Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар   2022/ШЦТ/777

 

 

 

 

 

 

 

      2022            6            17                                        2022/ШЦТ/777

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Г.У..........яа, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0206 80683 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г.............гийн У..........яа, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймаг Мөрөн суманд 1994 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “......................................

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.У..........яа нь хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байх хугацаандаа ...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............................................. ажил хийж гүйцэтгэж байсан талбайд 3 настай Б.М..............л нь явж байхдаа хана хоорондын хонгил руу унаж ...амь насыг хохироосон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.У..........яа нь “Би Би Фалкон” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх ажиллаагүйн улмаас барилгын тухай хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.2 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, 27.3.3 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн дэд бүтцийн яамны сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан №2487 “барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм I хэсэг ерөнхий шаардлага БНбд 12 03 04-ийн 4.11 үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/ гэж шаардлагад нийцүүлэн 4-р давхрын ажлын байр, орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ /тэмдэг тэмдэглэгээ бүхий хаалт хамгаалалт/-г авч хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Та Чи Center” үйлчилгээний зориулалттай барилгын 4-р давхрын “Би би Фалкон” ХХК-ийн засварын ажил хийж гүйцэтгэж байсан талбайд 3 настай Б.М..............л нь явж байхдаа хана хоорондын хонгил руу унаж гавал ясны титэм заадас, баруун чамархай суурийн бага далавч, зүүн зулайн ясны нийлмэл хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай орой хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны цус хуралт гэмтэл авч амь нас нь хохирсон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-СХДЦГ, ЦХ-3 жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMН14920739 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 3401, ...Дуудлага хүлээн авсан: 2021-8-27 19:32:56, ...Дуудлагын утга: Б.М..............л 2 нас 8 сартай эрэгтэй, хүүхэд 3 давхрын шатнаас унаж 2021 оны 8 дугаар сарын 27-ны 18:00 цагт 103-р хүргэгдэн гэмтлийн эмнэлэгт ирж эрчимт эмчилгээний тасагт ухаангүй байдалтай байна...” гэх баримт (хавтаст хэргийн 8 дахь тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутагт байрлах МТ ШТС-н баруун талд байрлах 6 давхар цэнхэр өнгийн барилга байв. Тус барилга баригдсан барилга байх ба иргэн Ч.Б.............н нь манай хүү 4 давхарт зүүн жигүүрийн 2 барилгын зааг хэсэгт унасан гэсний дагуу тус барилгын 4 давхарт явган хүний шатаар гарч Ч.Б.............наас унасан гэх нүхийг заалгаж гэр зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 9-16 дахь тал)

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б.............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны үед “Би би фалкон ХХК”-нд би ахалж байгаа 5 хүний бүрэлдэхүүнтэй бригадаар засалчнаар ажилд орж ажиллаж байгаа юм. Миний ажиллаж байгаа Би би фалкон ХХК-н Женералконсалтинг констракшн” ХХК-ны хариуцан барьж байгаа барилга дээр туслан гүйцэтгэгчээр 6 давхар барилгын 4 давхрын заалны хэсгийн дотор заслын ажил хийж байгаа юм. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би тухайн барилгын 4 давхрын заалны хэсгийн заслын ажил хийж байсан манай эхнэр Э..............д 15 цагийн үед би “Хар хорин худалдааны төв” дээр явж байна замаараа чамд хэдэн ширхэг хуушуур аваачиж өгнө гэж тэгээд гэр рүүгээ хамт явъя гэж ярьсан. Би тэр үед эхнэрээ барилгын гадаа ирээд над руу залгах байх гэж бодоод ажлаа хийж байсан 16 цагийн үед манай эхнэр Э..............д хүү М..............л гээд 3 настай хүүхдээ дагуулчихсан барилгын 4 давхарт гараад ирсэн. Тэгэхээр нь би яагаад барилга дотор ороод ирсэн гадаа ирээд залгахгүй яасан юм бэ гэсэн манай эхнэр надад хандаж хүмүүс ороод байхаар нь дагаад ороод ирлээ харуул хамгаалалт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийн авч ирсэн хуушуурыг идчихээд 5 давхар руу хийж байсан ажлаа дуусгах гээд гарсан тэгсэн удалгүй манай эхнэрийн орилох дуу сонсогдохоор нь би 5 давхраас буугаад ирсэн манай эхнэрийн орилох чимээ сонсогдоод байхаар нь би 3 давхарт буугаад ирсэн манай эхнэр хүүхдээ 3 давхрын аваарын шатны хэсэгт тэвэрчихсэн орилоод сууж байсан би яасан гэж эхнэрээсээ асуусан хөтөлж явж байгаад би хүүхдээ уначихлаа гээд орлоод байсан тэгээд эмнэлэг дуудаж гэмтлийн эмнэлэгт хүү М..............лыг хүргэсэн. Тэрнээс хойш хүү минь эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан... Би “Би би фалкон ХХК”-нд заслын бригадаар ажлаар 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийснээс хойш ажиллаж эхэлсэн. Намайг болон манай заслын бригадыг ажиллаж хэлснээс хойш “Би би фалкон ХХК-ны ХАБ-ын инженер болон талбайн инженер нар тогтмол аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Харин “Женералконсалтинг констракшн” ХХК-аас бол ямар нэг ХАБ-йн инженер талбайн инженер зэрэг хүмүүс аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй...барилгын гадна үүдэн хэсгийн хоёр талд төмөр саад хоорондоо нэлээн зайтай байсан. Харин ямар нэгэн барилгын ажил явагдаж байгааг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ, самбар байхгүй байсан. Манай хүү М..............лыг барилга дотор осолд орсноос хойш тэр өдөр нь барилгын гадна болон дотор хэсэгт тэмдэг тэмдэглэл, зурагт хуудас байрлуулсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 26-27 дахь тал),

-“...Талийгаач хүүгээ эмчлүүлэхэд болон буяны ажлыг хийхэд тодорхой хэмжээний зардал мөнгө гарсан. Гэхдээ би тэр зардал мөнгийг тооцож үзээгүй. Ер нь бол “Би би фалкон” ХХК-ны 7.000.000 төгрөг, “Женералконсалтинг констранкшн” ХХК-ны 2.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөг талийгаачийн эмчилгээ болон буяны ажилд өгсөн. Тэр мөнгөнөөс эмчилгээ болон буяны ажил хийж дуусгасан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 30 дахь тал),

-Гэрч Н.Бат...................атын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани 2021 оны 06 дугаар cap дундаас эхлэн Талх чихэр ХХК-ны захиалгаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг МТ шатгуун түгээх станцын баруун талд Генериал серив кансалтинк ХХК-ны барьж байгаа 6 давхар барилгын дотор засалд тусан гүйцэтгэгчээр гэрээ хийж ажиллаж байгаа юм. Манай компани 4 давхар болон спорт заалны заслыг хариуцан хийж байгаа юм. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай гэрээг ажилладаг ажилтан Б.............ны хүүхэд 16 цаг өнгөрч байхад 4 давхрын шатнаас 3 давхарт уначихсан гэж хэлэхээр нь би Улаанбаатар хотын их дэлгүүр дээр явж байгаад шууд ГССҮТ-д ирсэн. Тэгэхэд Б.............ны хүүхэд эрчимт эмчилгээний тасагт орчихсон эмчилгээ эхэлсэн байсан. Би тухайн үед барилга дээр байгаагүй болохоор хэзээ Б.............ны хүүхэд барилга дээр ирээд унасан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 34 дэх тал),

-Гэрч Ц.Т..........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 16 цагийн орчимд өөрийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо МТ колонкын хажууд баригдаж байгаа үйлчилгээний барилга дээр 16 цаг 30 минутын орчим очиход барилгын зүүн талын гол хаалгаар нэг эмэгтэй хүн хүүхэд тэвэрчихсэн гарч ирсэн.Нөгөө хүүхэд нь ухаангүй байгаа бололтой бие хаа нь суларчихсан байсан.Тэгээд нөгөө эмэгтэй нь уйлчихсан гарч ирсэн. Тэгтэл араас нь улаан цамцтай залуу гарч ирсэн. Тэгээд би очоод “Энэ юун хүүхэд вэ?” гэхэд нөгөө улаан цамцтай залуу надад “Манай эхнэр хүүхэд ирчихсэн байсан юм” гэсэн. Тэгээд байж байтал эмнэлэг ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 38 дахь тал),

-Гэрч В.М............тгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани гэрээний дагуу барилгын 1, 2, 3 дугаарын дотор талын заслын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Харин гадна хэсэгт бол ямар нэг барилгын ажил хийгээгүй. Манай компани хариуцаж байсан хэсэг болох нэг давхарт барилга дотор орох, гарах зориулалт бүхий хаалга нэг давхартаа байсан. Харин гэрээнд бол тухайн хаалгаар орох, гарах ажилчдын болон иргэдийн хөдөлгөөнд манай байгууллагын зүгээс хяналт тавих заалт байхгүй тийм болохоор орох, гарах хөдөлгөөнд захиалагч Женерал консалтинг констакшн ХХК хяналт тавих үүрэгтэй байх гэж бодож байна. Харин манай компани өөрийн хариуцан ажиллаж байсан 1, 2, 3 дугаар давхрын дотор талд заслын ажил хий байсан ажилчдадаа байнга хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, хийж байгаа үйл ажиллагаанд нь талбайн инженер болон хөдөлмөр аюулгүй байдлын инженер зэрэг хүмүүсээр хяналт тавиулан ажиллаж байгаа...Барилгын гадна хэсэгт ямар нэг хамгаалалт хамгаалалтын алба ажилладаггүй байсан. Барилгын ажил эхлэхээс өмнө захиалагч компани ажилчдад хаалга онгойлгож өгдөг байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал),

-Гэрч Ч.Л..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Барилгын гадна хэсэгт төмрөөр хийсэн хашлага байсан. Гэхдээ тэр хашлага яг иргэдийн хөдөлгөөнийг нам хориглоогүй хоорондоо тодорхой хэмжээний зайтай байсан. Харин барилгын гадна хэсэгт ямар нэг тэмдэглэгээ байхгүй байсан бөгөөд хүүхэд осолдсон өдрөөс хойш тэмдэг тэмдэглэгээ захиалагч байгууллагын зүгээс барилгын гадна болон дотор хэсэгт байрлуулж эхэлсэн...Захиалагч Женералконсалтинг констракшн ХХК инженер Т..........л, Билгүүн нар барилга дотор үйл ажиллагаа явуулж байгаа компани удирдлагууд болон ажилчдад гаднаас өөр хүн оруулж болохгүй талаар анхааруулга тогтмол өгдөг байсан. Бид нар ч өөрсдийн ажилчдад аюулгүй байдал болон гаднаас хүн оруулж ирэхгүй байх талаар тогтмол анхааруулга өгч байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49-50 дахь тал),

-Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай компани 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Женерал консалтинг констракшн ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт баригдаж байгаа Женерал консалтинг констракшн ХХК-ны гүйцэтгэлийн ажил хийж байгаа 6 давхар барилгын 4 дүгээр давхрын дотор заслын болон спорт заалны дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулсан. Ингээд мана компани 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс заслын ажлаа хийж эхэлсэн. Заслын ажил эхэлснээс хойш талбайн инженерийн үүргийг би гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Г.У..........яа ажиллаж ажилчдын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж аюулгүй ажиллагааны заавар өгч ажиллаж байгаа. Манай компанид Б.............н гэх иргэн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн “Ажил гүйцэтгэлийн” гэрээ байгуулан ажиллах болсон Б.............н нь гэрээнд 3-6 ажилчинтай бригад хэлбэрээр ажил гүйцэтгэх болсон. Ингээд ажил гүйцэтгэж байх хугацаанд Б.............ны эхнэр нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүүхдээ дагуулж манай компани засал хийж байгаа талбай дээр ирж Б.............нтай уулзчихаад буцахдаа хүүхдээ хоёр барилгын залгаа хэсэг рүү 4 давхраас 3 дугаар давхар руу унагасан байсан. Ингээд тухайн үедээ хүүхээ аваад гэмтлийн эмнэлгийн тусламж авсан байсан...Барилгын гадна хэсэгт ямар нэг хамгаалалт ажилладаггүй байсан. Харин барилгын дотор хэсэгт ороход нэг удаа Та Чи ХХК-ны хамгаалагч ирж онгойлгож өгч байсан. Би бодохдоо захиалагч Женерал консалтинг констракшн ХХК, Та Чи ХХК-ны хамгаалалтын албатай хамтран ажилладаг юм байна гэж ойлгосон. Тэрнээс бол ямар нэг хамгаалалтын гэрээ байдаг эсэхийг мэдэхгүй байна...Тухайн үед би Төв аймгийн Заамар сум руу хөдөө ажлаар явсан байсан болохоор барилгын талбай дээр байхгүй байсан. Харин намайг байхгүй үед манай хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер Г.У..........яа заслын ажил гүйцэтгэж байгаа талбай болон аюулгүй байдлыг давхар хариуцаж байсан. Захиалагч Женерал консалтинг констракшн ХХК-ны зүгээс ямар нэг зааварчилгаа нэгдсэн журмаар өгдөггүй байсан. Харин манай байгууллагын зүгээс ажилчдадаа өдөр тутам аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 52-53 дахь тал),

-Гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед барилгын гадна талын заслын ажил дууссан байсан тул манай байгууллагын зүгээс авто замын хажуугийн явган хүний замыг чөлөөлөх үүднээс гадна талын хамгаалалт хашаа, хашлагыг буулгаж явган хүний замыг чөлөөлсөн байсан. Тэр үед зөвхөн барилгын дотор заслын ажил хийгдэж байсан бөгөөд барилгын гадна хэсгийн ажил дууссан байсан тул барилгын гаднаас орох хаалганы шатаар гадны хүн орохоос сэргийлж хоёр тал нь явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаж хориглосон төмөр хаалт манай байгууллагын зүгээс байрлуулсан байсан. Ер нь барилгын гадна хэсгийн засал дуусаж явган хүний замын хөдөлгөөн нээгдсэн байсан, дээрээс нь гадна талын хаалгаар хүн орох хөдөлгөөнийг хязгаарлаж төмөр хаалт хашлага байрлуулсан байсан нь иргэдэд барилгын талбай руу орж болохгүйг анхааруулсан нь ойлгомжтой байсан тул харуул хамгаалалт гадна хэсэгт ажиллуулах шаардлагагүй байсан...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 165 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8131 дугаартай дүгнэлт:

ГССҮТ-ийн 8055 тоот өвчний түүхээс: 2021 оны 08 дугаар сарын 27-нд хэвтсэн өвчтөний биеийн байдал хүнд, Ухаан маш бүдэг. Унтраасан. Ёолж үе үе уйлна. Команд биелүүлэхгүй. Арьс салст цэвэр, чийглэг. Зүрхний авиа тод, хэм жигд...Хуйх зүүн чамархай дух орчим хавантай. Нүүрээр баруун шанаа орчим зулгаралттай...2021 оны 08 дугаар арын 27-ны толгойн КТГ-д: Гавал ясанд 2 талын титэм заадас дагасан диастаз хугаралтай ба баруун үзүүр баруун чамархай суурийн бага далавч, зүүн талд титэм заадасны дунд хэсгээс зүүн зулайн ар луу дамжсан нийлмэл хугаралтай.../зүүн зулайд 4,0см өргөнтэй 0,2см гадагшаа сөхөгдсөн нийлмэл хугаралтай...зүүн зулайн орой урд хэсэгт тархины эдэд 0,9х0,7см хэмжээтэй цус хуралттай эргэн тойрон хавантай...2021 оны 08 дугаар сарын 30-ны дотор эрхтний эхо-д: Моррисоны зайд зурвас шингэнтэй...2 талын плеврийн хөндийд сул шингэнтэй...Цээжний эгц рентген зурагт: Баруун уушгины уг орчим болон зүүн уушгины дээд талбайгаар паренхимийн агааржилт буурсан GGO шинж илэрсэн...хавирга өрцний синус хоёр талдаа хаалттай, бага хэмжээний шингэнтэй.

“...1.Б.М..............л-н баруун чамархай, зүүн зулай ясны хугарал, уушгины няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт гэмтэл тогтоогджээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1804 дугаартай дүгнэлт:

Шүүх эмнэлгийн цогцос шинжилгээний онош:

1.Гавал тархины битүү гэмтэл: Гавал ясны титэм заадас, баруун чамархай суурийн бага далавч, зүүн зулайн ясны нийлмэл хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хураа, их тархины тал бөмбөлгийн зулай орой хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус хурвалт, зулайн хуйханд цус хуралт.

2.Тархи, уушигны хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн алдагдал,

3.Баруун чамархай, шанаанд зулгарсан шарх, хэвлийн хөндийг нээж, шалгах, хэвлийн хөндийгөөс шингэн авах, урсгуурдах мэс засал, 2021.08.31 баруун уушигны уг, зүүн уушигны дээд дэлбэнгийн голомтот хатгаа...ДҮГНЭЛТ

1.2.Талийгаач Б.М..............лын биед гавал ясны титэм заадас, баруун чамархай суурийн бага далавч зүүн зулайн ясны нийлмэл хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хараа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай орой хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны цус хуралт, баруун чамархай, шанаанд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба мохоо хүчин зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээ хийгдсэн болно.

5.Талийгаач нь АВО системээр А/II/ хоёр дугаар бүлгийн цустай байна.

6.Талийгаач Б.М..............л нь дээрх гавал тархины билүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч Г.У..........яагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай байгууллагын хариуцсан талбайд барилга хоорондын зай байгааг би өмнө харж байсан. Тухайн зайн дээр би өмнө нэг модон панерин хаалт тавьсан байсан. Харин тухайн өдөр тэр модон панерин хаалга алга болсон байсан болохоор би тэр зайг өөр зүйлээр хааж чадаагүй байсан. Компани заслын ажил хийж байгаа талбайд би аюулгүй байдал эрүүл ахуйг сахиулж болзошгүй аюул ослоос сэргийлэх үүрэгтэй байдаг. Ер нь бол миний хариуцах ёстой ажил байсан...Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа...Хохирогч талтай сайн дураар эвлэрч ямар нэг гомдол саналгүй болсон байгаа...Би өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын үүргээ хангалттай биелүүлээгүй алдаа гаргасны улмаас хүүхдийн амь нас хохирсон үйлдэлд гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 191-192 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1804 дугаартай дүгнэлтээр талийгаач Б.М..............лын биед гавал ясны титэм заадас, баруун чамархай суурийн бага далавч зүүн зулайн ясны нийлмэл хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх ялтаслаг цусан хараа, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай орой хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулайн хуйхны цус хуралт, баруун чамархай, шанаанд зулгарсан шарх гэмтэл тогтоогдож, дээрх гавал тархины билүү гэмтлийн улмаас нас баржээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.У..........яа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар болгоомжгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас бага насны хохирогчийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Г.У..........яаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б.............ны нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.У..........яаг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлэг өгч ирсэн. Мөн цаашид гарах зардлыг манай үйлчлүүлэгч болон компани зүгээс төлөхөө илэрхийлж байгаа...иймд манай үйлчлүүлэгчийг хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Учралзаяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 214, 215 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 194 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1-р хавтаст хэргийн 218 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 219 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.У..........яаг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Г.У..........яад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0206 80683 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.............гийн У..........яаг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.У..........яаг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У..........яад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У..........яа нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ