Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д,

Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г-ийн Д-д холбогдох эрүүгийн 2213001740171 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1963 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс Ураинхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 250,000 төгрөгөөр торгох ял, 2003 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, 2005 оны 7 дугаар сарын 26-ны шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийг хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан.  Өөлөг овогт Гончигийн Г.Д-, регистрийн дугаар БЕ............................

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д- нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Өмнө судаг” гэх газарт хохирогч С.А-ийг миний малыг хөөж туулаа гэх шалтгаанаар түүнийг гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

1.2. Шүүгдэгч Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна”  гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213001740171 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Иргэн С.А-ээс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 54 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Д- миний эрх чөлөөнд халдаж, зодсон” гэх гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

2.2. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 26-27 дахь тал/,

2.3. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

2.4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дэх тал/,

2.5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 602 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

2.6. Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

2.7. Шүүгдэгч Г.Д-гээс шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Д-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3.3. Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

 

4. Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч Г.Д- нь “2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Өмнө судаг” гэх газарт, хохирогч С.А-ийг миний малыг хөөж туулаа” гэх шалтгаанаар түүнийг гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.1. Иргэн С.А-ээс 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 54 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан” 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 цагийн үед Буянт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Г.Д- миний эрх чөлөөнд халдаж, зодсон гэх гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

 

4.1.2. Хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 25-ны оройн 14 цагийн үед гэрээсээ өөрийн улаан өнгийн “Бэрс” маркийн мотоцикльтой ганцаараа М.Х-ын гэр лүү гарсан юм. Тэднийд очих шалтгаан гэвэл М.Х-ын хүүг сурж очсон юм. Гэрээр нь очиход хүүхэд нь байхгүй байсан учир гэр лүүгээ буцаад “Өмнө судаг” гэх газарт явж байхад Г.Д- морьтойгоо үхэр тууж явж байсан ба над руу гараа өргөж “Зогсоорой” гэж орилсон. Тэгэхээр нь зогсоод мотоциклоос дөнгөж буусан чинь Г.Д- мориноосоо бууж над руу ирээд “та нар яагаад давраад байгаа юм бэ” гэж орилж ирээд баруун гараараа миний уруулын баруун дээд хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэж хэлээд 2 гарын барьж авсан. Тэгсэн чинь пизда минь тавь, та нар их даварсан байна, та хэдийг ална, наад гарыг тавь гэхээр нь гарын тавьсан чинь шууд доошоо тонгойж газраас чулуу аваад над руу шидсэн. Тэгэхээр нь би бултсан чинь эхний чулуу зүүн тохойд, дараагийн чулуу нь нурууны хэсэгт, гуравдах чулуу баруун хөлний арын булчингийн хэсгээр оносон.Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь газраас дахин нэг чулуу авч миний толгойн дагз руу нэг удаа цохисон чинь цус гарсан. Би Г.Д-д хандаж намайг алах гээд байгаа юм уу, яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чамайг алсан ч яадаг юм, цагдаа шүүхээр яваарай гэж хэлсэн. Ингээд байж байтал миний төрсөн дүү болох С.А- морьтой давхиж ирсэн. Ирээд мориноос буугаад Г.Д-д хандаж наад хүнийг яагаад зодоод байгаа юм бэ гэж намайг өмөөрсөн. Тэгсэн чинь Г.Д- С.А-ийн нүүрэн дунд хоёр удаа гараараа цохиж амжсан. Тэгэхээр нь би болиоч нэг нутгийн хүмүүс байна даа, дараа нь асуудал үүснэ гэж хэлээд дүү болон Г.Д-г салгаад, түүнд хандаж та одоо яв гэж хэлсэн чинь хэсэг бид хоёрыг хэл амаар доромжлоод байж байснаа яваад өгсөн. Тэгээд би дүүгээ аваад гэр лүү буцсан юм. Гэртээ ирээд байж байтал манай сумын 1 дүгээр багийн Засаг дараг Аманбол манайд ирэхээр нь би болсон явдлын талаар түүнд хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10, 26-27 дахь тал/,

4.1.3. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх өдрийн орой 17 цагийн орчимд байх гэрээсээ малаа харах гээд гадаа гараад ойр орчмоо хараад зогсож байсан чинь гэрээс харагдахаар газар хоёр хүн зогсож байх шиг харагдсан. Нэлээн ажиглаж харсан чинь манай ах С.А-, Г.Д- нар байсан ба Г.Д- ахыг хөөж, юм шидээд байх шиг байхаар нь гэрийн гадаа байсан мориндоо мордоод давхиж очсон чинь Г.Д- ах С.А- лүү орилоод зүгээр байгаарай гэж хэлж байсан. Мөн ахын одоо сайн санахгүй байна, ямар ч гэсэн нүүрний хэсэг билүү толгойноос цус гарсан байхаар нь би Г.Д-г ах С.А-ийг зодсон байна гэж ойлгоод, мориноос буугаад хөөе яаж байгаа юм бэ гэсэн чинь та нар давраад байгаа шүү гэж над руу дөхөж ирээд миний цээж хэсэг рүү аль нэг гараараа нэг удаа цохиж намайг газарт унагаасан. Тэгэхээр нь би хөөе та яаж байна гэж хэлээд аягүй бол намайг чулуу юмаар цохих байх гэж бодоод холдсон чинь Г.Д- ах яваад өгсөн. Тэгээд би ахыгаа дагуулаад гэртээ очоод түүнээс юу болсон талаар асуухад Г.Д- намайг явж байсан чинь чулуугаар зодсон гэж хэлсэн. Яг юу гэж хэлээд зодоод байгаа юм бэ гэхэд та нар давраад байгаарай гэж хэллээ гээд хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дэх тал/,

 

4.1.4. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 477 дугаартай “...С.А-ийн биед тархины доргилт, дагз, дээд уруулын баруун талд шарх, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. С.А-ийн биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн үед  үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

4.1.5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 602 дугаартай “...С.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

 

4.1.6. Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үхрээ туух гээд явж байсан чинь С.А- ганцаараа мотоциклтой явж байсан. Тэгэхээр нь гараа өргөсөн чинь зогссон. Түүнд хандаж яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь би ямар яасан, надаас олж долоогоорой гэж хэлээд салаавч гаргахаар нь би түүнийг заамдаж авсан. Тэгсэн тэр бас намайг зөрүүлж заамдаж авахаар нь баруун гараараа хажуугийн цохилтыг толгойд хийсэн. Ерөөсөө ганц удаа цохисон. Тэгээд байж байтал дүү нь гэх нөхөр ирсэн. Тэр хоёр над руу дайраад байхаар нь би С.А-ийн толгойн тус газарт нэг удаа чулуугаар цохисон чинь тэр хоёр зугтаасан. Тухайн чулууг газраас авсан жижиг хэлбэрийн чулуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     5.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

5.4. Шүүгдэгч Г.Д- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

5.5. Шүүгдэгч Г.Д-гийн үйлдлийн улмаас хохирогч С.А-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.6. Шүүгдэгч Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

5.7. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

5.8. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

6.2. Шүүгдэгч Г.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч “...хохиролд 200,000 төгрөг төлж өгсөн. Бид хоёр эвлэрсэн” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 86 дахь тал/ үндэслэн шүүгдэгч Г.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч Г.Д- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

2.4. Шүүгдэгч Г.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2.5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг Г.Д-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

 

2.7. Шүүгдэгч Г.Д-гийн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

2.10. Шүүгдэгч Г.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.11. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Г.Д- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

2.12. Шүүгдэгч Г.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлөг овогт Гончигийн Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Д-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Г.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК