Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хууль, өмгөөлөгч  Х.З-,

Шүүгдэгч И.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт И-н А-д холбогдох эрүүгийн 2213000740121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1962 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ тус аймгийн Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн Цул улаан гэх газарт оршин суудаг, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Х овогт И-н А-, регистрийн дугаар БВ62021707.

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч И.А- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд иргэн М.Д-ыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар цаг бүртгэгчийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тус цэцэрлэгийн төсөвт 9.993.448 төгрөгийн хохирол учруулсан,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох төрсөн ахын охин Ө.Г-ыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар явуулын багшийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон,

- Мөн тус аймгийн Баяннуур сумын цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажпын байранд өөрийн төрсөн охин А.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар “Цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгач”-ийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон,

- Баяннуур сумын цэцэрлэгийн байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Ж.Г-ыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Баяннуур сумын Цагаан аралд байгаа салбарын бүлгийн цэвэрлэгч болон галч, манаачийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон,

- Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд А.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар “архивч бичиг хэргийн ажилтан буюу багш”-ийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:  “Шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.

2. Шүүгдэгч И.А- мэдүүлэхдээ: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Иймээс надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.

   3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 

Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 2213000740121 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгч Б.Ж-ээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгт цаг бүртгэгч гэсэн орон тоо бол байхгүй. Зөвхөн Баяннуур суманд ийм орон тоо хэтрэлттэй илүү байсан. И.А- нь 2021 оны 12 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө өөрийнхөө охин Б-, ахынхаа охин Гүлжанат мөн иргэн Ж.Г-, А.Б- нарыг ажилд авахдаа бүтэц орон тоог хэтрүүлж авсан хэдий ч эдгээр хүмүүст цалинг гаргаагүй байсан. Зарим нь ажилд ороод 1 сар болоогүй хүмүүс байсан. Харин цаг бүртгэгч гэсэн орон тоонд илүү авч ажиллуулсан М.Д- гэх хүний цалинг буцаан төлүүлэх хүсэлттэй байна. Тус мөнгийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын тусгай дансанд улсын төсөвт төвлөрүүлэх хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал/,

3. Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2010 оноос хойш Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт явуулын багш, бүлгийн багшаар,2017 оноос 2021 он хүртэл арга зүйчээр тус тус ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш одоог хүртэл Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Миний гаргасан гомдлын тухайд гэвэл Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаа надад хүлээлгэж өгсөн. Би ажил авахад манай сумын хүүхдийн цэцэрлэгт тухайн жилд 31 багш, ажилчид ажиллах орон тоо батлагдсан байтал И.А- нь ажлаас гарахынхаа өмнө өөрийнхөө хамаатан хүмүүсийг ажилд томилсон байсан.Тэгээд би танай байгууллагад гомдол гаргасан юм. Манай цэцэрлэгт эрхлэгч-1, арга зүйч-1, багш-7, дуу хөгжмийн багш-1, туслах багш-7, нярав-1, эмч-1 тогооч-2, үйлчлэгч-2, манаач жижүүр-4, гал тогооны туслах-1, уурын зуухны галч-2 гэсэн нийт 31 орон тоо баталж өгсөн байтал И.А- нь яг ажлаас гарахын өмнө 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ахынхаа хүүхэд болох Ө.Г-ыг явуулын багш гэсэн байхгүй бүтэц орон тоонд авсан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн охин А.Б-ыг огт батлагдаагүй орон тоо болох цаг бүртгэгч жижүүр хаалгачийн ажилд, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өөрийн мал малладаг хүний охин Ж.Г-ыг цэвэрлэгч, галч, манаачаар ажилд авсан. Гүлжанат нь эмэгтэй хүн байгаа юм. Манайд ийм орон тоо байхгүй байхад орон тоог хэтрүүлж авсан. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр архив бичиг хэргийн ажилтнаар А.Б-ыг авч ажиллуулсан. А.Б- нь И.А-тэй ямар нэгэн хамаарал байхгүй ч гэсэн манай цэцэрлэгт архив, бичиг хэргийн орон тоо байхгүй байхад томилсон юм. ...Би ажлаа аваад Х.Ж-ийг үлдээгээд Ө.Г-, А.Б-, Ж.Г-, А.Б- нарыг 2022 оны 01 дүгээр сард ажлаас нь чөлөөлсөн, гэтэл энэ асуудалд дээрх хүмүүс нь нэхэмжлэл гаргаж, намайг аймгийн шүүхэд өгсөн байгаа. ...И.А-ийн ажилд томилсон хүмүүсийг авч ажиллуулах цалингийн сан хүрэлцэхгүй байгаа тул би ажлаа авсан даруйдаа тэдгээр хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн. Дээрх хүмүүсийн хувьд 2021 оны 12 дугаар сард ажилд томилогдсон бөгөөд 1 сар ажиллаагүй болохоор цалин гараагүй. Мөн намайг 1 сард ажлаа хүлээж авахад тэдгээр хүмүүс нь батлагдаагүй орон тоонд ажиллаж байсан болохоор ажлаас чөлөөлсөн тул Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгээс эдгээр хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл болон ямар нэгэн цалин мөнгө гараагүй юм аа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-57 дахь тал/,

4. Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байна. А.Б- гэдэг хүнийг аймгийн Хурлын төлөөлөгч З.О- нь дагуулж ирээд энэ хүүхэд төрийн албаны шалгалтанд тэнцсэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллах сонирхолтой байгаа юм байна. Та энэ хүүхдийг ажилтай болгох арга хэмжээ авах хэрэгтэй байна гэх хүсэлт тавьсан тул би сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид орон тоо гарвал эхний ээлжинд Б-ыг ав гэсэн чиглэлийг өгсөн. Би орон тоо байхгүй гэдгийг мэдээгүй сул орон тоо гарах гэж байгаа гэж Онгар тайлбарласан. Миний бичсэн албан тоотын гол утга бол энэ хүнийг ажлын байраар эхний ээлжинд хангах боломжтой юм байна гэж үзсэн, учир нь төрийн албаны шалгалтанд тэнцсэн байсан, харин би түүнийг орон тоо гаргаж ав гэж хэлээгүй, сул орон тоо гарсан даруйд авч болно гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Гэтэл түүнийг тус цэцэрлэгт байхгүй орон тоонд авсан нь цэцэрлэгийн эрхлэгчийн буруу юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал/,

5. Гэрч Ц.Д-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Ө.Г-ыг шууд ав, бүтэц орон тоо зөрчиж ав гэж хэлээгүй, сул орон тоо гарвал ав гэж хэлсэн. Орон тоо байхгүй байхад авч байгаа нь И.А-ийн буруу юм, ингэж болохгүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

6. Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн Цэцэрлэгт бичиг хэргийн эрхлэгч, багшаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал/,

7. Гэрч Ө.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Баяннуур сумын хүүхдийн Цэцэрлэгийн явуулын багшаар жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Одоогоор ямар нэгэн ажилгүй байна. Намайг явуулын багшийн орон тоонд И.А- эрхлэгч томилсон би бол явуулын багшийн орон тоо байсан байгаагүйг би мэдэхгүй. Би И.А-ийн төрсөн ах Өзинбайн охин, И.А- нь миний авга эгч байгаа юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

8. Гэрч Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2011-2015 онд Ховд аймгийн Багшийн их сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Би 2016 оны 09 сар, 2017 оны 06 сар, 2018 оны 06, 09, 10 дугаар саруудад тус тус Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгт түр хүний оронд хамгийн багадаа 3 хоног дээд тал нь 1 сарын хугацаатай түр ажиллаж байсан. Намайг тухайн үед И.А- эрхлэгч томилсон. Ямар орон тоо байсныг би мэдэхгүй, намайг томилохдоо манаач, цэвэрлэгч, галчаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр томилсон. Ингээд ажиллаж байтал И.А- эрхлэгч тэтгэвэртээ гарч түүний ажлыг Ж- авч 2022 оны 01 дүгээр сард намайг ажлаас халсан. Миний ажиллах орон тоо байхгүй байна гээд намайг халчихсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,

9. Гэрч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Би Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А-д А.Б-ыг ажилд ав гэсэн чиглэл өгч байгаагүй. Иргэдээс төрийн байгууллагад хандаж өргөдөл гаргадаг бөгөөд тухайн өргөдлийг заавал шийдвэрлэх ёстой. Ингээд А.Б- гэдэг хүнээс аймгийн удирдлагад хандаж өргөдөл гаргасан байсан ба тухайн иргэн өөрөө цэцэрлэгт ажиллах сонирхолтой гэж өргөдөлдөө дурдсан байсан бөгөөд өргөдлийг шийдвэрлэхдээ Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.А-д сул орон тоо гарсан тохиолдолд авч болно гэж өргөдлийг шийдвэрлэсэн. Энэ бол хэн нэгнийг заавал ав гэсэн утгатай албан тоот биш сул орон тоо гарсан тохиолдолд авч болно гэсэн утга агуулж байгаа юм. Мэдээж сул орон тоо байхгүй бол тэр хүнийг авч болохгүй. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн төсвийг батлахдаа 2021 онд 31 ажилчин ажиллахаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хэлэлцсэн байсан тул яг энэ орон тоонд багтааж ажиллах ёстой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал/,

10. Гэрч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэг нь 2020 онд 28 албан хаагчийн бүтэц орон тоотойгоор ажиллах тухай Засаг даргын захирамж гарсан байсан, тэгэхээр 28 алба хаагчийн орон тоотой ажиллана гэсэн үг юм. 2021 оны хувьд 2020 оны төсөв баталсан хурал буюу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит 2-р хуралдааны 16-р тогтоолын 19-р хавсралтаар 31 албан хаагч байхаар аймгийн Иргэдийн хурал хуралдаж төсөв баталсан байдаг. Тэгэхээр тус батлагдсан орон тоогоор ажиллах ёстой. Энэ удаад бол аймгийн Засаг даргын захирамж гараагүй байна. Гэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 31 албан хаагч байхаар баталсан тул 31 албан хаагчийн орон тоотойгоор л ажиллах ёстой...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 76 дахь тал/,

11.Баян-Өлгий аймгийн Сургуулийн өмнөх боловсролын 2021 оны төсвийг батлахдаа...Баяннуур сумын Цэцэрлэг нь удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 20, үйлчлэх ажилтан 10, нийт 31 орон тоотой байхаар төсөв баталсан тухай Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдааны 41-р тогтоолын хавсралтын хуулбар  /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

12. Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01, 02, 03, 04 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалуудын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 87-90 дэх тал/,

13. Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай “Ө.Г-ыг явуулын багшаар авч ажиллуулах тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,

14. Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай “А.Б-ыг ажилд томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,

15. Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай “Ж.Г-ыг ажил томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,

16. Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай “А.Б-ыг ажилд томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/,

17. Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/108 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх ажпын хэсэг байгуулах тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал/,

18. Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай “М.Д-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/,

19. М.Д-ы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

20. Гэрч С.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.Д-ыг 2019 оны 12 дугаар сард цаг бүртгэгч гэсэн албан тушаалд хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгч И.А- томилон ажиллуулж байтал 2021 оны 11 дүгээр сард өвчний улмаас нас барсан. ...би нийгмийн даатгалын шимтгэлийг үзсэн. Ингэхэд М.Д- нь ажиллаж байх хугацаандаа 9.993.448 төгрөгний цалин авсан байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

21. Шүүгдэгч И.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Б- нь миний охин бөгөөд тахир дутуугийн группт байдаг болохоор би өөрөө эрхлэгч байсан дээр охиныгоо ажилтай болгочих гээд 2021 оны 12 дугаар сарн 20-ны өдөр цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгачаар томилсон. Ө.Г- бол миний ахын охин бөгөөд мөн л ажилтай байсан дээрээ томилчихьё гэж бодоод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр явуулын багшаар томилсон. Ж.Г- нь ядуу айлын хүүхэд, надад удаа дараа хүсэлт гаргаж байсан, мөн Ж.Г-ыг өмнө нь явуулын багшаар түр хэдэн сараар авч ажиллуулж байсан болохоор би батлагдаагүй орон тоонд авчихсан. А.Б-ы хувьд аймгийн Боловсролын газрын дарга Г.А-, Засаг даргын орлогч С.Х- нар сул орон тоо гарвал авах албан тоот ирүүлсэн. Би ажлаас гарахаас өмнө дарга нарын хүсэлтийг хүндэтгэе гээд А.Б-ыг илүү орон тоон томилсон. ...М.Д- нас барсаны дараагаар шууд өөрийн охин Б-ыг цаг бүртгэгчээр томилж ажиллуулсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна, М.Д-ы ажиллах үедээ авсан 9.993.448 төгрөгийн цалинг бүгдийг нь төлж барагдуулсан тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 193-194 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд, хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

22.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

23.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч И.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримтын талаар:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.А-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

 

2.Шүүгдэгч И.А- нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд иргэн М.Д-ыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар цаг бүртгэгчийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тус Цэцэрлэгийн төсөвт 9.993.448 төгрөгийн хохирол учруулсан, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох төрсөн ахын охин Ө.Г-ыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар явуулын багшийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон, мөн тус аймгийн Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд өөрийн төрсөн охин А.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар “Цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгач”-ийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон, Баяннуур сумын Цэцэрлэгийн байгууллагын батлагдсан бүтэц орон тооны хязгаараас хэтрүүлж, Ж.Г-ыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар Баяннуур сумын Цагаан аралд байгаа салбарын бүлгийн цэвэрлэгч болон галч, манаачийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон,  Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд А.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/12 дугаартай тушаалаар “архивч бичиг хэргийн ажилтан буюу багш”-ийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгч Б.Ж-аас гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-, гэрч Б.Ж-, Г.А-, Ц.Д-, А.Б-, Ө.Г-, Ж.Г-, С.Х-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Марагулан нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01, 02, 03, 04 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалуудын хуулбар, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай “Ө.Г-ыг явуулын багшаар авч ажиллуулах тухай” тушаал, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай “А.Б-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай “Ж.Г-ыг ажил томилох тухай” тушаалын хуулбар, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай “А.Б-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Баяннуур сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/108 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хуулбар, Баяннуур сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай “М.Д-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, М.Д-ы нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа, гэрч С.Г-гийн мэдүүлэг, шүүгдэгч И.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 Эрх зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

3. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч И.А-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

4.Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

5.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хамаарна” гэж тус тус заажээ.

6. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан буюу төрийн үйлчилгээний байгууллагын эрхлэгч болох нь тогтоогдож байна.

7. Иймд шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан субъект болох нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

8.Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

9.Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

10.Тодруулбал:Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны  А/118 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн (2.3) Цэцэрлэгийн эрхлэгч нь цэцэрлэгт багш, арга зүйчээр ажилласан туршлагатай байх ба Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, үр дүнгийн гэрээг удирдлага болгон ажиллана. (2.3.1) эрхлэгч нь сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана. (2.3.2) эрхлэгч нь авлигын эсрэг, хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэйгээ холбоо бүхий аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй хандана гэж тус тус заажээ. 

11.Нийтийн албан тушаалтан,Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын цэцэрлэгийн эрхлэгч И.А- нь албаны чиг үүргийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны А/430 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан, “Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”, Боловсролын тухай, Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар өөрт нь тухайлан олгосон бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлж, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, сургуулийн өмнөх боловсролын салбарын стандарт, дүрэм, журам, багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтан байна.

12.Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод зааснаар цэцэрлэгийн эрхлэгч нь байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөлт, багш ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, хариуцлага тооцох, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай, зарцуулах, хянаж тайлагнах, цэцэрлэгийг холбогдох журмын дагуу багшлах боловсон хүчин, мэргэжилтэй ажилтнаар хангах  чиг үүрэг бүхий төсвийн захирагч байна.    

13.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийн нийтлэг эрх үүргийг дараах байдлаар тодорхойлжээ.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн (11.1) Эрхлэгч нь дараахь эрхтэй, (11.1.1) холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх; (11.1.2) багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх; (11.2) Эрхлэгч дараахь үүрэгтэй, (11.2.1) боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах; (11.2.2) цэцэрлэгийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах; (11.2.4) цэцэрлэгийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;(11.2.5) цэцэрлэгийн санхүү, нягтлан бодох бүртгэл, статистикийн мэдээ, тайланг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь гаргах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

14.Түүнчлэн И.А- нь цэцэрлэгийн эрхлэгч буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн (37.1.1) Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; (37.1.2)өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх; (37.1.3) эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх; (37.1.6) харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; (37.1.7) төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; (37.1.9) албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх; (37.1.10) албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, (37.1.13) албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй,

-Мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчид хориглох хэм хэмжээ буюу (39.1.2) албаны эрх мэдлээ хэтрүүлэх; (39.1.3) хуульд нийцээгүй шийдвэр гаргах; (39.1.4) албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах зэрэг хориглолтыг зөрчихгүйгээр албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

15.Нийтийн албан тушаалтан И.А- нь  дээрх хууль тогтоомжоор олгосон чиг үүргийн хүрээнд цэцэрлэгийн эрхлэгчийн бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байх бөгөөд түүний албаны эрх мэдэл эдгээр хууль тогтоомжоор хязгаарлагдана.

16.Гэтэл шүүгдэгч И.А- нь дээрх хууль тогтоомжуудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, зарим хувийн  ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн нь дараах байдлаар нотлогджээ.

17.Баян-Өлгий аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох Баяннуур сумын Хүүхдийн цэцэрлэг нь тухайн сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч И.А- нь тус цэцэрлэгийн эрхлэгчээр 2001 оноос 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 20 гаруй жил ажиллаж байсан нь тогтоогджээ.

18. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор Баян-Өлгий аймгийн хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны төсвийг батлахдаа Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн орон тоог удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 20, үйлчлэх ажилтан 10, нийт 31 орон тоотой байхаар баталж, жилийн төсвийг төсөвлөсөн байна.

19. Гэтэл шүүгдэгч И.А- нь 2021 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарахаасаа өмнө цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, батлагдсан бүтэц, орон тооноос хэтрүүлж, тус цэцэрлэгт байхгүй орон тоонд нэр бүхий 4 хүнийг ажилд авч, бусдад давуу байдал бий болгон, тэдгээрийг ажилд томилох тухай тушаал гаргасан байх бөгөөд ингэхдээ өөрийн төрсөн охин А.Б-ыг  2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар “Цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгач”-ийн ажилд, өөрийн хамаарал бүхий төрөл садангийн хүн болох төрсөн ахын охин Ө.Г-ыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар явуулын багшийн ажилд тус тус томилж албаны эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан нь бүрэн нотлогдсон байна.

20. Түүнчлэн  шүүгдэгч И.А- нь   Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд иргэн М.Д-ыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар цаг бүртгэгчийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тус цэцэрлэгийн төсөвт 9.993.448 төгрөгийн хохирол учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

21. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус заасан бөгөөд И.А- нь Баяннуур сумын цэцэрлэгийн эрхлэгч гэх албаны бүрэн эрхээ  хувийн ашиг хонжоо олоход ашиглаж, өөрийн охин А.Б-, төрсөн ахын охин Ө.Г- нарыг тус цэцэрлэгийн бүтэц, орон тоонд байхгүй ажилд томилсон, мөн төсөв хэтрүүлж,  тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд  батлагдаагүй орон тоонд нэр бүхий хүмүүсийг ажилд томилж, тэдгээрт эдийн засгийн ашигтай байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

22.Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч И.А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1.Шүүгдэгч И.А- нь Баяннуур сумын Цэцэрлэгийн батлагдсан бүтэц орон тоонд байхгүй ажлын байранд иргэн М.Д-ыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар цаг бүртгэгчийн ажилд томилж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тус цэцэрлэгийн төсөвт 9.993.448 төгрөгийн хохирол учруулсан нь нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч И.А- гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанаас өмнө Төрийн сангийн 100020315201 тоот 9.993.448 төгрөгийг бүрэн төлж, хор уршгийг арилгасан болох нь Төрийн банкны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

2.Түүнчлэн шүүгдэгч И.А-ийн албаны эрх мэдлээ хэтрүүлэн өөрийн төрсөн охин А.Б-, төрсөн ахын охин Ө.Г-, иргэн А.Б-, Ж.Г- нарыг хууль бусаар  ажилд томилсон  үйлдлийн улмаас улсын төсөвт материаллаг хохирол учраагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.А-ээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,  

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас “...Шүүгдэгч И.А- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3.Шүүгдэгч И.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, М.Д-ы авсан цалин 9.993.448 төгрөгийг тэтгэврийн зээл аваад төлж барагдуулсан, мөн би эрүүл мэндийн хувьд сахар ихсэх өвчтэй тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

 

6.Шүүгдэгч И.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн хор уршигт 9.993.448 төгрөг төлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй байна.

 

7.Шүүгдэгч И.А- нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх боловч тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй,  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч И.А-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх боломжтой гэж үзлээ.

8.Иймд шүүгдэгч И.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа ухамсарлан ойлгож, хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэн эдлүүлэхийг сануулж, энэ шийтгэх тогтоолын биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нь шүүгдэгч И.А-ийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах санал гаргасан боловч, И.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж тэнсэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

           

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч И.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

12.Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул И.А-ийн өмчлөлийн 93.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий, улсын бүртгэлийн Ү0203000269 дугаарын гэрчилгээтэй, 219 м2 бүхий хувийн сууц битүүмжилсэн Баян-өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

13. Шүүгдэгч И.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт И-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ялыг биечлэн эдлүүлэхийг сануулсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолын биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч И.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч И.А- нь шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт 9.993.448 /есөн сая есөн зуун ерөн гурван мянган дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг төрийн санд төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байх тул И.А-ийн өмчлөлийн 93.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий, улсын бүртгэлийн Ү0203000269 дугаарын гэрчилгээтэй, 219 м2 хувийн сууц битүүмжилсэн Баян-өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10.Шүүгдэгч И.А-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА