Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0759/З/ |
Дугаар | 162 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 162
“Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр магадлалтай, “Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэрээр 1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2, 19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрийн “Э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 19.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газарт “Э Э Э” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 833.29 гектар талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн эхэнд бүртгүүлсэн болохыг тогтоолгох”; “Ашигт малтмалын газрын хууль бус үйлдлийн улмаас компанид учирсан хохирол болох 1 000 000 /нэг сая/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 171 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.2, 19.4, 19.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хангаж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Улсын Их Хурлаас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан чиг үүрийнхээ хүрээнд шийдвэрлэж байна.
“Э Э Э” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг “Мандал” нэртэй 833.29 гектар талбайд гаргасан өргөдөл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.
Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж энэ талаар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 6/2619 тоот албан бичгээр мэдэгдлийг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Засаг дарга дэмжээгүй саналыг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/426 тоотоор ирүүлсэн. Саналын үндэслэлд тус талбай нь Их Өлзийт, Бага өлзийт, Талын хар, Гозгор улаан, Үртэсийн гозгор, Боовой уул орчимд Газрын тухай хуулийн 52.7-д заасан нэр бүхий 10 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшлээр олгосон, мөн байгалийн үзэсгэлэнт газар, худаг уст цэг бүхий газрыг хамарсан талбайтай давхцалтай тул дэмжихгүй гэсэн байдаг. Мөн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авч манай байгууллагад ирүүлсэн.
Иймд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн NE-256... дугаартай өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 шийдвэрийн дээр дурдсан хэсэг, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 541 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг “Мандал” нэртэй газрын 833 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан “Э Э Э” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн “орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, нэхэмжлэгч “Э Э Э” ХХК нь “Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэгдсэн талбайд өргөдөл гаргасан, тухайн үедээ давхцалгүй талбай байсан, өргөдлийг хуулийн шийдвэрлэлгүй дарагдуулсан” гэж маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь хариуцагчийн “татгалзсан” шийдвэрийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, уг шийдвэрийн үндэслэлд хамааралгүй асуудлаар буюу Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь хуульд үндэслээгүй, “санал”-аас хойш гарсан сумын иргэдийн Хурлын тогтоолд үндэслэн “татгалзсан” нь буруу гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Э Э Э” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр цахимаар өргөдлийн дугаар авч, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл гаргасныг төрийн захиргааны байгууллага хүлээн аваад тус өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэж, “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж үзэн, “санал” авахаар мэдэгдэл, саналын хуудсыг Завхан аймгийн Засаг даргад 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлсэн, Засаг даргаас “дэмжихгүй” гэсэн саналыг тухайн талбай нь 10 гаруй айлын өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшсэн газарт, байгалийн үзэсгэлэнт газар болон худаг уст цэг бүхий газарт давхцалтай гэдэг үндэслэлээр ирүүлсэнийг 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч бүртгэсэн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгасан талбайг хамруулан Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 32 дугаар тогтоол гаргасныг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч бүртгэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон, уг тогтоолын талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.3-т заасан зохицуулалтаас үзэхэд, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол төрийн захиргааны байгууллага нь уг талбайд хайгуул хийх эрхийг олгох боломжгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгчийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах үед өргөдөлд тусгасан хайгуулын талбай нь “тусгай хэрэгцээ”-нд байгаагүй боловч өргөдлийг хянан шийдвэрлэх явцад уг талбайг эрх бүхий байгууллага “орон нутгийн тусгай хамгаалалт”-д авсан, иймээс тухайн талбайд хайгуул хийх боломжгүй учир “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-оос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн байхын зэрэгцээ тухайн актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг шүүх хангах хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй буюу “орон нутгийн тусгай хамгаалалт”-д авсан уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй нөхцөл байдал хэвээр байх учир Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 541 дүгээр шийдвэрийн “Э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасанд нийцэхгүй байна.
Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 856 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Э Э” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 541 дүгээр шийдвэрийн “Э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ