Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/728

 

 

 

 

 

 

 

 2022               6              06                                        2022/ШЦТ/728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч П.Г...............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00800 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хотон овогт П......вийн Г...............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 6 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл 6, хүүхэд, бэр, ач нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..............................байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ............................, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 25000 төгрөгийн торгуулийн ял шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Г...............р нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Мандалын 6 дугаар гудамжны 141 тоотод иргэн Т.М..................ртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн сарвууны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч П.Г...............р нь 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. буюу гэртээ найз Б.Г...............р, Т.М..................р нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.

Ийнхүү хэрэглэж байхдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, П.Г...............р нь Б.Г...............ртай маргалдахад Т.М..................р нь дундуур нь орж Б.Г...............рыг өмөөрөхөд  П.Г...............р нь заазуураар түүний зүүн сарвууг зүсэж биед нь гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандлын 6 дугаар гудамжинд...хүрэн өнгийн төмөр гүйдэг хаалгатай...141 тоот байв...уг байшингийн дотор цагийн зүүний дагуу явуулахад...шалан дээр цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...зүүн хойд хэсэгт цагаан өнгийн иштэй, ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг 10 см, нийт 20см урттай хутгыг үзлэгээр хураан авав...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 4-7 дахь тал)

- Хохирогч Т.М..................р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод найз П.Г...............рын гэрт архи уусан юм. Бид гурав 0.5 литрийн “Хараа” архи 2 шилийг хувааж уугаад сууж байтал Б.Г...............р бид хоёр бие бие дээ архи хийж өгөөгүй гэж маргалдаад байж байтал П.Г...............р гал тогооны шүүгээнээс цагаан өнгийн иштэй заазуур аваад миний зүүн талын гар хэсэгт зүсчихсэн...Би П.Г...............рыг цохиж зодсон зүйл байхгүй...Миний зүүн талын гар хэсэгт нэг удаа зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

“...Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлээгүй...би одоо найз П.Г...............раас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Гэрч Б.Г...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр найз П.Г...............рын гэрт хуурай дүү Т.М..................рын хамт очиж 2 шил 0.75литрийн “Хараа” архи хувааж уугаад байж байтал П.Г...............р над руу агсраад байхаар нь Т.М..................р боль гээд намайг өмөөрөөд хэрэлдэж байтал П.Г...............р гэнэт Т.М..................рын гарыг зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5410 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн сарвууны чигчий хуруу талын гадна ирмэгт хөндлөн байрлалтай 5х1см ангайсан ирмэг харьцангуй тэгш шархтай, бугуй сарвууны хөдөлгөөн чөлөөтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.”

1. Т.М..................рын биед зүүн сарвууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч П.Г...............рын мөрдөн байцаалтад өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. тоот болох манай гэрт найзууд болох М..................р, Г...............р нарын хамт 0.5 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уусан. М..................р гэртээ харихгүй 3 хоног манайд хоносон болохоор гэрт нь хариулах гээд үг хэлтэл М..................р согтсондоо надтай хэрүүл маргаан хийгээд үглээд байсан. Тэгснээ бид хоёр сүүлдээ барьцалдаж аваад байж байхад М..................р намайг муухай үгээр доромжлоод байхаар нь би М..................рт уурласан уурандаа гал тогооны шүүгээний шургуулгад байсан цагаан өнгийн заазуурыг аваад М..................рын зүүн талын гарыг зүсчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Г...............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5410 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцогддог.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч П.Г...............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Т.М..................рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч П.Г...............рын үйлдлээс хохирогч Т.М..................рын зүүн гарын чигчий хуруу талын гадна ирмэгт хөндлөн байрлалтай шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч П.Г...............р, хохирогч Т.М..................рын нар архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Г...............р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Т.М..................р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Г...............рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч П.Г...............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч П.Г...............р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч П.Г...............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 43 44, 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50-63 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 47 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 57-63) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч П.Г...............рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч П.Г...............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00800 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн иштэй заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотон овогт П......вийн Г...............рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г...............рыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г...............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.МӨНХЗУЛ