Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

  

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б-,

Өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч  С.Т-,

Өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн хууль ёсны төлөөлөгч О.Аманбек,

Өсвөр насны шүүгдэгч А.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Е-ид холбогдох 2113001960013 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 2006 оны 09 дүгээр сарын 09-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд цахилгаанчин мэргэжлийн 1 дүгээр дамжааны суралцагч, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булангийн их булан гудамж 36 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, аав ээж, дүү нарын хамт амьдардаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.т овогт А-ийн Е-, регистрийн дугаар ББ..............

 

Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Е- нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед тус аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.К-гийн гэрээс түүний 2 ширхэг монетон, 1 ширхэг энгийн гоёлын бөгжийг хулгайлж, 475000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, тайлбар

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:“...Насанд хүрээгүй шүүгдэгч А.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас 475.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогчийн хоёр ширхэг монетон бөгжийг өөрт нь буцаан олгож, 15.000 төгрөгөөр үнэлэгдсэн металл бөгжний үнэ болох 15.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байгаа. Мөн хохирогч Д.К-гийн зүгээс нагац хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг мэдүүлсэн. Мөн барьцаалан зээлдүүлэх газар хоёр бөгжийг 230.000 төгрөгөөр үнэлж барьцаанд тавьсан байсан. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний нэхэмжлэгч буюу барьцаалан зээлдүүлэх газарт 230.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

2.Насанд хүрээгүй шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс тухайн хэрэгтээ танилцаж үзэхэд эргэлзээ бүхий байдлууд гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэхийн тулд А.Е- нь тухайн бөгжнүүдийг авахдаа хохирогчид мэдэгдсэн эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Мөн бөгжнүүдийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй гаргах ёстой байсан. Тухайн эргэлзээтэй нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд тодорхой тогтоож чадаагүй тул урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний зүгээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасан. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулснаар миний үйлчлүүлэгч болох А.Е- нь хохирогчоос зөвшөөрөл авсан эсэхийг тодруулсан. Үүнийг өмгөөлөх тал нөлөөлсөн гэх асуудлыг ярьж байна. Насанд хүрсэн, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай хүн, худал мэдүүлэг өгч болохгүй талаар сануулсан, мэдүүлгээ өөрчлөхөд нөлөөлсөн хүн байгаа эсэхийг улсын яллагч өөрөө асуусан. Ийм байхад өмгөөлөгч талыг хардаж байгаа асуудал нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэг шийдвэрлэгдэх ёстой. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэдэг байдлаар өмгөөлөгчийн хувьд маргаж байна. Энэ хэрэгт гол нотлох баримт болгож байгаа хохирогчийн мэдүүлэг, сорьц тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Жанибекийн мэдүүлгийг дараах байдлаар үгүйсгэж байна. Хохирогчоос удаа дараа мэдүүлэг авахдаа тухайн хоёр бөгжийг авахдаа зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулаагүй.

Хоёрдугаарт, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байдлаар гарсан. Барьцаалан зээлдүүлэх газар нь зах зээлийн ханшаар 1 граммыг нь 50.000 төгрөгөөр үнэлж 2 бөгжийг нийт 230.000 төгрөгөөр авсан байдаг. Тухайн үнэлгээнд шүүхээс эргэлзэж дахин үнэлгээ гаргуулахад 460.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс тухайн бөгжийг барьцаалан зээлдүүлэх газар 230.000 төгрөгөөр үнэлж авсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тиймээс тухайн 2 бөгжийг 230.000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд заасан хоёр үнэлгээг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн сүүлд гаргасан шинжээчийг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх дүгнэлт гаргаж байна. Учир нь тухайн бөгж нь зэс, алт, цайр гэсэн орцтой болохыг тогтоосон.  Гэтэл зах зээлийн ханшаар аль, зэс, цайр хэд болохыг тус тусад нь үнэлээгүй. Мөн шинжлэх ухааны ямар арга ашигласан талаар тодруулахад харьцуулалтын аргаар гаргасан гэж байгаа боловч ямар хөрөнгөтэй харьцуулж дээрх үнэлгээг гаргасан талаар шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй. Эргэлзээтэй байдлыг шинжээч өөрөө үүсгэж байгаа. Иймд дээрх эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

3. Өсвөн насны шүүгдэгч А.Е- шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэг хүнд өгөх өглөгтэй байсан. Тэгээд бөгжийг авч ломбардад тавьж мөнгө авч зээлийг барагдуулж өгсөн. Эмээгийнхээ хохирлыг барагдуулж өгсөн. Намайг нагац эмээ болох Д.К-гийн цүнхнээс бөгж авч байхыг чинь хэн нэгэн хараагүй. Эмээ маань зөвшөөрөл өгсөн. Надад тухайн үед цүнхнээс очиж аваарай гэж хэлэхээр нь бөгжийг ав гэж байгаа юм байна гэж бодоод авсан” гэв.

4. Хохирогч Д.К- шүүхийн хэлэлцүүлэгт: “Өнгөрсөн 10 сард байх он, сарыг нь сайн санахгүй байна, манайх шинээр байшин бариад охин болон хүргэн хүү, ач нар маань шинэ байшинд оруулж өгөхөөр очих үед нь ач болох Есенгелд надад “Би нэг юм хагалсан юм. Эцэг эхдээ хэлэх гэхээр айгаад хэлж чадахгүй байна. Та надад туслаач” гэхээр нь надад одоохондоо мөнгө байхгүй. Миний цүнхэнд хоёр бөгж байгаа. Тэрийг барьцаалаад мөнгө авчих. Тэтгэвэр маань буухаар би чамд мөнгө өгье гэж хэлсэн. Дараа нь 11 дүгээр сард байсан байх, цагдаагийн байгууллагаас дуудаж, бөгж алга болгосон уу гэж асуухаар нь хүүхдэдээ өгсөн, алга болгоогүй гэж хэлсэн. Тэгэхэд хүүхэд тань таны бөгжийг хулгайлж аваад ломбардад тавьсан байна гэж хэлсэн. Ломбард гэж ямар үйл ажиллагаа явуулдаг газар болохыг би мэдэхгүй. Би хүүхдэдээ хоёр бөгжийг ав гэж хэлсэн маань үнэн. Хэрэв үнэд хүрээд мөнгө болохоор юм байвал бөгжийг чамаас авахгүй гэж хэлсэн. Ийм зүйл болно гэж бодоогүй. Хоёр бөгжийг маань хулгайлчихлаа, хохирчихлоо, хохирлоо төлүүлж авъя гэсэн санаа, зорилго байхгүй“ гэв.

5. Шинжээч Ч.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай “Ашид билгүүн” ХХК нь  хөрөнгийн болон даатгалын үнэлгээ хийдэг хөрөнгийн үнэлгээний компани байгаа.  Баян-Өлгий аймагт албан ёсны төлөөлөгчийн газартай. Манай компанийн Баян-Өлгий аймаг дахь төлөөлөгчийн газар газарт Цагдаагийн ахлах дэслэгч Заяабаатарын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол ирсэн. Уг тогтоолд хоёр монетон бөгжний үнэлгээг нь гаргахаар заасан байсан. Тухайн тогтоолын дагуу уг монетон бөгжний үнэлгээг нь гаргаж нэг нь 2,6 грамм, нөгөө нь 2 грамм тус бүр хоёр бөгжийг граммыг нь тус бүрийг нь тухайн үеийн ханшаар 100.000 төгрөгөөр үнэлсэн. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын үед цагдаагийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Өмиргүлийн дахин үнэлгээ тогтоолгох тухай тогтоол  ирүүлсэн. Уг тогтоолд ямар нэгэн шигтгээгүй, хоёр бөгжийг авч ирэхэд тухайн үеийн ханшаар буюу 460.000 төгрөгөөр үнэлсэн” гэв.

 

   Б.Шүүх хуралдаанаар эрүүгийн 2113001960013 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   1. Хохирогч Д.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинэ байшингийн цайллага хийсэн юм. Цайллаганд хамаатан садан, ойрын төрлийн 10 орчим хүнийг урьж цайллага хийсэн. Орой цайллага дууссаны дараа манай хүү болох Тилекберген надаас нэгж байна уу гэхээр нь цүнхэнд байсан түрийвчнээс 3000 төгрөгийн нэгж өгсөн. Би бөгжнүүдээ байнга цүнхэндээ хадгалдаг бөгөөд хүүдээ цүнхнээсээ нэгж гаргаж өгөх үед миний өөрийн 2 ширхэг монетэн бөгж алга болсон байсан. Би хүүгээсээ миний цүнхэнд байсан бөгжийг хэн авсан бэ, чи хүүхдүүд дагуулж ирээд байсан, хүүхдүүд авчихсан юм болов уу гэхэд манай хүү би аваагүй гэсэн. Тэгээд магадгүй хаа нэг газар цүнхнээс унасан юм болов уу гэж бодоод нэг газраас гараад ирэх байх гэж бодоод хэсэг гэрээс хайж байгаад олдохгүй болохоор нь орхисон. ...А.Е- миний бөгжийг авсан талаараа хэлээгүй. А.Е- миний алдсан гэх 2 бөгжийг авсан талаар охин болох Тилекээс өнөөдөр сонссон.

...Миний нийт 3 ширхэг бөгж алга болсон ба цагдаагийн байгууллагаас 2 ширхэг монетэн бөгжийг минь надад буцааж өгсөн. Харин үлдсэн 1 ширхэг бөгж нь энгийн металаар хийгдсэн гоёлын бөгж байсан юм. Тэр бөгжийг зээ хүү А.Е- нь миний хоёр ширхэг монетэн бөгжийг ломбарданд тавьсан өдрөө хогийн саванд хаячихсан гэж надад хэлсэн. Тэр бөгж үнэтэй биш болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-32 дахь тал/,

2. Насанд хүрээгүй гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Улмаар 11 цагийн орчимд А.Е-ийн хамт сургуулиас гарч явсан ба ломбард руу явах замдаа чи юу зарах гэж байгаа юм гэхэд надад 2 ширхэг бөгж үзүүлсэн. Тэгэхээр нь би үүнийг хэн авах юм бэ, хэдэн төгрөг болох юм гэхэд 90000-100000 төгрөг болох байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хэний бөгж юм гэхэд манай ээжийн бөгж гэж надад хэлсэн. Улмаар Өлгий сумын 5 дугаар багт Тэнгис төвийн 2 дугаар багт байрлах “Бес арыс” нэртэй ломбарданд очиж ажилтанд нь мөнгөн эдлэл авах уу гэж бөгжөө үзүүлсэн. Энэ үед ломбардны ажилтан энэ чинь алт байна шүү дээ гэсэн. Худалдаж авах уу гэхэд нөгөө хүн энэ бөгжийг хаанаас авсан юм бэ, хулгайн эд зүйл биш биз гэхэд А.Е- зам дээрээс олж авсан гэсэн. Зам дээр хэвтэж байхад нь машин дээгүүр нь гараад жаахан тахийсан юм шиг байна гэсэн. Тэгээд нөгөө 2 бөгжийг жин хэмжигчээр жигнэж үзээд 230.000 төгрөгөөр худалдаж авья зарах уу гэхэд А.Е- за тэгвэл 230.000 төгрөгөөр ав гэж хэлээд 2 бөгжийг өгөөд 230.000 төгрөг бэлнээр тоолж авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

3. Гэрч Х.Ж-ийн өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Бес арыс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт ажилладаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн орчим ажил дээрээ сууж байтал үл таних 18 орчим насны 2 эрэгтэй орж ирээд мөнгө авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар мөнгө юм гэхэд 3 ширхэг бөгж гаргаж үзүүлсэн ба дээрх 3 ширхэг бөгжний 2 ширхэг нь монетон бөгж байсан. Би дээрх 2 этгээдийг сэжиглэж, ямар нэгэн байдлаар хулгайн эд зүйл авч яваа юм байна гэж бодоод наад бөгжөө хаанаас авсан юм бэ гэхэд замын хажуу талаас олж авсан юм. Зам дээр байхад нь машин дайрсан юм шиг байна лээ гэсэн. Тэгэхээр нь бөгжнүүдийг жин хэмжигч дээр тавьж үзэхэд 4.6 грамм гарсан. Улмаар дээрх 2 бөгжийг тус хоёр залуу нь хаа нэг газраас хулгайлсан, эсхүл өөрсдийн хэлснээр олж авсан байж магадгүй гэж дүгнээд худалдаж авахаар шийдсэн. Худалдаж аваад тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж дээрх төрлийн эд зүйл хулгайд алдагдсан эсэхийг тодруулаад, хулгайд алдагдсан бол шалгуулья гэж бодсон. Би бөгжний 1 граммыг 50.000 төгрөгөөр үнэлж авсан ба 2 монетон бөгж нийлээд 4.6 грамм гарсан тул нийт 230.000 төгрөгийг бэлнээр өгч бөгжийг авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

4. “Бес арыс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвийн камерийн бичлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

5. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2 ширхэг бөгжийг прокурорын зөвшөөрлөөр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,

6. Мөрдөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 215/, “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-22-20 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 78-82 дахь тал/,

7. “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-22- 0165 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 219-223 дахь тал/,

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3074 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн 2 ширхэг металл бөгж нь алт, зэс, цайрын металлаар хийгдсэн монетон бөгжнүүд байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 209-211 дэх тал/,

9. Насанд хүрээгүй шүүгдэгч А.Е-ийн өгсөн “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аав, ээж дүү нарын хамтаар Алтанцөгц сумын 1 дүгээр баг Хаш гэх газар нагац өвөө А.Б-ын гэрт очсон. Нагац өвөө өвөлжөөндөө шинээр байшин барьсан ба тэрний цайллагыг өөрсдийн гэсэн хүмүүст өгөх гээд бэлтгэл ажил хангаж байсан. Нагац эмээ Д.К- намайг хуучин байшингаас очоод унтлагын өрөөний орны дээд талд цүнх байгаа, очоод цүнхнээс үзэг аваад ир гэж явуулсан ба эмээгийн зааснаар очиж цүнхнээс үзэг авахдаа дотор нь байсан 3 ширхэг бөгжийг авч халаасандаа хийсэн. Би эмээгийн цүнхнээс бөгж авсан талаараа хэнд ч хэлээгүй. Тэнд 2 хоноод 2021 оны 11 дүгээр сарын 07-нд аймагт ирээд 2021 оны 11 дүгээр сарын 09-нд хичээлдээ явж очиж ангийн найз Хыдырпачаад уг ширхэг бөгжийг үзүүлээд энэ бөгжийг ээжээсээ авсан. Хоёулаа энэ бөгжнүүдийг ломбарданд тавиад мөнгө болгож авья гээд хичээлээ тараад Тэнгис төвийн 2 дугаар давхарт байрлах ломбарданд нэг эрэгтэй хүн дээр очиж үзүүлсэн. Уг 3 бөгжний 2 ширхэгийг монетэн бөгж байна, 1 нь энгийн металл бөгж байна гээд энэ бөгжнүүдийг хаанаас авсан бэ гэхэд зам дээрээс олж авсан гэж хэлсэн. Тэгээд уг 2 ширхэг бөгжийг ломбарданд 230 000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь бэлнээр аваад гадаа гараад 1 метал бөгжийг хогийн саванд хаясан. Тэндээс гараад “Арай” нэртэй зоогийн газарт 16.000 төгрөгөөр хоол идээд, өмнө нь зоогийн газрын сандлыг эвдээд төлөх ёстой байсан 25000 төгрөгийг тэнд төлсөн. Харин үлдсэн мөнгөнөөс 100.000 гээгдүүлсэн ба үлдсэн мөнгөө идэж уух зүйл аваад дуусгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг  баримтуудыг тус тус шинжлэн судлав.

10.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэв.

 

В.Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал буюу хэргийн үйл баримт:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2. Өсвөр насны шүүгдэгч А.Е- нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед тус аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хаш” гэх газарт байрлах, өөрийн эмэг эх, хохирогч Д.К-гийн гэрт түүний зөвшөөрлөөр цүнхнээс нь үзэг авч өгөх явцдаа Д.К-гийн цүнхэнд байсан 2 ширхэг монётон, 1 ширхэг энгийн гоёлын бөгжийг зөвшөөрөлгүй авч, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 07-ны үед Алтанцөгц сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд ирэн, 11 дүгээр сарын 09-ний өдөр хичээлээ тарсны дараа ангийн найз Х.Кадырпачаад уг 2 ширхэг бөгжийг үзүүлж “Би энэ бөгжнүүдийг ээжээсээ авсан, хоёулаа мөнгө болгож авья” гэж хэлээд, найз Х.К-гийн хамт Өлгий сумын төв, Тэнгис төвийн 2 дугаар давхарт байрлах “Бес арыс” гэх нэртэй ломбардны ажилтан Х.Ж-эд 2 ширхэг монетон бөгжийг 230.000 төгрөгөөр худалдан борлуулж, 1 ширхэг гоёлын бөгжийг нь тус ломбардны хогийн саванд хаясан,

3.”Бес арыс” ломбардны ажилтан Х.Ж- нь өсвөр насны А.Е-, Х.К нараас 2 ширхэг монетон бөгжийг 230.000 төгрөгөөр худалдан авсныхаа дараа тухайн хоёр хүүхдийг сэжиглэж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өсвөр насны яллагдагч А.Е-ийн дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан гэх үйл баримт тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт буюу өсвөр насны шүүгдэгч А.Е-ийг цагаатгах үндэслэл:

1.Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, нотлох баримтуудын эх сурвалжийг нь магадлан, өөр хооронд харьцуулан, үнэлж дүгнэхэд хэрэгт тогтоогдсон үйл баримт буюу өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн  2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед тус аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Хаш” гэх газарт байрлах, өөрийн эмэг эх, хохирогч Д.К-гийн гэрт түүний зөвшөөрлөөр цүнхнээс нь үзэг авч өгөх явцдаа Д.К-гийн цүнхэнд байсан 2 ширхэг монётон, 1 ширхэг энгийн гоёлын бөгжийг зөвшөөрөлгүй авч, “Бес арыс” гэх нэртэй ломбарданд 230.000 төгрөгөөр худалдан борлуулж, захиран зарцуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсгийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэг мөн эсэхийг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор нь эргэлзээгүй нотолж чадаагүй байна.

2.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.Е-ид холбогдох эрүүгийн 2113001960013 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 3.Тодруулбал: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2113001960013 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/а дугаартай  яллах дүгнэлтээр өсвөр насны шүүгдэгч А.Е-ийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед тус аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, өөрийн эмэг эх, хохирогч Д.К-гийн гэрээс түүний 2 ширхэг монетон, 1 ширхэг энгийн гоёлын бөгжийг хулгайлж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд тус зүйлийн хуульчилсан тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж тус тус заажээ.

5.Дээрх хуулийн заалтаас үзвэл А.Е-ийн үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол шалгуур нь учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хэрэгт нотолвол зохих байдлын нэг юм.

6.Өөрөөр хэлбэл А.Е-ийн үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (300.000), түүнээс дээш хэмжээний хохирол, хор уршиг учирсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангах юм.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байна.

8.Мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  мөрдөгч прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэрэгт нотолвол зохих байдлын нэг билээ.

9.Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3074 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өсвөр насны шүүгдэгч А.Е-эд холбогдох гэмт хэргийн халдлагын зүйл болох шаргал өнгийн 2 ширхэг металл бөгж нь алт, зэс, цайрын металлаар хийгдсэн, монетон бөгжнүүд мөн болох нь  эргэлзээгүй тогтоогдсон байна.

10. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг бодитой тогтоох гол шалгуур үзүүлэлт болох Д.К-гийн эзэмшлийн, шаргал өнгийн 2 ширхэг монетон бөгжний жинг тогтоохдоо хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын стандартын шаардлагыг хангасан, баталгаажуулалтад хамрагдсан жин хэмжүүрээр бус, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргасан, хувь хүн болох Х.Ж-ийн эзэмшлийн, тус сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Бес арыс” үйлчилгээний газрын жин хэмжүүрээр хэмжиж, 2 ширхэг, шигтгээгүй монетон бөгжний жинг тус бүрдээ 2,6 гр, 2 гр, нийт 4.6 граммаар тогтоож, улмаар Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч нь  “Бес арыс” үйлчилгээний газрын хэмжих хэрэгслээр тогтоосон бөгжний жинг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-22-0165 дугаартай дүгнэлтээр Д.К-гийн эзэмшлийн 2 ширхэг монетон бөгжний 1 граммыг 100.000 төгрөгөөр, 4.6 граммыг 460.000 төгрөгөөр тооцон, энэ гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг 460.000 төгрөгөөр тогтоож, өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

11.Учир нь: Мөрдөгчөөс “Бес арыс” барьцаалан зээлдүүлэх газрын жин хэмжүүр ашиглан 2 ширхэг монетон бөгжний граммыг (жин) тогтоох үед тухайн хэмжих хэрэгслийн  баталгаат хугацаа дууссан байсан болох нь хэрэгт авагдсан тохирлын гэрчилгээний хуулбараар тогтоогджээ. /хавтаст хэргийн 216 дахь тал/,

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заажээ.

13.Монгол Улсын Хэмжил зүйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн (3.1.5) "хэмжих хэрэгсэл" гэж хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг, (3.1.10) "хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг; (3.1.12) "хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт" гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг” тус тус ойлгоно гэж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн (4.1.6) "тохирлын үнэлгээ" гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагааг, (4.1.11) "тохирлын гэрчилгээ" гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг ойлгоно” гэж,

14.Хэмжил зүйн тухай 10 дугаар зүйлийн (10.1) Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна. (10.2) Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ. (10.4) Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг улсын шалгагчийн эрх авсан ажилтан холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ.(10.5)Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно. (10.7) Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно” гэж тус тус заажээ.

15.Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа хэрэглэх жин хэмжүүрийг ашиглахын өмнө хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын улсын шалгагчийн эрх авсан ажилтнаар холбогдох стандартын дагуу шалгуулан баталгаажуулж, стандартын шаардлага хангасан тохиолдолд лац тэмдгээр битүүмжилж, тохирлын гэрчилгээ авсны дараа ашиглах бөгөөд шалгалт, баталгааны хугацаа дууссан, баталгааны хугацааг сунгуулаагүй хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцохоор заасан байна.

16.Хавтаст хэргийн 216 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн БӨ Ү/00043 дугаартай “Тохирлын гэрчилгээ”-ний хуулбараас үзэхэд  “Бес арыс” үйлчилгээний газрын хэмжих хэрэгслийн баталгаат хугацааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар тогтоож, гэрчилгээ олгосон байх бөгөөд тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна.

17. Гэтэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах, “Бес арыс” үйлчилгээний төвийн БӨ Ү/00043 дугаартай, тохирлын гэрчилгээ бүхий, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа гэх, жин хэмжүүр нь холбогдох стандарт, норматив, техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад уг жин хэмжүүрээр өсвөр насны шүүгдэгч А.Е-ид холбогдох гэмт хэргийн хохирол хор уршгийн хэмжээ буюу монетон бөгжний жинг 4.6 грамм гэж тогтоосон нь үндэслэлгүй болжээ. /хавтаст хэргийн 216-217 дахь тал/,

18.Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны үед гэж яллах дүгнэлтдээ дурдсан байх бөгөөд уг гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тогтоосон гэх “Бес арыс” үйлчилгээний төвийн хэмжих хэрэгслийн баталгаат хугацаа гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанаас 8 сар гаруйн өмнө дууссан байна. /хавтаст хэргийн 216 дахь тал/,

19.Ийнхүү өсвөр насны шүүгдэгч А.Е-эд холбогдох гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг баталгааны хугацаа дууссан, стандартын шаардлага хангаагүй, баталгаагүй жин хэмжүүрээр хэмжиж, 4.6 грамм гэж тогтоосныг үндэслэн хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээч нь гэмт хэргийн хохирлын хэмжээг 4.6х100.000=460.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна./хавтаст хэргийн 215-225 дахь тал/,

20.Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч А.Е-эд холбогдох гэмт хэргийн хор уршгийн хэмжээг мөрдөн байцаалтын шатанд бодитой тогтоож чадаагүй байх бөгөөд шүүхээс гэмт хэргийн хохирол, хор уршгийг нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэрээр тодорхойлж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул А.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжийг хангахгүй байна гэж шүүх үзлээ.

21.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн (1) “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, (4) “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ”, (7) “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”,(15)“Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

22. Өсвөр насны шүүгдэгч А.Е- нь хохирогч Д.К-гийн зээ хүү буюу тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” гэж  тус тус тодорхойлжээ.

23. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-д “мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”-г тайлбарлана” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн эмэг эх, хохирогч Д.К-гаас мөрдөн байцаалтын шатанд 3 удаа мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан “.....өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” буюу өөрийн зээ хүү А.Е-ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгсөн эсэх нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 22-32 дахь тал/,

24.Хавтаст хэргийн 22,26,29-30 дахь талд авагдсан “Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” гэх баримтуудаас үзэхэд хохирогч Д.К-гаас мэдүүлэг авахын өмнө түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1-д заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулсан талаар тэмдэглэсэн байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь тусгайлан тайлбарлаж өгсөн нь нотлогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.К-гийн өмгөөлөгч энэ талаар маргасан, хохирогч Д.К- нь “мөрдөн байцаалтын шатанд надад үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй, би Монгол хэл мэдэхгүй, Казак хэл дээр лав надад тийм утгатай зүйл хэлээгүй” гэх мэдүүлгийг гаргасан нь үндэслэлтэй байна.

25.Учир нь хэрэгт авагдсан “Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” гэх баримтуудад тусгасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14 дэх хэсэгт заасан хохирогчийн эдлэх эрх байх бөгөөд ялангуяа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсээс мэдүүлэг авахын өмнө тэдгээрт  Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхийг тусгайлан, сайтар тайлбарлан өгч, эрхийг нь хангах ёстой юм.

26.Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.К-гаас 3 удаа мэдүүлэг авахдаа эрх үүргийг нь тайлбарлан өгсөн гэх баримтад Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг нь огт тусгаагүй, уг эрхийг тайлбарлаж өгсөн нь нотлогдохгүй байх тул хохирогч Д.К-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгийг хууль зөрчиж авсан нотлох баримт гэж үзнэ. /хавтаст хэргийн 22,26,29-30 дахь тал/,

27.Иймд өсвөр насны шүүгдэгч А.Е-ийг яллах  талын нотлох баримтууд болох прокурорын яллах дүгнэлтэд дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.К-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 3 удаагийн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нь эргэлзээтэй байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч А.Е-ид холбогдох эрүүгийн 2113001960013 дугаартай хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв. /хавтаст хэргийн 6-9, 22-32,215-225 дахь тал/,

28.Өсвөр насны шүүгдэгч А.Е-эд холбогдох хэргийг урьд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 09 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлж ирүүлснийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамжаар “өсвөр насны яллагдагч А.Е-эд холбогдох хэрэгт нотолвол зохих байдлын нэг болох гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг бүрэн гүйцэд, эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй, өсвөр насны яллагдагчийн хувийн байдлыг гүйцэд тогтоогоогүй” зэрэг үндэслэлүүдээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

29.Тодруулбал хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай шүүгчийн захирамжаар өсвөр насны яллагдагч А.Е-эд холбогдох хэргийн гэмт хэргийн халдлагын зүйл болох хохирогч Д.К-гийн эзэмшлийн 2 ширхэг бөгжинд дахин үзлэг хийж, сорьцын хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, тухайн 2 ширхэг бөгж нь үнэт металл буюу алт, мөнгө, монетны  аль нь болох, бөгж тус бүрийн жинг тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчээр /Стандарт хэмжил зүйн төв болон Үнэт металлын сорьцын хяналтын алба зэрэг/ тогтоолгосны эцэст хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулж, гэмт хэргийн хохирол хор уршгийг бодитой тогтоох,

-Өсвөр насны яллагдагч А.Е-ийн амьдралын нөхцөл байдал болон ерөнхий боловсролын аль сургуульд, хэрхэн суралцаж байсан, ямар боловсролтой, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хэзээнээс суралцаж байгаа, биеэ хэрхэн авч явдаг, бусадтай хэр харилцдаг, анги, хамт олныхоо дунд нэр хүндтэй эсэх,  муу зуршилтай эсэх зэрэг түүний зан байдал, хүмүүжил төлөвшлийн талаар өсвөр насны яллагдагчийн эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нараас мэдүүлэг авах замаар хувийн байдлыг нь тогтоож, А.Е-ийн ерөнхий боловсролын сургуульд  суралцаж байх үеийн сурагчийн хувийн хэргийг хуулбарлан хэрэгт хавсаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 503 дугаар зүйлд зааснаар тухайн насанд хүрээгүй этгээдийн бусдад учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоож, хуульд заасан эрхийг нь хангаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, гэрч Х.Ж-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, хэрэв Х.Ж- нь нэхэмжлэл гаргахаас татгалзсан бол мөрдөгч энэ талаар хуульд нийцүүлэн үндэслэл бүхий тогтоол гаргаж хэрэгт хавсаргах нь зэрэг ажиллагааг гүйцэтгүүлэхээр А.Е-эд холбогдох хэргийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 152-156 дахь тал/,

30.Өсвөр насны шүүгдэгч А.Е-эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. /хавтаст хэргийн 159-162, 175-183 дахь тал/,

31.Гэтэл цагдаагийн хошууч, мөрдөгч А.Өмиргүл нь шүүхээс буцсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрч Х.Ж-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авсан, /хавтаст хэргийн 194-196 дахь тал/, өсвөр насны яллагдагч А.Е-ийн хууль ёсны төлөөлөгч О.Аманбекийг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсан, /хавтаст хэргийн 197-200 дахь тал/, өсвөр насны яллагдагч А.Е-ийг сайн мэдэх эсэх нь тодорхойгүй, багийн дарга С.Багдат гэх хүнээс А.Е-ийн хувийн байдлын талаар мэдүүлэг авч, /хавтаст хэргийн 201-202 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 204-211 дэх тал/-ээр гэмт хэргийн халдлагын зүйл болох 2 ширхэг бөгжийг үнэт металл буюу монет болохыг тогтоолгосноос өөрөөр шүүгчийн захирамжид заасан бусад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна.

32.Тухайлбал:Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид заасан гол ажиллагаа болох гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг мэргэжлийн байгууллагаар бодитой, эргэлзээгүй, бүрэн гүйцэд тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд гүйцэд хийгээгүй, “Бес арыс” барьцаалан зээлдүүлэх газрын жин хэмжүүрээр 2 ширхэг бөгжний нийт жинг 4.6 грамм гэж тогтоосон нь хууль зөрчсөн талаар шүүгчийн захирамжид тодорхой, ойлгомжтой байдлаар тусгасан байхад дахин тухайн 2 бөгжний жинг “Бес арыс” барьцаалан зээлдүүлэх газрын, баталгаат хугацаа дууссан жин хэмжүүрээр хэмжиж, нийт жинг 4.6 граммаар тогтоож, үнэлгээ гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

33.Түүнчлэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжид заасан, хуульд заасны дагуу энэ хэрэгт заавал нотолвол зохих байдлын нэг болох өсвөр насны шүүгдэгч А.Е-ийн хувийн байдалтай холбоотой мэдээлэл болох амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох ажиллагааг гүйцэд биш хийсэн байна.

34.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг мөрдөгчөөс бүрэн гүйцэд хийгээгүй, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй нь өсвөр насны шүүгдэгч А.Е-ийг цагаатгах үндэслэл болсон ба шүүхээс хэргийг урьд нэг удаа буцаасан захирамжид заасан тодорхой ажиллагаануудыг мөрдөгчөөс бүрэн гүйцэд хийгээгүй байхад дахин уг ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэргийг буцаах нь шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ төвийг сахисан, хөндлөнгийн байр сууринаас хандаж, шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүйгээс гадна өсвөр насны хүний эрх зүйн байдлыг дордуулах, цаашлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 2-д заасан “Шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана”, 4-д заасан “Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай, богино хугацаанд явуулах нөхцлийг шүүх хангаж ажиллана” гэх нийтлэг шаардлагууд зөрчигдөх үр дагаврыг үүсгэх тул шүүх нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.Е-ид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

35.Насанд хүрээгүй шүүгдэгч А.Е-и нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

36.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн 1 ширхэг нимгэн хуурцгийг хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг монетон бөгжийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.К-д буцаан олгох нь зүйтэй.

37.Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч А.Е-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл,  36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ж.т овогт А-ийн Е-ид холбогдох эрүүгийн 2113001960013 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч А.Е-ийг цагаатгасугай.

 

2.Цагаатгагдсан этгээд болох өсвөр насны хүн А.Е-и нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас даруй сулласугай.

 

3.Цагаатгагдсан этгээд болох өсвөр насны хүн А.Е-и, түүний хууль ёсны төлөөлөгч О.Аманбек нар нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт нь хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эрүүгийн 2113001960013 дугаартай хэрэгт хураан ирүүлсэн 1 ширхэг нимгэн хуурцгийг хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, ямар нэгэн шигтгээгүй, 2 ширхэг монетон бөгжийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.К-д буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА