүүгдэгч Б.О..............лдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 210 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноён хангай овогт Б.........рын Б.О..............лдыг

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Б.О..............лдыг;

- Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О..............лдод Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О..............лдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О..............лдын баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 210 (хоёр зуун арав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн СD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О..............лдоос 649.620 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ж...........................нд олгосугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХЗУЛ