Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өренээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л-ын Э-т холбогдох эрүүгийн 2213000000146 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1973 оны 01 сарын 23-ны өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт, Ах хус тау, 7-5 тоотод оршин суух, хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Л-ын Э-, регистрийн дугаар БЮ..............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 70-09 БӨҮ улсын дугаартай “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3, 10.1 дэх заалтыг тус тус зөрчиж, иргэн Т.Р-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Р-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:“...Шүүгдэгч Л.Э- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 70-09 БӨҮ улсын дугаартай “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3, 10.1 дэх заалтыг тус тус зөрчиж, иргэн Т.Р-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Р-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч Л.Э- мэдүүлэхдээ:“Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Т.Р-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үеэс эмнэлгийн тусламж үзүүлж, хохирол төлбөрийг бүрэн арилгасан. Одоо Т.Р-ы биеийн байдал хэвийн болсон, сайн байгаа.Иймд надад хөнгөн шийтгэл өгнө үү” гэв.

Эрүүгийн 2213000000146 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-07 дахь тал/,

2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-20 дахь тал/,

3.Жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/,

4.Хохирогч Т.Р-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Баян-Цамбагарав ХХК-ийн эзэн С-ын хашаанаас ачаа ачихаар том оврын бас нэг тээврийн хэрэгсэл ирж хашаа руу орж тээврийн хэрэгслээ байрлуулж тавиад явсан. Дараа нь 21 цагийн үед нөгөө тээврийн хэрэгсэл буцаж хашаанаас гарах үед миний ачаа буулгаж байсан тээврийн хэрэгсэл рүү шахаж, огцом баруун тийшээ эргэх үед газар зогсож байсан намайг мөргөж дайраад тээврийн хэрэгслийн хэсгээр хавчуулагдаж, өөрийгөө арай гэж чөлөөлсөн.Тухайн үед миний өмдний зүүн талын халаасанд байсан гар утсыг минь гэмтээж улмаар зүүн талын гуя хэсгээр гүн шархдуулж гэмтээсэн. Мөн нуруу хэсгээр мөргөж нурууны нугаламны хоёр талын хажуугийн сэртэнгүүд хугарсан байна. Нөгөө тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Иргэн Л.Э- нь надад хохирол учруулсан үеэс миний эмчилгээний зардлыг тухай бүр гаргаж өгч байсан. Миний бүх зардлыг төлж, Улаанбаатар хот руу авч яваад үзлэг шинжилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэх хугацаанд надаас ямар ч мөнгө гараагүй. Бүх хохирлыг Л.Э- төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 29-30 дахь тал/,

5.Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...тээврийн хэрэгсэл ачаа ачиж дуусаж 21 цагийн үед тээврийн хэрэгслийн жолооч өөрөө ганцаараа ирж тээврийн хэрэгслээ хашаанаас гаргах явцад зогсож байсан миний тээврийн хэрэгслийг шүргэж,улмаар ачаа буулгаж байсан залууг дайрч, хавчуулан гэмтэл учруулсан. “...тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэлээн архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

6.Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэн Т.Р-ы бүсэлхий битүү гэмтэл L1 нугаламайн хоёр талын хажуугийн сэртэнгүүд хугаралттай, бүсэлхийгээр зөөлөн эдийн бэртэл, зүүн гуяны дунд хэсэгт хөндлөн байрлалтай, зулгаралттай, няцарсан шархтай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Т.Р-ы биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. ...1-10 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно. Иргэн Т.Р-ы дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 429 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

7.Шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн“...Иргэн Л.Э-ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Л.Э-ын биенээс авсан гэх цусанд 1.9% промилли этилийн спирт илрэв. Иргэн Л.Э- нь тухайн үед дунд зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

8. Мөрдөгчийн “...улбар шар өнгийн 70-09 БӨҮ улсын дугаартай Mitsubishi Fuso загварын ачааны тээврийн хэрэгслийн жолооч Л.Э- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан”Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэв” гэх магадлагаа /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

9. Шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу. Миний бие хохирогчид учруулсан хохиролыг бүрэн төлж өгсөн. Ойролцоогоор 3.000.000 гаруй  төгрөгийн зардлыг миний бие тухай бүр төлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

10.Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан байх ба шүүгдэгч Л.Э- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

11.Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

12.Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Э-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

2. Шүүгдэгч Л.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 70-09 БӨҮ улсын дугаартай, “Mitsubishi Fuso” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож,Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг тус тус зөрчин, иргэн Т.Р-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, хохирогч Т.Р-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 429 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгч Л.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал болон шүүх хуралдааны тэмдэглэл /зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.

2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Л.Э- нь энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогджээ.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.

4. Шүүгдэгч Л.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 70-09 БӨҮ улсын дугаартай, “Mitsubishi Fuso” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан хор уршигт хүргэсэн байх бөгөөд зам тээврийн осол гаргах үедээ тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хавтаст хэргийн 31 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, гэрч С.Н-ийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэж үзнэ.

5. Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн магадлагаагаар шүүгдэгч  Л.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсныг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцэж байх тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

6. Шүүгдэгч Л.Э- нь согтуугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх ба хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах үр дагаварт болгоомжгүй хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-ыг энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

7. Иймд шүүгдэгч Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

8.Гэмт хэрэг үйлдэгдэхэд Л.Э-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Л.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Р-ы бүсэлхий битүү гэмтэл L1 нугаламайн хоёр талын хажуугийн сэртэнгүүд хугаралттай, бүсэлхийгээр зөөлөн эдийн бэртэл, зүүн гуяны дунд хэсэгт хөндлөн байрлалтай, зулгаралттай, няцарсан шархтай зөөлөн эдийн бэртэл гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэх эрүүл мэндийг удаан сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь хавтаст хэргийн 36-37 дахь талд авагдсан шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 429 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

2 Шүүгдэгч Л.Э- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Р-д 3000.000 төгрөгийг бүрэн төлж, барагдуулсан нь тогтоогдож байх бөгөөд хохирогч нь түүнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр:Шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

2. Шүүгдэгч Л.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч Л.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

4. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Л.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э- нь  тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч  Л.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавьж, биелэлтийг хангахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “шүүх оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.3-т “шүүх согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтооно” гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Л.Э-т  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт  тогтоох  албадлагын арга хэмжээ  авч шийдвэрлэв.

 

7.Шүүгдэгч Л.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бусад баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Л.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Ш овогт Л-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн  3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Э-т  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Л.Э-ыг тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж, хэрэгжүүлэхийг Баян-Өлгий  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Э- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  анхааруулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.  

 

7.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА