Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Прокурор: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Х.З-, Я.С-,

Шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт У-ы А-, Х овогт М-ийн У-, С овогт Х-н Т- нарт холбогдох эрүүгийн 2213000610144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын харьяат, 1983 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын 4-р багт оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. И овогт У-ы А-, регистрийн дугаар БД.............

2.Монгол Улсын харьяат, 1970 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын 7-р багт оршин суудаг, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, Х овогт М-ийн У-, регистрийн дугаар БД...............

3.Монгол Улсын харьяат, 1978 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын 2-р багт оршин суудаг, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, С овогт Х-н Т-, регистрийн дугаар БД.................

            Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

1.Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлаар ажиллаж байсан У.А-, сургалтын менежер ажилтай М.У-, анги удирдсан багш Х.Т- нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сургуулийн 2018 оноос 2019 оны хичээлийн жилд суралцаж төгсөөгүй 12б ангийн сурагч А.Х-, С.Б- нарт 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөр БҮ20190215913, БҮ20190215920 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх бичиж өгч, бусдад бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэх давуу байдал бий болгож, улсын төсөвт 1.014.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал, дүгнэлтийн агуулга:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:“...Баян-Өлгий аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан У.А-, сургалтын менежер М.У-, Х.Т- нар нь үгсэн тохиролцон, бүлэглэж албан эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018-2019 оны хичээлийн жилд суралцаж төгсөөгүй 12 “Б” ангийн сурагч А.Х-, С.Б- нарт Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэх гэрчилгээ олгож, бусдад давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна. Энэ бол албаны эрх, ашгийн эсрэг гэмт хэрэг мөн. Иймд У.А-, М.У-, Х.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна” гэв.

2.Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч Я.С- шүүхийн хэлэлцүүлэгт:“...Шүүгдэгч М.У-ыг аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тухай яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй бөгөөд шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай саналыг дэмжиж байна. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дараах хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгаа гэдгийг танилцуулъя. Шүүгдэгч М.У-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг холбогдож байгаагүй нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. Шүүгдэгч М.У- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Шүүдэгчийн холбогдсон гэмт хэргээс улбаалан учирсан хохирлыг шүүгдэгч нар шүүх хуралдаанаас өмнө бүрэн төлж барагдуулсан. Мөн хууль бусаар олгосон 2 ширхэг бүрэн дунд боловсролын гэрчилгээг А.Х-, С.Б- нар ашиглаагүй тул энэ гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй гэж үзэж болно. Иймээс М.У-ад оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

3.Шүүгдэгч У.А-, Х.Т- нарын өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч У.А- нь Булган сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр сургуулийн захирлаар, Х.Т- нь багшаар ажиллаж байхдаа 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын менежер М.У-тай хамтран тухайн жилийн ерөнхий боловсролын сургуулийн 12 “Б” ангид суралцаж төгсөх ёстой байсан А.Х-, С.Б- гэх сурагчдыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суралцаагүй буюу зохих ёсоор суралцаж төгсөөгүй байхад нь 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тэдний нэр дээр бүрэн дунд боловсролын үнэмлэх бичиж өгч, бусдад бүрэн дунд боловсрол эзэшсэн гэх давуу байдал бий болгож, улсын төсөвт 1.014.400 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах явцад болон шүүх хуралдааны явцад шүүгдэгч У.А-, Х.Т-, М.У- нарын гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Еркегүлийн мэдүүлэг, мөн гэрч Нуржан, С.Б-, А.Х-, Худакелди, Байжан, Сайрангүл зэрэг гэрч нарын мэдүүлгүүд, сурагчдад бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон бүртгэлийн маягт, хичээлийн журналын хавтаст хэрэгт авагдсан хуулбар, Бүрэн дунд боловсролын үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч У.А-, Х.Т- нар гэм буруугийн талаар маргахгүй байгаа гэдгээ илэрхийлсэн тул тэднийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Харин тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.”гэв.

4.Шүүгдэгч У.А- шүүхийн хэлэлцүүлэгт:“...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүүхдүүдэд 12 дугаар ангийн гэрчилгээ олгосон маань буруу зүйл болжээ. 12 дугаар ангийн гэрчилгээ олгоход тэдгээр хүүхдийн ар гэрийн амьдрал, нөхцөл байдал, эцэг эхийн хүсэлтийг нь харгалзаж гэрчилгээ олгосон. Нэг хүүхэд маань өвчтэй, нөгөө хүүхэд маань Казахстан улсад явсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж олгож байсан. Энэхүү үйлдлүүд маань буруу байсан гэдгийг ойлгож, гэмшиж байна. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.

5.Шүүгдэгч М.У- шүүхийн хэлэлцүүлэгт:“...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн жил Монгол Улсын Засгийн газраас Хүүхэд хамгааллын жил хэмээн зарлаж байсан. Тус хөтөлбөрийн дагуу эдгээр хүүхдүүдэд тусалсан үйлдлүүд маань алдаа боллоо. Дахин хэзээ ч ийм асуудал гаргахгүй, сайн ойлгосон тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэв.

6.Шүүгдэгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт:“...Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн жил би А.Х, С.Б- нарын ангийн багш байсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн эрх ашиг битгий хохироосой гэсэндээ ийм үйлдлийг хийсэн. Мөн эдгээр хүүхдүүдийн хичээлийн дүнг багш болгон өөрийн системээр нэвтэрч оруулж байсан. Би харин ганц нэг багшийг гуйж дүн тавиулсан нь үнэн. Дахин хэлэхэд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс хуулийн хүрээнд хамгийн бага ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэхэд:

2.Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд суралцагч А.Х-, С.Б- нар нь эрүүл мэндийн шалтгаанаар хичээлээс чөлөө авч, Казакстан улс руу эмчилгээ хийлгэхээр явсны улмаас тухайн хичээлийн жилд эзэмших ёстой сургалтын агуулгыг бүрэн гүйцэд эзэмшээгүй, суралцагч А.Х- нь 2018-2019 онд хичээлд огт суугаагүй, төгсөх шалгалт өгөөгүй, суралцагч С.Б- нь 2018 оны 9 дүгээр сард 7 хоног хичээлд хамрагдаж, мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдөр  Казакстан Улс руу эмчлүүлэхээр яваад 2019 оны  3 дугаар сард Монгол Улсад буцан ирж, 3 сар гаруй хугацаанд хичээлд суусан зэргээр 12 дугаар ангид эзэмшвэл зохих мэдлэгийг бүрэн эзэмшээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоогджээ.

3.Гэтэл 2018-2019 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан У.А-, сургалтын менежер М.У-, тус сургуулийн 12 б анги удирдсан багшаар ажиллаж байсан Х.Т- нар нь суралцагч А.Х-, С.Б- нарыг 2018-2019 оны хичээлийн жилд эзэмшвэл зохих мэдлэгийг эзэмшээгүй, хичээлд биечлэн суралцаагүй, суралцагч А.Х- нь төгсөлтийн шалгалт өгөөгүй болохыг мэдсээр байж, тэдгээр сурагчдад бүрэн дунд боловсролын үнэмлэх олгохын тулд хичээл зааж байсан багш нараар судалвал зохих хичээлийн үнэлгээг гаргуулж, А.Х-ы төгсөх шалгалтын дүнг хууль бусаар тооцож, А.Х-, С.Б- нарыг боловсролын мэдээллийн системд 12 дугаар анги төгсөх сурагчдын мэдээлэлд бүртгэж, суралцагч А.Х-, С.Б- нарт 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БҮ20190215913, БҮ20190215920 дугаартай боловсролын гэрчилгээ олгосон гэх үйл баримт тогтоогджээ.

 Нотлох баримтын үнэлгээ:

1Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Суралцаагүй сурагчид бүрэн дунд боловсролын үнэмлэх олгож болохгүй. Бүрэн суралцаж,  дүнг тавьсаны эцэст бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгох эсэх асуудлыг сургуулийн захирал шийдвэрлэж гарын үсэг зурж тамга дарж олгодог. Ганц захирал ч гэхгүй ангийн багш, сургалтын менежер нь дүнг нь тавьж гарын үсэг зурдаг. Тийм болохоор ангийн багш, сургалтын менежер, захирал нар л суралцагчдыг төгсгөх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. ...Сурагчдад олгох бүрэн дунд боловсролын үнэмлэх нь 5500 төгрөг бөгөөд 2 сурагчийн тухайд 11.000 төгрөг болж байгаа юм. Үүнээс гадна сургуульд сурч байгаа хүүхдийн тооноос хамаарч хувьсах зардлаар сургууль санхүүждэг бөгөөд ахлах ангийн 1 сурагчийн жилийн хувьсах зардал 501.700 төгрөг бөгөөд 2 сурагч гэвэл 1.003.400 төгрөг болж байгаа юм. Хэрэв энэ асуудлыг хуулийн дагуу буруу гэж тогтоогдвол хувьсах зардал, үнэмлэхний төлбөр гээд нийт 1.014.400 төгрөгийг буруутай этгээдээс төлүүлэх нь зөв байх гэж үзэж байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

3. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:”...Миний бие захирлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд манай сургуулийн зарим нэг багш нар орж ирээд манай сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд Х.Т- багшийн ангид суралцаж байсан 30-аад сурагч нарын дундаас А.Х-, С.Б- гэх сурагч нар огт хичээлд суралцаагүй байхад анги удирдсан багш Х.Т- болон статистик хариуцсан сургалтын менежер М.У- нар хуйвалдаж дээрх хоёр хүүхдэд хуурамч дүн тавьж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон байсан гэдгийг сонсож байсан. Тэгээд тухайн хоёр хүүхдийн талаар сургуульд байсан материалуудыг авч шалгаж үзэхэд А.Х-, С.Б- нарт бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгогдсон байсан. Хоёр хүүхэдтэй хичээл заасан багш нарын журналуудыг авч шалгаж үзэхэд тухайн жилийн хичээлийн хугацаанд А.Х- нь өвчтэй, С.Б- нь чөлөөтэй гэж тэмдэг тавигдсан байсан байна. Зарим нэг багш нарын журналд тухайн хоёр хүүхдийн хичээл сурсан жилийн эцсийн үнэлгээ огт гараагүй байсан. ...Тухайн жилүүдийн бүлэг сэдвүүд болон улирлын шалгалтад өөрийн биеэр орж шалгалт өгч тэнцсэнээр бүрэн дунд боловсрол олгогдох ёстой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

4. Гэрч С.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний бие 2018 оны 09 дүгээр сарын эхний долоо хоногт хичээлд хамрагдаж байсан. Тухайн үед миний бие өвдөж байсан болохоор эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд эцэг эх маань үзмэрчид үзүүлэхэд  зарим нэг үзмэрч дулаахан, чийгтэй газар луу очвол өвчин чинь эдгэрэх болно гэж хэлсэн байсан. Тэгээд аав, ээж маань тэгвэл чи Казахстан улсад байгаа хамаатнуудад очиж ир гэж явуулсан. Тухайн үед анги удирдсан багшдаа Казахстан улс руу явж байна гэж хэлээд явж байсан. Тэгээд Казахстан улс руу 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр замын унаагаар явж байсан. Казахстан улсад очиж ах, дүү нарын гэрт байж ардын эмчилгээ хийлгэж, дулаахан газарт байснаар бие маань эдгэрч сайн болсноор Казахстан улсад 2019 оны 02 сар хүртэл байсан. Тэгээд манай анги удирдсан багш маань надад мессенжерээр зурвас бичиж чи хэзээ ирэх гэж байна, Казахстан улс руу явсан ажил чинь болсон бол ирж хичээлдээ суухгүй юм уу гэж бичсэн. Миний бие 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Монгол улс руу орж ирж хичээлдээ орсон байсан. Тэгээд хичээлээ сурч, улсын шалгалтаа өөрийн биеэр өгч 12 дугаар ангийг амжилттай төгсөж бүрэн дунд боловсрол эзэмших гэрчилгээ авч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

5.Гэрч А.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2018 оны 08 дугаар сарын дундуур хувийн ажлаар Казахстан улс руу явсан байсан. Казахстан улс руу очсны дараа хувийн ажил маань бүтээгүй учраас 11 сарын хугацаанд Казахстан улсад түр оршин сууж ах, дүүгийн гэрт байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын сүүлд Монгол улс руу буцаж орж ирсэн байсан. Гадаад улс руу гараад явсан байсан болохоор 2018-2019 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийг биеэрээ суралцаж, улсын шалгалтад орж чадаагүй байсан. Тухайн үед улсын шалгалт болох гэж байна гэж анги удирдсан багш Х.Т- надад зурвас бичиж холбогдож чи өөрийн биеэр шалгалтад орохгүй бол бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгогдохгүй гэж бичиж байсан. Би багшдаа 12 дугаар анги төгсөх хонхны баяр болон улсын шалгалтад амжиж очих болно гэж хариу зурвас бичиж байсан. ...Намайг Казахстан улсад явж байхад манай гэрийн хүмүүст анги удирдсан багш маань миний 12 дугаар анги төгссөн гэрчилгээг авч ирж өгсөн байна. Бусад зүйлийг сайн мэдэхгүй. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ болон гадаад паспортууд надад одоо байгаа, гаргаж өгч болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/,

6.Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Х-, С.Б- нар 12 дугаар ангийн Б бүлэгт сурдаг байсан. Тухайн жилийн хичээлийн жилд А.Х- огт сураагүй байсан ба С.Б- нь хичээлийн жилийн эхэнд сурч байгаад өвчтэй гэж хичээлд ирээгүй байсан. Тэгж явж байгаад хичээлийн жилийн 3 дугаар улирал буюу 2019 оны 03 дугаар сараас эхэлж хичээлд сууж байсан. Миний багшийн журналд тодорхой бичигдсэн байгаа. Миний санаж байгаагаар А.Х- нь бүтэн жилийн хичээлд оролцоогүй болохоор үнэлгээ, дүн гаргаагүй байх. С.Б- нь өвчтэй, чөлөөтэй гэж явснаар хагас дутуу үнэлгээ, дүн гарсан байж магадгүй сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

7.Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн жилд А.Х- огт хичээлд суугаагүй. Миний мэдэхээр Казахстан улсад явсан гэж хэлж байсан. Тухайн сурагч хичээлд суусан талаар багшийн журналд үнэлгээ өгч, дүн тавьж байгаагүй. С.Б- тухайн жилийн биологийн хичээлд хагас, дутуу орж хичээлд сууж байснаар үнэлгээ, дүн гаргаж өгч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

8.Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн жилийн 12 дугаар ангийн Б бүлэгт эрүүл мэндийн хичээл орж байсан. Миний хөтөлсөн багшийн журналд дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. А.Х- нь тухайн жилийн хичээлд ирж суусныг сайн санахгүй байна. Өвчтэй, чөлөөтэй гэж ангийн сурагч нар хэлснээр багшийн журналд бичигдсэн байх ёстой. С.Б- нь тухайн жилийн хичээлд хагас, дутуу ирж суудаг байсан сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

9.Гэрч К.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дуу хөгжмийн багшаар ажилдаг Х.Т-гийн хариуцсан анги байсан гэдгийг санаж байна. А.Х- нь тухайн жилийн хичээлд ирж суусныг сайн санахгүй байна. Өвчтэй, чөлөөтэй гэж ангийн сурагч нар хэлснээр багшийн журналд бичигдсэн байх ёстой. С.Б- нь тухайн жилийн хичээлд хагас, дутуу ирж суудаг байсан сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

10. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний хоёр дахь хүү болох А.Х- нь 2018 оны 08 дугаар сард Казахстан улс руу ганцаараа явсан. Казахстан улс руу явсан шалтгаан нь миний хүүгийн хөл өвдөж, заримдаа хавагнадаг байсан. Тухайн хүүхдийн сумын эрүүл мэнд болон аймгийн эрүүл мэндийн төвийн эмч нарт үзүүлж байсан. Тухайн үед эмч нарт үзүүлж байсан баримт бичгүүд байгаа. Тухайн жилийн 09 дүгээр сарын 01-ний өдөр миний хүү маань 12 дугаар ангид орох ёстой байсан. Хөл нь өвдсөнөөс болж Казахстан улсад байдаг миний ах, дүү хамаатан садангууд руу явсан байсан болохоор хичээл эхэлсэн үед сургуульд явж чадаагүй. А.Х-ы ангийн багш болох Х.Т-д өөрийн биеэр очиж миний хүүхэд Казахстан улс руу эмчилгээнд явсан байгаа. Хүүгийн минь хөл өвдөж байсан болохоор Казахстан улс руу очвол эмчлэгдэж магадгүй гэж үзмэрч нар хэлж байсан гэж танилцуулсан. Тухайн үед ангийн багшид өргөдөл бичиж өгч байсан. А.Х- нь Казахстан улсаас ирж чадахгүй болсон талаар ангийн багшид нь өөрийн биеэр хэд хэдэн удаа очиж хэлж байсан. Ангийн багш нь надад танай хүүхэд 12 дугаар ангийн хичээлдээ суугаагүй болохоор бүрэн дунд боловсрол эзэмших гэрчилгээ олгогдохгүй шүү гэж байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сар болж миний хүүгийн ангийнхан төгсөлтийн баяраа хийж төгсөх гэж байна гэдгийг сонсож дахин ангийн багштай өөрийн биеэр очиж уулзаж А.Х-ы Казахстан улсаас ирж чадаагүй талаар хэлсэн. Та миний хүүхдэд 12 дугаар анги төгссөн гэж бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ бичүүлж өгөөч гэхэд ангийн багш нь болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн жилд сургуулийн захирлаар ажиллаж байсан У.А-ийн өрөөнд очиж хүүхдийн талаар танилцуулж ярьсан. Захирал ч бас боломжгүй гэж хэлж байсан. Яагаад гэвэл танай хүүхэд 12 дугаар ангийн хичээлд өөрийн биеэр суугаагүй болохоор төгсгөх боломжгүй гэж хэлсэн.  Дараа нь нэг сарын дараа буюу 2019 оны 07 дугаар сард миний бие дахин А.Х-ы ангийн багш болох Х.Т- холбогдож гэрт нь очиход Х.Т- надад ямар ч байсан таны хүүхдийг 12 дугаар анги төгсгөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээг бичсэн байгаа. Та надаас хүүхдийнхээ гэрчилгээг аваарай гээд өгсөн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

11.Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн ангид Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол гэсэн гурван хичээл зааж байсан. Хуантхан, С.Б- нар миний зааж байсан гурван хичээлд тухайн жилийн хугацаанд огт сураагүй. Анги удирдсан багш болон ангийн сурагч нар ар гэрийн гачигдалтай гэж хэлж байсан болохоор чөлөө тавьж өгч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

12. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 12 дугаар ангийн Б бүлгийн төгсөлтийн анги удирдсан багш болох Х.Т- тухайн хоёр сурагчдын талаар өвчтэй байсны улмаас манай ангид хоёр хүүхэд хичээлд өөрийн биеэр ирж сууж чадахгүй байна гэж сургуулийн удирдлагууд танилцуулж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

13. Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тус аймгийн Боловсролын газрын статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр 2007 оноос ажилд орж байсан. Тухайн албан тушаалд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Анги удирдсан багш нь тухайн сурагчийн талаар тодорхой мэдээлэл оруулж ирж мэдэгдсэнээр сургалтын менежер сурагчийн нэрийг сургуулийн боловсролын мэдээллийн системээс хасах ёстой. Хассан талаараа анги удирдсан багш, сургалтын менежерүүд сургуулийн захиралд мэдэгдэх ёстой. Надад бол тухайн сурагчийг ямар шалтгаанаар хассан талаар системээс харагдаж байдаг. Энэ талаар тухайн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа. Сургуулийн захирал сургуулийн бүх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Сургалтын менежер нь сургуулийн сургалтын үйл ажиллагаанд болон статистик мэдээнд давхар хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Тухайн жилийн сургалтад өөрийн биеэр огт суугаагүй бол бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгогдохгүй. Харин судлах хичээлийн 100 хувийн 70-80 хувийг өөрийн биеэр сурч судалснаар тодорхой хэмжээний хүндэтгэх үзэх шалтгаантай байсан бол сургуулийн захиргаанаас хуралдаж, шийдвэрлэж зөвшөөрснөөр бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэрчилгээ олгогдож болно. Багш болгон өөр өөрсдийн системд нэвтрэх кодоор өөрсдөө оруулдаг. Оруулсан дүнг сургалтын менежер хянаж авч баталгажуулснаар тухайн дүн хүчин төгөлдөр болж сурагчийн тухайн жилийн сургалтыг төгссөн талаар маягт гарна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

14.Сурагчдын бүрэн дунд болосролын үнэмлэх олгох бүртгэлийн маягт /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

15.Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн багш нарын журналын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 67-134 дэх тал/,

16.С.Б-гээс бүрэн дунд боловсролын БҮ20190215913 дугаартай үнэмлэх хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,

17. С.Б-гийн гадаад паспортыг хуулбарлан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 140-158 дахь тал/,

18. А.Х-аас БҮ20190215920 дугаартай үнэмлэх хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал/,

19.А.Х-ы гадаад паспортыг хуулбарлан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 164-182 дахь тал/,

20.Шүүгдэгч Х.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би тухайн тогтоолд дурдсан хэргийг сайн ойлгож байгаа тул хүлээн зөвшөөрч байна. ...С.Б- нь 2018 оны 6 сард ажлын 5 хоногийн хичээлд суусан, ингээд байхгүй байж байгаад 2019 оны 03 дугаар сард буцаж ирээд 06 дугаар сар хүртэл хичээлдээ суусан. Ингэхээр С.Б- 3 сарын хугацаанд сурсан. Харин Хуантхан нь огт сурч байгаагүй. А.Х- нь улсын шалгалтад ороогүй зарим багш нараас нь гуйгаад дүнг нь тавиулсан, бусад нь өөрсдөө энэ хоёр хүүхдэд дүн тавьж байсан. Ер нь бол буруу үйлдэл гэдгийг би мэдэж ойлгож байна” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

21.Шүүгдэгч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би С.Б-, А.Х- нарыг хичээлд суугаагүй гэдгийг болон А.Х- нь тухайн үед байгаагүй гэдгийг мэдэж байсан. Өвчтэй явж байна гэхээр нь хүндэтгэн үзэж гэрчилгээг олгосон” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

22.Шүүгдэгч М.У-ын “...Тухайн хүүхдүүд өвчтэй гэх шалтгаанаар хичээлд суугаагүй байхад нь төгсгөсөн маань буруу болсон. Би бол ямар нэгэн дүнд нөлөөлсөн зүйл байхгүй, дүнг шивээд ороод ирэхэд нь би гарын үсэг зурсан. Би Х-ыг байхгүй гэдгийг бол мэдэж байсан, энэ бол миний алдаа үүнийг би ойлгож байгаа” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд У.А-, М.У-, Х.Т- нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

23.Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт  бэхжүүлж, цуглуулсан байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй, тухайн цаг хугацаанд болсон үйл баримт болон хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

24.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллах дүгнэлтэд тусгагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хууль зүйн дүгнэлт:

            1.Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авилгын гэмт хэрэгт тооцохоор заажээ.

            3. Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх субьект үйлдсэн байхыг шаардаж байна.

            4.Шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

5. Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж тус тус заасан бөгөөд 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор тус тус заажээ.

6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж тус тус заажээ.

7. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна” гэж тус тус зааснаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал У.А-, сургалтын менежер М.У-, багш Х.Т- нар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтанд хамаарч байгаагаас гадна албан үүргийн хүрээнд нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг төрийн үйлчилгээний албан хаагчид болох нь тогтоогдож байна.

8.Иймд тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

9. Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд орших бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 7-д “Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж, Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”бүх нийтийн ерөнхий боловсрол" гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг”, 3.1.4-д "боловсролын түвшин" гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг” тус тус ойлгоно гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно” гэж тус тус заажээ.

10. Бага дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд бүрэн дунд боловсролын агуулгыг хуульчилсан бөгөөд бүрэн дунд боловсролын агуулга нь (6.1.1) эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх; (6.1.2) байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх; (6.1.3) мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх; (6.1.4) бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж заасан байна.

11.Түүнчлэн Бага дунд боловсролын тухай хуулийн 7, 9 дүгээр зүйлээс үзэхэд суралцагчдад бүрэн дунд боловсролыг 12 жилд эзэмшүүлэх ба суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх, боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлж, бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгохоор заажээ.

12. Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар ерөнхий боловсролын сургууль нь сургалтын стандартаар бага, дунд боловсролыг эзэмшүүлэх үүрэгтэй байх бөгөөд суралцагч нь сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшиж, авбал зохих үнэлгээг авсны дараа сургуулийн захиргаанаас боловсролын баримт бичиг буюу тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа болох гэрчилгээг олгохоор хуульчлагдсан байна.

13. Дээр дурдсан хууль тогтоомжуудаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, менежер, багш нар нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хуулиар өөрт нь тухайлан олгосон бүрэн эрх, үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд заасан чиг үүргийн хүрээнд боловсролын стандартыг хэрэгжүүлж, тухайн хичээлийн жилд эзэмшвэл зохих сургалтын хөтөлбөрийн агуулгыг биечлэн суралцан эзэмшиж, зохих түвшний үнэлгээ авсан  суралцагчид боловсролын баримт бичиг олгох үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлж, багшийн ёс зүйн дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчид хориглох хэм хэмжээг чанд сахин ажиллах ёстой байна.

14.Гэтэл шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нар нь эдгээр хууль тогтоомжуудыг зөрчиж, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшээгүй, авбал зохих үнэлгээг аваагүй, хичээлд биечлэн суралцаагүй суралцагчид болох А.Х-, С.Б- нарт хууль бусаар дунд  боловсролыг эзэмшсэн гэх баримт бичгийг олгосон нь албаны эрх ашгийн эсрэг, авилгын гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

15.Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” эсхүл “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

17.Шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарын албаны бүрэн эрхэд хууль бусаар боловсролын баримт бичиг олгох эрх байхгүй байхад шүүгдэгч нар нь үгсэн тохиролцож, Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12б ангийн суралцагч А.Х-, С.Б- нарыг 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмшиж, авбал зохих үнэлгээг аваагүй, хичээлд суугаагүй  гэдгийг мэдсээр байж тэдний нэр дээр хичээлийн  үнэлгээ, шалгалтын үнэлгээ зэргийг бичиж, боловсролын мэдээллийн системд оруулан, улмаар бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгож, А.Х-, С.Б- нарт давуу байдал бий болгосон үйлдэл нь төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг сөрөг үр дагавартай, нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

18.Шүүгдэгч нар нь “Тухайн жил хүүхэд хамгааллын жил байсан бөгөөд суралцагч А.Х-, С.Б- нар нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзан бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон, гэрчилгээ олгож, ямар нэгэн ашиг хонжоо олох зорилгогүй байсан” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нар нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор А.Х-, С.Б- нарт хууль бусаар бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгосон нь тогтоогдоогүй ч Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчиж, А.Х-, С.Б- нарт бүрэн дунд боловсролын баримт бичиг олгосон нь  төрийн албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл учраас шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарын эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

19. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноо бүхий БҮ20190215913, БҮ20190215920 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нар гарын үсэг зурснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

20. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

21.Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул  У.А-, М.У-, Х.Т- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

22.Гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан 1.014.400 төгрөгийн хохирлыг У.А-, М.У-, Х.Т- нар төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”....Шүүхээс шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд  шүүгдэгч У.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч М.У-, Х.Т- нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч У.А- нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаас үзэхэд шүүгдэгч У.А- нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5.500.000 төгрөгийн торгох ялаас 4.210.000 төгрөгийг төлж, 1.290.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Эрх хасах нэмэгдэл ялаас 9 сар 18 хоногийг эдэлж, 4 жил 2 сар 12 хоногийн нэмэгдэл ялыг эдлээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар У.А-т өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 1.290.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон солиход 86 хоногийн хорих ял болж байна. Энэхүү 86 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 2 жилийн хорих ялд нэмж, нэгтгэн У.А-т нийтдээ 2 жил 86 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч У.А-т оногдуулах хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна гэв.

2.Шүүгдэгчийн У.А-, Х.Т- нарын өмгөөлөгч Х.З- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”... Миний үйлчлүүлэгч У.А-, Х.Т- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа бүрэн хүлээн зөвшөөрч, улсын төсөвт учирсан хохирол 1.014.400 төгрөгийг М.У-тай хувь тэнцүүлэн төлж барагдуулсан. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдгээрийн гэм буруугийн хэлбэрт тохирсон ялыг оногдуулах ёстой. Улсын яллагчийн ялын саналаас үзэхэд шүүгдэгч У.А-т хорих ял, М.У-, Х.Т- нарт торгох ял санал болгож байгаа нь шударга ёсны, тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна. У.А- урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн ч уг хэрэгтээ ял шийтгүүлээд эдлээд явж байгаа. Үйлдсэн гэмт хэргийн хувьд хөнгөн ангиллын хэрэг бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцоо нь ижил байхад ялыг ялгамжтай оногдуулах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл нь сонгох санкцтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо арилгасан бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр хуульд заасан. Түүнчлэн хохирол, хор уршгийн хувьд хууль бусаар олгосон гэх тухайн бүрэн дунд боловсролын 2 ширхэг гэрчилгээг А.Х-, С.Б- нар огт ашиглаагүй, одоо тэдгээр гэрчилгээг хурааж авсан байгаа бөгөөд улсын яллагчаас гэрчилгээг устгуулах санал гаргаж байгаа нь гэмт хэргийн хор уршиг бүрэн арилах боломжтойг харуулж байгааг шүүхээс онцгойлон анхаарч үзэхийг хүсэж байна. Ийм учраас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн болон хэрэгтний хувийн байдал, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нэг бүрчлэн харгалзан үзэж ял халдаах нь Эрүүгийн хуулийн ерөнхий зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шүүгдэгч У.А-ийн хувьд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлсэн боловч өнөөдрийн хэлэлцэж буй гэмт хэрэг нь тухайн гэмт хэргээс өмнө үйлдэгдсэн хэрэг юм. Иймээс  У.А-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн шүүгдэгч нарт ялгамжтай хандахгүйгээр нэг төрлийн ял халдаах нь гэм буруугийн болоод шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож хэрэглэж өгнө үү” гэв.

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.У-ыг аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө. Хэрэгт нэмж шалгуулах зүйл байхгүй бөгөөд шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн гэм буруутай тооцох тухай саналыг дэмжин оролцож байна. Ийм учраас шүүгдэгч М.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж,  5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 5.400.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэв.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

6. Шүүхээс шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.2-д заасан “бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзлээ.

7. Шүүгдэгч М.У-, Х.Т- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тэдгээрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон боловч шүүгдэгч нар нь шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэж хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

8.Түүнчлэн шүүгдэгч У.А- нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгүүлж байсан боловч цаг хугацааны хувьд энэ гэмт хэрэг нь түүний урьд шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэргээс өмнө үйлдэгдсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж хүндрүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

9.Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгч нарын гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч У.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.У-, Х.Т- нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Шүүгдэгч У.А- нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаас өнөөдрийн байдлаар 9 сар 18 хоногийн эрх хасах нэмэгдэл ялыг эдэлж, 4.210.000 төгрөгийн торгуулын ялыг биелүүлсэн байх бөгөөд одоо 4 жил, 2 сар, 12 хоногийн эрх хасах нэмэгдэл ял, 1290 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.290.000 төгрөгийн торгох ялыг эдлээгүй үлдсэн нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Д-ийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ялын тооцоо гэх баримтаар тогтоогдож байна.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

12.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч У.А-эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял 4 жил, 2 сар 12 хоног, 1290 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.290.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил, 8 сар, 12 хоногийн хугацаагаар хасаж, 8.290 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.290.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

13.Шүүгдэгч У.А-эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 4 жил, 2 сар 12 хоног нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 6 жил, 8 сар, 12 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

14.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-д “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч У.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын дээд хэмжээ 5 жил байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ялын  хэмжээг нэг жилээс найман жил гэж хуульчлан тогтоосон байна.

15.Иймд У.А-т оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэхдээ хуулиар тогтоосон дээд хэмжээ болох 8 жилээс хэтрүүлэхгүйгээр оногдуулах боломжтой гэж үзлээ.

16.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, шүүгдэгч У.А-эд оногдуулсан 8.290 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.290.000 төгрөгөөр торгох ял, М.У-, Х.Т- нарт оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хоёр жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

            17.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолохыг дурдах нь зүйтэй.

18.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноо бүхий БҮ20190215913, БҮ20190215920 дугаартай, 2 ширхэг бүрэн дунд боловсролын үнэмлэхийг хүчингүй болгуулж, устгуулахаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И овогт У-ы А-, Х овогт М-ийн У-, С овогт Х-н Т- нарыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-эд нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.0000 (долоон сая) төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч М.У-, Х.Т- нарт тус бүрт нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч У.А-эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 7000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 (долоон сая) төгрөгөөр торгох ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 5500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял 4 (дөрвөн) жил, 2 (хоёр) сар, 12 (арван хоёр) хоног, 1290 (нэг мянга хоёр зуун ерэн) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.290.000(нэг сая хоёр зуун ерэн мянга)-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил, 8 (найман) сар, 12 (арван хоёр) хоногийн хугацаагаар хасаж, 8.290 (найман мянга хоёр зуун ерэн) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.290.000 (найман сая хоёр зуун ерэн мянга) төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-эд оногдуулсан 8.290 (найман мянга хоёр зуун ерэн) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.290.000 (найман сая хоёр зуун ерэн мянга) төгрөгөөр торгох ял, М.У-, Х.Т- нарын тус бүрт оногдуулсан 6000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хоёр жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

8.Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч У.А-, М.У-, Х.Т- нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноо бүхий БҮ20190215913, БҮ20190215920 дугаартай, 2 ширхэг бүрэн дунд боловсролын үнэмлэхийг хүчингүй болгуулж, устгуулахаар Баян-Өлгий аймгийн Боловсролын газарт шилжүүлж, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА