Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч, хяналтын прокурор А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-,

шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Дорждэрэм Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох 2213000000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Казак, боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ББ...............регистрийн дугаартай, Т овогт Ж-ы Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь гэрийн мод бэлтгэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хар үхэр гэх газраас 2022 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд зөвшөөрөлгүйгээр ойгоос 0.6409м3 нойтон бургас мод бэлтгэж, экологи эдийн засагт 161,278 төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн гэмт хэрэг үйлдэж олсон 123 ширхэг буюу 0.6409м3 бургас модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлого болгуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг устгах саналыг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч Ж.Б- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

2.Эрүүгийн 2213000000148 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн   газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эсгий гэрийн ханыг ургаа модыг тайраад, гадна хальсийг нь арилгаж, бага зэрэг хатааж байгаад тус модыг муруй хэсгийг нь тэгшилж хийдэг. Хуурай хатсан модоор хийж болохгүй. Хатсан мод нь тэгшилж болохгүй хугарчихдаг. Алтанцөгц сумын нутаг дэвсгэрээс гэрийн мод бэлтгэх зөвшөөрөл олгосон газар байхгүй. Мөн манай Баян-Өлгий аймгийн хэмжээнд гэрийн мод бэлтгэх тусгай зөвшөөрөл олгосон газар байхгүй. Иргэн Ж.Б-ы хууль бусаар бэлтгэсэн гэрийн модны хохирлын үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 161,278 төгрөгний хохиролтой гэж гарсан байна. Энэхүү хохирлыг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 3 дахин нэмэгдүүлэн төлөх ёстой байдаг. Тиймээс байгаль орчин экологи эдийн засагт учирсан хохирол болох 483,834 төгрөгний нөхөн төлбөрийг уур амьсгалын сангийн 100900013040 гэсэн данс руу төлүүлж авахыг хүсэж байна. Нөхөн төлбөрөө бүрэн хийсэн тохиолдолд надад өөр нэмж хэлэх зүйлгүй болно. Мөн иргэн Ж.Б-ы энэхүү үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

2.3. Гэрч Ж.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Ж.Б-ыг 2022 оны 2 дугаар сард гэрийн мод бэлтгэсэн талаар мэдсэн. Гэхдээ зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

2.4. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай “...Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар үхэр” гэх газар нь Улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй. Тус бэлтгэсэн моднууд нь бургас буюу навчит моднууд байна. Бэлтгэсэн мод нь зөрүүд сүхээр тайрч бэлдсэн байна. Тухайн модны эзлэхүүний хэмжээг Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан стандартын дагуу эзлэхүүний хэмжээг гаргав. Эзэлхүүний хэмжээ нь “0.6409м” Тухайн моднууд нь хатаж хуурайшсан байна. Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Ж.Б- нь тус сумын 3 дугаар баг “Хар үхэр” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ 0.6409м3х251644x1.0=161,278.6 төгрөгний бодит хохиролыг учруулсан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-33 дахь тал/,

2.5. Эд зүйлд буюу зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх бургасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

2.6. Шүүгдэгч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт алга. Би өөрийнхөө хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Экологи эдийн засагт учирсан хохирлыг прокурорын шатанд нөхөн барагдуулах болно. Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. “Тез” нэршилтэй багажийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглаагүй. Миний ашигласан багаж гэвэл модон иштэй сүхийг хэрэглэсэн юм. Тус сүхийг цагдаагийн ахмад А.Нурболат эд мөрийн баримтаар хураан авсан байгаа. Миний мод бэлдсэн хэсэг арал манай гэрээс ил харагдахгүй, энэ хэрэгт надаас өөр оролцоотой хүн байхгүй. 2022 оны 02 дугаар сараас эхлэн тус оны 4 дүгээр сарын хооронд зав чөлөөндөө мод бэлтгэх ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

4: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгчийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь гэрийн мод бэлтгэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Хар үхэр гэх газраас 2022 оны 02 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд зөвшөөрөлгүйгээр ойгоос 0.6409м3 нойтон бургас мод бэлтгэж, экологи эдийн засагт 161,278 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Ж.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, эд зүйлд буюу зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх бургасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

5.2. Шүүгдэгч Ж.Б- нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2022 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд “Хар үхэр” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сүх ашиглан хууль бусаар 0.6409 м/куб/ нойтон бургас модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэснээр гэмт хэрэг төгссөн байна.

5.3. Ойг хамгаалахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж хуульчлан баталгаажуулжээ.

Гэтэл яллагдагч Ж.Б- нь дээрх хуулиар хамгаалагдсан ойд, эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр мод бэлтгэсэн байна. Тухайлбал Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “Ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг ойлгоно, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжпийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж хуульчилснаас үзэхэд шүүгдэгч Ж.Б-ы мод бэлтгэсэн гэх газрын арлыг ой гэж, мөн Ж.Б-ыг эрх бүхий албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэснийг зохих зөвшөөрөлгүй гэж тус тус үзнэ.

5.4. Шүүгдэгч Ж.Б- нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хар үхэр” гэх нэртэй газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 0.6409 м/куб/ нойтон бургас модыг бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.

5.5. Шүүгдэгч Ж.Б- нь дээрх хуулиудаар баталгаажуулсан ой модонд хууль бусаар халдсан буюу зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн идэвхтэй үйлдлийг хийсэн байх бөгөөд уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

5.6. Иймд шүүгдэгч Ж.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.5. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр, орлого байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

           

            6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            6.1. Шүүгдэгч Ж.Б-ы үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ойн санд 161,278 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д-ийн мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б-ы зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 161,278 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 483,834 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Төрийн банкны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.  

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч Ж.Б- нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хэргийг хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусаагүй тул Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч Ж.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

2.3. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2.4. Шүүгдэгч Ж.Б- гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ж.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг  Ж.Б-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

2.6. Шүүгдэгч Ж.Б- нь хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.7. Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

2.8. Шүүхээс шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

2.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй, ажлын хэсэгт 1986 гэсэн бичигтэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 123 ширхэг буюу 0.6409 м.куб бургас модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

2.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж байна.

2.11. Шүүгдэгч Ж.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ж-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Ж.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 123 ширхэг буюу 0.6409м/куб бургас модыг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан модон иштэй, ажлын хэсэгт 1986 гэсэн бичигтэй сүхийг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БОЛОРМАА