Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүхийн Болормаа |
Хэргийн индекс | 161/2022/0104/Э |
Дугаар | 2022/ШЦТ/107 |
Огноо | 2022-07-29 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/107
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч М.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох 22130000000157 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.А- нь 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс 29- нд шилжих шөнө 00 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” нэртэй байрны урд хохирогч Х.Ж-той маргалдаж, улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж гэмтээн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгний торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-: “Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
2.Эрүүгийн 2213000000157 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Шүүгдэгч М.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
2.2. Иргэн Х.Ж-оос гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.3. Хохирогч Х.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 28-ны орой найз нарын хамт “Думан” бааранд 22 цагийн үед очсон. Бааранд найз нарын хамт хэдэн пиво ууж байтал бааранд сууж байсан 3, 4 залуу намайг дуудаад надаас пиво аваад ир гэхээр нь би өөрийнхөө ууж байсан ганц пивийг аваачиж өгсөн. Миний аваачиж өгсөн пивийг нөгөө хүмүүс ууж дуусгасан. Тэд нар дандаа надаас ах залуучууд байсан бөгөөд би тэд нарын дундаас О.Х- гэх манай ахын найз л таньдаг, бусдыг нь огт танихгүй, харж байгаагүй. Тэгээд нөгөө хүмүүс баарнаас гараад явсан ба араас нь би гадагшаа гарахад тэд нар баарны үүдэнд зогсож байсан ба улаан путволктой, хар өмдтэй, хар саравчтай малагайтай махлагдуу дунд зэргийн нуруутай залуу над руу хүрч ирээд чи таньдаг бүхнээ дагуулаад ир за юу гэж хэлээд шууд гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохиж авахад би шууд ухаан алдаж газар унасан. Нэг ухаан ороход найз Р.А-ы хамт МСҮТ-ийн байрны хажууд явж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-18, 21 дэх тал/,
2.4. Гэрч Р.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 23 цаг 52 минутад 94236603 дугаараас ангийн найз болох Х.Ж- залгаж ““Думан” баарны урд зодуулчихлаа, яаралтай хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би тухайн үед гэрийнхээ гадаа нэг найзынхаа машин дотор сууж байсан болохоор шууд Х.Ж- зодуулсан гэх “Думан” зочид буудлын гадаа хүрээд ирсэн. Би “Думан” баарны гадаа хүрээд ирэхэд Х.Ж- нь баарны урд байдаг “Нур” гэх нэртэй дэлгүүрийн урд нүүр ам нь цус болчихсон байдалтай сууж байсан. Харин Х.Ж-ыг зодсон байж болзошгүй хоёр залуу нь “Думан” баарны урд замын хажууд зогсож байсан ба тэр 2 намайг хараад чи намайг зодохоор хүрээд ирсэн үү гэж хэлээд надаас бага зэрэг намхан нуруутай, улаан фудволктой, хар саравчтай малгайтай дунд зэргийн нуруутай махлагдуу залуу над руу хүрч ирээд миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиж авсан. Тухайн үед тэр газарт миний таньдаг “Дос” авто засварт ажилладаг О.Х- гэх залуу зогсож байсан ба тэр хүн надад “Чи найзыгаа дагуулаад явчих, энэ залуусыг би аргална” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
2.5. Гэрч О.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өчигдөр 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн орой “Думан” Баар луу ганцаараа очсон бөгөөд тэнд миний таньдаг М.А- гэх 89 оны залуу хажуудаа нэг залуугийн хамт орж ирээд миний сууж байсан ширээнд хамт суусан. Тэгж байтал би бие засахаар ширээнээс босоод явсан бөгөөд баарнаас шууд гараад ирэхэд баарны үүдэнд нөгөө М.А- гэх залуу миний таньдаг нэг залууг нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж унагаасан. Тэгээд би М.А-ыг салгаж авсан. Хэсэг хугацааны дараа зодуулсан залуугийн найз нь гэх нэг залуу ирсэн бөгөөд М.А- түүн рүү дайраад бас л нэг удаа цохиж авах шиг болсон. Хажууд нь байсан залуу салгаж авсан. Өөр зодоон болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
2.6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай “Х.Ж-ын биед хамрын яс, зүүн дээд эрүүний урд хэсгээр хугарал, үүдэн дээд зүүн нэгдүгээр шүдний үзүүр хэсгээр хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, дагз хэсгээр хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо..., ... дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж боломжтой шинэ гэмтлүүд байна..., ... дээрх гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
2.7. Шүүгдэгч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...Би гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би найз нартайгаа хамт явж байгаад “Думан” баранд архи, согтууруулах ундаа хэрэглэчихсэн явж байсан бөгөөд нэг мэдэхэд баарны зааланд бүжиглэж байтал надад зодуулсан залуу болох Х.Ж- надтай шүргэлцчихээд над руу дайраад надтай зодолдох гээд байхаар нь би түүнд өөрөөс нь ах гэдгээ хэлээд бид хоёр тухайн үед нэг нэгнээ ойлгоод гар гараа барилцсан. ...Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө залуу надад “таныг гадаа манай ах дуудаад байна” гэхээр нь гарахад О.Х- гэх зүс таньдаг залуу зогсож байсан ба нөгөө Х.Ж- гэх залуу чиргүй над руу дайраад ална, тална гээд байхаар нь уурандаа 2, 3 удаа нүүр лүү нь цохиж авсан. Миний бие хохирогчоос уучлалт гуйгаад 400,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.1. Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талуудын хүсэлтийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
4.1. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
4.2. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч М.А- нь 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрөөс 29- нд шилжих шөнө 00 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” нэртэй байрны урд хохирогч Х.Ж-той маргалдаж, улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж гэмтээн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч М.А-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
4.4. Шүүгдэгч М.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Ж-ын эрүүл мэндэд “хамрын яс, зүүн дээд эрүүний урд хэсгээр хугарал, үүдэн дээд зүүн нэгдүгээр шүдний үзүүр хэсгээр хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, дагз хэсгээр хаван хавдартай гэмтэл” зэрэг гэмтэл учирсан байх ба энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь хэргийн 34-35 дахь талд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.
4.5. Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмч Ж.С-ы тодорхойлолт, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч Х.Ж-ын биед учирсан дээрх гэмтэл нь шүүгдэгч М.А-ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
4.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.7. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
4.8. Шүүгдэгч М.А-ын нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.9. Иймд шүүгдэгч М.А-ын хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4.10. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
4.11. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ёс зүй, зан харьцааны дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал шууд нөлөөлсөн байна гэж дүгнэв.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ж-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.А-аас томограф зураг авахуулахад 36,000 төгрөг, нүдний шил авахад 100,000 төгрөг, нийтдээ 136.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.А-аас хохиролд 400.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Харин хохирогч Х.Ж- нь цаашид эмчлүүлнэ гэж хохирол нэхэмжилж байгаа хэдий ч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Шүүгдэгч М.А- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч М.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
2.3. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2.4. Шүүгдэгч М.А- гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул М.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоо зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг М.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
2.6. Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
2.7. Иймд шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоо зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.
2.9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж байна.
2.10. Шүүгдэгч М.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36,6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт М-ын А-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ыг 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоо зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоо зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.А- нь хохирогч Х.Ж-т гэмт хэргийн хор уршигт 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч М.А- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.