Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч:Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Х.З-,

Шүүгдэгч К.Т- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.н овогт К-н Т-д холбогдох эрүүгийн 1813000800062 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1965 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, ня-бо, эдийн засагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар баг, Хөх толгойд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.н овогт К-н Т-, регистрийн дугаар БЙ.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Т- нь 2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлээр төгсөөгүй атлаа Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан сумуудын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцохдоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд төгссөн гэх "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлийн, 0200505441 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан бүртгүүлэн төрийн албаны шалгалт өгч, улмаар Толбо Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд хууль бусаар томилогдон, 29.056.428 /хорин есөн сая тавин зургаан мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, төрд учирсан 29.056.428 /хорин есөн сая тавин зургаан мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсөвт шилжүүлэх саналыг гаргаж байна” гэв.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Төрд учирсан хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байгаа. Гэхдээ ар гэрийн байдал буюу эхнэр нь хорт хавдарын улмаас удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, саяхан хүүхэд нь нас барсан зэрэг хувийн байдлыг харгалзан, эдийн засгийн хувьд төлөх боломжгүй байдлыг харгалзан хохирлыг хугацааны хувьд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэв.

3. Шүүгдэгч К.Т- мэдүүлэхдээ:  “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Б. Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 1813000800062 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Танай байгууллагаас албан бичгээр хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Түүнээс өмнө энэ хэргийн талаар сонсож байсан. К.Т- нь Баян-Өлгий аймгийн Толбо Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд өрөнхий нягтлан бодогч албан тушаалд томилогдоод авч ажиллаж байсан цалин, нийгэм даатгалын шимтгэлийг тооцож гаргасан. ...төрд учирсан хохирол нь 29.056.428 /хорин есөн сая тавин зургаан мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөг байгаа юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/,

2.Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Х.Б-гийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай К.Т-ы 0200505441 дугаар бүхий бакалаврын диплом нь хуурамч байна. Дипломыг өнгөт хувилагчаар хувилж, хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байх боломжтой” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/,

3.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06/419 дугаартай “К.Т- нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлээр төгсөөгүй, 0200505441 дугаартай диплом олгогдоогүй, манай газрын болон тус сургуулийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,

4.Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай тогтоол, тогтоолын 12 дугаар хавсралт” /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

5.Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Б.А-С-ийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 дугаартай К.Т-ыг Толбо Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилсон захирамж /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,

6.Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

7. Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Сумдын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны төв зөвлөлд хүргүүлсэн тухай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай албан бичгийн хуулбар,түүнд  хавсаргасан баримт болох Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шаардлага /1 дэх хавтаст хэргийн 36-39 дэх тал/,

8. Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд  сонгон шалгаруулалт явуулах комиссыг байгуулах тухай Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/,

9. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хуурамч гэх 0200505441 дугаартай дипломыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дэх хавтаст хэргийн 41-44, 86 дахь тал/,

10. Гэрч Б.А-С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 онд Монгол Улсын хэмжээнд бүх сумдад Санхүүгийн алба байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарсны дагуу Толбо суманд ч гэсэн Санхүүгийн алба байгуулах шаардлагатай болсон. Миний бие тухайн үед Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тус сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан К.Т-ыг Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 326 дугаартай тогтоол, аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот тогтоолыг тус тус үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр А/24 дугаартай захирамж гаргаж гарган томилж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

11. Гэрч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалт зохион байгуулж уг шалгалтад тэнцсэн К.Т-ыг Санхүүгийн албаны даргаар томилох саналыг төрийн албаны зөвлөл аймгийн Засаг даргад гаргаж, аймгийн Засаг дарга зөвшөөрснөөр Сумын засаг дарга захирамж гаргаж томилж байсан. Түүнийг бакалаврын зэрэгтэй хуурамч дипломтой гэж огтхон ч санаж байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94-95, 96 дахь тал/,

12. Гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Банкны бакалаврын зэргийн 0200505441 дугаартай дипломоор төгссөн ба уг диплом нь одоо надад байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

13. Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан Т.М-гийн Төрийн албаны зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны шаардлагын боловсрол гэх хэсэгт бакалавр зэрэгтэй байхаар шаардсан байна. Тийм болохоор К.Т- нь шалгалт өгөх үед бакалавр зэрэгтэй дипломоор бүртгүүлсэн болох нь үүгээр нотлогдох болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

14. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...төрийн албаны шалгалт өгөх хүмүүсийн авч ирсэн материалыг Төрийн албаны зөвлөлийн цахим бүртгэлд асуулт зааврын дагуу бүртгэж шалгалтад орох шифр буюу дугаар олгодог. Шифр дугаар олгосны дараа шалгалт өгөх эрх үүсдэг. Шалгалт өгсний дараа шалгалт өгсөн иргэний авсан оноог бүртгэдэг журамтай. Тухайн иргэний авч ирсэн диплом хуурамч эсэхийг тухай бүрт нь мэдэх боломжгүй байдаг. Тийм болохоор К.Т- нь хуурамч диплом ашиглан бүртгүүлсэн эсэхийг мэдээгүй. Хэрэв К.Т- хуурамч диплом ашиглаж байгаа гэх мэдээлэл ирвэл бид энэ тухай холбогдох газар хандаж шалгуулж хуурамч эсэхийг тогтоолгох ёстой. Тухайн үед К.Т- хуурамч диплом ашиглаж байгаа гэх мэдээлэл төрийн албаны салбар зөвлөлд ирээгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/,

15. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 223 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал/,

16. Шүүгдэгч К.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг дипломын тухайд бол 2005 онд талийгаач болсон найз Ы-аас авч байсан юм. Тэгээд уг дипломыг ашиглаж 2015 оны 04 дүгээр сараас Толбо сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ашиглаж ажилласан. Би хуурамч диплом ашиглаж ажилд орсноо бол хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн хувьд ямар ч маргаангүй тул хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад гомдолгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/ зэрэг баримтуудыг,

17.Шүүгдэгч К.Т-ы хувийн байдлыг тогтоосон баримтуудыг тус тус шинжлэн судлав.

18.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

19.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Т-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

В. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хэргийн үйл баримт:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Т-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

 

2. Шүүгдэгч К.Т- нь Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн захиалгаар Төрийн албаны төв зөвлөлөөс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан Сумдын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орж, 67.5 оноогоор тэнцэн, улмаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор түүнийг Баян-Өлгий аймгийн Толбо сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилуулахаар санал болгосны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжаар Баян-Өлгий аймгийн Толбо сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилжээ. (нэгдүгээр хавтаст хэргийн 12-13,17-18 дахь тал),

3. К.Т- нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны төв зөвлөлөөс зохион байгуулсан сумдын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад  бүртгүүлэхдээ Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд төгссөн гэх "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлийн, 0200505441 дугаартай бакалаврын дипломыг ашиглан бүртгүүлсэн нь тогтоогдсон байна. (нэгдүгээр хавтаст хэргийн 214 дэх тал),

4.Гэтэл К.Т-ы ажилд томилогдохдоо ашигласан Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд төгссөн гэх "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлийн, 0200505441 дугаартай бакалаврын диплом нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон тус сургуулийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй, хуурамч болох нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын албаны 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 03/65 дугаартай албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдсон байх бөгөөд уг хуурамч диплом дээр тавигдсан 0200505441 гэх дугаар нь иргэн Ч.Б-д 2005 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулиас олгосон бакалаврын дипломын бүртгэлийн дугаар болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 06/419 дугаартай албан бичиг, гэрч Ч.Б-ы мэдүүлэг зэргээр нотлогджээ. (нэгдүгээр хавтаст хэргийн 104-105, 109-111, 117 дахь тал),

5. Ийнхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 96 дахь тал/, шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Х.Б-гийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М-ийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06/419 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай тогтоолын хуулбар, тогтоолын 12 дугаар хавсралт /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Б.А-С-ийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 дугаартай захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолоор баталсан сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс Сумдын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны төв зөвлөлд хүргүүлсэн тухай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай албан бичгийн хуулбар,түүнд  хавсаргасан баримт болох Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд тавигдах шаардлага /1 дэх хавтаст хэргийн 36-39 дэх тал/, Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байранд  сонгон шалгаруулалт явуулах комиссыг байгуулах тухай Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаартай тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хуурамч гэх 0200505441 дугаартай дипломыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1 дэх хавтаст хэргийн 41-44, 86 дахь тал/, гэрч Б.А-С-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 89-90 дэх тал/, гэрч А.К-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94-95, 96 дахь тал/,гэрч Ч.Б-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 104-105 дахь тал/, гэрч Д.Н-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/, гэрч Х.Н-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/, төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 223 дугаартай албан бичгийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал/,шүүгдэгч К.Т-ы мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 91 дэх тал/, К.Т-ы хувийн хэргээс хуулбарлан авсан баримтууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч К.Т-  нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд төгссөн гэх "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлийн, 0200505441 дугаартай хуурамч бакалаврын дипломыг ашиглан Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Толбо сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлж, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 135554 шифрээр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Толбо сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр томилогдож, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, төрд  29.056.428 төгрөгийн  хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн бодит байдал бүрэн тогтоогджээ.

 

            Г. Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

3. Нэгдүгээр хавтаст хэргийн 19-22 дахь талд авагдсан ,Сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд тухайн ажлын байранд “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.7 дахь заалтын дагуу магадлан итгэмжлэгдсэн, их дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн“ иргэнийг ажиллуулах шаардлагатай болох нь нотлогдож байна.

4. Гэтэл шүүгдэгч К.Т- нь 1989 онд Санхүү эдийн засгийн техниккумыг хөдөө аж ахуйн нябо, эдийн засагч мэргэжлээр төгссөн, тусгай дунд боловсролтой болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан дипломын хуулбараар нотлогдож байх бөгөөд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөгүй, дээд боловсрол эзэмшээгүй, дээрх ажлын байрны “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй байх” гэх шалгуурт нийцээгүй атлаа тэрээр хуурамч диплом ашиглан төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж, ажилд томилогдон ажиллаж, удааширсан үйлдлээр төрд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

5.Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах ” гэмт хэргийг хуульчилсан ба уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

6.Шүүгдэгч К.Т- нь их, дээд сургууль төгсөж, мэргэжил олгосон тухай Санхүү эдийн засгийн дээд сургуулийн "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлийн, 0200505441 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, уг хуурамч дипломыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр төрийн удирдах албан тушаалтны шалгалтад орохдоо ашиглаж, улмаар ажилд орсон болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

7.Иймд шүүгдэгч К.Т-ы үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанХуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

8.Шүүгдэгч К.Т- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Д. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

2. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч К.Т- нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилд томилогдож, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.  

3. Уг гэмт хэргийн улмаас К.Т- нь  29.056.428 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. /хоёрдугаар хавтаст хэргийн 99 дэх тал/,

4.Тодруулбал, шүүгдэгч К.Т-ыг  2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Толбо сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллах хугацаанд нийт 29.056.428 төгрөгийн цалин бодогдсон байна. /2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/

5.Шүүгдэгч К.Т-ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч, өөртөө эдийн баялгийг шууд олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч К.Т-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 29.056.428 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

6.Тэрээр “Миний бие Толбо сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллахдаа хуурамч диплом ашигласан нь үнэн боловч энэ хугацаанд би ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүйгээр төрд үнэнчээр ажиллаж, хөдөлмөрийнхөө хөлсийг авсан тул дээрх хугацааны цалинг буцаан төлмөөргүй байна” гэж маргасан боловч түүний анх ажилд орсон харилцаа нь хууль бус, гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон тул уг үйлдлийн улмаас олсон орлогыг хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэж, хурааж улсын төсөвт шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцнэ гэж үзлээ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч К.Т-ыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх санал”-ыг гаргасан.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас: “Шүүгдэгч К.Т-ыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэх дүгнэлт гаргасан болно.  

3. Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд “Хуурамч баримт бичиг” үйлдэх гэмт хэргийн хувьд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг юм.

4.Тодруулбал: К.Т- нь их, дээд сургууль төгсөж, мэргэжил олгосон тухай Санхүү эдийн засгийн дээд сургуулийн "Банкны удирдлага ба нягтлан бодогч" мэргэжлийн, 0200505441 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж  төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орохдоо уг дипломыг ашиглан бүртгүүлж, улмаар шалгалтад орж тэнцсэний дагуу Толбо сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж, 2015 оны 2 дугаар сараас хойш хуурамч дипломыг удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байсан нь тогтоогджээ.

5. Шүүгдэгч К.Т- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Б/38 дугаартай захирамжаар “Бакалаврын дипломыг хуурамчаар ашигласан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Толбо сумын санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр энэ гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төгссөн байна. /хоёрдугаар хавтаст хэргийн 25 дахь тал/,

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.Т-ы үйлдсэн гэмт хэрэг  2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төгссөн үеэс хойш нэг жилийн дотор буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь тогтоогдож байх тул К.Т-д холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн үйлчлэлд хамаарч байна.

8.Тодруулбал: 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

9.Шүүгдэгч К.Т-ы үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт ороогүй бөгөөд тэрээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байх тул Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч К.Т-ыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

10.Шүүгдэгч К.Т- нь гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлөөгүй, хувийн байдлын хувьд эхнэр нь хүнд өвчтэй, хүү нь саяхан нас барсан гэх шалтгаануудаар гэмт хэргийн хор уршиг 29.056.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнд холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, К.Т-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа тэрээр гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөөр илэрхийлсэн, мөн К.Т-ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгч К.Т-ы хувьд байхгүй гэж үзэх тул хохирол нөхөн төлсөн эсэхээс үл хамааран түүнийг Өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.

11.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, К.Т-аас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч К.Т-ыг өршөөн хэлтрүүлсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгож шийдвэрлэв.

12.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгссөн гэх хуурамч дипломыг хүчингүй болгуулж, устгуулахаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б.н овогт К-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч К.Т-ыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч К.Т-аас гэмт хэрэг үйлдсэн олсон орлого 29.056.428 /хорин есөн сая тавин зургаан мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн төсөвт шилжүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч К.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн гэх хуурамч дипломыг хүчингүй болгуулж, устгуулахаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт хүргүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч К.Т-ыг өршөөн хэлтрүүлсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БОЛОРМАА