Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

   2022           07            29

                          2022/ШЦТ/106

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.О овогт Х-ны А-д холбогдох эрүүгийн 2213000000119 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, 2 дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт амьдардаг, мөн аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/47 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, Ш.О овогт Х-ны А-, регистрийн дугаар ББ..................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн төрсөн эх Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А-йг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч Х.А- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.А-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

2.Эрүүгийн 2213000000119 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Б.Б-ээс 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Миний хүү Х.А- 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд намайг зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/,

2.2. Хохирогч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний хүү Х.А- нь байнга архи уудаг, ер нь бол өдөр болгон уудаг гэсэн үг. Тэрээр 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мөн л архи уугаад гадуур явж байгаад орой 21 цагийн орчимд ирсэн. Тэгээд би түүнд хоол цайг нь хийж өгөх гэж байхад Х.А- надад хандаад “би гар утсаа барьцаанд тавьсан байгаа, та надад мөнгө өгөөч гар утсаа авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би түүнд “надад мөнгө байхгүй, чи юундаа ингэж архи уугаад яваад байдаг юм вэ” гэхэд гараараа миний баруун талын шанаа тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Тэр үед би газарт унаад ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд Х.А- “та бос бос” гээд намайг газраас чирээд босгож байсан. Тэгээд би ухаан ороход миний хамарнаас маш их цус гарч байсан, би хамраа гараараа барьж босоод гар утсаа аваад цагдаа дуудах гэж байхад миний гар утсыг булааж аваад цагдаа дуудуулаагүй. Тэгээд би шөнөжингөө унтаж амарч чадаагүй, толгой маань өвдөөд, даралт ч ихсээд арай гэж шөнийг өнгөрөөсөн. Улмаар 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн үед миний охин Х.Ай- гэрт ирж миний байгаа байдлыг хараад цагдаа дуудсан. Тухайн үед гэрийн гал тогооны өрөөнд зогсож байхад миний баруун талын шанаа тус газарт хамар амыг хавсаргаад л нэг удаа цохиод авсан. Энэ үед ухаан алдаад газарт унасан. Би ухаан алдсан байхад нь хэдэн удаа цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Гэрт Х.А- бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

2.3. Гэрч Х.Ай-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ах Х.А- нь байнга архидан согтуурдаг, архидан согтуурах болгондоо надад агсам тавьж, цохиж, зодож амгалан тайван байдлыг маань алдагдуулдаг учраас би сүүлийн 10 хоног гэрт хонохгүй, гадуур найзуудынхаа гэрээр нь хоноглоод явж байгаа. Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн үед гэртээ очиход ээжийн баруун талын хацар нь тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд би ээжээс юу болсон талаар асуухад Х.А- зодсон гэж хэлэхээр нь цагдаагийн газарт дагуулж ирсэн. Урьд нь ээжийг цохиж, зодож байсан удаа байхгүй. Харин 2022 оны 01 дүгээр сард намайг болон миний охиныг айлган сүрдүүлсэн тул цагдаагийн байгууллага шалгаад Х.А-йг шүүхээс баривчилж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

2.4. Гэрч Д.Ё-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Б.Б- гэх настай хүн болох түүний охин Х.Ай- нарыг танина, гэхдээ Х.А-йг танихгүй юм байна. Би хамгийн анх 2019 онд ажилд томилогдоод багийнхаа бүх айлуудаар орж иргэдийн бүртгэлийг биечлэн хөтөлж байсан. Тухайн үед Б.Б-ийх Х.Ай- болон Х.Ай-ийн бага насны охин гурвуулаа амьдардаг гэж бүртгүүлж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын үед ковид өвчний судалгаагаар явж байхад бас нэг удаа орж гарсан. Тэгэхэд мөн тэдний гэрт Б.Б-, Х.Ай-, Х.Ай-ийн бага насны охин нь гурвуулханаа байсан. Би тэдний айлыг манай багийн иргэд учраас нь л гаднаас нь ерөнхийдөө танина...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

2.5. Гэрч Ж.Көгөршиний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.А- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг нь сонсоод 2022 оны 5 дугаар сарын эхэн үед багийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүд буюу нийгмийн ажилтан, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэг мэргэжилтэн, өрхийн эмч нарыг дагуулаад тандалт судалгаа хийх ахуй амьдралтай нь танилцах зорилгоор тэдний гэрт нь очсон. Бид нар гэрт нь очиход тухайн гэрт Б.Б-, Х.Ай- түүний бага насны нэг охин нь гурвуулаа байсан. Тухайн үед бид нар Б.Б-ээс танайд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байдал байна уу? гэх зэргээр асуултууд асуухад Б.Б- нь “хүү Х.А- нэг хүнтэй зодолдох гээд байхаар нь би салгаж байхад түүний гар нь миний хацарт хүрээд хацар маань хөхөрсөн байгаа” гэж хэлсэн. Би түүнээс Х.А- цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг үү? гэж асуухад “...хүү маань хаая архи уудаг нь үнэн, гэхдээ цохиж зоддог асуудал байхгүй, үглээд л сууж байдаг” гэх хариулт өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

2.6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 378 дугаартай “...Б.Б-ий биед нүүрний баруун тал нийлэнхүйдээ цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

2.7.Шүүгдэгч Х.А-йн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Би өөрөө заримдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг юм. Тухайн үед ч мөн адил өдөр болгон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэртээ ирсэн байсан. Тэгээд гэртээ ирээд ээж Бергенийг цохиж зодсон асуудал болсон байна. Би өөрөө тухайн үед ээжийгээ яагаад цохиж зодсон болохоо мэдэхгүй байна. Согтуудаа болоод ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Тухайн асуудал болсны маргааш нь ээж надад хэлэхдээ “чи гар утсаа барьцаанаас чөлөөлж авах мөнгө өг гэж хэрүүл маргаан гаргаж намайг зодсон” гэж тайлбарлаж хэлсэн, тухайн үед миний ээжийн баруун талын хацар нь тэр чигтээ хавдаж хөхөрчихсөн байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

4: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.А-йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд өөрийн төрсөн эх Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэн Б.Б-ээс 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 30 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Б-ий мэдүүлэг, гэрч Х.Ай-ын мэдүүлэг, гэрч Д.Ё-гийн мэдүүлэг, гэрч Ж.Көгөршиний мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 378 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.А-йн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн  мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

     5.2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

5.3. Шүүгдэгч Х.А- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүнийг үсдэж, толгой, нүүр, баруун гар, баруун гуя хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

5.4. Шүүгдэгч Х.А-йн үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ий биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заажээ.

5.7. Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлжээ.

5.8. Шүүгдэгч Х.А-, хохирогч Б.Б- нар нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн мөн болох нь хэрэгт тогтоогдсон байна.

5.9. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, мөн хуулийн 6.2-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Х.А- нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эх Б.Б-ий бие махбодид халдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь тогтоогдсон байна.

5.10. Иймд Прокуророос Х.А-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн” гэж  хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

5.11. Шүүгдэгч Х.А- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

5.12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.А-йн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж  шүүх дүгнэв.

            6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

             6.1. Шүүгдэгч Х.А-йн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.

             Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Аманкелдээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч Х.А- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Х.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

2.3. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.4. Шүүгдэгч Х.А- гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Х.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.А- 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг  Х.А-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.6. Шүүгдэгч Х.А- нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар ээргээр нотлогдож байна.

2.7. Шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

2.8. Шүүхээс шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

            2.10. Энэ хэрэгт шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2.11. Шүүгдэгч Х.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.О овогт Х-ны А-йг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.А-йг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

6.  Шүүгдэгч Х.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА