Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/735

 

 

 

 

 

 

 

   2022             6             07                                         2022/ШЦТ/735

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Э.Чанцалням,

шүүгдэгч П.Д............ай нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00887 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зүтгэлт баатар овогт П..........вын Д............ай, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ............................,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.Д............ай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Од гэх нэртэй караокены гадна Г.А..........яатай маргалдаж, улмаар түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал, дух, хамрын зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч П.Д............ай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 06-аас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Од” караокены гадна Г.А..........яатай маргалдаж, улмаар түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь баруун шуу ясны далд хугарал, дух, хамрын зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Г.А..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр...би тал шил пиво уучхаад Од караокены гадна гараад тамхи татаад зогсож байтал Далай нэг хүүхэнтэй гадаа зогсож байсан. Тэгээд намайг нааш ирээ гэж хэлэхээр нь би очтол тэр эмэгтэйгээ танилцуулсан... буцаж ороод пиво уучхаад сууж байтал эгчээ мөнгө байхгүй байна та надад ганц юм аваад өг гэж хэлэхээр нь би Соёрхол 0.5 литрийн архи, болон 6 ширхэг цэвэр устай ширээн дээр нь авч өгсөн...Тэгтэл Далай надад нэг хундага хийж өгөхөөр нь тэрнээс уугаад сууж байтал Далай нөгөө хэдтэйгээ гарчхаад буцаж орж ирээд та миний амьдралд оролцоод байх юм гээд уурласан. Тэгэхээр нь би наад хүмүүстэй чинь юу ч яриагүй харин чамаас 2 хүүхэд чинь сайн уу гэж асуусан гэж хэлтэл та намайг 2 хүүхэдтэй гэж хэллээ гээд уурласан. Тэр үед Далай болон 2 хүүхэн н ь нэлээн согтсон байсан...Түүний дараа би ширээн дээрээ дахиад 1 пиво нэмж аваад сууж байтал Далай намайг гараад ир гэж хэлэхээр нь гадаа гарсан чинь Далай нөгөө 2 хүүхэнтэйгээ зогсож байгаад та миний амьдралд оролцлоо гэхээр нь би юу ч яриагүй 2 хүүхдийг чинь наад хүүхнээс чинь асуусан гэсэн чинь намайг П.Д............ай түлхэж унагаасан би унахдаа баруун гараа тулж унаад гараа гэмтээсэн. Би босож ирээд яаж байгаа юм бэ гэж хэлтэл намайг тоохгүй эндээс яв гэхээр нь би одоо явлаа гэж хэлэхэд Д............ай яваад өгсөн өөр маргаан зодоон болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал),

- “...П.Д............ай над руу утсаар холбогдоод уучлалт гуйгаад эгчдээ эмчилгээний зардал, хохирол цалин буухаар 500.000 төгрөг өгнө та гомдолгүй гээд хэлчихээ гэж надаас гуйсан би зөвшөөрсөн. Надад П.Д............айд гомдол санал байхгүй надад өгнө гэж хэлсэн 500.000 төгрөгийг авах юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал)

- Гэрч Г.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнө найз Д............ай болон Т...............л нарын хамт гурвуулаа Од караокед орсон ба уг караокед байхад Г.А..........яа гэх эмэгтэй ирээд Д............айн авга эгч гээд хоорондоо юм ярьж байгаад ширээнд 1 шил архи уусан тэгээд хэсэг байж байгаад Д............ай Т...............л бид гурав гараад явах гэж байхад Г.А..........яа гэх эмэгтэй араас гарч ирээд Д............айтай юм яриад байсан гэнэт Д............ай танд миний амьдрал хамаагүй гээд Г.А..........яаг түлхээд газар унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Гэрч Г.Т...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д............ай Г.Ундрах бид гурвыг гараад явж байхад Г.А..........яа гэх эмэгтэй гарч ирээд П.Д............айд хандаж чи эхнэртэй хүүхэдтэй байж ингэж явлаа гэж хэлэхэд П.Д............ай чамд миний амьдрал хамаагүй гэж хэлээд гараараа Г.А..........яагийн цээж хэсэг рүү хүчтэй гараараа түлхэж газар унагаасан унах үедээ Г.А..........яа гэх эмэгтэй н гар эвгүй болчихлоо гэсэн ба гар утас нь газар унасан ба утсаа аваад өг гэж хэлэхэд чадахгүй гэж Д............ай хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5507 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун шууны дээд 1/3-с хурууны уг хүртэл үргэлжилсэн аравч гөлтгөнөн боолттой. Зүүн хөмсөгний дотор булангаас дээш 2 см зайд 2р2см хамрын угт 2.5х2.5см хамрын үзүүрт 2х2.5см хүрэн бор өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2022.04.07-ны өдрийн баруун шуу, сарвууны 2 байрлалын рентген: Шуу яс доод 1/3 хэсгээр хөндлөн зөрөө бүхий хугаралтай харагдана...ДҮГНЭЛТ

1. Г.А..........яагийн биед баруун шуу ясны далд хугарал, дух, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал)

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.А..........яагийн биед учирсан баруун шууны ясны далд хугарал нь доод гуравны нэг буюу хугарамтгай хэсгээр хугарсан байх ба гараараа тулж дарж унах үед үүсэх боломжтой уг хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна харин дух, хамрын зулгаралт гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч П.Д............айн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.А..........яа эгч ирээд намайг гэр рүүгээ хариач гэж хэлэхээр нь би танд хамаагүй гэж хэлээд цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн тэгээд түлхүүлээд газар унахдаа гараа тулаад унасан тэгээд өөр маргаан зодоон болоогүй би хамт явж байсан Г.Ундрах, Г.Т...............л нарын хамт яваад өгсөн...Г.А..........яа эгч залгаад баруун гарын шууны яс түлхүүлж унаад хугарсан гэхээр нь би эмчилгээний зардлыг нь өгнө гэдгээ хэлсэн би манай цалин гүйцэтгэл орж ирэхгүй байна гээд удаад байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Д............ай нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5507 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.А..........яагийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл П.Д............ай нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, авга эгч Г.А..........яатай хувийн таарамжгүй сэдэлтээр хоорондоо маргалдаж улмаар эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Д............ай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.А..........яа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч П.Д............ай нь хохирогчид 350.000 төгрөг төлсөн байна. Иймд шүүгдэгч П.Д............айг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч П.Д............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч П.Д............ай нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч П.Д............ай нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 49, 50 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 51 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 36, 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 31 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дэх тал), “Нэкст” стандарт ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Д............ай, хохирогч Г.А..........яа нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч П.Д............айг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг хаан банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Д............айд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00887 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зүтгэлт баатар овогт П..........вын Д............айг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д............айг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д............айд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Д............ай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ