Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

2022/ШЦТ/110Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Э.С-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Л.Б- /цахимаар/,

Шүүгдэгч Э.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-ын С-т холбогдох эрүүгийн 2206008241424 дугаартай, нэгтгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт Э-ын С-, регистрийн дугаар ЦЖ........................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байхдаа 2021 оны 8 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд ховор ан амьтны жагсаалтад орсон нэг төрөл, зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм Алтайн хойлог шувууны 2 ширхэг бүтэн мах буюу ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, 2022 оны 1 дүгээр сарын 15- ныг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байх өөрийн гэртээ, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 8-260 тоотод хадгалсан, улмаар худалдан борлуулахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан,

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт буюу тус сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байранд 2022 оны 3 дугаар сарын 16- ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Е-ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

А.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байхдаа 2021 оны 8 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд ховор ан амьтны жагсаалтад орсон нэг төрөл, зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм Алтайн хойлог шувууны 2 ширхэг бүтэн мах буюу ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, 2022 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байх өөрийн гэртээ, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 8-260 тоотод хадгалсан, улмаар худалдан борлуулахыг завдсан, мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт буюу тус сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байранд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Е-ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч Э.С- мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.Надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.

 Б.Хэргийн үйл баримтын талаар эрүүгийн 2206008241424 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэмт хэргийн талаарх мэдээлэл танилцуулах тухай 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “...Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг илрүүлэхэд ач холбогдол бүхий мэдээлэл олох чиглэлээр цахим орчинд хяналттавин ажиллахад 2022 оны 1 сарын 22-ны өдрийн 18:23 цагийн орчимд “Suhbaatar Suhee” гэх хаягаас фэйсбүүк цахим орчинд “Бүтэн хойлог байна. 94580302” гэх мэдээлэл байршуулсан байсныг шалгасан талаарх илтгэх хуудас, цахим орчинд байршуулсан зар болон хураан авсан 2 ширхэг хойлог шувууг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 03, 07-08 дахь тал/,

2.Иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Нийслэлийн байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 9 сараас хойш ажиллаж байна. Нийслэлийн байгаль орчны газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 04/270 дугаартай албан бичгээр иргэний нэхэмжпэгчээр томилогдсон. ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т амьтны аймагт учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж тооцож төлүүлэхээр заасан. Иймд байгаль орчинд учруулсан хохирол болох экологи-эдийн засгийн үнэлгээ 260,000 төгрөгийн хохирлыг 2 дахин нэмэгдүүлж Нийслэлийн Байгаль орчны газрын Төрийн сан банкны хүү, торгуулийн орлогын дансанд шилжүүлнэ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/,

3. Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг манай аавын ах Эр-ын хүүхэд Э.С- нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны орчимд “Н- гэдэг хүнээр хайрцагтай зүйл явуулсан байгаа очоод авчих” гэж надтай утсаар ярьсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Жуковын ойролцоо байдаг айлд ирсэн байхад нь Н-аас Э.С- ахын өгч явуулсан зүйлийг би очиж авсан. Н- нь манай аавын эгч Э-ийн хүүхэд юм. Би Э.С- ахын өгч явуулсан хайрцагтай зүйлийг гэртээ авчраад тагтан дээрээ тавьсан. 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Э.С- ах над руу залгаад “нөгөө хайрцагтай зүйлийг хүмүүс авахаар боллоо, гэрийнхээ гадаа гаргаад өгчих” гэхээр нь задлаад үзэхэд 2 ширхэг хойлог шувуу байсан. Тэгээд гэрийнхээ гадаа үзүүлэхээр гарахад цагдаагийн хүмүүс байсан. Н- нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдардаг. Гэхдээ одоо бол Цэнгэл суманд байна гэсэн. Баянзүрх дүүргийн Жуковын ойролцоох айл бол Н-ын гэр биш, тэр айлд түр ирсэн байсан. Э.С- ах Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын төвд хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Ан гөрөө хийдэг эсэх, буу зэвсэгтэй эсэхийг мэдэхгүй. Э.С- ахын өгч явуулсан хайрцагтай зүйлийг 2 ширхэг хойлог шувуу эсэхийг Н- ах мэдээгүй. Э.С- ах надад өгч явуулсан зүйлээ хэдэн ширхэг, юу байгааг мөн хэлээгүй. ...Э.С- ах намайг тагтан дээрээ тавьчхаарай гэж хэлсэн юмаа. ...зарсан бол намайг мөнгийг нь дансандаа шилжүүлээд авчхаарай гэж Э.С- ах хэлж байсан. Урьд өмнө ан амьтны гаралтай зүйл явуулж байгаагүй, зарж борлуулж байгаагүй. Э.С- ахын өгч явуулсан 2 ширхэг хойлогийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл 5 хоног Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 8-260 тоот түр оршин сууж байгаа гэрийнхээ тагтан дээр хадгалсан. Нэгийг нь 300,000 төгрөгөөр зарах гэж байсан. Г- гэж хүнийг танихгүй. ...Э.С- ах утсаар залгаад хүнд гаргаад өгчих гэхээр нь гаргаж өгөхдөө мэдсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15-17, 118-119 дэх тал/,

4.Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улаанбаатар хот явахаас 1 хоногийн өмнө Э.С- гэх нагац над руу залгаад “хот явах гэж байгаа юмуу, ачаа хэр ихтэй байгаа, би нэг дайвар ачаа тавьж явуулах гэсэн” гэж хэлсэн. Тэгээд би “маргааш явах гэж байна, надад ачаа гээд байх юм байхгүй” гэж хэлсэн. Тэгээр тэр орой нь Э.С- хүүхдээрээ 1 хайрцагтай зүйл өгч явуулсан байсан. Би хайрцагтай зүйл дотор юу байсныг мэдээгүй. Тэгээд би хотод очиж Жуковт байдаг хүргэний гэрт хайрцагтай зүйлийг тавьсан. Хайрцагтай зүйл дээр Ёолк гэж хаягласан байсан. Бид нар Б-г Ёолк гэдэг хочоор дууддаг.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 470 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль хөлдөөсөн шувуу нь нэг төрөл, зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) байна. 2. Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номонд орсон ховор шувуунд орсон зүйл. ...4. Шинжилгээнд ирүүлсэн 2 бодгаль хөлдөөсөн шувуу нь галт зэвсгээр агнагдсан байж болно. 5. Алтайн хойлог- Tetraogallus altaicus, (Gebler, 1836) нь экологи-эдийн засгийн нэг толгой 130,000 төгрөгөөр үнэлэгддэг” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 22-31 дэх тал/,

6.Шинжээч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дүгнэлтээр тухайн 2 бодгаль шувуу нь Монгол улсын ховор амьтны жагсаалтад багтсан Алтайн хойлог шувуу болохыг тогтоосон. Агнагдсан байдлыг нь тогтоохоор галт зэвсгийн дарьны үлдэгдэл байгаа эсэхийг шинжлүүлэхэд дарьны ул мөр илрээгүй. Гэхдээ тухайн 2 бодгаль шувууны биед учирсан шархнаас үзэхэд галт зэвсгээр агнасан байж болзошгүй ул мөр үлдсэн байсан. Тодруулбал, нэг шувууны хүзүү, зүүн далавч хэсэгт, нөгөө шувууны баруун нүдний доод хэсэгт 1,5 см голчтой нүх үүссэн шарх байсан. Харин хэзээ агнагдсан, ямар төрлийн галт зэвсгээр агнагдсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

7. Хоёр бодгаль шувууг хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,

8. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

9. Иргэн М.А-ээс гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 152 дахь тал/,

10. Нас тоолсон тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/,

11. Насанд хүрээгүй хохирогч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 сарын 16-ны өдөр хичээл тараад ... Нурсултан гэдэг хүүхдийг ..Тыва хүүхдүүд нийлж зодож байсан. би очиж салгаж авсан. ..нэг хүүхдийг цээжин тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд сургуулийн дотуур байранд ирсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө хүүхэд аавыгаа дагуулж манай байранд ирсэн. Тэр хүүхэд намайг зааж харуулаад аавдаа “энэ хүүхэд миний цээжин тус газарт цохисон” гэж хэлсэн. Тэр хүүхдийн аав намайг шууд цээжин тус газарт цохиж, дараагаар нь баруун нүд болон толгой руу маань гараараа 2 удаа цохисон. Намайг Э.С- гэдэг хүн зодсон. Түүний том хүүхэд аавтайгаа хамт явж байсан ба надад гар хүрээгүй. ...тухайн үед миний толгой өвдөж, баруун нүд хөхөрч хадвсан ба цээжний хэсэгт өвдөж хөнгөн гэмтэл авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

12. Гэрч К.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ажлын хуваарийн дагуу Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дотуур байранд үүрэгт ажпаа гүйцэтгэсэн. Энэ хугацаанд орой 18 цаг 30 минутад эхний ээлжийн хүүхдүүдийг гал тогоонд хоолонд оруулж байхад дотуур байранд үлдсэн Н.Е- гэх хүүхэд надад гүйж ирж Сүхээ гэх хүн ирж баруун гараараа миний нүүрэн тус газраас цохиж зодлоо гэж хэлээд баруун талын нүдний хэсгийг харуулсан" гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал/,

13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 275 дугаартай “...Хэсэг газрын үзлэгт: баруун талын нүдэнд хавдартай, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний баруун ирмэг орчим 0.6х0.2см хэмжээтэй шархтай, баруун хацарт хавдартай, зулайд хавдартай, баруун нүдний дотор салстад цус харвасан. 1. Н.Е-ы биед тархины доргилттой, баруун талын нүдэнд хавдартай, доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун нүдний баруун ирмэн орчим 0,6х0,2см хэмжээтэй шархтай, баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зулайнд хавдартай, баруун нүдний дотор салстад цус харвасан гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2/хоёр/-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтлүүд бүгд 1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 197-199 дэх тал/,

14. Шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өөрийн гэм буруугийн асуудлыг ойлгож ухамсарлаж байна, маргаан байхгүй, буруу зүйл хийсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. ...тухайн хүүхдийн гэдэс рүү нэг удаа цохиж, баруун гараа толгой тус газраас нь нэг удаа алгадаад ... хүүхдээ өмөөрч очоод нэг хүүхдийг цохиж гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128-130, 1 дэх хавтаст хэргийн 224-225 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.С-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

В. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримтын талаар:

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

2.Шүүгдэгч Э.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт амьдарч байхдаа 2021 оны 8 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд ховор ан амьтны жагсаалтад орсон нэг төрөл, зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм Алтайн хойлог шувууны 2 ширхэг бүтэн мах буюу ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, 2022 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байх өөрийн гэртээ, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 22-ны өдөр хүртэл гэрч О.Б-гийн түр оршин сууж байгаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 8-260 тоот байранд хадгалж, улмаар худалдан борлуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх мэдээлэл танилцуулах тухай илтгэх хуудас, цахим орчинд байршуулсан зар болон хураан авсан 2 ширхэг хойлог шувууг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 470 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч С.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хоёр бодгаль шувууг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр,

3.Шүүгдэгч Э.С- нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт буюу тус сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байранд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Н.Е-ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэн М.А-ээс гаргасан зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, нас тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Н.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч К.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 275 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

Г. Эрх зүйн дүгнэлт:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухайд:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд уг гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай үйлдэл юм.

2.Эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.С-ын үл таних хүнээс худалдан авч, хадгалж, худалдан борлуулахыг завдсан гэх 2 бодгаль хөлдөөсөн шувуу нь нэг төрөл, зүйлийн бие гүйцсэн, хүйс нь эм Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gebler, 1836) шувуу буюу Монгол Улсын улаан номонд орсон ховор амьтан болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан “амьтан, ховор амьтан” гэх ойлголтод “Алтайн хойлог” шувуу дараах байдлаар хамаарч байна.

3. Амьтны тухай хуулийн 4.1.1-д амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад заасныг ойлгоно гэж,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж зааснаас үзэхэд “Алтайн хойлог” шувуу нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох “амьтан” мөн болох нь тогтоогдож байна.

4.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай, “Жагсаалт, журам батлах тухай (Ховор амьтны)” тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.17-д Алтайн хойлог (Tetraogallus altaicus) шувууг ховор амьтны жагсаалтад оруулсан байх тул Э.С-ын худалдан авч хадгалж, улмаар худалдан борлуулахыг завдсан 2 бодгаль хөлдөөсөн “Алтайн хойлог” шувуу нь ховор амьтан болох нь мөн тогтоогдож байна.

5.Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байх тул эрх бүхий этгээд нь дээрхээс бусад зорилгоор “Алтайн хойлог” шувуу агнах, барих зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзнэ.

6. Шүүгдэгч Э.С- нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтын хоёрын 17-д бүртгэгдсэн 2 бодгаль, Алтайн хойлог шувууны 2 ширхэг бүтэн мах буюу ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, улмаар худалдан борлуулахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч,шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

7.Иймд шүүгдэгч Э.С-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол болон, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1005 дугаартай яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.С-ыг “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсан, худалдан борлуулахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

8.Шүүгдэгч Э.С- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдэн ан амьтны  экологи эдийн засагт зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

9.Шүүгдэгч Э.С- нь “ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсан, худалдан борлуулахыг завдсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлснийг түүний өмгөөлөгч Л.Б- дэмжиж, улсын яллагчтай мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн тухайд:

1. Шүүгдэгч Э.С- нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт буюу тус сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байранд насанд хүрээгүй хохирогч Н.Е-ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогджээ.

2.Шүүгдэгч Э.С-ын үйлдлийн улмаас бага насны хохирогч Н.Е-ы эрүүл мэндэд “тархины доргилт, баруун талын нүдэнд хавдар, доод зовхинд хөх ягаан өнгийн туяатай цус хуралт, баруун талын нүдний орчим 0.6х0.2 см хэмжээтэй шарх, баруун хацарт хавдар, цус хуралт, зулай хэсэгт хавдар, баруун нүдний дотор салстад цус харвалт” зэрэг гэмтэл бүхий  хөнгөн хохирол учирсан байх бөгөөд дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр, 1-10 хоногт үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болох нь эрх бүхий шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. /нэгдүгээр хавтаст хэргийн 197-199 дэх тал/,

3. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

4.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид хамааруулж үзэх бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульд заажээ.

5.Гэмт халдлагад өртсөн, хохирогч Н.Е- нь 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, гэмт хэрэгт өртөх үедээ 11 нас, 9 сар, 16 хоногтой байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 160 дахь талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, 161 дэх талд авагдсан нас тоолсон тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт:”Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж заасны дагуу хохирогч Н.Е- нь арван дөрвөн насанд хүрээгүй, бага насны хүүхэд болох нь тогтоогдож байх тул прокуророос Э.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж зүйлчлэл тохирсон байна.

6.Шүүгдэгч Э.С- нь уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдээгүй бөгөөд  Н.Е-ыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, түүнийг зодож, хөнгөн хохирол учирсан хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдэл, бага насны хохирогчид учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

7.Иймд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Э.С- нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдэхэд түүний хуулийн зохих мэдлэггүй байдал, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Э.С-ын уурлаж, бухимдсан үедээ өөрийгөө барих, удирдан жолоодох чадвар сул, бие хүний хувьд хүмүүжил, төлөвшил, ухамсрын түвшин дутмаг байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Д.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

2.Шүүгдэгч Э.С-ын үйлдсэн “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн улмаас амьтны аймагт 260.000 төгрөгийн бодит хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Амьтны тухай хуулийн (37.1) Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. (37.2) Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. (37.3) Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож төлүүлэхээр тус тус хуульчилсан байна.

3.Дээрх хуулийн заалтаас үзэхэд хууль бусаар ан агнах гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь ховор амьтныг  тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан идэвхтэй үйлдлийг хийгээгүй ч Амьтны тухай хуулийн 25.3-т зааснаар эрх бүхий этгээдээс гарал үүслийн тодорхойлолтгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан бол тухайн зүйл амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулахаар заасан тул  Э.С- нь хууль бусаар худалдан авч хадгалж, улмаар худалдан борлуулахыг завдсан 2 бодгаль Алтайн хойлог шувууны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлөх үүрэгтэй байна.

4.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай, “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Алтайн хойлог” шувууны экологи эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон байна. 

5.Иймд энэ хэргийн хувьд амьтны аймагт учирсан хохирол нь 260.000х2=520.000 төгрөгөөр тооцогдох бөгөөд шүүгдэгч Э.С- нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 260.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 520.000 төгрөгийг  Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд төлсөн, мөн насанд хүрээгүй хохирогч Н.Е-, түүний хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.С-аас гаргуулах хохирол,төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн, 6000 нэгж буюу 6000.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох” дүгнэлтийг,  

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-гаас: “Улсын яллагчаас санал болгосон торгох ялыг зөвшөөрч байгаа бөгөөд уг ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Э.С- нь хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн хүсэлтийг тус тус гаргасан болно. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Э.С-ыг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

5. Шүүгдэгч Э.С- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

6.Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй гэж үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

7.Түүнчлэн шүүгдэгч Э.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлан ойлгож, учруулсан хохирол хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн нь түүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдлыг харуулж байна.

8.Иймд шүүгдэгч Э.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 5850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

9.Шүүгдэгч Э.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт 22130008400100 дугаартай хэргийг нэгтгэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан 2 бодгаль Алтайн хойлог шувууг устгаж, баримт үйлдэн тус шүүхэд ирүүлэхийг түүний хадгалалт хамгаалалтыг хариуцаж байгаа Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэв.

10.Шүүгдэгч Э.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дэлэг овогтой Эр-ын Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалсан, худалдан борлуулахыг завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т 5400 (таван мянган дөрвөн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга)-н төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 (таван мянган дөрвөн зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга)-н төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 5850 (таван мянга найман зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 (таван сая найман зуун тавин мянга)-н төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан 5850 (таван мянга найман зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.850.000 (таван сая найман зуун тавин мянга)-н төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

6. Шүүгдэгч Э.С- нь гэмт хэргийн хор уршигт 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр  Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 520.000 (таван зуун хорин мянга)-н төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.Е-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Нурахмет нарт 1.000.000 (нэг сая) төгрөг тус тус төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор Э.С-аас гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Э.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэрэгт эрүүгийн 2213000840100 дугаартай хэргийг нэгтгэснийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 бодгаль Алтайн хойлог шувууг устгаж, баримт үйлдэн тус шүүхэд ирүүлэхийг түүний хадгалалт хамгаалалтыг хариуцаж байгаа Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА