Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/773

 

 

 

 

 

 

 

    2022              6            16                                        2022/ШЦТ/773

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Отгончимэг

шүүгдэгч Б.Г........р, түүний өмгөөлөгч М.Хандармаа (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 1160) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0085 60552 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гавал овогт Б...........айн Г........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 52 настай бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам .........................., урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 ооны 7 дугаар сарын 08-ны өдөр 291 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Г........р 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Э.................ныг хувийн таарамжгүй харьцаанаас буюу хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн хавирганы хугарал, зүүн уушгины шугаман хэлбэрийн авчилт, зүүн зулай, дагз хэсгийн хуйх, зүүн сарвуу, баруун өвдөг, баруун гуя, эрүүнд шарх, дух, эрүү нуруу зүүн дал, хэвлий, хоёр гуя, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун бугалга, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Ногоочны 1 дүгээр гудамжны 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.А................гайг тодорхой шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн талын хацрын нум ясны гуравласан хугарал, зүүн зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, уруул, эрүүний хугарал, гарын сарвуу, зүүн тохойнд зулгаралт, эрүү, зүүн бугалга, цээж, бүсэлхий, зүүн ташаа, зүүн баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөг, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт баруун нүдний алимын салстад цус хуралт бүхий гэмтэл үүсгэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаараа буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалд заасан,

- 2022 оны 2 дугаар сарын 06-аас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 39 дүгээр гудамж 28 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Б................нтэй маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар 2-3 удаа цохиж биед зүүн дух, духны хажуу чамархай зулайн дэлбэнг хамарсан, баруун чамархайн ар доод хэсэг, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э Б.Г........р

- 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод гэртээ хамтын амьдрал зохих гэж байсан С.Э.................ныг эр эмийн хардалтын сэдэлтээр, галын дэгээ төмөр, заазуур, гар, хөлөөр цохиж зодож биед нь зүүн хавирганы хугарал, зүүн уушгины шугаман хэлбэрийн авчилт, зүүн зулай, дагз хэсгийн хуйх, зүүн сарвуу, баруун өвдөг, баруун гуя, эрүүнд шарх, дух, эрүү нуруу зүүн дал, хэвлий, хоёр гуя, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, шарх бүхий олон тооны хөнгөн гэмтэл гэмтлийг онц харгис хэрцгийгээр учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Ногоочны 1 дүгээр гудамжны 1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.А................гайг тодорхой шалтгаангүйгээр бахь болон гараараа цохиж, зодон биед нь зүүн талын хацрын нум ясны гуравласан хугарал, зүүн зулайн хуйханд шарх, дух, баруун хацар, уруул, эрүүний хугарал, гарын сарвуу, зүүн тохойнд зулгаралт, эрүү, зүүн бугалга, цээж, бүсэлхий, зүүн ташаа, зүүн баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөг, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт баруун нүдний алимын салстад цус хуралт бүхий олон тооны хүндэвтэр гэмтлийг онц харгис хэрцгийгээр учруулсан,

- 2022 оны 2 дугаар сарын 06-аас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 39 дүгээр гудамж 28 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Б................нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газар нь 2-3 удаа цохиж биед зүүн дух, духны хажуу чамархай зулайн дэлбэнг хамарсан, баруун чамархайн ар доод хэсэг, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхийн хүнд гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

 

1. Хохирогч С.Э.................ны эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

- Хохирогч С.Э.................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г........р гэх хүнтэй 2021 оны 7 дугаар сарын сүүлээр миний ажиллуулдаг байсан дэлгүүрээр орж гардаг болсноос хойш таних болсон юм. Тэгээд хамт амьдрахаар болсон. Эхний удаа 2021 оны 10 дугаар сард “намайг гэрт нь очиж хоносонгүй” гэж хардаж зодсон. Тухайн үед би дэлгүүр түрээсэлж байсан болохоор дуудахад нь очиж чадаагүй юм. Тэгээд миний араас жийж унагаагаад толгой, цээж, хөл, гар руу олон удаа өшиглөсөн, би ухаан алдаад нэг сэргэтэл төмөр саваар толгой руу олон удаа цохиод байсан тэгээд би аргадаж байгаад гэрээс нь гарч зугтаасан...Тэгээд өмнөх зодсон асуудлаас хойш 20-д хоногийн дараа “дахин гэрт ирж хоносонгүйг гадуур хонолоо” гээд дахин намайг хардаж зодсон. Зодохдоо 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэртээ оруулж хаалгаа цоожилж байгаад галын дэгээ төмрөөр бие рүү олон удаа цохисон, заазуур барьж байгаад хоолой дээр тулгаж бариад эрүүний доодох хэсэг болон хоолой хэсэгт зүсэгдсэн, мөн заазуурын иртэй хэсгийнх нь төмрөөр алгадаж толгойны хоёр шанаа, дух хэсгээр маш олон удаа цохисон, гараа зангидаж байгаад нүүр болон толгой руу олон удаа цохисон, хөлөөрөө цээжин дээр олон удаа өшиглөсөн, хавирга руу бас өшиглөөд байсан бас зүүн гарын сарвууны гадна хэсэгт судас таарч цохиулаад цус олгойдож гараад байхаар нь намайг аллаа шүүдээ энэ цусыг тогтоогоод өгөөч гэж гуйж байгаад гараа боолгосон. Тэгээд би гэртээ хариад 2 хоносон ингээд төрсөн эгч М.............яа намайг Г........рт зодуулсан гэдгийг мэдээд эгч цагдаад өргөдөл өгсөн...Надад маш их гомдолтой байна, эмчилгээний зардал гарсан зардлуудаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал),

- Гэрч С.М.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Э.................н...Г........р гэх залуутай танилцаж 2 сар орчим хамт амьдарч байсан. Тэгтэл хамт амьдарч байхдаа 1 сарын өмнө хугацааны дараа манай дүүг зодож баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан, нүүр нь тэр чигтээ хавдартай хөх эрээн болсон зургийг над руу танил хүн маань явуулахаар нь мэдсэн юм...Тэгээд манай дүү С.Э.................ныг дараа нь дахин зодохдоо заазуураар зодож маш олон тооны шарх учруулсан байсан тэгээд би өөрийн биеэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10592 дугаартай дүгнэлт:

- Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн зулайн урд хэсгийн хуйханд 3 см урттай 3 ширхэг, дагзны зүүн хажуу хэсэгт 4 см урттай, 4 ширхэг, зүүн сарвууны ар хэсэгт 1 см урттай 1 ширхэг, баруун өвдөгт хагас сар хэлбэртэй 3 см урттай 4 ширхэг мэс заслын оёдол бүхий шархнуудтай. Баруун гуяны дунд 3/1 хэсэгт 3 см зах ирмэг тэгш бус няцарсан шархтай. Доод уруулын дотор салстад цайвар ногоон өнгөр бүхий няцарсан шархтай. Эрүүний доод хэсэгт 1х0.3см зах ирмэг тэгш зузаан хар хүрэн өнгийн тав бүхий шархтай. Духны баруун дээд хэсэгт 3х2.5см эрүүний баруун буланд 5х3см, 3х2.5см, зүүн доор 5х4см, нуруун баруун дээд хэсэгт 5х4см, зүүн далны гадна доод ирмэгт 8х3см, хэвлийн зүүн хажуу хэсэгт 11х10см, зүүн гуяны дотор дунд хэсэгт 18х6см, гадна дунд хэсэгт 17х15см, зүүн өвдөгт 9х5см, зүүн шилбэний дотор дээд хэсэгт 18х5см, баруун гуяны гадна дээд хэсэгт 10х4см, дотор дунд хэсэгт 12х10см, баруун шилбэний урд дунд хэсэгт 12х9см захаараа бүдэг шар ногоон туяа бүхий хөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун бугалганы гадна дунд хэсэгт 4х1см, баруун шууны гадна дунд хэсэгт 1х0.5см, 0.8х0.5см, 0.9х0.4см, 0.5х0.5см, 0.5х0.3см, 0.3х0.2см хүрэн бор тав бүхий зулгаралттай. Толгойн орой хэсгийн хуйханд 2см урттай улаан ягаан өнгийн арьсны түвшингээс дээш бага зэрэг овойсон сорвитой. Баруун дээд зовхинд 2.5х0.2см, дээд уруулд 1х0.2см цайвар ягаан өнгийн сорвитой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2021.10.29-ний Мэд Травма эмнэлгийн Толгойн КТГ-н: Суурь болон гавлын ясанд хугаралгүй. Баруун ухархайн дотор хана бороолсон хуучин хугаралтай. Хамрын баруун хажуу хана бага зэрэг цөмөрсөн бороолсон хуучин хугаралтай. Таславч зүүн тийш муруй. Духны орой болон зүүн хэсэг 2 талын зулай хэсгийн зөөлөн эдэд хавантай.

2021.10.29-ний Мед травмна эмнэлгийн цээжний КТГ-д: Зүүн уушгины лингулад шугаман хэлбэрийн атлекктазтай. Хоёр талын плеврийн хөндийд сул хий шингэнгүй. Зүүн 3-р хавирга LAM зөрүүгүй шугаман хугаралтай. Өвчүү баруун талын хавирга эгэм, дал яс болон сээрний нугалмуудад гэмтлийн өөрчлөлтгүй...ДҮГНЭЛТ

1. С.Э.................ны биед зүүн 3-р хавирганы хугарал, зүүн уушгины шугаман хэлбэрийн авчилт, зүүн зулай, дагз хэсгийн хуйх, зүүн сарвуу, баруун өвдөг, баруун гуя, эрүүнд шарх, дух, эрүү, нуруу, зүүн дал, хэвлий, хоёр гуя, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун бугалга, баруун шуунд зулгаралт, толгойн орой хэсгийн хуйх, баруун дээд зовхи, дээд уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн 3-р хавирганы хугарал, зүүн уушгины шугаман хэлбэрийн авчилт, зүүн зулай, дагз хэсгийн хуйх, зүүн сарвуу, баруун өвдөг, баруун гуя, эрүүнд шарх, дух, эрүү, нуруу, зүүн дал, хэвлий, хоёр гуя, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун бугалга, баруун шуунд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Толгойн орой хэсгийн хуйх, баруун дээд зовхи, дээд уруулд сорви гэмтэл нь хуучин гэмтэл тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

3. Зүүн 3-р хавирганы хугарал, зүүн уушгины шугаман хэлбэрийн авчилт, зүүн зулай, дагз, хэсгийн хуйх, зүүн сарвуу, баруун өвдөг, баруун гуя, эрүүнд шарх, дух, эрүү, нуруу, зүүн дал, хэвлий, хоёр гуя, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун бугалга, баруун шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүн мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал),

- Шүүгдэгч Б.Г........рын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран амьдрагч С.Э.................н нь гэртээ хоноогүй, тэгээд гэртээ ирэхээр нь хаана хоносон талаар нь асуусан чинь хамаатныхаа эмэгтэй Доогий гэх хүнийд хамт хоносон гэж хэлсэн. Намайг архинд яваад ир гээд карт өгөхөөр нь картыг аваад дэлгүүрт явж байсан чинь Доогий гэх эмэгтэй над руу залгахаар нь би Э.................ныг асуусан чинь манай гэрт хоноогүй гэж хэлсэн. Ингээд гэртээ ороод чи Доогийн гэрт хоноогүй юм байна ш дээ гэсэн чинь хоносон гэхээр нь би дахиад залгая гэсэн чинь тэг гэхээр нь би дахиж залгаж яриад хоноогүй гэж хэлсэн. Би Э.................ныг үнэнээ хэл гэсэн чинь үнэн гээд байхаар нь би гал түлдэг дэгээ төмөр бариад хөл гар луу цохисон чинь бие заслаа гээд гэрээс гараад жорлондоо байж байхад нь гэрийн гадаа байсан архи пивоны шил аваад шидсэн гэхдээ шилээр Э.................ныг оноогүй, харин жорлонд хагарсан хагархайнууд нь хөлийнх нь гуя хэсэг болон толгойн хэсэгт нь зүсээд цус гараад байхаар нь би уйлаад доошоо суусан юм. Тэгээд бид хоёр гэртээ ороод би цусыг нь тогтоож өгөөд бид тэс өдрөө хамт хоносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 143 дахь тал)

 

2. Хохирогч Б.А................гайн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

- Хохирогч Б.А................гайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1 цагийн орчимд...Г........р, Шинэхүүтэй хамт 0.75 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архинаас 1 шилийг уугаад Шинэхүүгийн монгол гэрийн зүүн талын модон орон дээр сууж байсан чинь Г........р шууд гартаа дунд зэргийн хар бахь барьж байгаад миний толгой руу бахиараа цохиод намайг доош дараад миний хөлийн гуяын хойд урд тал руу бахиараа цохиод байсан мөн миний цээж рүү бахиараа олон удаа цохисон. Би Г........р намайг хэдэн удаа бахиар, бахьтай гараараа цохисон гэдгийн сайн мэдэхгүй байна. Намайг босох гэхээр хөлөөрөө миний нүүрний шанаа хэсэг рүү өшиглөөд намайг орон дээрээс буулгахгүй суулгаад байсан. Г........р надаас жоохон зай авахаар нь би толгойдоо гараа хүргэтэл миний толгойноос их хэмжээний цус гараад байхаар нь би Шинэхүүгийн монгол гэрээс гараад шууд гэр рүүгээ гүйсэн...Г........р эхлээд миний толгой руу цохиод эхэлсэн би хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Миний толгойг Г........р тухайн өдөр 3 хагалсан байсан. Миний гуяны артал урд талын хэрэг рүү Г........р хэдэн удаа цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Миний гуяын ар талд урд талын хэсэг олон газраа хөхөрсөн байсан. Г........р намайг суулгаж байгаад бахитай гараараа миний цээж болон зүүн талын хавирга руу цохисон би хэдэн удаа цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний зүүн талын хавирга хугарсан байсан. Намайг сууж байгаад босох гэхээр миний толгой руу зүүн хөлөөрөө өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162-163 дахь тал),

- Гэрч Б.Шинэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчимд...А................гай, Г........р нар нэг шил хараа нэртэй архитай орж ирээд бид 3 хувааж уугаад сууж байсан чинь Г........р А................гай эхнэр болох Э.................нтай хардаад хороондоо муудалцаад байх шиг байсан. Тэгээд Г........р шууд босоод манай гэрийн зүүн талын орон дээр сууж байсан А................гайн толгой нүүр рүү гараараа цохиод байсан. А................гай Г........рын урдаас юм хэлээд муудалцаад байхаар нь Г........р улам их цохиод байсан. Г........р баруун гартаа хар өнгийн бахь барьсан А................гайн толгой руу олон удаа цохиод А................гайн толгойноос цус гарсан байсан. Тэгээд Г........р А................гайг зодохоо больсны дараа А................гай 00 орчоод ирье гээд манай гэрээс гараад гүйсэн...Миний харснаар Г........р А................гайн толгой руу бахитай гараараа 3-4 удаа цохиод А................гайн толгойноос их цус гарсан болохоор Г........р А................гайг зодохоо больсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 162 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10712 дугаартай дүгнэлт

-Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн зулайн урд хэсгийн хуйханд З см, 1.6см тус бүр урт оёдол бүхий шархтай. шарханд боолт хийгдсэн. духны зүүн хэсэгт 3x1 см. баруун хэсэгт 4хЗ см, баруун хацарт З.Зх0.6см, дээд уруулын зүүн хэсэгт 1 5x0.5см, 1x0.З см, эрүүний төвгөрт 2.5х1.5см баруун гарын сарвууны ар талд 2х1см, 1x0.8см, 0.7х0.3см 2 ширхэг, зүүн тохойнд гадна хэсэгт 1.3х0.2см 1.5х1см, 2x0.2см хүрэн тав бүхий зулгаралттай, хоёр нүдний дээд доод зовхи. баруун талын хацар, шанаа, зүүн хацрыг нэлэнхийд нь хамарсан хөхөлбөр ягаан өнгийн шаргал ногоон туяа бүхий цус хуралттай, зүүн хацрын нум. зүүн хацрын төвгөр. зүүн хоншоор хэсэгт тэмтрэлээр эмзэглэлтэй Эрүүний доод хэсэгт 6х5см. Зүүн бугалгын гадна дээд хэсэгт 5х4см, цээжний зүүн дээд хэсэгт 5х5см, бүсэлхийн зүүн ар хэсэгт 6хЗсм, зүүн ташаанд Зх2см, зүүн гуяны ар дунд хэсэгт 14х10см, зүүн гуяны гадна дээд хэсэгт 4х4см 2 ширхэг. баруун гуяны гадна дээд хэсэгт 7хЗсм. баруун гуяны гадна хэсэгт 18х12см. 4х4см 2 ширхэг зүүн өвдөгний дотор доод хэсэгт 5хЗсм хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн гуяны гадна дунд хэсэгт 1x1 см. ар дунд хэсэгт 3x1.2см, зүүн өвдөгний гадна хэсэгт Зх1см, зүүн өвдөгний дотор доод хэсэгт 3.3х2.5см, баруун гуяны гадна дунд хэсэгт 2х2см. гадна доод хэсэгт 1.2x1,2см, 1.2х0.3см, баруун шилбэний урд дунд хэсэгт 1.2х0.5см хүрэн тав бүхий зулгаралттай, баруун нүдний алимны салстад тод улаан хүрэн өнгийн цус хуралттай.

ГССҮТ-н 2021.10.31-ний өдрийн эмчийн үзлэгт онош: Хацар ясны хугарал, дух, зулайд няцарсан шарх гэжээ.

2021,10.31-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд: Толгойны томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Зүүн талын хацрын нум гуравласан хугаралтай. Хамар яс хуучин хугаралтай. хамрын таславч S хэлбэрээр мурийсан. Баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү дотогш 0.9см өргөн, 0 5см гүн цөмөрсөн хуучин хугаралтай. Гавал ясны дайвар хөндийнүүд өөрчлөлтгүй. ....Духны зүүн талд болон 2 нүдний эргэн тойрон, хамар, хацрын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. 2. Б.А................гайн биед зүүн талын хацрын нум ясны гуравласан хугарал, зүүн зулайн хуйханд шарх, дух. баруун хацар. уруул. эрүүний төвгөр, баруун гарын сарвуу, зүүн тохойнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун талын хацар, шанаа, зүүн хацарт цус хуралт, эрүү. зүүн бугалга. цээж, бүсэлхий. зүүн ташаа. зүүн баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөг баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 175-176 дахь тал),

- Шүүгдэгч Б.Г........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчим манай хойд талын хашаанд амьдардаг А................гай гэх залуу манай гэрт орж ирээд 1 шил архи уух уу гэхээр нь А................гайтай цуг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шижир нэртэй дэлгүүрээс би 0.75 граммын хэмжээтэй хараа гэх нэртэй архи аваад А................гай бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг Шинэхүү гэх ганц бие залуугийн гэрт орж бид 3 архиа хувааж уусан. Би архи ууж сууж байгаад согтоод манай хамтран амьдрагч Э.................н урд өмнө надад А................гай миний бөгсийг элээд байсан гэж хэлсэн нь бодогдоод би шууд босоод А................гайгийн нүүр толгой руу гараараа олон удаа цохиод орон дээрээс босох гэхээр нь босгохгүй цохиж зодсон. Тэгээд А................гай, Шинэхүү хоёр гараад явахаар нь жорлон орохоор гарсан гэж бодоод унтаад өгсөн өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр босоод гэр рүүгээ явсан тэр үед би ганцаараа байсан тэгээд гэртээ байж байтал А................гай над руу залгаад та яагаад намайг зодож байгаа юм бэ гэхээр нь би хотод байхгүй байн хөдөө байна хот орохоороо уулзъя гэж хэлсэн ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 201 дэх тал),

3. Хохирогч Ж.Б................нгийн  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэргийн талаар:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 36 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр хойш харсан ногоон өнгийн төмөр дааман хаалгатай гаднаа 9 гэснэ тоот хаягтай саарал банзан хашаатай айл байв...хашаанд...гадна төмөр хаалгатай шавар байшин байна...баруун хананд цус мэт зүйл энд тэнд болсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Баруун хойд хананд модон ор уг орны баруун толгой хэсэгт матраас цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг шинжээ хөвөнд шингээн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-08 дахь тал)

- Хохирогч Ж.Б................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон асуудлын талаар огт санахгүй байна...Тархины хагалгаанд орсон ямар гэмтэл учирсан мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

-“...Надад эмчилгээ хийлгэсэн баримт байгаа баримтыг шүүх дээр аваачиж өгье надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Гэрч Ж.Жавгаралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ 15 цагийн үед очиход Б................н ах зодуулчихсан нүүр нь хавдчихсан толгой нь цус болчихсон хэвтэж байхаар нь хэнд зодуулчихсан юм бэ гэсэн чинь Гангаа орж ирээд намайг зодчихлоо гэхээр нь яагаад зодуулсан юм бэ гэсэн чинь согтуу шөнө ороод ирэхээр нь хөөсөн нь намайг зодчихсон гэж хэлсэн. Энэ үед гэртээ ганцаараа байж байсан. Удалгүй би гараад явчхаад 2022 оны 02 дугаар сарын 07-ний өглөө 08 цагийн үед дахиад гэртээ очсон чинь Б................н төрсөн ахтайгаа хамт байсан. Тэр үед Б................н ахын гар хөл нь татаад байхаар нь түргэн дуудъя гээд би төрсөн ахынх нь утсаар нь түргэн дуудаад түргэнд үзүүлсэн чинь аваад явна гэж хэлээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

Гэрч Т.Шаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ өглөө ирэхээр нь гэрээс нь 11 цагийн орчимд гэрээс нь ганцаараа гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны 36-28 тоотод байрлах гэртээ иртэл манай дүү Ж.Б................н орон дээр гэртээ ганцаараа толгойн цус болчихсон согтуу хэвтэж байхаар нь яасан юм бэ гэж асуухад гудамжинд согтуу явж байгаад уначихлаа гэж хэлэхээр нь хаана вэ гэж асуутал юу ч дугараагүй, эмч дуудаж үзүүлье гэж хэлтэл яах юм бэ хэрэггүй би зүгээр гээд уурлаад байхаар нь эмийн сангаас өвчин намдаах эм авч өгчхөөд тэр шөнөдөө хамт унтаж амраад өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өглөө 10 цагийн орчимд Ж.Б................н таталт өгөөд байхаар нь 103 дугаар руу залгаж эмч дуудаж үзүүлтэл яаралтай гэмтлийн эмнэлэг авч явна гэж хэлээд авч яваад ирж үзүүлтэл гавал тархиндаа гэмтэл авсан байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд хагалаанд орж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

- Гэрч Д.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Ж.Б................нгийн амьдарч байгаа гэрт яваад очтол Ж.Б................н орон дээр толгойн хавдаад цус гарчихсан байдалтай хэвтэж байсан мөн түүний төрсөн ах Шарав хоёулаа байж байхаар нь Ж.Б................нгийн толгой яачихсан юм бэ гэж асуутал гудамжинд ганцаараа явж байгаад уначихсан гэж хэлээд өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Гэрч Б.Алдархишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 06-ны өглөө...Шарав ах...утсаар ярьж Б................н хүнд зодуулчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь би гэрт нь яваад очтол Б................н ахын толгой цус болчихсон...байхаар нь юу болсон юм бэ гэж асуутал Б................н ах мэдэхгүй ээ ахын хүн зодчихсон байна гэхээр нь хэн юм бэ гэхэд мэдэхгүй гээд байхаар нь Жагваралаас нь асуухад мэдэхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

- Ц.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө 3 цагийн үед манай найз Жавгарал над руу залгаад манай Баадай ахыг Г........р ирээд зодчихоод явчихлаа цус нь урсаад болдоггүй ирээд угааж арчаад туслаад өгөөч гэсэн тэр үед нь очоогүй өглөө 7 цагийн үед Жавгаралын гэрт очиход Баадай ах орон дээр толгой хэсэг нь цус болчихсон, зүүн талын шанаа хэсэг нь нэлэнхийдээ хавдаж хөхөрсөн уруулын дотор тал нь язраад ангайчихсан байсан. Би Баадай ахын нүүр гар нүүрийг угааж өгчхөөд түргэн дуудаж үзүүл гэж хэлчхээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2723 дугаартай дүгнэлт:

ГССҮТ-н өвчний түүх № 1513 дугаараас: эмнэлэгт хэвтсэн 2022.02.07-ны өдөр 11 цаг 8 минут...Эмнэлэгт хэвтэх үеийн онош: Гавал доторх гэмтэл гэжээ..

2022.02.07-ны өдрийн ГССҮТ-н Толгойн КТГ-н шинжилгээний хариунд: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй...Зүүн дух, духны хажуу чамархай, зулай хэсгийг хамарсан 0.5х1.1см зузаан субдурал цус хуралттай. Баруун чамархайн ар доод хэсэг, дагзны дэлбэнг хамарсан 0.2см зузаан ялтаслаг субдурал цус хуралттай. Тархины суурийн хэсгээр бага хэмжээний субарахнойд цус хуралттай...Зүүн хажуу ховдол бага зэрэг шахагдсан, баруун хажуу ховдол өргөссөн, 3,4-р ховдлуудын хэлбэр хэмжээ хэвийн...нүүр хэсгийн зөөлөн эд нэлэнхүйдээ хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Ж.Б................нгийн биед зүүн дух, духны хажуу чамархай, зулайн дэлбэнг хамарсан, баруун чамархайн ар доод хэсэг, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн айх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

- Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эдгээр гэмтлүүд нь хэвтэж байхад нь нүүр хэсэг рүү олон удаа цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч Б.Г........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 06-ны үдээс хойш цагаа сайн санахгүй байна Жавгаралын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 36-28 тоотод очтол Б................н, Шар Доржоо, Жавгарал нар архи уучихсан сууж байсан. Би ороод тэд нартай архи уугаад сууж байсан чинь Б................н над руу том дуугараад байсан юу гэж хэлсэн талаар санахгүй байна. Тэр үед миний уур хүрээд Б................н орон дээр согтуу хэвтэж байхад нь нүүрэн тус газар нь баруун гараа зангидаж байгаад 2-3 удаа цохисон тэгсэн чинь өөдөөс болио болио гэхээр нь би та нар гай болов би урдах ялаа яая гэж байхад гэж хэлээд гараад явсан. Маргааш нь буюу 2022 оны 2 дугаар сарын 07-ны өглөө 8 цагийн үед Б................н дээр очиж уулзсан чинь чи найзыгаа яаж байгаа юм бэ гээд шанаа нь хавдчихсан уруул нь бас хавдчихсан байхаар нь найзыгаа уучлаарай гээд Жавгаралыг архинд явуулаад нэг шил архи хувааж уучхаад би гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал) зэргээр тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г........р нь эр, эмийн хардалт, тодорхой шалтаг шалтгаангүй, хувийн таарамжгүй сэдэлтүүдээр, шууд санаатайгаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ

- Хохирогч С.Э.................ны эрүүл мэндэд халдаж биед нь зүүн хавирганы хугарал, зүүн уушгины шугаман хэлбэрийн авчилт, зүүн зулай, дагз хэсгийн хуйх, зүүн сарвуу, баруун өвдөг, баруун гуя, эрүүнд шарх, дух, эрүү нуруу зүүн дал, хэвлий, хоёр гуя, зүүн өвдөг, хоёр шилбэнд цус хуралт, баруун бугалга, баруун шуунд зулгаралт бүхий олон тооны хөнгөн хохирлыг галын дэгээ төмөр, заазуур, гар, хөлөөрөө цохиж зодож үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг,

- Хохирогч Б.А................гайн эрүүл мэндэд халдаж биед нь зүүн талын хацрын нум ясны гуравласан хугарал, зүүн зулайн хуйханд шарх, дух. баруун хацар. уруул. эрүүний төвгөр, баруун гарын сарвуу, зүүн тохойнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун талын хацар, шанаа, зүүн хацарт цус хуралт, эрүү. зүүн бугалга. цээж, бүсэлхий. зүүн ташаа. зүүн баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн гуя, өвдөг баруун гуя, баруун шилбэнд зулгаралт, баруун нүдний алимын салстад цус хуралт бүхий олон тооны гэмтэл үүсгэн хүндэвтэр гэмтлийг бахь, гар, хөлөөрөө цохиж зодон үүсгэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг,

- Хохирогч Ж.Б................нгийн толгойн тус газар гараараа цохиж зодон халдаж биед нь зүүн дух, духны хажуу чамархай зулайн дэлбэнг хамарсан, баруун чамархайн ар доод хэсэг, дагзны дэлбэнг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулаагүй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. Харин түүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй гэж мэтгэлцсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн “...Ж.Б................нг цохиж зодоогүй, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулаагүй, хохирогч нь өөрөө өмнө нь 2 удаа тархины хагалгаанд орж байсан. Тухайн өдөр мэдүүлэгтээ гудамжинд явж байгаад зодуулсан...” гэх зэргээр мэдүүлсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Б................н нь дээрх байдлаар мэдүүлж байсан боловч тэрээр гэрч Ж.Жавгаралд “...Б.Г........рт зодуулсан...” гэж, гэрч Ц.Оюунгэрэл “...Жавгарал над руу залгаад Б................нг Г........р зодчихлоо гэж хэлсэн...” гэж, шүүгдэгч Б.Г........р нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Ж.Б................нгийн нүүрэн тус газар 2-3 удаа цохисон..” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгчийн С.Э.................ны эрүүл мэндэд халдсан үйлдлийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн...” гэсэн нь үндэслэлгүй буюу шүүгдэгч, хохирогч нар нь хамтын амьдрал зохиохоор ярилцан тохиролцсон байх үед шүүгдэгч нь түүний эрүүл мэндэд халдсан үйлдлийг хуулийн дээрх зүйл хэсэгт заасан хүндрүүлэх шинжид хамааруулан ойлгохгүй юм. Харин шүүгдэгчийн хохирогчид учруулсан олон тооны шарх гэмтлүүдийг галын дэгээ төмөр, заазуур, гар, хөлөөрөө цохиж зодсон нь тухайн зүйлийн хүндрүүлэх “...онц харгис хэрцгийгээр үйлдсэн...” шинжид хамаарч байх тул шүүхээс дээрх гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр гэмт хэргийн шинжийг өөрчлөн шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү гэмт хэргийн шинжийг өөрчилсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Э.................нд хөнгөн, хохирогч Б.А................гайд хүндэвтэр, Ж.Б................нд хүнд гэмтэл учирсан байх боловч хохирогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Г........рыг хохирогч нарт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Ж.Б................нгийн тухайд түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл тогтоогдсон байгаа учир тухайн гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Г........рыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар 10 хоногийн хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Г........рт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийн 11.6, 11.4, 11.1 дүгээр зүйлд заасан буюу эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 122, 109 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 116 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 132 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 118-121 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 133 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Б.Г........рт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх... эдлүүлэхээр шийдвэрлэж болно:” гэж, мөн хэсгийн 2.3 дахь заалтад “зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг;” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Г........рыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногт шилжүүлэх нь зүйтэй байна.

 Тиймээс шүүгдэгч Б.Г........рт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял буюу 90 хоног болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 9 сарын хугацаагаар тогтоосонтой холбогдуулан түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дээрх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0085 60552 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гавал овогт Б...........айн Г........рыг

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан,

- Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан,

- Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Гавал овогт Б...........айн Г........рт

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 9 (ес) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г........рт оногдуулсан 3 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Б................н нь өөрт учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г........рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ