| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0776/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/778 |
| Огноо | 2022-06-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/778
2022 6 17 2022/ШЦТ/778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Энхтуул
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Ж.Сувданчимэг (томилолтоор),
хохирогч Г.Т...............д,
шүүгдэгч Г.Г...............д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00245 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Торгууд овогт Г...............гн Г...............д, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд 1988 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан .................................
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г...............д нь гэртээ төрсөн дүү Г.Т...............дтой маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж биед нь хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушгины авчилт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Г.Г...............д нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............... тоот гэртээ төрсөн дүү Г.Т...............дтой маргалдан улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж биед нь хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушгины авчилт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCML10858549 дугаартай хуудсанд: “...Дуудлага өгсөн: 89886406 ... дуудлага хүлээн авсан...2021.12.31 20:59:27...дуудлагын утга...манай нөхрийг ах нь хутгалсан гэх...” дуудлага мэдээллийн баримт (хавтаст хэргийн 03, 4 дэх тал),
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 42-р хороо Одонт 28-7 тоот хашаа байв...Хашааны хойд талд 1 давхар тоосгон байшин байв...гал тогооны өрөөнд ханан пийшин, уг ханан пийшингийн ард талд шар өнгийн бариулттай ажлын хэсэг нь 1.4см урттай нийт урт нь 26 см урттай үзүүр хэсэгт нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээч 1 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-08 дахь тал)
- Хохирогч Г.Т...............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байгаад орой аавынхаа гэрт очсон чинь манай ах архи уучихсан согтуу байсан. Тэгэхээр нь би “он гарах гэж байна толгой хүзүүгээ угаа” гэж хэлсэн. Манай ах Г.Г...............д “чамд ямар хамаатай юм” гээд уурлаад намайг хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гэрээс нь гарах гэтэл ээжийг элдвээр хэлээд байхаар нь “би дуугүй бай” гэсэн чинь Г.Г...............д ах “чамд ямар хамаатай юм” гээд би гал тогооны ширээний урд талд зогсож байсан чинь Г.Г...............д ах гэнэт миний цээж рүү цохих шиг болсон. Тэгээд би гарах гэтэл миний бие сонин болчихсон тэгсэн миний гэдэснээс цус гарч байсан. Тэгээд би ээжид хэлээд түргэн дуудсан... миний баруун талын хэвлий хэсэгт хутганы шархтай байгаа...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Гэрч Т.Н...............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байхад гэртээ хоол хийгээд байж байсан чинь манай бага хүү Г.Т...............д гэрт орж ирээд аав хаачсан юм гэж асуусан тэгсэн араас нь төрсөн ах Г.Г...............д архи уучихсан орж ирсэн тэгсэн дүү нь уурлаад гудамжинд архи дарс уугаад явж байхын наадах толгой тархиа угаа, ууж хоносон юм бол гэж хэлсэн тэгсэн ах нь уурлаад тэр хоёр хоорондоо барилцаж авсан. Тэгээд хоорондоо гал тогооны өрөөнд зодолдоод дундуур нь орж салгах гэсэн чинь салахгүй байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч хүн дуудах гээд гараад ороод ирсэн чинь Г.Т...............д намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1234 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн голоор 15см урттай босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай, шарханд ариун боолттой, хэвлийн баруун доод хэсэгт 2см урттай мэс заслын оёдол бүхий шархтай.
ГССҮТ эмнэлгийн 13473 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2021.12.31-ний 22-58. Хэвтэх үеийн онош:...Хэвлийн шархаар өвдөнө. 2021 оны 12 сарын 31-нд 21 цаг 30 минутад төрсөн ах нь хутгалсан...Клиникийн урьдчилсан онош: Хэвлий зоон руу ба аарцгийн ил шарх...өвчтөний биеийн байдал хүнд ухаантай. Орчиндоо харьцаа сул, ярагласан байдалтай байрлал хэвтрийн...хэвлий хатуу чангаралтай, өвдөлт эмзэглэл ихтэй, гялтан цочролтой тогшилтоор битүү дуутай...Хэвлийн баруун доод хэсэгт 3 см орчим хатгагдаж хутгалагдсан, шархтай...хэвлийн голоор мэс заслын шархтай, шарх цэвэр боолттой хэвлийн 2 хажууд вакум гуурсаар бага зэргийн цустай. Хэвлийн баруун хажууд доод хэсэгт колостоми гаргасан. ....Хэвлийн голтын шугамаар 15 см орчим зүслэг хийн цус тогтоолтын дор хэвлийн хөндийг нээхэд хэвлийд 200 мл орчим цус байсныг соруулан авч хэвлийн баруун хажуу талаас нэвтэрсэн, хутгалагдсан шархаар цус урсан гарч байсныг оёж цус алдалтыг тогтоов. Хэвлийн баруун талын арын гялтан нилэнхүйдээ цус хурсан, бүдүүн гэдэсний өгсөх, хөндлөн гэдэс нилэнхүйдээ няцарч цус хурсан, бүдүүн гэдэсний мухар гэдсэнд нэвт сүлбэгдсэн 2 см орчим шархнаас цус болон баас хэвлийн хөндийн асгарч байсан тул хэвлийн хөндийг сайтар угааж, бүдүүн гэдэсний мухар гэдэсний хутганы шархны дээгүүр автомат оёж 100-тай тайрагчаар тайрав. Үлдэгдэл мухар гэдсийг хэвлийн баруун хананд гаргах гэсэн боловч мухар гэдэсний шарх цутгалан гэдэстэй ойрхон байсан тул мухар гэдсийг мухар олгойтой хамт цутгалан гэдэс хүртэл чөлөөлөөд дахин хутганы шархны доогуур 100-тай автомат оёгч тайрагчаар тайрч шинжилгээ явуулав.
2021.12.31-ний хэвлийн хэт авиан оношилгоонд: Хэвлийн хөндийд морисоны зайд зурвас шингэтэй.
2021.01.01-ний Цээжний хөндийд хатгалт хийсэн тухай: уушги чагнахад баруун тад сонсогдохгүй... цээжний баруун талд ...суганы дунд шугамаар 6-7-р хавирганы завсраар...мэдээ алдуулж, зүслэг хийн булчин, арьсан доорх зөөлөн эдийг мохоо аргаар үечлэн нээж плеврийн хөндийг цоолж,...гуурсаар вакум 100мл шингэн гарч вакум үүсэв...ДҮГНЭЛТ
1. Г.Т...............дын биед хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар, гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-п зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Г.Г...............дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Одонтын 28-7 тоотод очсон чинь манай ээж Нина, дүү Г.Т...............д нар байсан тэгсэн манай дүү Г.Т...............д намайг архи уугаад яваад байх юм шинэ он гарах гэж байна наад толгой хүзүүгээ угаа гэж хэлэхээр нь би чи өөрөө уудаггүй юм шиг юм ярих юм гээд уурласан. Тэгээд Г.Т...............д бид хоёр хоорондоо хэрэлдэж маргаад Г.Т...............д миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би газар шалан дээр унасан чинь хажууд хутга байхаар нь би аваад дүү Г.Т...............дын хэвлий хэсэгт нь 1 удаа хутгалсан...Тухай хутга шар иштэй зуухны ар талд байхаар нь би аваад Г.Т...............дыг хутгалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-140 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г...............д нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1234 дугаартай дүгнэлтээр хохирогчийн амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсанд хамаарна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Г...............дыг нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Г.Г...............дын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Г.Г...............д нь хутгаар хохирогч Г.Т...............дын биед хэвлийн баруун доод хэсгээр хэвлийн хөндийд нэвтэрч, мухар, гэдсийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, баруун уушгины авчилт бүхий хүнд зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Г...............дыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Т...............д нь мөрдөн шалгах ажиллагаанд шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г...............дыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Г...............дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах саналтай байна гэх дүгнэлтийг...”,
Шүүгдэгч Г.Г...............д нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Г.Г...............д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 78, 77 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 79, 80 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Г...............дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Г.Г...............дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн 2208 0000 00245 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Торгууд овогт Г...............гн Г...............дыг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г...............дыг 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г...............дод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г...............дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
М.МӨНХБААТАР