Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 163

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* *******, ******* тоотод оршин суух, *******

Хариуцагч: ******* *******, ******* тоотод оршин суух, *******

7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Г.Э, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Э нь Өмнөговь аймгийн Эрдэнэс таван толгойн уурхайгаас Цагаанхад руу 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд 5 удаа рейс хийж 449,15 тонн нүүрс тээвэрлүүлж тээврийн хөлс болох 35.932 юань болсноос өнөөдрийн байдлаар 23.000 юанийг өгсөн байна. Үлдэгдэл 12.932 юань төлөгдөөгүй өнөөдрийг хүрлээ. Г.Э нь утсаар ярьхад өгнө гэж хэлдэг байсан боловч одоог хүртэл өгөлгүй намайг хохироосоор байна. 12.932 юань нь төгрөгөөр шилжүүлэхэд 4.849.500 төгрөг болж байна. 2014 оноос хойш миний бие Г.Этой Өмнөговь аймгийн *******анд уулзах гэж зургаагаас дээш удаа өөрийн биеэр хувийн машинтайгаа өөрийн зардлаар бензин, тос хийж уулзахаар очсон боловч уулзсан нь 3-4 удаа болно. Нэг удаа *******оос Өмнөговь аймгийн ******* буцаад ******* орох зардал 250.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг болсон. Миний энэ шалтгааныг харгалзан үзэж Г.Эоос мөнгөн дүнгийн хүү болох 650.500 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх энэ Г.Э гэдэг хүнд тээвэр хийж өгснөөс хойш 4-5 жилийн хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд миний тээврийн хөлсийг өгөөгүй байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд миний хийсэн тээврийн зардал болон Улаанбаатараас Даланзадгад, Даланзадгадаас Улаанбаатар орсон миний замын зардал, мөн би өөрийн машинуудаа Банк бус санхүүгийн байгууллагад тавьж зээлээ төлж байгаа учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өнөөдрийн байдлаар би нэг хоёр автобусны буудал яваагүй. Улаанбаатараас Даланзадгад, Даланзадгадаас Улаанбаатар гэсэн урт хол замын зардал болон бие сэтгэлийн хувьд их ядарч байгаа. Таныг “Баатарван транс” ХХК-тай тооцоотой эсэх талаар та түрүүчийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Энэ талаар баримт ирсэн байгаа. Би энэ баримттай танилцсан байгаа. Би нүдээрээ харж байгаа зүйлдээ итгэх болохоос таны ярьж байгаа зүйлд итгэхэд хэцүү байна. Та “Баатарван транс” ХХК-тай учраа олох болохоос би “Баатарван транс” ХХК-тай учраа олохгүй. Би танд ажил хийж өгсөн учраас та миний хийсэн ажлын цалин хөлсийг гаргаад өгөх юм бол өөр асуудал байхгүй гэж бодож байна гэв.

 

Хариуцагч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны 12 дугаар сард “Баатарван транс” ХХК нь тээврийн машин бүртгэж байна гэсний дагуу очиж захирал Баатартай уулзахад хувь гэрээг бүртгэхгүй. Өөрийн хоёр машинаа аж, ахуй нэгжийн нэрээр бүртгүүл тооцоо хийхэд амар гэсний дагуу өөрийн аж, ахуй нэгж дээр түрээсийн хоёр машинаасаа гадна таньж мэдэх хэдэн хүний машиныг бүртгүүлж тээвэрт явуулж эхэлсэн. Дээрх бүртгэлд 84-22 УНО улсын дугаартай жолооч Жанчив, 15-43 УНЦ улсын дугаартай жолооч Баяржаргал гэх хүмүүс бүртгүүлэхдээ хувь хүмүүс гэсэн байсан. Сүүлд тооцоо хийхэд М ирж анхны тооцоо хийсэн. Нийт 35.932 юанийн үлдэгдэлтэй байснаас 23.000 юанийг барагдуулж 12.932 юанийн үйлдэгдэлтэй байгаа юм. “Баатарван транс” ХХК-ийн удирдлага зөвхөн аж, ахуй нэгжтэй тооцоо хийнэ гэж тохирсноо зөрчиж тээврийн падаануудыг хурааж авснаасаа хойш тооцоогоо хийхгүй янз бүрийн шалтаг хэлж, сүүлдээ холбоо барьж чадахаа больсноос үүдэн энэхүү нөхцөл байдал үүссэн болно. Өнгөрсөн хугацаанд дээрх компанийн захирал, санхүү, менежертэй биечлэн уулзах, утсаар холбогдох, хаана байгаа газарт нь очиж нэхэмжилж, жолооч нар болон тэдний ар гэрийнхнийг яриулах зэргээр хөөцөлдсөөр нийт 291.819 юань авахаас 193.000 юанийг 6 удаа цувуулж авсан ба үлдэгдэл 98.000 юанийг аваагүй болно. Орж ирсэн мөнгийг рейсний тоонд тааруулан жолооч нарт тухай бүрт нь олгож байсан. Гэтэл “Баатарван транс” ХХК нь 2014 оны 04 дүгээр сараас хойш зарим нэг жолоочийн тооцоог надад мэдэгдэлгүй хийснийг мэдээд захирал Баатарт нь 88102688 утсаар хэлж давхар тооцоо хийх, түлш, сэлбэгийн мөнгө суутгагдахгүй үлдэж хохирч болзошгүйг сануулсан. Мөн үлдэгдэл тооцоог барагдуулахыг шаардсан. Гэтэл надтай тооцоо дууссан гэдэг яриаг тарааж миний утсыг авахгүй холбогдохгүй болсон. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлын талаар Д.Мтай ярих уулзах үеэр тайлбарлаж, албан тоот хийж өгч ирсэн ба Д.М нь өөрийн биеэр хоёр удаа ирж уулзсан. 2015 оноос 2016 онуудад утсаар холбогддог байснаа сүүлдээ ална хэмээн заналхийлж хэд хэдэн удаа ярьснаасаа хойш холбогдоогүй. Энэ хугацаанд би мөн л “Баатарван транс” ХХК-ийн араас хөөцөлдсөөр байсан. 2014 оноос хойших хугацаанд миний бие оршин суугаа хаяг, утасны дугаараа өөрчлөөгй, бусдаас зугтаж чирэгдэл учруулсан зүйлгүй болно. Мөн хугацаанд түрээсийн машинуудаа буцааж хураалгаснаар барьцааны мөнгөө хятад талаас эргүүлж авч чадаагүй. Өөрт ноогдох тээврийн хөлсийг аваагүй, орлого тасарсан учир банкны зээлийн хүү зогсож шийдвэр гүйцэтгэх байгууллагаар хохирол барагдуулах арга хэмжээ авахуулж, түлш сэлбэг авсан жолооч нарын тооцоог “Баатарван транс” ХХК нь хийснээр давхар өрөнд орон зэргээр хохирсон билээ гэжээ.

 

Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг би үндэслэлтэй гэж хүлээж авч байгаа. Тээвэрлэлт хийсэн асуудал нь би өөрөө тээвэрлэлт хийгээгүй. “Баатарван транс” ХХК-ийн нэр дээр хувь хүн аж ахуйн нэгж компаниуд машинаа бүртгүүлээд тээвэрлэлт хийдэг байсан. Би тухайн үед аж ахуйн нэгж компанитай байсан. Миний аж ахуйн нэгж компанийн нэр дээр бүртгэлтэй байсан машинуудын бүртгэл, тооцоог шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байгаа. Анхны тээвэрлэлтээ 12 дугаар сард хийсэн. 12 дугаар сард хийсэн тээвэрлэлтийн тооцоог төлсөн байгаа. Тэр тээвэрлэлтээс Д.Мын нэг машины тооцоог төлж чадаагүй үлдсэн байгаа. 12 дугаар сарын 11-ний өдрөөс, 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд хийсэн 53 тээвэрлэлтийн 35 тээвэрлэлтийг Д.Мын нэр дээр тээвэр хийж байсан. Хоёр машины 4 тээврийн мөнгө төлж чадаагүй үлдсэн байгаа. Нийт Д.Мын нэр дээр 5 тээврийн тооцоо байдаг. Би “Баатарван транс” ХХК-аас орж ирсэн тээврийн мөнгийг 35 рейст хуваагаад хэнд хэдэн төгрөг өгөхийг тооцоод гаргаад тухай бүрт нь төлж байсан. 2014 оны 04 дүгээр сараас “Баатарван транс” ХХК нь тээвэрлэлтийн тооцоо хийхээ больсон байгаа. Яагаад тооцоо хийхээ болсон бэ? гэхээр “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагаа зогсоод тухайн үед уул уурхайн үйл ажиллагаа бас зогсонги байдалж орж байсан. Тухайн үед надаас хүмүүс мөнгөө нэхэж эхэлж байсан. Би өөрийн дэвтэр дээр тэмдэглэл хийгээд надаас тээвэрлэлтийн тооцоо хийх ёстой байсан хүн болгонд хувь тэнцүүлэх маягаар тооцоо гаргаад “Баатарван транс” ХХК-наас орж ирсэн мөнгийг хуваан өгч байсан. Надтай ганц энэ Д.М гэж хүн гэрээ хийж тээвэрлэлт хийгээгүй. Өөр олон хүмүүс байгаа. Миний өмнөх шүүх хуралдаан дээрээс хүссэн хүсэлт нь “Баатарван транс” ХХК-аас Г.Э гэж хүнтэй хэдэн төгрөгийн тооцоотой байсан. Тухайн тооцооны хэдийг нь төлсөн хэдийг нь төлөөгүй үлдсэн байгаа талаар тооцооны баримт авахыг хүссэн. Гэтэл “Баатарван транс” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас хархад “Баатарван транс” ХХК-нь Г.Э гэдэг хүнтэй тооцоо дууссан гэсэн нотлох баримт ирсэн байсан. Би өөрөө “Баатарван транс” ХХК-аас хэдэн төгрөг яаж авсанаа мэдэж байгаа. “Баатарван транс” ХХК-ийн нэг хэцүү байдал нь банк болон дансаар тооцоо хийдэггүй. Хятадаас бэлэн мөнгө оруулж ирдэг. Тухайн үеийн юанийн ханшаар бодож өгдөг байсан. Бэлэн мөнгө өгсөн авсан гэсэн баримтан дээр зөвхөн гарын үсэг зуруулж авдаг байсан. Зориулалтын баримтгүй учраас өөрсдөө баримт үйлдэж гарийн үсэг зурдаг байсан. Би нэг удаа Цагаан-Хаднаас 110.000 юанийг бэлнээр авсан. Тухайн үед шинэ жил болох гэж байсан. 12 дугаар сарын 27-ны өдөр байсан. “Баатарван транс” ХХК-ийн хүмүүс Цагаан-Хадны ганц модны тэнд байгаа талаар мэдээлэл аваад тухайн үед би ганцаараа очиж аваагүй. Надтай хамт өөр олон аж ахуйн нэгж, ХХК-ийн төлөөллүүд байсан. Нийт Ганц модруу 80 гаруй машин явж байсан. Тухайн үед хамт явж байсан машинууд бүгдээрээ “Баатарван транс” ХХК-ийн машиныг хааж зогсож байгаад бид нар мөнгө авч байсан. Тэр үед би 110.000 юань авсан. Тэр авсан мөнгөнөөс Д.Млуу би тооцоо хийж байсан. Хийсэн тооцооны баримт нь байгаа. Мөн би “Баатарван транс” ХХК-аас шилжүүлгээр 20.000 юань авсан байгаа. Энэ яах гэж авсан бэ? гэхээр Баянхонгорт байдаг манай нэг жолоочийн ар гэрт нь гачигдал гараад би тэр хүнд нийт 4 тээвэрлэлтийн мөнгө дутуу байсан учраас мөнгийг нь шилжүүлж өгсөн байгаа. 47.266 юанийг 04 дүгээр сард надруу шилжүүлсэн байгаа. Тэр мөнгөнөөс би Д.Млуу тухайн үед нь үлдэгдлийг нь харж байгаад хамгийн өндөр үлдэгдэлтэй байгаа хүмүүсрүү хувааж өгсөн байгаа. Үүнээс би 15.000 юанийг Д.Млуу шилжүүлсэн байгаа. “Хаан банк”-аар 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Дараа нь “Төрийн банк”-аар 800.000 төгрөг шилжүүлж байсан. Үүний дараа Баатараас бэлнээр 10.000 юань гэж тэмдэглэсэн байгаа. Би энэ мөнгийг “Баатарван транс” ХХК-аас бэлнээр гардаж аваагүй байгаа. Одоо энэ Эрдэнийн гүн болсон худалдааны төвийн гурван давхарт “Баатарван транс” ХХК-ийн инженер ирчихсэн Өмнөговь аймгийн таньдаг хүмүүсийн тооцоог хийж байгаа талаар мэдээлэл ирсэн учраас би очиж 10.000 юань авсан. Энэ өдөөс хойш би дахиж “Баатарван транс” ХХК-аас мөнгө аваагүй. “Баатарван транс” ХХК-аас авах ёстой 291.819 юань байгаа. Үүнээс 193.516 юань авсан байгаа. Нийт авах ёстой үлэгдэл нь 980.303 юань үлдсэн байгаа. “Баатарван транс” ХХК-ийн санхүүгийн захирал Баатар гэдэг хүнтэй би байнга холбогддог байсан. Сүүлийн үед утсаа авахгүй алга болсон. Захирал Жаргалсайхан гэдэг хүнтэй уулзахаар одоо гэрээ хийхгүй. Үйл ажиллагаа зогсоод удаж байгаа чамтай гэрээ хийхгүй чамд баримтууд байгаа учраас хэрэггүй гэдэг хариу өгдөг болсон. Үүний дараагаас би “Баатарван транс” ХХК-ийн захирал болох Баатар гэдэг хүнтэй уулзахаар ******* Өмнөговь хоёрын хооронд зөндөө явсан байгаа. Надад бас зардал мөнгөний асуудал их байгаа. “Баатарван транс” ХХК-ийн үндсэн хаягаар нь олоод очихоор ажиллаж байгаа хүмүүс нь дандаа гэр бүл ах дүү нарын хүмүүс байдаг. Орон гэр хаягаа зааж өгдөггүй. Санхүүгийн захирал гээд Дундговь аймгийн залуу байсан. Тэр хүн нь нэг бол ажлаасаа гарсан гээд гэртээ сууж байдаг. Нэг бол ажилдаа орсон гээд Гурвантэст явж байдаг. Тэгээд уулзаад утсаар ярихаар “Баатарван транс” ХХК-ийн захирал нь Баатар болохоос би захирал биш гэдэг хариу өгдөг. “Баатарван транс” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн нотлох баримтыг би үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн үед тээвэр хийж байсан машинуудыг Жаргалсайхан гэдэг захирал нь бүртгээд, тухайн компанийн санхүүч нь давхар хяналтаа хийгээд Баатар өөрөө notebook дээрээ тэмдэглэл хийж хадгалж явдаг байсан. Гурвын гурван тэмдэглэл болон компьютер дээр баримт үлдээгүй байна гэж байхгүй. Ийм учраас би энэ нотлох баримтыг үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. “Баатарван транс” ХХК нь өөрийн үндсэн объект дээрээ мөнгө өгч авч тооцоо хийдэггүй. Цагаанхадны тэнд айлын хашаанд, эсвэл уурхайн байран дээр, эсвэл гаалийн хажууд зогсож байгаад, мөнгө өгч авдаг ийм асуудал байдаг. “Баатарван транс” ХХК нь өөрөө шалтаг тоочиж надтай тооцоо хийж байгаагүй. Нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрч байгаа үндэслэл нь нэгэнт би энэ хүний машинаар тээвэрлэлт хийсэн учраас би төлөх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл “Баатарван транс” ХХК нь надтай тооцоо хийхгүй байгаа учраас би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй байгаа. Ер нь бол манай аж ахуйн нэгж дээр бүртгэлтэй байсан бага тооцоотой хүмүүсийн тооцоо дууссан. Өнөөдрийн байдлаар тооцооны хувьд их тооцоотой хүмүүсийн тооцоо дуусаагүй байгаа. Тэр хүмүүсийн дунд нэхэмжлэгч Д.М байгаа. Мөн 1000-2000 юань тооцоо дуусаагүй 7-8 хүн байгаа. Мөн Д.Мтай ойролцоо тооцоо хийх нэг хүн байгаа. Эдгээр хүмүүс надаас мөнгөө нэхэж байгаа. Эдгээр хүмүүс бүгдээрээ “Баатарван транс” ХХК дээр очиж уулзаад мөнгөө нэхэж байсан. Хариуд нь та нар Г.Этой очиж уулз гэж хэлдэг. Тэгвэл танай байгууллага Г.Эоос мөнгө ав гэсэн бичиг хийгээд өгөөч гэхээр хийж өгдөггүй. “Баатарван транс” ХХК-наас авах ёстой 90.000 гаруй мянган юань дээр мөнгө нэмэгдэх ёстой. Тухайн үед гааль дээр тээвэрлэлт хийж байгаад түлш дууссан үед нь би тэр хавийн колонкуудаас зээлээр түлш авч өгч байсан. Эдгээр түлшний мөнгө нь над дээр өр болоод бичигдээд байдаг. 12 дугаар сараар өмнө нь тээвэр хийсэн үед тээвэрийн баримтыг гайл дээрээс хураагаад авсан байгаа. Гэтэл энэ баримт нь надаад одоо болтол байж байхад энэ баримтын тооцоо дууссан гээд худлаа баримт гаргаж өгөөд байдаг. “Баатарван транс” ХХК-аас надад үлдсэн мөнгөө төлчих юм бол би эдгээр хүмүүсийн тооцоог барагдуулаад ямар ч өргүй болно. Тухайн үед иймэрхүү үйл явдал болсон. Тэгэхээр нэг л юм дахин дахин ярих болоод байна. Би үнэхээр өөрөөсөө тээвэрлэлт хийж хариуцлага хүлээх байсан бол хамаагүй би өнөөдрийн байдлаар ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаад өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Би “Баатарван транс” ХХК-аас үлдэгдэл тээвэрлэлтийн мөнгө аваагүй байж, би хувиасаа мөнгө гаргаж өгөх ямар ч боломжгүй байгаа. Мөн нэхэмжлэгч замын зардал гаргаж Улаанбаатар, Өмнөговь хоёрын хооронд маш их явж байгааг ойлгож байна. Би ч гэсэн өөрөө энэ хооронд маш их явсан байгаа. Мөн би хоёр машин түрээслээд тээвэрлэлт хийж байсан. Энэ хоёр машинаа хураалгаад хятадуудад би 60.000 юанийн өртэй байгаа. Яагаад өртэй болсон бэ? гэхээр миний нэр дээр явж байсан хоёр машин нэг удаа тээвэрлэлт хийгээд бүтэн нэг сар тээвэрлэлт хийгээгүй байгаа. Гэтэл Хятадууд тээвэрлэлт хийсэн гээд надаас 60.000 юань нэхээд байгаа. Энэ 60.000 юаниа надаас суутгаад авсан байгаа. Энэ зэрэг асуудал хэн бүхэнд давхар асуудал байгаа. Мөн би орон сууц байраа хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж ахиж зээл авч давхар ах дүү нараасаа мөнгө зээлж дуудлага худалдаанд орох хүртэл нь мөнгө төлж байгаа. Энэ зэрэг маш их хохирлууд байгаа гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, Бид бизнесийг дэмжигч ББСБ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ0100150422 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ0100150422 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, бэлэн мөнгөний орлогын баримтууд, кассын орлогын баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ДУ-1463 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөгчийн график, “Бат амар сувд” ХХЗ-ийн 13 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний хуулбарууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, итгэмжлэлийн хуулбарууд, зээл хүсэгчийн анкетын хуулбар, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, “Юүншү глобал” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, хүсэлт, нэхэмжлэгч Д.Мын тайлбар, “Баатар ван транс” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/40 дугаартай албан бичиг, Г.Эын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тайлбар, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 0014411 дугаартай баримтын жагсаалт, нүүрс тээвэрлэлтийн нэгдсэн дүнгийн хүснэгт зэргийг  шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.М нь Г.Эод холбогдуулж 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.М нь 2014 оны 12 дугаар сард 84-22 УНО улсын дугаартай, 15-43 УНЦ улсын дугаартай автомашинуудаар Өмнөговь аймгийн Эрдэнэс Тавантолгой нүүрсний уурхайгаас Цагаанхад нэртэй газар хүртэл нүүрс тээвэрлэлт хийхээр Г.Этой тохиролцжээ.     

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй” мөн хуулийн 347.1 дэх хэсэгт “ Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж зааснаар Г.Э, “Баатарван транс” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр Д.Мын эзэмшлийн машинууд ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

Дээрхи гэрээний дагуу Д.Мын автомашин болон жолооч нар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэл 5 удаа рейс хийж 449,15 тонн нүүрс тээвэрлэж тээврийн хөлс болох 35.932 юаниас Г.Э нь 23.000 юанийг төлж , үлдэгдэл 12.932 юань төлөгдөөгүй  болох нь талуудын тайлбараар нотлогдож, зохигчид энэ талаар маргахгүй  байна.

Хариуцагч Г.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “12.932 юанийг төлөх үндэслэлтэй учраас би энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин энэ замын зардал болох нэг удаагийн замын зардал болох 250.000 төгрөг, үүнийг 6 удаагийн замын зардал болох 1.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дээр нь хүү тооцоод 650.000 төгрөг надаас илүү нэхэмжилж байгаа. Энэ илүү нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн тайлбарыг гаргажээ.

Талуудын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд хариуцагч нь тээврийн хөлсний үлдэгдэл юанийг төгрөгт шилжүүлсэн үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин замын зардал болон зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж маргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Эоос талуудын маргаагүй үнийн дүн болох 4.849.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн замын зардал / бензин, хоол /зардал нь нотлох баримтаар тогтоогдохгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэдэн төгрөгний шатахуун, болон хоолны зардал гарсан тухай баримтаа өөрөө гаргаж өгөх нэхэмжлэгчийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зээлсэн мөнгөний хүү 650.000 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай ямар зээлийн гэрээний улмаас учирсан зээлийн үүргийн гүйцэтгэл болох нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Бид бизнесийг дэмжигч ББСБ-ийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ0100150422 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ0100150422 дугаартай барьцааны гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, бэлэн мөнгөний орлогын баримтууд, кассын орлогын баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ДУ-1463 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөгчийн график, “Бат амар сувд” ХЗХ-ийн 13 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний хуулбарууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, итгэмжлэлийн хуулбарууд, зээл хүсэгчийн анкетын хуулбар, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрхи нотлох баримтуудыг нотлох баримтуудаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1, 347.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхбодлоос 4.849.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2.150.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эоос 92.542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.УГТАХБАЯР