Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн  гишүүн, хуульч, өмгөөлөгч Х.З-,

Шүүгдэгч С.В-, түүний хууль ёсны төлөөлөгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.а овогт С-ы В-д холбогдох эрүүгийн 2213000000145 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй. И.а овогт С-ы В-, регистрийн дугаар БМ...............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.В- нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Раmuk resort” амралтын газрын ресторан дотроос хохирогч Д.Б-ийн “Sumsung Galaxy Note-10 plus" загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авч, 750,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч С.В-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:“...С.В- нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14-15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багт байрлах Памукале Ресорт амралтын газрын ресторанаас хохирогч Д.Б-ийн гар утсыг хулгайлсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Тухайн үед хохирогчийн сууж байсан ширээг шүүгдэгч С.В-гийн гэр бүл, ах дүү нар захиалсан байсан тул тэднийг ирэхэд хохирогч Д.Б- уг ширээнээс босож гадагшаа гарахдаа утсаа үлдээсэн нь нотлогддог. Шүүгдэгч С.В- хохирогчийн тусыг рестораны гаднаас зүлгэн дээрээс олж авсан нь тогтоогдохгүй байна. Хохирогч утсаа ширээн дээр мартаж гараад  сүүдрэвчинд дөнгөж орох үедээ утсаа санаж, буцаад орсон, энэ хугацаанд 2-3 минутын хугацаа л болсон гэдэг. Ресторан дотор байгаа гар утас нь ширээн дээр байсан уу, эсхүл тавиур дээр байсан уу гэдгээс үл хамааран утасны эзний зөвшөөрөлгүй, хууль бусаар авч байгаа нь хулгайлах гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл С.В- бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  Иймд шүүгдэгч С.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй бөгөөд шүүгдэгчийн авсан гар утас нь 750,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба тус утсыг буцааж өгсөн” гэх дүгнэлтийг,

2.Гэрч И.А- шүүхийн хэлэлцүүлэгт:”...Тухайн өдөр “Раmuk resort” амралтын газрын ресторанд урьдчилаад захиалга өгөөд очиход бидний захиалсан ширээнд утсаа гээсэн гэх хүн сууж байсан. Тэгээд бид тухайн ширээнд захиалга өгсөн гэдгээ хэлэхэд нөгөө сууж байсан хүн босоод явахад тус рестораны зөөгч ширээг цэвэрлэсний дараа бид тэр ширээнд суугаад хоол хүлээнгээ цай уугаад сууж байсан. Тэр үед манай нөхөр С.В- гэдэс өвдлөө гээд бие засах газар руу явсан. Эргэж ирээд удалгүй дахин гэдэс өвдлөө гээд бие засах газар руу явчихсан. Түүнээс хойш нөхөр С.В- дахин ресторанд орж ирээгүй. Тэгж байтал хүмүүс гар утас хайж эхэлсэн, бид нараас утас асуухад мэдэхгүй гэдгээ хэлсэн.Дараа нь цагдаа нар ирж утас хайсан. Бид үнэхээр утас хараагүй тул мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд бид тухайн ресторанаас гарч зах орж, хүүхдүүдэд цамц, футболк авсан. Зах дээр бараа сонирхож, лангуу хэсэж явахад миний ойролцоо утас дуугараад байсан. Өөрөө утасгүй болохоор бидний утас биш байх гэж бодож явсан. Тэгээд сүүлд нь нөхрийн халаасанд утас дуугараад байх шиг болохоор нь үзэхэд нэг гар утас байсан ба нөхөр С.В-гаас энэ юун утас вэ, арай чи тэр хайгаад байсан утсыг авчихсан юм биш биздээ гэхэд нөхөр С.В- би энэ утсыг рестораны хашаан дотроос, зүлгэн дээр байхад олж авсан гээд надад гаргаж өгсөн. Тэгээд бид хэд бараагаа аваад захаас гараад театрын урьд  очиход тэнд цагдаа нар ирсэн тул утсыг нь  буцааж өгсөн. Нөхөр маань тухайн үед гар утсыг хүний явах замын дэргэд ургаж байсан өвсний дундаас олж авсан тухай хэлсэн.Анх хохирогчийг гар утсаа хайж байхад С.В- ресторанд байсан ба би түүнд энэ хүн утсаа хайж байна гээд гараа чихэндээ барьж үзүүлсэн. Тэр үед С.В- хохирогчийг утсаа хайж байгааг мэдсэн байх, гэхдээ миний нөхөр С.В- төрөлхийн хэлгүй, дүлий болохоор миний хэлснийг ойлгоогүй ч байж болно ” гэх мэдүүлгийг,

3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Улсын яллагчаас шүүгдэгч С.В-г хулгайлах гэмт хэргээр зүйлчилж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Д.Б- тухайн өдөр “Раmuk resort” амралтын газрын ресторанаар үйлчлүүлэх явцдаа утсаа ширээн дээр сууж байгаад гарахдаа орхиод гарсан гэж мэдүүлдэг, хэргийн газрын үзлэгээр тавиур дээр орхиод гарсан тухайгаа хоёр өөрөөр мэдүүлсэн байгаа. Тодруулбал хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хохирогч Батмөнх нь гар утсаа уг заалны ус, ундаа байгаа хөргөгчийн зүүн талд байрлах улбар шар өнгийн 6 давхар бүхий тавцангийн дээрээс 3 дахь тавцангийн буланд тавьсан гэж заасныг А цэгээр тэмдэглэсэн бөгөөд криминалистикийн  шинжээч үүнийг нотлох бүхий хэд хэдэн кадр зургийг авч бэхжүүлсэн байдаг. Эдгээрээс үзэхэд хохирогч Д.Б- нь гар утсаа тухайн ресторан дотор эсхүл хаана алдсанаа мэдэхгүй байгаа бөгөөд гээгдүүлсэн болох нь нотлогдож байна. Тэрээр утсаа ширээн дээр орхисон, эсхүл тавиур дээр орхисон эсэхээ хохирогч өөрөө ч мэдэхгүй өөр өөрөөр мэдүүлсэн нь түүнийг утсаа гээснийг нотолж байна. Тэгэхээр хохирогч Батмөнхийн утсыг гаднаас олж авсан гэж тууштай мэдүүлж байгаа шүүгдэгч С.В-гийн мэдүүлэг үнэн зөв байх боломжтой юм. Түүнчлэн хохирогч утсаа хаана гээснээс үл хамааран тухайн цаг хугацаанд эзэмшлээсээ алдсан байхад нь С.В- олж авсан нь тогтоогдсон байна. Магадгүй шүүгдэгч гэдэс нь өвдөж хоёр удаа бие засах газар руу явахдаа хохирогчийн утсыг гадаа зүлгэн дээрээс олж авсан байх ч боломжтой гэж үзэж байна. Тухайн үед С.В-гийн гэр бүл захиалгатай ширээн дээр суухаас өмнө зөөгч ширээг цэвэрлэхэд ширээн дээр ямар нэгэн утас байгаагүй. Тэгэхээр утас ширээн дээр байгаагүй нь нотлогдож байна. Эндээс үзэхэд хохирогч Батмөнх нь ресторан дотор гар утсаа алдсан нь өөрөө нотлогдохгүй байна. Ресторан дотор бичлэг хийсэн нотлогдож байгаа боловч бичлэг хийсний дараа гар утсаа хаана тавьснаа хохирогч өөрөө мэдэхгүй байгаа.Тэгэхээр үүнийг хулгайн гэмт хэргээр зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогчийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзэхээс өөр арга байхгүй. Иймд шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Шүүгдэгч С.В-гийн хувьд уг гар утсыг олж аваад буцааж өгөхгүй байх сэдлээр хохирогчийг утсаа хайхад гаргаж өгөөгүй үйл баримт тогтоогдсон тул дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ялласан нь үндэслэлгүй тул өмгөөлөгчийн зүгээс түүнийг цагаатгуулах байр суурийг дэвшүүлж болох ч анхан шатны шүүхэд зүйлчлэлийг хөнгөрүүлэх эрхийг хуулиар олгосон тул гэм бурууд нь тохирсон зүйл ангиар нь гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

4.Шүүгдэгч С.В- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би эхнэр болон Казахстан Улсаас ирсэн хамаатнуудтайгаа хамт Памукале Ресторанд очсон. Хоолоо захиалаад сууж байхад миний гэдэс гүйлгэж, өвдсөн бөгөөд 2, 3 удаа бие засах газар руу  явсан. Тэр үед бие засах газраас буцаж ирэх замдаа өвснүүдийн дундаас гар утас олж авсан. Тэгээд хоолны газарт дахин ороход дүү маань холбогдож зах, дэлгүүрээс бараа авна гэж дуудахаар нь бид гараад явсан. Би тэр утсыг хулгайлж аваагүй, газраас олж авсан. Би эхнэртээ утас олж авсан тухай хэлэхэд эхнэр маань тус утсыг надаас авсан. Ингээд цагдаа ирээд утсыг хурааж авсан” гэх мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Д.Б-өөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 45 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Раmuk resort” амралтын баазаас Увс аймгийн Цагаанхайрхан суманд оршин суух хаягтай Даваасүрэнгийн Батмөнхийн эзэмшлийн “Sumsung Galaxy Note-10 plus" загварын гар утас алдагдсан.” гэх гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,

3. Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, тайлбар /хавтаст хэргийн 10-11, 19 дэх тал/,

5. Прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,

6. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

7. Гар утсыг хохирогч Д.Б-өд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

8. Иргэн С.В-гаас гаргаж өгсөн гэх амбулаториороор эмчлүүлэгсдийн картын хуулбар болон эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр /хавтаст хэргийн 16-18 дэх тал/,

9. Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тус аймагт албан ажлаар ирээд Өлгий сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Раmuk resort” амралтын баазад 14 цагаас 15 цагийн орчимд өдрийн хоолонд орохоор очоод тус амралтын баазын рестораны үйлчилгээний заалны баруун талын булангийн ширээнд суухдаа гар утсаа ширээн дээр тавиад нүүр гараа угаагаад заалнаас гараад тус үйлчилгээний заалны баруун урд талд байрлах сүүдрэвчинд очоод утас хэрэгтэй болохоор нь буцаж ороод гар утсаа авах гэсэн боловч миний утсыг хэн нэгэн хулгайлсан, эсвэл аваад нуучихсан байсан тул тус зааланд байсан ажилчид, менежер гэх хүмүүсээс асуухад бүгд үзээгүй, хараагүй, аваагүй гэсэн. ...Үйлчилгээний заалны ширээнд гар утсаа тавиад, заалны өрөөнд гар нүүрээ угаагаад, үйлчилгээний заалнаас жижиг кока кола ундаа худалдаж аваад сүүдрэвчинд очоод дөнгөж суухдаа мэдсэн гэхээр ойролцоогоор 2- 3 минутын хооронд л миний утсыг хэн нэгэн ширээн дээрээс хулгайлчих шиг болсон. Тухайн үед миний сууж байсан ширээнд өөр хүмүүс захиалга өгсөн гэдгийг заалны үйлчилгээний ажилтан нар хэлж байсан ба намайг буцаж орох үед үл таних казак хүмүүс сууж байсан бөгөөд тэр хүмүүсээс асуухад тэд мэдэхгүй, ямар нэгэн утас хараагүй гэж хэлж байсан. ...Алдагдсан гар утас нь өнгөгүй резинэн кейстэй, толь шиг гялтгар “Sumsung Galaxy Note-10 plus" гар утас байсан. Уг гар утсыг одоогоос 2 сарын өмнө Улаанбаатар хот, Тэйди гар утас худалдааны төвөөс 1,150,000 төгрөгөөр цоо шинээр нь хайрцаг савтай нь худалдаж авч байсан. ...алдагдсан гар утсандаа ..............  хаягийг бүртгүүлсэн байсан болохоор интернэт /gооglе/-ээр Samsung гар утасны байршил тогтоогч системээр хайхад 18 цаг 30 минутад Ховд голын эрэг гэх газарт зааж байгаад 19 цагаас хойш Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик зах, Болор зоогийн газар, Монгол бараа, Номын сангийн таксины зогсоолд утасны байршил заасан тул явж очиход миний утсыг авсан хүн хэл яриа нь мэдэгдэхгүйгээр яриад байсан. Тухайн хүн миний гар утсыг гартаа барьж байхыг Б.А- багш хараад надад энэ чиний гар утас мөн үү. Энэ залуу хэрэг гарсан газарт байсан залуу мөн байна шүү дээ гэж хэлсэн тул түүний дэргэд дөхөж очоод үзэхэд Б.А- багшийн урд засмал замын боржууранд тавьж үзүүлээд байсан. ...Гар утсанд мөрдөгч үзлэг хийж, надад хүлээлгэн өгснөөр би эд хөрөнгийн хохиролгүй болсон тул надад нэхэмжлэх зүйл байхгүй,  энэ хэрэгт гаргах санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

10. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Б- багш ундаа барьж гарч ирээд утсаа мартсан талаар хэлээд буцаад хоолны газарт орох үед би хамт орсон, тухайн үед Д.Б-ийн суусан гэх ширээнд гар утас нь байгаагүй. Тэгээд хоолны газрын ажилтнуудаас асуухад мэдэхгүй хараагүй гэж хэлсэн, тэгээд гар утас алдагдсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Д.Б- багшийн гар утсыг Gmail-ээр интернэт ашиглан байршлыг хайж байсан ба Д.Б- багшийн алдсан гар утас нь “Sumsung Galaxy Note-10 plus" загварын гар утас байсан. Тус байршлыг харж байх үед Өлгий сумын нутаг дэвсгэрт зааж байсан ба очсон газруудаар нь дагаж явсаар Өлгий сумын 5 дугаар багт байрлах Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын урд талд таксины зогсоолын цемент дээр сууж байсан хүмүүс дундаас өндөр эрэгтэй хүн надад гар утас өгсөн. Би тухайн гар утсыг Д.Б- багшаас асуухад миний гар утас мөн байна гэж хэлсэн. Тухайн гар утсыг өгсөн үл таних өндөр эрэгтэй хүн надаас буцааж гар утсыг аваад засмал замын боржуур дээр тавиад тайлбарлах гэж оролдсон ба би юу гэж хэлснийг нь огт ойлгоогүй. Тэгээд Цагдаагийн ажилтан ирээд тухайн гар утас авсан хүнийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

11. Гэрч И.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн амралтын газарт очоод гадна байсан саравчинд 5 минут орчим сууж байгаад дээш нь алхаад ресторанд нь очиход манай захиалгатай ширээн дээр хотын бололтой халх хүмүүс сууж байсан. Тэгээд бид нар цаг авсан гэдгийг тэнд байсан зохион байгуулагч залуу тэр хүмүүст хэлж ойлгуулахад тэр хүмүүс ресторанаас гарч яваад 5-10 минутын дараа уг хүмүүс дундаас нэг Монгол  залуу би энд ширээн дээр гар утсаа орхисон байна,  та нар харсан уу гэхэд бид нар хараагүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу тэр хавиар хайгаад бид нар ч бас хамт хайлцаад олдоогүй. Тэгээд буцаад гараад явсан. Тэгээд бид нар хоолоо идэх гэж байхад нөгөө залуу цагдаад дуудлага өгчихлөө тар нарын тав тухыг алдагдуулсан бол уучлаарай гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идээд дуусаж байхад аймгийн цагдаагийн газрын алба хаагч нар ирж үзлэг хийгээд мөн тэр хавиар гар утсыг хайж байхад нь бид нар аймгийн төв рүү орсон. Аймгийн төвд ороод нөхөр С.В- бид хоёр захаас Казакстан улс руу явахдаа бэлэг болгож өгье гээд футволк, цамц авах гээд зах руу орох гээд явж байхад миний хажууд гар утас дуугараад байхаар нь би хажуугаар өнгөрч яваа хүний л гар утас юм байна гэж бодоод яваад байсан. Тэгээд нөхөр рүүгээ ойртож очиход түүний халаасанд гар утас дуугараад байсан. Тэгээд би түүнээс наадах чинь юун гар утас вэ, сая хоол идсэн газарт цагдаа нар хайгаад байгаа гар утас юм биш үү гэхэд тэрээр би тэр газраас өвсөн дээр байхад олсон гэж хэлсэн. Тэгээд би түүнээс гар утсыг аваад нөхрөө дагуулаад театрын урд талын таксины зогсоол дээр очоод нөхөр маань сууж байхад нь би түүнийг загнаад чи сая тэр газарт надад гаргаад өгчихгүй яасан юм гээд уурлаж байтал тухайн гар утасны эзэн болон нэг эмэгтэй хүн ирсэн, тэгээд нөхөр маань уг гар утсыг эмэгтэйд өгөөд газраас олж авсан гэдгээ тайлбарлаад хэлж байхад цагдаагийн ажилтан ирээд биднийг цагдаагийн газарт дагуулж ирсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

12. Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ресторанд ороход манай захиалсан ширээн дээр Улаанбаатар хотоос ирсэн халх хүмүүс бидэнтэй зэрэг суусан, тэгээд дүү маань бид эхлээд захиалга өгсөн шүү дээ гэж зохион байгуулагчид нь хэлэхэд тэрээр энэ хүмүүс та нартай хамт явж байгаа хүн биш юм уу гээд нөгөө хүмүүст биднийг захиалга өгчихсөн байсан гэдгийг хэлэхэд тэнд байсан халх хүмүүс ширээнээс босоод гарсан. Тэгээд бид нар суугаад хоолоо хүлээж байхад нэг Монгол залуу орж ирээд энэ хавьд гар утас байсан уу, би гар утсаа орхисон байна гэхээр нь энд ямар ч гар утас байгаагүй гээд бид нар тэр хүмүүстэй хамт хайгаад олдоогүй. Тэгээд та нар олдохгүй бол цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Тэгээд тэр хавиар хайж байгаад гараад явсан. Тэгээд биднийг хоол идэж байхад тэр амралтын газарт цагдаа нар ирж үзлэг хийгээд гар утсыг хайж байхад нь бид нар тухайн газраас яваад би нөхөртэйгээ зах руу явсан. Тэгээд нөхөр бид хоёрыг зах дээр явж байхад манай төрсөн эгч С.А- над руу залгаад сая хоол идсэн газарт хайгаад байсан гар утсыг С.В- авчихсан байна. Бид нар цагдаа дээр байна гэхээр нь би нөхрийн хамтаар цагдаад ирсэн. Тэр үед бэр И.А- надад нөгөө гар утсыг С.В- тэр рестораны дэргэд байсан явган хүний замын хажуугийн өвсөн дээр байхад нь олж авсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

13. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн БӨА- 22-0177 дугаартай “...2022 оны 6 дугаар сарын байдлаар “Sumsung Galaxy Note-10 plus" загварын гар утас нь 750, 000 /долоон зуун тавин мянган/ төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт, хавсралт /хавтаст хэргийн 33-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-05 дахь тал/,

2.Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

3.Шүүгдэгч С.В-гийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хавтаст хэргийн16-18, 62-65, 67 дахь тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн С.В-гийн хувийн байдлыг эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, сонсголын бичлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийн дэвтрийн хуулбар, эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр зэрэг 4 хуудас нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

4.Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.А- болон шүүгдэгч С.В- нарт хэргээс тусгайлан судлах нотлох баримт байхгүй гэсэн болно.

 

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

2.Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.В-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл:

2. Хохирогч Д.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14-15 цагийн үед Баян-Өлгий аймгийн 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ховд голын эрэгт байрлах, “Раmuk resort” амралтын газрын ресторанаар үйлчлүүлэх явцдаа тус рестораны ширээн дээр, эсхүл тавиур дээр утсаа тавиад нүүр гараа угааж, хөргөгчнөөс ундаа аваад гадагшаа гарч, тус рестораны баруун урд талд байрлах сүүдрэвчинд орох үедээ утсаа тус ресторанд үлдээснээ санаж, буцаж ороход түүний утас алга болсон байсан,

3. Тухайн үед “Раmuk resort” ресторанд хохирогч Д.Б-ийн үйлчлүүлэхээр сууж байсан тус рестораны баруун талын булангийн ширээг шүүгдэгч С.В- болон түүний гэр бүл, ах, дүүгийн хэсэг хүмүүс урьдчилаад захиалсан байсан гэж хэлээд тэднийг ширээнд суух үед хохирогч Д.Б- тухайн ширээнээс босож, гадагшаа гарч, сүүдрэвчинд орох үедээ өөрийн эзэмшлийн “Sumsung Galaxy Note-10 plus" маркийн гар утсыг үлдээснээ санаж, 2-3 минутын дараа тус ресторанд буцан орж, өөрийн сууж байсан гэх ширээн дээр очиход түүний утас байгаагүй, ширээнд сууж байсан хүмүүс болон ресторанаар үйлчлүүлж байсан бусад хүмүүс, рестораны ажилчид, менежер нарт тус ресторанд гар утсаа мартаж гарсан талаар хэлж, харсан эсэхийг асуухад  тэдгээр хүмүүс үзэж, хараагүй, мэдэхгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан байна.

3.Хохирогч Д.Б-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллээр цагдаагийн албан хаагчид “Раmuk resort” ресторанд ирж, хохирогчийн гар утсанд бүртгэлтэй, ................. гэх хаягаар интернэт /gооglе/-ээр Samsung гар утасны байршил тогтоогч систем ашиглан, гар утасны байршлыг тогтооход, Өлгий сумын 5 дугаар багт байрлах Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын урд талд таксины зогсоолыг зааснаар хохирогч болон цагдаагийн албан хаагчид тухайн байршилд очиж, хохирогч Д.Б-ийн “Sumsung Galaxy Note-10 plus" маркийн гар утсыг “Раmuk resort” амралтын газрын рестораны захиалгатай ширээнд үйлчлүүлсэн, шүүгдэгч С.В- авсныг илрүүлсэн гэх үйл баримт тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1.Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 121 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч С.В-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн С.В-гийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Тодруулбал: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд:”...Хохирогч Д.Б- нь гар утсаа уг рестораны ус ундаа байгаа хөргөгчний зүүн талд байрлах улбар шар өнгийн 6 давхар бүхий тавцангийн дээрээсээ 3 дахь тавцангийн буланд байрлуулсан гэж заасныг кримининалистикийн шинжээч А цэгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв” гэж тэмдэглэсэн /хавтаст хэргийн 2-5 дахь тал/,

3.Хохирогч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тус амралтын баазын рестораны үйлчилгээний заалны баруун талын булангийн ширээнд суухдаа гар утсаа ширээн дээр тавиад нүүр гараа угаагаад заалнаас гараад тус үйлчилгээний заалны баруун урд талд байрлах сүүдрэвчинд очоод утас хэрэгтэй болохоор нь буцаж ороод гар утсаа авах гэсэн боловч миний утсыг хэн нэгэн хулгайлсан, эсвэл аваад нуучихсан байсан”, ...Үйлчилгээний заалны ширээнд гар утсаа тавиад, заалны өрөөнд гар нүүрээ угаагаад, үйлчилгээний заалнаас жижиг кока кола ундаа худалдаж аваад сүүдрэвчинд очоод дөнгөж суухдаа мэдсэн гэхээр ойролцоогоор 2- 3 минутын хооронд л миний утсыг хэн нэгэн ширээн дээрээс хулгайлчих шиг болсон. ...Алдагдсан гар утас нь өнгөгүй резинэн кейстэй, толь шиг гялтгар “Sumsung Galaxy Note-10 plus" гар утас байсан” гэж /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,  

4.Гэрч Б.А- мөрдөн байцаалтын шатанд: “... Д.Б- багш ундаа барьж гарч ирээд утсаа мартсан талаар хэлээд буцаад хоолны газарт орох үед би хамт орсон, тухайн үед Д.Б-ийн суусан гэх ширээнд гар утас нь байгаагүй” гэж /хавтаст хэргийн 27 дахь тал/,

5.Гэрч И.А- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...5-10 минутын дараа нэг Монгол залуу орж ирээд “би энд ширээн дээр утсаа орхисон байна, та нар харсан уу” гэж асуухад бид хараагүй гэж хэлсэн” гэж/хавтаст хэргийн 30 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

6.Гэрч С.Ж- мөрдөн байцаалтын шатанд:”...Халх хүмүүс ширээнээс босоод гарсан, тэгээд бид нар суугаад хоолоо хүлээж байхад нэг Монгол залуу орж ирээд “энэ хавьд гар утас байсан уу, би гар утсаа орхисон байна” гэж асуухад нь бид хараагүй гэж хэлсэн” гэж /хавтаст хэргийн 32 дахь тал/,

7.Шүүгдэгч С.В- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт:”...Би цагдаагийн албан хаагчид ирэхээс өмнө тухайн гар утсыг өвсөн дээрээс олсон байсан. Гар утсыг ширээн дээрээс аваагүй, гадаа явган хүний замын хажууд өвсөн дээр байхад нь олж авсан” гэж /хавтаст хэргийн 57 дахь тал,шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж тус тус мэдүүлжээ.

8.Хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларч бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд хохирогч Д.Б- нь 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14-15 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр баг, Ховд голын эрэг дагуу байрлах “Раmuk resort” ресторанаар үйлчлүүлэхдээ өөрийн эзэмшлийн “Sumsung Galaxy Note-10 plus" гар утсыг тус ресторанд мартаж, эзэмшлээсээ  алдсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

9.Хэргийн газарт үзлэг хийх үед хохирогч Д.Б-  “Sumsung Galaxy Note-10 plus" гар утсаа уг рестораны ус ундаа байгаа хөргөгчний зүүн талд байрлах улбар шар өнгийн 6 давхар бүхий тавцангийн дээрээсээ 3 дахь тавцангийн буланд тавьсан гэж заасан атлаа мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гар утсаа  рестораны баруун талын булангийн ширээнд суухдаа ширээн дээр орхисон гэж зөрүүтэй мэдүүлсэн нь түүнийг гар утсаа хаана тавьснаа тодорхой санахгүй, эзэмшлээсээ алдаж, гээснийг нотолж байх бөгөөд хохирогч Д.Б- нь ресторанаас гарахдаа гар утсаа өөрийн хүсэл зоригоос гадуур эзэмшлээсээ алдаж, мартаж гээсэн нь гэрч Б.А-, И.А-, С.Ж- нарын мэдүүлгээр нотлогджээ.

10.Хохирогч Д.Б-ийн тус ресторанд үйлчлүүлэхээр сууж байсан гэх ширээ нь захиалгатай ширээ буюу шүүгдэгч С.В-гийн гэр бүл, ах дүү нар захиалсан ширээ байсан учраас Д.Б- уг ширээнээс боссоны дараа рестораны зөөгч ширээг цэвэрлэхэд ямар нэгэн гар утас байгаагүй тухай гэрч И.А-, С.Ж- нар мэдүүлснээс үзэхэд хохирогч Д.Б- нь гар утсаа С.В-гийн гэр бүл суусан гэх, тус рестораны баруун талын булангийн ширээн дээр тавьсан эсэх нь хангалттай нотлогдохгүй байна.

11.Түүнчлэн хохирогч Д.Б- нь өөрийн эзэмшлийн “Sumsung Galaxy Note-10 plus" гар утсыг “Раmuk resort” амралтын баазын ресторанд түр мартаж, 2-3 минутын дараа авахаар ороход алга болсон байсан гэж мэдүүлсэн бөгөөд тус рестораны зүгээс хохирогчийн гар утсыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа тул хохирогчийн “Sumsung Galaxy Note-10 plus" маркийн гар утсыг тухайн цаг мөчид өмчлөгчийн эзэмшлээс алдагдаж, хараа хяналтгүй байсан гээгдэл эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд ресторан нь олон нийтийн газар учраас тэнд гар утсаа мартсан тохиолдолд хэн ч олж авах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай юм.

12.Хохирогч Д.Б-ийн гар утсаа “Раmuk resort” амралтын баазын ресторанд мартсан үйлдэл нь  цаг хугацааны хувьд түр зуур буюу 2-3 минут, 5-10 минут, эсхүл 1 цаг  байхаас үл хамааран эзэмшигчийн хувьд тухайн цаг хугацаанд өөрийн хүсэл зоригоос гадуур эд хөрөнгөө эзэмшлээсээ алдаж байгаагийн илрэл юм.

13.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргүүд нь гэмт этгээд тухайн халдлагын зүйлийг хэрхэн, ямар аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар ялгаатай зүйлчлэгдэхээр хуульд заажээ.

14.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.В- нь хохирогч Д.Б-ийн гар утсыг хохирогчийн эзэмшилд байхад нь идэвхтэй үйлдлээр, нууц далд аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан нь нотлогдохгүй байх бөгөөд тэрээр тухайн гар утсыг рестораны гаднаас өвсөн дээрээс олж авсан тухай мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлснээс үзэхэд хохирогч Д.Б-ийн гар утас шүүгдэгч С.В-гийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд С.В-д уг гар утсыг завших сэдэл төрсөн нь тогтоогдсон гэж үзлээ.

15.Учир нь гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээд нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх, тийм этгээд байхгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргийг хуулиар хүлээх бөгөөд хохирогч Д.Б- гар утсаа эзэмшлээсээ алдсаны дараа цагдаагийн байгууллагад хандаж, хайж байгааг С.В- мэдэж, ойлгож байсан, олж авсан гэх гар утас нь түүний өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдэж байсан атлаа гар утас олж авсан талаар хохирогч Д.Б- болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, тэдэнд гар утсыг гаргаж өгөөгүй зэргээс үзэхэд шүүгдэгч С.В- нь хохирогч Д.Б-ийн “Sumsung Galaxy Note-10 plus" гар утсыг завших, захиран зарцуулах зорилготой байсныг нотолж байна.

16.Шүүгдэгч С.В-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Б-өд бага хэмжээнээс дээш буюу 750.000 төгрөгийн бодит хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

17.Иймд шүүгдэгч С.В-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч С.В-г “....Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

18.Хохирогч Д.Б- нь цагдаагийн байгууллагын тусламжтайгаар өөрийн эзэмшлийн “Sumsung Galaxy Note-10 plus" маркийн гар утсыг тухайн өдрөө олж авснаар нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, шүүгдэгч С.В-гаас хураан авсан “Sumsung Galaxy Note-10 plus" маркийн гар утсыг хохирогч Д.Б-өд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/ зэргээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.В-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгч С.В-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч С.В-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3.Шүүхээс шүүгдэгч С.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, С.В- нь гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон нь хавтаст хэргийн 67 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсоныг С.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.

4. Хохирогч Д.Б- нь өөрийн эзэмшлийн гар утсаа буцаан авсан тул санал гомдолгүй гэдгээ илэрхийлж, мөнгөн хэлбэрээр хохирол нэхэмжлээгүй тул С.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж үзэх боломжгүй, хохирогчийн хувьд ресторанд утсаа мартаж гарсан нь түүний илтэд санаатай хууль бус, зүй бус үйлдэл биш тул энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй.

5.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нь шүүгдэгч С.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан, шүүгдэгч С.В- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүсэлтийг гаргасан болно.

6.Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч С.В- нь хувийн байдлын хувьд 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрөлхийн хэлгүй, дүлий өвчний оношоор хөдөлмөрийн чадвараа 100 хувь /хугацаагүй/ алдаж, сар бүр  288.000 (хоёр зуун наян найман мянга) төгрөгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авдаг, түүний өмчлөлд бүртгэлтэй ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болох нь С.В-гийн эд хөрөнгөтэй эсэх тухай лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг  хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд болон 0100773 дугаартай тэтгэмжийн дэвтрийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Иймд шүүхээс шүүгдэгч С.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.В-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх үзэв.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.В-г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.В- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.В-д  оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

8. Улсын яллагчаас шүүгдэгч С.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч С.В- нь төрөлхийн хэлгүй, дүлий өвчний оношоор хөдөлмөрийн чадвараа 100 хувиар /хугацаагүй/ алдсан болох нь хэрэгт авагдсан эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр нотлогдсон байна.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд ....... оногдуулахгүй” гэж заасан байх тул шүүгдэгч С.В-д улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ялыг сонгож хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

10.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нь шүүгдэгч С.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ял санал болгосныг мөн хүлээн авах боломжгүй гэж үзэв.

11.Учир нь С.В- нь төрөлхийн хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төрөөс сар бүр олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж болох 288.000 төгрөгөөр амьдардаг, түүний нэр дээр бүртгэлтэй ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдож байна.

12.Түүнчлэн шүүгдэгч С.В-д  сар бүр төрөөс олгож буй 288.000 төгрөгийн тэтгэмж нь ажил хөдөлмөр эрхэлж, цалин орлого олох боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдах мөнгөн тэтгэмж учраас уг тэтгэмжийг торгуулийн ялыг биелүүлэх хэмжээний хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлгүй юм.

13.Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч С.В-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагчийн санал, торгох ял оногдуулах өмгөөлөгчийн саналыг тус тус С.В-гийн хувийн байдалд тохирохгүй гэж үзсэн тул шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэсэн болно.

14.Түүнчлэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч С.В- нь Казакстан Улс руу явах гэж байгаа тул түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх санал гаргасан бөгөөд энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч С.В-д шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул нэмж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

15.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл  хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.а овогт С-ы В-д холбогдох эрүүгийн 2213000000145 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч И.а овогт С-ы В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.В-д 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.В-д зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур  сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ сарын хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.В- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.В-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7.Энэ хэрэгт шүүгдэгч С.В- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч  С.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болж, зорчих эрхийг хязгаарлах ялд гүйцэтгэх хуудас бичигдэн Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх хүртэл үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА