| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 164/2019/0045/Э/ |
| Дугаар | 13 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 13
Г.Ө холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Х.Гүнжидмаа,
Шүүгдэгч Г.Ө түүний өмгөөлөгч Б.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Гүнжидмаагийн бичсэн эсэргүүцлээр Г.Ө холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхэд хадам ээжийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 12-9 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ81101176 регистрийн дугаартай, Товчин овогт Г .Ө нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны 12-09 тоот хашааны урд талд Д.У үл ялих зүйлээр шалтгаалан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Г.Ө холбогдох эрүүгийн 1916000890053 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газарт буцааж. Шүүгдэгч Г.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор Х.Гүнжидмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Аймгийн прокурорын газраас Г.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдлийг зөв зүйлчлэлгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй буюу прокурорын яллах дүгнэлт нь хэргийн бодит байдлыг бүрэн хамарч шүүгдэгчийн гэм буруутай байж болох үйлдлийг тодорхойлон зүйлчлээгүй байна гэж,
Мөн хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх талаар баримт авагдаагүй тул үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр няцааж байна.
1.Хохирогч Д.Ууганцэцэгийн “...ээж Г.Ө унт гэтэл уурлаад гараад явсан. Би араас нь гартал гэрийн урд талын хүнсний дэлгүүрийн үүдэн дээр байж байхаар нь барьж аваад ор гэж хэлтэл миний баруун зүүн гарлуу гараараа 2-3 удаа цохисон. Бас миний зүүн талын шагай хэсэгт хөлөөрөө өшиглөхөд би газарт унасан гэх мэдүүлэг,
2.Гэрч Х.Долгорын “... унт гэж хэлтэл би явлаа гээд гараад явсан. У араас нь гарсан... гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.Иймд Г.Ө энэ үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Д.У Г.Ө нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Г.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэлийн шинж байхгүй бол гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэдэг утгаар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчлэхгүй байх талаар Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг прокурор хянаад яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ, саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна гэж заасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж дүгнэн хэргийг буцаасан нь ойлгомжгүй.
Учир нь хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хэрэгт эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх нь ач холбогдолгүй, хохирол төлсөн талаар яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч нь хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн байхад хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх талаарх үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй. Учир нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллагдагч Г.Ө нь хохирол болон эмчилгээнд зарцуул гэж 300.000 төгрөг өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг.
Мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн нотлохын тулд яллах болон цагаатгах нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтоосон, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Г.Ө нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа болно.
Иймд Г.Ө холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 73 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Ө үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1. зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.
Шүүгдэгч нь хохирогчтой гэрлэлтийн батлгаагүй хэдий ч,гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтын амьдралтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ. Уг хэргийн сэдэлт гэр бүлийн хамтын амьдралын нөхцөлөөс үйдэлтэй бус, нэг удаагийн тохиолдлын шинжтэй байдлаар үйлдэгдсэн, Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн зүйл заалтад нэрлэн заагдсан зарим гэмт хэрэгт хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж дүгнэн хэргийг буцаасан нь ойлгомжгүй гэх гомдол үндэслэл бүхий байна.
Хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх хэрэгт эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх нь ач холбогдолгүй, хууль тогтоогчоос хэргийн нөхцөл байдал, нийгэмд үзүүлэх хор, хохирлыг тооцон тусгайлан зохицуулжээ.
Тус шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Ө холбогдох 1916000890053 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Г.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Ш.БАТТОГТОХ